Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00451

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00452

 

МАГАДЛАЛ

 

С-О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/02827 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С-О ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б-ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 130,614,991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

С-О ХХК болон Б-ХХК-ийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр БА-19/08 дугаар газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар худалдагч тал нь худалдан авагчид гэрээнд заасан журмаар шатахуун нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний 3.4-т зааснаар худалдан авалт хийснээс хойш газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг дараа сарын 5-ны дотор худалдагч талтай тооцоо нийлж 10-ны дотор төлбөрийг төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн болно. С-О ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж худалдан авагч талын захиалгын дагуу нийт 292,899 литр шатахууныг нийлүүлсэн. Б-ХХК нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлж байсан боловч 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн. Б-ХХК-д нэхэмжлэгч талаас удаа дараа төлбөр төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд талуудын хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 100,473,070 төгрөг, гэрээний 3.5-д Хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлнө гэж заасны дагуу алданги 30,141,921 төгрөг, нийт 130,614,991 төгрөгийг Б-ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн хариуцагчийн төлөх төлбөр 190,411,832 төгрөг байсан. Гэрээний 3.4, 3.5-т зааснаар хоног тутамд 0,2 хувийн алданги тооцоход 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 35 хоногийн алданги 13,328,828 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх 22 хоногийн алданги 8,378,120 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 180 хоногийн алданги 68,548,259 төгрөг, нийт 237 хоногийн алданги 90,255,207 төгрөг болж байна. Хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 120,000,000 төгрөг төлж үндсэн төлбөр 70,411,832 төгрөг болсон. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 130,614,991 төгрөгт дүйцүүлэн 30,052,048 төгрөгийн алдангиас татгалзаж, үндсэн төлбөр 70,411,832 төгрөг, алданги 60,203,159 төгрөг, нийт 130,614,991 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 70,411,600 төгрөг төлөхийг зөвшөөрч байсан боловч дахин тооцоход 65,644,321 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Алданги гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь шаардах эрхийг баталгаажуулсан баримт байхгүй байна. Талуудын хооронд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй. Талууд шатахуун нийлүүлэх хугацаа, тоо хэмжээ, үнийн дүнгийн талаар тохиролцоогүй бөгөөд үүнийг хавсралтаар харилцан тохиролцохоор заасан боловч хавсралт үйлдээгүй. Алданги тооцохын тулд үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчигдсөн байх ёстой. Мөн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан бол гэрээний үүрэг хойшилохоор заасан. Корона вирус өвчний улмаас уул уурхай, тээврийн ажил үйлчилгээ зогссонтой холбоотой бөгөөд төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-ХХК-аас 100,513, 411 /нэг зуун сая таван зуун арван гурван мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С-О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,101,580 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 660,517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С-О ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Энэ гэрээнд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх талаар урьдчилсан тохиролцоог хийсэн. Мөн бүтээгдэхүүний үнэ, төрлийг хавсралтаар тогтоохоор заасан боловч тогтоогоогүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн шатахууны хэмжээг гэрээний дагуу нийлүүлсэн мэт дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3-т Худалдан авагч тал гэрээний зүйлийг захиалж, талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш худалдан авагч тал гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрийг дараах дансанд төлнө, 3.4-т Худалдан авагч нь худалдагч талтай сар бүрийн сүүлийн өдрөөр газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалбар болгож дараа сарын 05-ны өдрийн худалдагч талтай тооцоо нийлж, 10-ны өдрийн дотор төлж барагдуулна, 3.6-т Худалдан авагч нь төлбөр төлөх графикийг зөрчсөн тохиолдолд төлбөрийг дараах байдлаар барагдуулна гэж үүрэг гүйцэтгэх тодорхойгүй хугацааг заасан. Гэтэл анхан шатны шүүх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн боловч хариуцагч хэзээ төлөх үүрэгтэй байсан мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй талаар дүгнээгүй. Үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхойгүй байхад алданги гаргуулсан нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүнийг газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзсэн ч уг гэрээний 6 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал бий болсон бол үүргийг гүйцэтгэх хугацааг хойшлуулахаар заасан. 2020 оны 12 дугаар сараас дэлхий нийтийг хамарсан Корона вируст халдварын улмаас холбогдуулан үйлдвэр үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа зогсох, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээний улмаас нэхэмжлэгчид төлбөл зохих 65,644,621 төгрөгийг төлж чадаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар худалдагч зөвхөн шилжүүлэн өгсөн бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нийлүүлээгүй 5,000,000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүний мөнгөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 70,000,000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүрэгтэй.

Анхан шатны шүүх 100,513,411 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснээс 65,644,321 төгрөгийг зөвшөөрч үлдэх 34,869,090 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний хавсралтад нийлүүлэх бүтээгдэхүүний талаар тусгах ёстой. Хавсралт байхгүй учраас гэрээ биелсэн гэж үзэхгүй гэж анхан шатны шүүх хуралд тайлбарласан үндэслэлээр гомдол гаргаж байна. Гэтэл энэ компанийн 150 машин нь колонкоос шатахуун авдаг. Сард хэдэн тонн авахыг урьдчилан тооцоолох боломжгүй. Иймд гэрээ хийгээгүй гэх үндэслэлгүй. Гэрээний 3.4-т зааснаар сар болгоны 5-ны өдөр тооцоо нийлээд 10-ны өдрийн дотор төлнө гэж заасан. Энэ 2 компани урьд нь ямар нэгэн маргаангүй олон жил хамтарч ажилласан. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тооцоо яригдаж байгаа. Цар тахлын нөхцөл байдлыг далимдуулмааргүй байна. 70,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар хариуцагч компанийн 2, 3 удаагийн албан бичиг байгаа. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн хүсэлтэд 190,000,00 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тусгасан. Үлдэгдэл 120,000,000 төгрөгийг төлнө гэж албан бичиг байгаа. Хариу тайлбарт 5,000,000 төгрөгийн үлдэгдэл байна гэж байсан ч өмгөөлөгч нь 65,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж ярьсан. 65,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар баримтгүй. Нэхэмжлэгч алдангийг 30,000,000 төгрөгөөр бууруулсан. Энэ нь жил гаруй хугацааны банкны зээлийн хүүг төлөх боломжгүй болсон. Төлбөрөө хурдан гаргуулж авах зорилгоор анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч С-О ХХК нь хариуцагч Б-ХХК-д холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 70,411,832 төгрөг, алданги 60,203,159 төгрөг, нийт 130,614,991 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч ... 65,644,621 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 

1.б. Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр худалдагч С-О ХХК нь худалдан авагч Б-ХХК-ийн захиалгаар газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авагч нь төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон байна. (хх-ийн 7-9) Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

1.в. Худалдагч С-О ХХК нь худалдан авагч Б-ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд нийт 290,411,840 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлснээс худалдан авагч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 18-ны өдөр 90,000,000 төгрөг, 10 дугаар сарын 12-ны өдөр 120,000,000 төгрөг, нийт 220,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 70,411,832 төгрөг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тооцоог хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 65,644,621 төгрөг болсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийнм 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

1.г. Б-ХХК нь нэхэмжлэгч С-О ХХК-д 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 03/83 дугаар албан бичгээр ... манай компанийн талаас Ковид-19 өвчний дэгдэлтийн улмаас шатахууны төлбөрөө төлж чадаагүй бөгөөд үндсэн төлбөр 190,411,392 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс тээврийн үйл ажиллагаа эхэлж байгаа тул 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 120,411,832 төгрөг, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны дотор тус тус төлж барагдуулна гэж мэдэгдсэн байна. (хх-ийн 13) Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 120,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгч С-О ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 70,411,832 төгрөгийг хариуцагч Б-ХХК-аас шаардах эрхтэй.

 

1.д. Талууд гэрээний 3.5-д Худалдан авагч нь энэхүү гэрээний 3.4-т заасан хугацаанд багтаан төлбөрөө төлөөгүй нөхцөлд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн байна. (хх-ийн 8-р талын ард)

 

Мөн гэрээний 3.4-т Худалдан авагч нь худалдагч талтай сар бүрийн сүүлийн өдрөөр газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалбар болгож дараа сарын 5-ны дотор худалдагч талтай тооцоо нийлж 10-ны дотор төлбөрийг барагдуулна гэж талууд хариуцагчийн төлбөр төлөх хугацааг тохиролцжээ.

 

Хариуцагч Б-ХХК нь үлдэгдэл төлбөр 190,411,832 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч С-О ХХК-аас төлбөр төлөх үүрэг үүссэн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 120,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд алданги 60,203,159 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна. 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд алданги тооцоогүй байна.

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг үндэслэн анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал болон Корона вируст халдвар, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгааг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги 60,203,159 төгрөгийн алдангийг 50 хувиар бууруулан 30,101,579 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

1.е. Иймд анхан шатны шүүх хариуцагч Б-ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүний үнэ 70,411,832 төгрөг, алданги 30,101,579 төгрөг, нийт 100,513,411 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

2.    Давж заалдах гомдлын талаар

2.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... худалдан авагч төлбөрийг хэзээ төлөх үүрэгтэй нь тодорхой бус байхад анхан шатны шүүх хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж алданги гаргуулж шийдвэрлэсэн нь буруу... гэх гомдол үндэслэлгүй. Учир нь худалдагч нь сүүлд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бүтээгдэхүүн нийлүүлсэн ба гэрээний 3.4-т Худалдан авагч нь худалдагч талтай сар бүрийн сүүлийн өдрөөр газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалбар болгож дараа сарын 5-ны дотор худалдагч талтай тооцоо нийлж 10-ны дотор төлбөрийг барагдуулна гэж худалдан авагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлсон тул 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс алданги тооцож шаардсан нь үндэслэлтэй байна.

 

2.б. Анхан шатны шүүх Ковид-19 буюу шинэ төрлийн Корона вируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоож байсан үйл баримтыг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүх уг заалтыг дахин хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/02827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 332,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ