Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2021/02827

 

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2021/02827

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ........ байрлах СХХК /РД......./-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......... тоотод байрлах Б ХХК /РД:........../-д холбогдох,

  газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 130.614.991 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Тхариуцагчийн төлөөлөгч У.Тхариуцагчийн өмгөөлөгч О.О /ШТЭҮД:0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч СХХК-ийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилсөн нэхэмжлэлээ дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 00000000 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар худалдагч тал нь худалдан авагчид гэрээнд заасан журмаар шатахуун нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний 3.4-т зааснаар худалдан авалт хийснээс хойш газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг дараа сарын 5-ны дотор худалдагч талтай тооцоо нийлж 10-ны дотор төлбөрийг төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн болно. С ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж худалдан авагч талын захиалгын дагуу нийт 292.899 литр шатахууныг нийлүүлсэн. Б ХХКнь гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлж байсан боловч 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд Б ХХКнь гэрээний 3.4, 5.3-т заасны дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж, улмаар нэхэмжлэгч талаас удаа дараа төлбөр төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, бидэнд хохирол учруулаад байна. Иймд талуудын хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр100.473.070 төгрөг, гэрээний 3.5-д хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлнө гэж заасны дагуу алданги 30.141.921 төгрөг буюу нийт 130.614.991 төгрөгийг Б ХХК-аас гаргуулахаар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар өөрчилснийг дэмжиж байна. Тухайн үед төлвөл зохих 190.411.832 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гэрээний 3.4, 3.5-т зааснаар хоног тутамд 0.2 хувийн алданги тооцоход 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 35 хоногийн алданги 13.328.828 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх 22 хоногийн алданги 8.378.120 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 180 хоногийн алданги 68.548.259 төгрөг, нийт 237 хоногийн алданги 90.255.207 төгрөг болж байна. Хариуцагч талаас 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 120.000.000 төгрөгийн төлөлт хийж үндсэн төлбөр нь 70.411.832 төгрөг болсон. Одоо үндсэн төлбөр 70.411.832 төгрөг дээр 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны алданги 90.255.207 төгрөгийг нэмж тооцоход нийт 160.667.039 төгрөгийгнэхэмжлэхээр байгаа боловч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 130.614.991 төгрөгтөө дүйцүүлэн 30.052.048 төгрөгийн алдангиас татгалзаж, 60.203.159 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд хариуцагч Б ХХК-аас үндсэн төлбөрийн үлдэгдэл 70.411.832 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 60.203.159 төгрөг, нийт 130.614.991 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч СХХК шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Б ХХК-тай холбогдуулан гаргасан С ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа: Тус нэхэмжлэлээс 70.411.600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус байгууллагад үүссэн өр нь Короно өвчний нөхцөл байдлаас шалтгаалан уул уурхай, тээврийн ажил үйлчилгээ зогссонтой холбоотой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 60.203.391 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлан, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгнө гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч У.Т шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С ХХК-аас худалдан авсан шатахууны төлбөрөөс 65.644.621 төгрөг үлдсэн учир уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсэг болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шаардах эрхийг баталгаажуулсан баримт байхгүй байна. Талуудын хооронд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловчхэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй. Талууд шатахуун нийлүүлэх хугацаа, тоо хэмжээ, үнийн дүнгийн талаар тохиролцоогүй бөгөөд үүнийг хавсралтаар харилцан тохиролцохоор заасан нь талуудын хооронд гэрээний хавсралт гэх баримт үйлдэгдээгүй. Иймдхэрэгжээгүй гэрээнд заасны дагуу алданги тооцох боломжгүй. Алданги тооцохын тулд үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчигдсөн байх ёстой. Мөн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан бол гэрээний үүрэг хойшлоно гэж заасан. Коронавирус өвчний улмаас уул уурхай, тээврийн ажил үйлчилгээ зогссонтой холбоотой бөгөөд төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл төлбөр 65.644.621 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх шүүхэд анх тайлбар гаргахдаа 70.411.600 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн боловч дахин тооцож үзэхэд 65.644.321 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б ХХК-д холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 130.614.991 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 70.411.832 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 60.203.159 төгрөг, нийт 130.614.991 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 100.513.411 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 30.101.580 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч СХХК нь гэрээний хавсралтад дурдсан хэмжээ бүхий дизель түлш, бензин нийлүүлэх, хариуцагч Б ХХКнь гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Энэхүү гэрээгээр талууд бараа, бүтээгдэхүүнийг зээлээр буюу тодорхой хугацааны дараа төлөх нөхцөлтэйгээр байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлнө гэсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа боловч гэрээний гол нөхцөлд хүү төлөхөөр тохиролцоогүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Дээрх худалдах, худалдан авах гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгуужуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч СХХК нь хариуцагч Б -д дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 290.411.832 төгрөгийн үнэ бүхий шатахууннийлүүлсэн байх ба хариуцагч Б -аас энэхүү хугацаанд нийт 220.000.000 төлж барагдуулжээ.

Нэхэмжлэгч СХХК нь хариуцагч БХХК-аас худалдсан шатахууны үлдэгдэл төлбөр болох 70.411.832 төгрөг,2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 60.203.159 төгрөг, нийт 130.614.991 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч БХХК-аас худалдан авсан шатахууны төлбөрөөс 65.644.321 төгрөг үлдсэнийг төлж барагдуулна, талуудын хооронд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй. Талуудшатахуун нийлүүлэх хугацаа, тоо хэмжээ, үнийн дүнгийн талаар тохиролцоогүй бөгөөд үүнийг хавсралтаар харилцан тохиролцохоор заасан ч талуудын хооронд гэрээний хавсралт гэх баримт үйлдэгдээгүй. Иймд хэрэгжээгүй гэрээнд заасны дагуу алданги тооцох боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Зохигчдын хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.1-т нийлүүлэх шатахууны хэмжээ, үнэ, хугацаа зэргийг гэрээний хавсралтаар тохиролцохоор заасан боловч талуудын хооронд үүнтэй холбоотой ямар нэгэн хавсралт баримт бичиг байгуулагдаагүй байна.

Харин хариуцагч Б нь нэхэмжлэгч Синчи ойл   ХХК-ийн ШТС-20 салбараас тухайн үед борлуулж байсан үнийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өөрийн үйл ажиллагаанд ашиглаж байсан автомашинуудад шатахуун авч, СХХК-ийн бүртгэлийн дэвтэрт шатахуун хүлээн авсан болохоо нотолсон Баян тэс транс, автомашины дугаар бүхий улаан өнгөтэй дардас дарах байдлаар бүтээгдэхүүнээ хүлээлцэж байжээ.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн талуудын хооронд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээбайгуулагдсан ч хэрэгжээгүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд гэрээний 2.2 дугаар зүйлийн 1, 2.3-т зааснаар бүтээгдэхүүн худалдан авагчийн өмчлөлд шилжсэн байна.

Хариуцагч Б ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 290.411.832 төгрөгийн үнийн дүн бүхий шатахуун худалдан авснаас 220.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 70.411.832 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шатахуун олгосон бүртгэлүүд, нэхэмжлэгчийн төлбөрийн тооцоолол зэргээр нотлогдож байх ба хариуцагчийн төлөөлөгчөөс манайх тооцоогоо хийж үзэхэд 65.644.621 төгрөгийн төлбөр үлдсэн байна гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж, худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөрийн талаар маргаж байна.

Хариуцагч Б ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 03/83 тоот албан бичгээр төлбөрийн үлдэгдэл 190.411.832 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 120.411.832 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 70.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулах болохоо илэрхийлсэн, мөн шүүхэд өгсөн хариу тайлбартаа уг төлбөрийн үлдэгдэл 70.411.832 төгрөгийг хүлээн зөвшөөрч байсан атлаа хариуцагчийн төлөөлөгчөөс 65.644.621 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх тайлбараа нотолж, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй учир хариуцагчийн тайлбарыг үнэн зөвд тооцох үндэсгүй.

Иймд хариуцагч Б  ХХК нь нэхэмжлэгч С  ХХК-аас худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөр болох 70.411.832 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй.

Мөн хариуцагч Б ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-тсар бүрийн сүүлийн өдрөөр газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалбар болгож, дараа сарын 5-ны дотор худалдагч талтай тооцоо нийлж, 10-ны дотор төлбөрийг төлж барагдуулна гэж заасныг зөрчиж, үлдэгдэл төлбөр болох 70.411.832 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч С -аас төлбөр төлөх үүрэг үүссэн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 120.000.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд төлөгдөөгүй төлбөр 190.411.832 төгрөгийг зохигчдын хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-т зааснаар тооцсон алдангийн зарим хэсэг болох 60.203.159 төгрөгийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэсэн заалтад нийцсэн байна.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан тул хэргийн нөхцөл байдал болон Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгааг харгалзан үзэж,нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг 50 хувиар бууруулан тооцож, хариуцагч Баян тэс трансХХК-аас алдангид 30.101.579 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугара зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч БХХК-аас худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөр 70.411.832 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 30.101.579 төгрөг, нийт 100.513.411 төгрөг гаргуулж нэхэмжлэгч СХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30.101.580 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 660.517 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БХХК-аас 100.513.411 /нэг зуун сая таван зуун арван гурван мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч СХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30.101.580 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ба -аас улсын тэмдэгтийн хураамжид 660.517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР