Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 515

 

   Б.Эрхэмбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

            хохирогч Г.Батбаяр, түүний өмгөөлөгч Ш.Ганбат,

            шүүгдэгч Б.Эрхэмбаярын өмгөөлөгч Б.Сүрэнхүү,

            иргэний хариуцагч Б.Батцэнгэл,  

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Эрхэмбаярт холбогдох 201524000914 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хөх тайж овгийн Батцэнгэлийн Эрхэмбаяр, 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЗ95122338/, 

Б.Эрхэмбаяр нь 2015 оны 8 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулахын их сургуулийн урд талын уулзварт Б.Батцэнгэлийн эзэмшлийн “КТМ” загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6 “Жолооч хөдөлгөөнөө эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Батбаярын жолоодон явсан 00-16 УБ улсын дугаартай “КТМ” загварын мотоцикльтой мөргөлдөж, Г.Батбаярын биед хүнд гэмтэл, Г.Мөнхжаргалын биед хөнгөн гэмтэл, “КТМ” загварын 00-16 УБ дугаартай мотоциклийн эзэмшигч Г.Батбаярт 85.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх ослын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд  холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчиж осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Эрхэмбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газраас  Б.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Эрхэмбаярыг зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, иргэний хариуцагчаар Б.Батцэнгэлийг тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэн ирсэн “КТМ” 530 загварын мотоциклийг тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.Батцэнгэлд буцаан олгож, Б.Эрхэмбаярын №953172 дугаартай А, В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Батбаярын өмгөөлөгч Ш.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Б.Эрхэмбаяр нь Б.Батцэнгэлийн эзэмшлийн “КТМ” загварын мотоциклийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.3, 8.11, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж Б.Эрхэмбаярын унаж явсан мотоциклийн араас мөргөсөн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд хохирогч Г.Батбаяр, шүүгдэгч Б.Эрхэмбаяр, гэрч Г.Мөнхжаргал нарын мэдүүлгээр Б.Эрхэмбаяр нь хохирогч Г.Батбаярын бие махбодид хүнд гэмтэл учирсан хэрэгт гэм буруугүй болох нь нотлогдон тогтоогдож байна...” гэж үзэн Б.Эрхэмбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Г.Батбаяр нь Б.Эрхэмбаярын ард 20-30 метрийн зайд явж байгаад Б.Эрхэмбаярыг улаан гэрлээр зогсоход араас ирж мөргөсөн гэж дүгнэсэн бөгөөд энэ нь үндэслэлгүй, харин Б.Эрхэмбаяр нь Г.Батбаярыг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний баруун хэсгээр хашлага шахан явж байхад гэнэт баруун гар тийш дарж чигээрээ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан болох нь хохирогч Г.Батбаяр, гэрч Г.Мөнхжаргал, 4343 тоот шинжээчийн дүгнэлт хавсралт зургууд, 653, 793 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Дээрх осол  гарсан газрыг жолооч Б.Эрхэмбаяр нь орхин зугтааж, түүнийг эрэн сурвалжилж олж авсан бөгөөд мэдүүлгээ илт зөрүүтэй өгч, ослын газрын үзлэгийг будлиантуулж, анх мөргөлдсөн цэгийг заахдаа 1 дүгээр эгнээний баруун гар талд шахаад зогсоход Г.Батбаяр араас ирээд мөргөсөн гэх мэдүүлгүүдтэй илт зөрүүтэй байхад түүнийг мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн Б.Эрхэмбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг биедээ авч явна гэснийг зөрчиж, Хурд автомат клубын эзэмшлийн гэх улсын дугааргүй, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож осол гаргасан байтал анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 9 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр Б.Эрхэмбаяр над руу утасдаад “найз охин нь согтуу автомашинаа барьж чадахгүй байна та хамт тэрэлж рүү яваад өгөөч” гэж гуйсан. Тэгээд хамт мотоциклтойгоо явж байхдаа намайг шахаж унагаад би осолд орсон. Гэрлэн дохио ойртоод ирэх үед би 1 дүгээр эгнээнд, Б.Эрхэмбаяр 2 дугаар эгнээнд явж байгаад намайг шахаж орж ирээд миний мотоциклийн урд дугуй Б.Эрхэмбаярын унаж явсан мотоциклийн моторынх нь хажууд тулаад би боржурт шахагдаад унасан. Гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч Б.Эрхэмбаярын өмгөөлөгч Б.Сүрэнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол хууль ёсны дагуу гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хохирогчийн өмгөөлөгчөөс “...хоёр мотоциклийн хоорондын зай бага байсан. Араас нь ирж мөргөөгүй, Б.Эрхэмбаяр чигээ өөрчилсөн учраас түлхэж унагаасан” гэх зүйл яриад байна. Замын хөдөлгөөний дүрмээр хоорондын болон хажуугийн зайнаас хамаарч хөдөлгөөний хурдаа сонгож явна гэсэн жолоочийн үүрэг байдаг. Г.Батбаяр “Би тоормосолсон боловч гулгаад араас мөргөсөн. Тэгээд би тоормос авсан боловч зогсоож чадаагүй. Б.Эрхэмбаярын мотоциклийн араас нь мөргөж би баруун тийшээ шидэгдсэн, тоормослосны дараа мотоциклийн арын хэсэг нь шарваад бага зэрэг хөндөлсөөд Б.Эрхэмбаярын мотоциклийн хойд хэсгийг мөргөсөн. Надаас 10 метрийн урд явж байсан тоормосолсон боловч зогсоож чадаагүй” гэсэн мэдүүлгүүдийг удаа дараа өгсөн. 2015 оны 10 дугаар сарын шинжээчийн дүгнэлтэд Г.Батбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 буюу урдаа явж байгаа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй, хажууд байгаа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулж сонгож явна гэсэн дүгнэлт гарсан. Шүүхээс Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт буюу жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Мотоцикл хурдаа сааруулаад зогсоход ямар нэгэн байдлаар хажуу тийшээгээ хазайж тэнцвэрээ олох шаардлагатай болдог. Шүүгдэгч Б.Эрхэмбаярын зүгээс энэ үйлдлийг хийсэн гэж мэдүүлдэг. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хурдаа тааруулж яваагүйгээс болж улаан гэрэл асаад зогсож байгаа Б.Эрхэмбаярын мотоциклын хойноос ирж мөргөсөн. Шүүгдэгч 5.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Г.Батбаярт өгсөн. Ослын улмаас үүссэн гэмтэлд яг ямар эмчилгээ хийлгэсэн талаарх баримт байхгүй. Тухайн үед Б.Эрхэмбаяр гар утасгүй байсан бөгөөд гэрч Мөнхжаргалын утсаар цагдаа болон түргэн тусламж дуудсан. Тэгээд түргэн тусламжийн автомашин ирээд хохирогчийг Мөнхжаргалын хамт аваад явсны дараа хэргийн газар хүлээж байгаад явсан талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Осол болсон өдөр замын цагдаагийн бүрэлдэхүүн орой 24 цагийн үед хэргийн газар ирж хэмжилт хийсэн. Тийм учраас өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.  

Иргэний хариуцагч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эзэмшлийн “КТМ” 530 загварын мотоциклийг миний хүү Б.Эрхэмбаяр жолоодож байгаад зам тээврийн осол гаргасанд харамсаж байна. Б.Эрхэмбаярын унаж байсан мотоцикл нь “Хурд” авто клубийнх. Долоо хоногийн дараа тэмцээн болох байсан учир бэлтгэл хийх зорилгоор уг мотоциклийг авсан. Би эмчилгээний зардалд 5.000.000 төгрөгийг Г.Батбаярт өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Эрхэмбаяр, Г.Батбаяр нар нь мотоцикльтой замын 1 дүгээр эгнээний баруун зүүн хэсгээр зорчиж байсан. Баруун гар талаар Г.Батбаяр, түүний зүүн гар талын урд Б.Эрхэмбаяр зорчиж байсан нь тогтоогдсон. Б.Эрхэмбаяр нь байр эзлэх хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө 1 дүгээр эгнээний баруун гар талыг эзлэх зорилгоор ямар нэгэн анхааруулах дохио өгөөгүй учраас өөрийн мотоциклийн баруун хойд хэсгээр Г.Батбаярын унаж байсан мотоциклтой мөргөлдсөн... Г.Батбаяр нь замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөн гэж шинжээч дүгнэсэн. Б.Эрхэмбаяр нь хөдөлгөөний байр эзлэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангасан бол Г.Батбаярын мотоцикльтой мөргөлдөхгүй байсан. Г.Батбаяр нь араас шууд очиж мөргөөгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэргийг шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүй зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж гаргасан гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хангаж чадаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Батбаярын “...Б.Эрхэмбаяр бид хоёр зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан. Би баруун гар тал руу шахас гээд явж байхад Б.Эрхэмбаяр миний зүүн талд гэхдээ надаас урд 20-30 метрийн зайд явж байсан. Би уулзвар дөхөхөд хашлага шахаж зогсоно гэж бодож байтал Б.Эрхэмбаяр бас хашлага шахаж зогсох гээд миний урдуур ороод ирсэн. Би тоормослосон боловч гулгаж очоод араас нь мөргөн замын хажуу тал руу шидэгдсэн...” /хх 22/, Б.Эрхэмбаярын “...Батбаяр ойролцоогоор 10-аад метрийн хойно явж байхаар нь би баруун гар тал руу хашлага дагнаж зогсох гээд жолоогоо баруун тал руу эргүүлээд тэгшрээд зогссон. Миний зогссон газар замын хажуугийн хашлага хоёрын дунд мотоцикл орох зайтай байсан Тэгтэл Батбаяр араас мотоциклтойгоо орилж ирээд мөргөсөн...” /хх 86/ гэсэн мэдүүлгүүдээс үзвэл хэрэг учралын талаар хохирогч, шүүгдэгч нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх ба анхан шатны шүүх аль нь үндэслэлтэй мэдүүлэг болохыг хэргийн үйл баримтад тулгуурлаж тогтоогоогүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

                Энэ нь шүүхийн шийтгэх тогтоол “үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд хохирогч, шинжээчийн дүгнэлт гаргасан техникийн шинжээч болон шаардлагатай бусад гэрч нарыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулж, шинжээчээр гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах, түүнчлэн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгийг дахин авч, зам тээврийн осол болсон нөхцөл байдлыг сэргээн дүрслэх замаар хэргийн нөхцөл байдлыг тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Иймд шүүхийн хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн өөр бүрэлдэхүүнээр дахин хянан хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болсон тул хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг тус шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болно.