Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/00067

 

Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00803 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1915 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Улаанбаатар хотын банк

Хариуцагч : Б.Баярмаа

Нэхэмжлэлийн шаардлага: 235.880.115 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Г.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баярмаа нь Улаанбаатар хотын банктай 2015.01.16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 200 сая төгрөгийг, 12 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 00-75 УБК улсын дугаартай Тоёота тундра загварын авто машиныг барьцаалсан ба 2015 оны 5 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө төлөөгүй. Зээлийн  гэрээний хугацаа 2016.01.16-ны өдөр дууссан.  Б.Баярмаа зээлийн хүүнээс 10.297.200 төгрөг төлсөн. Иймд  үндсэн зээл 200 сая төгрөг, хүү 32.902.800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.977.315 төгрөг нийт 235.880.115 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны  үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөр  хангаж өгнө үү гэжээ./хх1-2/  

Хариуцагч шүүх  хуралдаан дээр  гаргасан  тайлбартаа: Б.Баярмаа нь 2015.01.16-ны өдөр Улаанбаатар хотын банктай зээлийн гэрээ байгуулж 200 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн. Үүнээс хойш гэрээний дагуу зээлийн хүүг төлж байсан боловч бизнесийн эрсдэлд орж зээлээ төлж чадаагүй.  Б.Баярмаа зээлийн хүүнд 10.297.200 төгрөг төлсөн бөгөөд үүнийг  хүүгээс хасч тооцоогүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг  харгалзан зээлийн хүүг багасгаж өгнө үү гэжээ.  /хх 57-58/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00803 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баярмаагаас 235.880.115 төгрөг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 3 га.талбайтай ГД-497 улсын бүртгэлийн дугаартай газар, Тоёота Тундра маркын 00-75 УБК улсын дугаартай автомашиныг хуульд нийцүүлэн худалдахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.337.351 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  Б.Баярмаагаас 1.337.351 төгрөг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн байна./хх 88-89/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1915 дугаартай магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ./хх101-104/

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй, Б.Баярмаад холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцээд шүүхийн шийдвэр гаргаагүй шүүгчийн захирамж гаргасан нь буруу юм. Иймд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. /хх 107/ 

ХЯНАВАЛ :

Улаанбаатар хотын банк нь Б.Баярмаагаас үндсэн зээл 200 сая төгрөг, хүү 32.902.800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.977.315 төгрөг нийт 235.880.115 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох ГД:497 улсын бүртгэлийн дугаартай газар, Тоёота тундра 00-75 улсын дугаартай автомашинаар хангуулах шаардлага тавьжээ.  Хариуцагч нэхэмжлэлээс хүүгийн хэмжээг зөвшөөрөөгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх бөгөөд шийдвэр болон магадлалыг өөрчлөх боломжгүй тул хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. 2015.01.16-ны өдрийн ЗБГ 9201/ 150116 тоот барьцааны гэрээг /хх 9-10/ шүүх  хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд “...үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулах...” шаардлагыг хангах нөхцөл бүрдэх юм.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон барьцааны гэрээний 3.9 дэх хэсгийн заалтаас үзвэл Улаанбаатар хотын банк нь зээлийн барьцаанд тусгай хамгаалалттай /аялал жуулчлалын зориулалттай/ газар ашиглах эрх барьцаалсан байх бөгөөд барьцааны гэрээнээс өөр баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй байхад шүүх уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, Иргэний хуулийн 164, 156-р зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 35.3.6, 38.5 дахь хэсэгт нийцээгүй байна.   

2. Хариуцагч ямар нэг хөрөнгө барьцаалсан талаар ЗБГ 9201/ 150116 тоот  гэрээний 3.9 дэх хэсэгт заагаагүй байхад шүүх “...үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулах шаардлагыг...” Б.Баярмаад холбогдуулан шийдвэрлэсэн үндэслэл ойлгомжгүй болжээ. 

Тодруулбал,  нэхэмжлэгч нь 200 сая төгрөгийн зээлийн барьцаанд газар ашиглах эрх, Тоёота Тундраа 00-75 УБК улсын дугаартай автомашин /хх 9-10/ барьцаалж  З.Анхбаяр, ЧДЧГ ХХК, Б.Баярмаа нартай гэрээ байгуулсан боловч зээлдэгч Б.Баярмаа ямар нэг эд хөрөнгө барьцаалаагүй байна.    

ЗБГ 9201/ 150116 тоот  гэрээнд заасан газар ашиглах эрхийг ЧДЧГ ХХК, Тоёота Тундраа 00-75 УБК улсын дугаартай автомашиныг З.Анхбаяр барьцаалсан байхад шүүх  Б.Баярмаад холбогдох нэхэмжлэлээр З.Анхбаяр, ЧДЧГ ХХК-ийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу юм. З.Анхбаяр, ЧДЧГ ХХК нь өөрсдийн эд хөрөнгийг барьцаалах эрхийг Б.Баярмаад олгосон итгэмжлэл хэрэгт байхгүй   байгааг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй байна.

Хэрэгт 4 итгэмжлэл /хх 17, 41, 50, 51/ авагдсан байх боловч энэ нь нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн болон барьцааны гэрээтэй холбоогүй, харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцуулахаар Б.Наранцэцэгт 2016.02.01-ний өдөр, З.Анхбаярт 2016.3.21-ний өдөр, Б.Оюунбилэгт 2016.3.29-ний өдөр олгосон итгэмжлэл /хх 17, 41, 50/ байна. Хэргийн 51 дүгээр талд буй итгэмжлэл нь  шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлттэй холбоотой баримт байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00803 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1915 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 1.337.351 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.  

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ