Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00803

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00803

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 11, өөрийн байранд байрлах, Улаанбаатар хотын банк /РД: 2637545/-ны нэхэмжлэлтэй

 

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны 2 дугаар  байрны 5 тоотод оршин суух, Холбоос овогт Баярхүүгийн Баярмаа /ЧЖ 84070922/-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 235 880 115 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.          

                              ТОДОРХОЙЛОХ нь:    

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Баярмаа нь Улаанбаатар хотын банктай 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж 00-75 УБК улсын дугаартай тоёота тундра маркийн авто машиныг барьцаалсан ба Б.Баярмаа нь 2015 оны 5 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө төлөөгүй бөгөөд зээл төлөх тухай мэдэгдэл, шаардлагыг удаа дараа гардуулж байсан боловч төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байна. Хариуцагч Б.Баярмаа зээлийн хүүнээс 10 297 200 төгрөг төлсөн. Одоо зээлдэгч Б.Баярмаагаас үндсэн зээлийн 200 000 000 төгрөг, зээлийн хүүгийн 32 902 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 2 977 315 төгрөг нийт 235 880 115 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Мөн зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баярмаа нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын банктай зээлийн гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн. Зээл авснаас хойш гэрээний дагуу зээлийн хүүг төлж байсан боловч бизнесийн эрсдэлд орж зээлээ төлж чадахгүй болсон. Хэрэгт авагдсан баримтаар Б.Баярмаа нь зээлийн хүүнд 10 297 200 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч нь хүүнд 32 902 800 төгрөг нэхэмжилсэн байдаг. Гэтэл Б.Баярмаагийн төлсөн 10 297 200 төгрөгийг хасч тооцоогүй байна. Иймд дээрх нөхцөл байдал болон  хариуцагчийн бизнесийн эрсдэлд орсон зэргийг харгалзан үзэж, зээлийн хүүг багасгаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк нь хариуцагч Б.Баярмаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн төлбөрт 200 000 000 төгрөг, хүүгийн 32 902 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 977 315 төгрөг, нийт 235 880 115 төгрөг гаргуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Зохигчид нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээг байгуулж, үүгээр банк нь 200 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө зориулалтаар жилийн 21,6  хувийн хүүтэйгээр, 2016 оны 1 дүгээр сарын 16-ний өдөр хүртэл хугацаатай зээлүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 6-10/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Баянзүрх дүүрэг Хан-Уулын Дархан цаазат газар Зуун мод аманд байрлах 3 га талбайтай ГД:497 улсын бүртгэлийн дугаартай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг болон Тоёота Тундра маркын  00-75 УБК улсын дугаартай автомашин бүхий хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ. /хх-ийн 9-10/

 

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч 200 000 000 төгрөгийг хүлээн авсан, үүнийг гэрээнд заасан хөрөнгө оруулалт зориулалтаар зарцуулсан боловч гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн зэрэгт зохигчид маргаагүй.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар зохигч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байх хэдий ч хариуцагч Б.Баярмаа нь гэрээнд заасан үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлж байсан нь болон зээлийн төлбөрийг төлөх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг болон хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснээр нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк нь хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна. 

 

Хариуцагч нь “зээлийн гэрээний хүүнд нийт 10 297 200 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг эргэн төлөлтийн графикт заасан хүүнээс хасаж тооцохгүй байх тул энэ хэмжээгээр хүүг хасаж тооцох ёстой ба хариуцагчийн бизнес нь хүнд байдалд орж хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэл үүссэн тул зээлийн хүүг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хасаж тооцож өгнө үү” гэх тайлбар гаргасан байна.   

 

Хавтаст хэргийн 55-р талд хариуцагч Б.Баярмаагийн зээл эргэн төлсөн болон төлөлтийн хуваарийг ирүүлсэн байх ба Б.Баярмаа нь зээл авснаас хойш 6 удаагийн төлөлтөөр нийт 10 297 200 төгрөг төлсөн байх ба энэ нь нийт хугацаанд төлөх хүүгээс хасагдсан байна. Түүнчлэн банкнаас олгосон зээлийн хүү өндөр байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаараа нотлоогүй байна.

 

Иймд шүүх зээлийн төлбөрөөс төлөгдсөн дүн буюу хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулгаар /хх-ийн 55/ тогтоогдож байгаа дүн нь нэхэмжлэлийн шаардлагын 235 880 115 төгрөгтэй тохирч байх тул хангаж шийдвэрлэсэн ба улсын тмэдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

  

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтийг хүлээн авч зээлдэгч нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баярмаагаас 235 880 115 /хоёр зуун гучин таван сая найман зуун наян мянга нэг зуун арван таван/ төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баярмаа шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг Хан-Уулын Дархан цаазат газар Зуун мод аманд байрлах 3 га талбайтай ГД:497 улсын бүртгэлийн дугаартай газар  болон Тоёота Тундра маркын  00-75 УБК улсын дугаартай автомашин зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 337 351 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярмаагаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 337 351 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.МӨНХЖАРГАЛ