Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00320

 

 

 

Д.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/04331 дугаар шийдвэртэй,

Д.М-ын нэхэмжлэлтэй,

Т.Э-д холбогдох

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Т.Э-, хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Д.М-а нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Б.Доржийн гудамж 90/1 тоот хаягт байрлах 60 айлын орон сууцыг захиалан бариулж, 2015 оны 08 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Орон сууц ашиглалтад орсон.

Д.М-а нь “ТБХ” ХХК-ийн захирал А.М тай 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж, тухайн гэрээгээр Д.М-а нь өөрийн өмчлөлийн 579.82 м.кв талбай бүхий 10 ширхэг орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах эрхийг “Тэнгэр бурханы хишиг” ХХК-д олгож, “Тэнгэр бурханы хишиг” ХХК нь урьдчилгаанд 300,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. А.М  нь хамтран ажиллах гэрээний төлбөрөө төлөх боломжгүй болсон тул гэрээг дуусгавар болгож 10 орон сууцыг буцаан авсан.

Иргэн А.М гаас 10 орон сууцаа буцаан авах явцад Т.Э- нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Б.Доржийн гудамж 90/1 байр ... тоот58,06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хэний зөвшөөрлөөр эзэмшиж байгаа нь тодорхойгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу уг 2 өрөө орон сууцыг Т.Э-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.М-а нь “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 10 ширхэг орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах эрхийг тус компанид олгосон байсан. Үүний дагуу Т.Э- нь “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Б.Доржийн гудамж 90/1 байр ... тоот58,06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 98,702,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 61,100,000 төгрөгийг төлсөн.

Би орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлж дуусган гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авахаар тус компанийн захиралтай удаа дараа утсаар ярьж шаардсан боловч өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байгаа тул Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст өргөдөл гаргасны дагуу тус хэлтсийн мөрдөн шалгах хэлтсээс “Тэнгэр бурханы хишиг” ХХК-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа болно.

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Б.Доржийн гудамж 90/1 байр ... тооторон сууцтай холбоотой “Тэнгэр бурханы хишиг” ХХК болон Т.Э- бидний хооронд үүссэн маргааныг эрүүгийн журмаар шалгаж байгаа. Иймд эрүүгийн хэргийг шалгаж дуустал иргэний журмаар хэргийг хянан хэлэлцэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-22004103654 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Б.Доржийн гудамж 90/1 байр ... тооторон сууцыг хариуцагч Т.Э-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 407,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.М-а нь “ТБХ” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тухайн гэрээгээр Д.М-ын өмчлөлийн орон сууцнаас нийт 579.82 м.кв талбай бүхий 10 ширхэг орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах эрхийг “ТБХ” ХХК-д олгож, урьдчилгаанд 300,000,000 төгрөг авсан.

Д.М-а болон “ТБХ” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” хүчин төгөлдөр байхад 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Тэнгэр бурханы хишиг” ХХК болон Т.Э- нарын хооронд орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Иймд Д.М-ын өмчлөлийн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах, үүнтэй холбоотой хэлцэл  хийх эрх “Тэнгэр бурханы хишиг” ХХК-д байсан болох нь тогтоогдож байна. “Хамтран ажиллах гэрээ” хүчинтэй байхад би орон сууц худалдан авах хүсэл зоригоо хамгийн анх Д.М-ын компанид илэрхийлсэн, улмаар “ТБХ” ХХК-ийн захирал А.Мөнх- Амгалантай уулзан ... тоот2 өрөө орон сууцыг 98,702,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, урьдчилгаанд 61,100,000 төгрөг төлөн тухайн байранд нүүн орж, өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхтулга, “ТБХ” ХХК-ийн захирал А.М , хариуцагч Т.Э- бид гурав 2019 онд биечлэн уулзаж би байрны үлдэгдэл төлбөрөө өгөөд байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулж авах, А.М  надаас авсан урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгч Д.М-ад өгөх, би үлдэгдэл төлбөрөө өгч гэрээг дуусгавар болгохоор тохиролцож уулзалтыг дуусгаж байсан.

Т.Э- би гэрээг зөрчөөгүй бөгөөд орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах саналаа гэрээ байгуулсан талдаа илэрхийлж, удаа дараа уулзаж, утсаар ярьж шаардсан боловч гэрээний нөгөө тал болох “ТБХ” ХХК-ийн захирал А.М  нь байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй, байрны үлдэгдэл төлбөрийг аваагүй, утасаа авахгүй, уулзахгүй, олдохгүй байсан тул Т.Э- би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/4793 тоот албан бичигт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 90/1 байрны ... тоотбайрны урьдчилгаа төлбөрт 62,000,000 төгрөг өгч залилуулсан хэрэгт эрүүгийн 190603678 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Прокуророос хэрэг бүртгэлийн хэрэг нээн, цагдаагийн байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 90/1 байрны ... тооторон сууцтай холбоотой дээрх хэрэг нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай болох нь гэрээ болон бусад холбогдох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол шүүх  иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй байна.

Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь нарийн шинжлэн судалж шийдвэрлэх байсан.

“ТБХ” ХХК болон Д.М-ын хооронд хийгдсэн “Хамтран ажиллах гэрээ” дууссан эсэх, хоорондын төлбөр тооцоо үлдэгдлийн талаар санхүүгийн ямар ч баримт материал хэрэгт авагдаагүй. Хэрэгт захирал А.М  гэсэн гарын үсэг, тэмдэгтэй “FGROUP гэсэн компанийн нэршилтэй, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/36 дугаартай “Хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох тухай” гэсэн албан бичгийг шүүгч хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон баримт гэж үзсэн нь хууль зүйн хувьд алдаа дутагдалтай байна. Гэрээний 2.1-д гэрээний хугацааг 2019 оны 01 дүгээр сард дуусахаар заасан байх бөгөөд гэрээг дуусгавар болгох нөхцөлийг талууд гэрээнд харилцан тохиролцоогүй байдаг. Тухайн албан бичигт “FGROUP гэж компанийн нэрийг тодорхойлсон тул гэрээний талуудад хамааралгүй. Тухайн баримт нь “ТБХ” ХХК-ийн албан бланк мөн эсэх нь тогтоогдоогүй. Энэ утгаараа нотолгооны ач холбогдлоо алдсан байх бөгөөд “Хамтран ажиллах гэрээ”-нд гэрээг цуцлах зохицуулалт байхгүй тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байх боломжтой.

“ТБХ” ХХК нь нэхэмжлэгч, хариуцагч хоёулантай нь маргаан бүхий орон сууцтай холбоотой гэрээ хийсэн байх тул “ТБХ” ХХК-ийг шүүх гуравдагч этгээдээр хэрэгт татах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон нь “ТБХ” ХХК болон Д.М-а нарын хоорондын асуудал болохоос Т.Э-д хамааралгүй. Хариуцагч талаас маргаж буй албан бичигт “ТБХ” ХХК нь хамтран ажиллах гэрээний огноо болон 10 орон сууцны дугааруудыг дурдаж гарын үсэг зурж, тамга дарсан учраас албан тоот ямар байгаад ач холбогдол өгөх шаардлагагүй. Мөн Д.М-а нь Т.Э-г танихгүй, түүнтэй уулзаж байгаагүй. Хэрэв таньдаг байсан бол уулзаж асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын албан бичигт Т.Э-гээс гаргасан 2018 оны 08 дугаар сард “ТБХ” ХХК-аас орон сууц худалдан авч, 62,000,000 төгрөгийн төлбөрт 2 автомашин өгч залилуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй тул шалгаж байгаа гэх агуулга дурдсан. Харин н.Мөнх-Амгалан, “ТБХ” ХХК-ийн хариуцагчтай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны өмчлөл, гэрээ болон бүртгэлтэй холбоотой ямар ч шаардлага гаргаагүй. Хариуцагчийн тайлбар нь өөрийнхөө тайлбарыг үгүйсгэдэг. Хариуцагч нь н.Мөнх-Амгалангаас орон сууц авахаар 2 автомашин өгч залилуулсан гэдгээс орон сууцыг хувьдаа авах шаардлага гаргаагүй болох нь харагддаг. Мөн өмгөөлөгч нь орон сууцны гэрчилгээ гаргаж өгөөгүй гэх асуудлаар гомдол гаргасан гэдэг. Орон сууцны гэрчилгээ гаргах биш харин урьдчилгаа төлбөрт автомашин өгч залилуулсан гэх гомдол гаргасан. Хариуцагч гурвалсан гэрээний талаар дурдсан боловч А.М , Д.М-а, Т.Э- нарын хооронд гурвалсан гэрээ байгуулагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Д.М-а нь хариуцагч Т.Э-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, Б.Доржийн гудамж 90/1 байр 49 тоот, 58.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

“ТБХ” ХХК, Д.М-а нар нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах тухай 01 дугаартай гэрээ байгуулж, Д.М-ын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ Б.Доржийн гудамж 90/1 байр хаягт байрлах нийт 579.82 м.кв талбай бүхий 10 ширхэг орон сууцыг “ТБХ” ХХК гуравдагч этгээдэд санхүүгийн түрээсээр худалдах, орон сууц худалдсан төлбөрийг Д.М-ад төлж барагдуулж, өмчлөх эрхийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээг байгуулсан ба маргаан бүхий ... тооторон сууц уг гэрээнд хамаарч байгаа үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Хариуцагчийн тайлбарын үндэслэл болох “Тэнгэр бурханы хишиг” ХХК нь Т.Э-тэй байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Дээрх гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн байх боловч хариуцагч Т.Э-гийн гарын үсэг зурагдсан эсэх нь тодорхойгүй, уншигдахгүй байгаа тохиолдолд уг баримтыг шаардлага хангахгүй байгааг анхаараагүй байна.

 

Түүнчлэн хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох тухай 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгийг “Тэнгэр бурханы хишиг” ХХК-аас явуулан албан бичиг мөн эсэх нь маргааны үйл баримтыг тодруулахад ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүх “Тэнгэр бурханы хишиг” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг тодруулж, талуудыг энэ талаар мэтгэлцүүлээгүй нь буруу болжээ.

5. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/04331 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА