Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 330

 

Б аймгийн Прокурорын газрын

дүгнэлттэй, Б аймгийн МХГ-ын улсын байцаагчид

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

Прокурорын дүгнэлт: Б аймгийн МХГ-ын Н сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0169683 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах” тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2019/0046 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0413 дугаар магадлалтай,

Гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2019/0046 дугаар шийдвэрээр: Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тус шүүхэд хүргүүлсэн дүгнэлтийн шаардлагыг хангаж, тус аймгийн МХГ-ын Н сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0169683 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0413 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2019/0046 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9”  гэснийг хасч, “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гуравдагч этгээд П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Н сумын байгаль орчны улсын байцаагч Ү.Н нь гуравдагч этгээд П.Б миний гаргасан зөрчилд холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн торгох шийтгэл оногдуулж, хууль бусаар бэлтгэсэн бургас модыг хурааж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон бөгөөд миний гаргасан зөрчлийг Ойн тухай хуулийн хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх явцад илрүүлж, дээрх шийтгэлийг хүлээлгэсэн нь хуульд бүрэн нийцсэн гэж үзэж байна. Түүнчлэн П.Б би бургас модыг Б мөрөн голын ойгоос огтолсон зөрчлөө тухайн үед хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйг мэдүүлэг өгөх үед өгсөн.

4. Прокурорын дүгнэлтийн “улсын байцаагч Ү.Нр нь Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Ү.Н-ийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ зэрэг хуульд тусгагдсан бүх зүйл тухайн зөрчлийн материал дотор авагдсан байхад хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм.

5. Нөгөө талаар, миний гаргасан зөрчил ямар ч гэмт хэргийн шинжгүй бөгөөд “зөвхөн зөрчлийн шинжтэй үйлдэл” гэдэг нь Ойн тухай хуулийн холбогдох заалтаар нотлогдон тогтоогдсон.

6. Магадлалд “...дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн аль алинд нь заасан шинжийг агуулсан...харин тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан эсэх, гэмт хэрэгт тооцох эсэх талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх эрхгүй” гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын зүйл заалтыг өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаагүй нь буруу болсон байна.

7. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих, өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан тухайн гарсан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлээгүй гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байдал нь иргэн П.Баатар надад огт хамааралгүй, эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэн хохирох ёсгүй болохыг тэмдэглэж байна.

8. Иймд, анхан шатны шүүх болон давж заалдах шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй, бодит байдалд тулгуурлан дүгнэлт хийгээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10.  МХГ-ын Н сум дахь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0169683 дугаар шийтгэлийн хуудсаар “зөвшөөрөлгүй мод огтолсон, ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан, иргэн П.Б-т 867000 төгрөгийн төлбөр тогтоосон байна. Энэхүү шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, прокурор дүгнэлт бичиж, “зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэн П.Б-ын үйлдэл нь илт гэмт хэргийн шинжтэй байхад гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэхгүйгээр, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэж, эрх мэдлээ хэтрүүлсэн” гэж маргаж байна.

11.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, зөрчлийн хэрэг нээхгүй байх /зөрчлийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зэрэг/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхээс бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа явуулах ба энэ маргааны тухайд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагчаас зөрчлийн хэрэг нээгээгүй, зөрчлийн хэрэг үүсгээгүй учраас прокурор зөрчлийн хэрэг бүртгэлт нээх, хэрэг бүртгэлтэд буцаах боломжгүй нөхцөл үүсч, дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “захиргааны хэргийн шүүх нь энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гарсан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, 7.2 дугаар зүйлийн 8-д “эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хүсэлтэй гэж прокурор дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлнэ” гэсэнтэй нийцжээ.

12.  Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь хэсэгт зааснаар зохих гэрээ зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн эсхүл захиргааны зөрчлийн журмаар хариуцлага хүлээлгэх ба байгаль орчны улсын байцаагч нь өөрийн эрх хэмжээнд харьяалан шийдвэрлэх захиргааны зөрчил мөн эсэх, эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулах эсэх талаар холбогдох нотлох баримт цуглуулаагүй, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тодорхой тогтоогоогүй атлаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцэхгүй.

13.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ” гэсэн заалтыг улсын байцаагч зөрчсөн, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

14.  Гуравдагч этгээдийн “Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байсан, зөрчлийн материалд холбогдох баримт бүрэн тусгагдсан” тухай гомдол үндэслэлгүй, байгаль орчны улсын байцаагчаас зөрчил гаргагчийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйлд тохирч байгаа эсэх, хохирлын хэмжээнээс шалтгаалан эрүүгийн хэрэг үүсгэх эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй буруутай байна.

15.  Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0413 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ