Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 118/2018/0030/з |
Дугаар | 331 |
Огноо | 2019-10-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 331
Д.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Завхан аймгийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/449 дүгээр захирамжийн 3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх,
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0318 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.Ч-г оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/449 дүгээр захирамжийн 3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгож, Д.Ч-г тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ч-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 726 272 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагч Завхан аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэгчийн шаардсан ажилгүй байсан хугацааны олговроос үлдсэн хэсэг болох 1 874 241 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0318 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “чөлөөлөх нөхцөл хуульд заасны дагуу бүрдсэн эсэхийг харгалзан үзээгүй” гэж үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Уг захирамжийг гаргахдаа энэхүү Биеийн тамир, спортын газрын даргын чиг үүрэг, үйл ажиллагаа бүрэн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь заалтын дагуу чөлөөлсөн нь үндэстэй юм. Мөн Д.Ч-д Усан бассейн бүхий спорт цогцолборын дэд даргын ажлын байрыг санал болгосон боловч нэхэмжлэгч өөрөө татгалзсан.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны 102 хоногийн цалинг олгохыг даалгах зүйтэй гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Биеийн тамир спортын газрын даргын ажлаас чөлөөлөгдсөний дараа өөр ажилд томилогдон ажиллаж байгаа тул ажилгүй байсан хугацаа гэж үзэх үндэсгүй юм.
5. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч Д.Ч-ээс Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/449 дүгээр захирамжийн 3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий захирамжийн 3 дахь заалтаар “байгууллагын бүтэц, орон тоо, үйл ажиллагаа өөрчлөгдсөн” гэсэн үндэслэлээр Биеийн тамир, спортын газрын дарга Д.Ч-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
8. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.
9. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/491 дүгээр захирамжаар батлагдсан тус аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тооноос үзвэл газрын даргын орон тоо “нэг” хэвээр, өмнөх ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болон албан тушаалын зэрэглэл өөрчлөгдөөгүй байх тул хариуцагчийн “бүтэц өөрчлөгдсөн” гэх тайлбар няцаагдаж байна.
10. Түүнчлэн нэхэмжлэгчийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “бүтэц орон тоо өөрчлөгдсөн” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орон тоо, зохион байгуулалтын бүтэц, дүрмийг тогтоосон байгаа нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед тухайн байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй байсныг буюу ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж хууль зөрчсөн болох нь тогтоогдож байх тул энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
11. Хариуцагчийн “Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ажлаас чөлөөлсөн” гэх гомдол үндэслэлгүй. Учир нь, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох” гэж заасан, хариуцагч чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах зорилгоор орон тоог төсвийн хязгаарт багтаан тогтоох бүрэн эрхтэй, уг эрхийн хүрээнд Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалыг 1 орон тоотой байхаар шийдвэрлэсэн, энэ нь өмнөх бүтэцтэй адил буюу нэг орон тоог “нэг” хэвээр нь баталсан тул Төсвийн тухай хуулийн “чиг үүргийн давхардал арилгах” зохицуулалт энэ маргаанд хэрэглэгдэхгүй.
12. Нэхэмжлэгч нь ажилгүй байх хугацаандаа “Азийн хүүхдүүд” Олон Улсын 7-р их наадмын захиргааны даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001 дүгээр тушаалаар спортын албаны даргын ажил эрхэлж байсан боловч энэ нь төрийн байгууллагад ажиллаж, давхар цалин авсан үйл баримт биш юм.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж заасан, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болох нь дээр дурдснаар тогтоогдсон, хариуцагч энэ хугацаанд нэхэмжлэгчийг өөр ажилд томилон ажиллуулаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох үүрэгтэй юм. Иймд хариуцагчийн “102 хоногийн цалин олгохгүй” тухай гомдол үндэслэлгүй.
14. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0318 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ