Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00297

 

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00297

 

М.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03419 дугаар шийдвэртэй М.У-ийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие охин Б.Б-ийн өмчлөлийн орон сууцьг барьцаалж Х ХХК-аас зээл авсан ба уг зээлээ төлөөгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01700 дугаар шийдвэрээр 125,064,643 төгрөгийг Хас банк ХХК-д олгохоор болсон. Улмаар тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/Ш32019/01370 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 102/ГХ2019/00146 тоот гүйцэтгэх хуудсын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн бөгөөд НШШГГ-аас Б.Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205027218 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-224/20637 тоот мэдэгдлээр Б.Б-ийн өмчлөлийн дээрх орон сууцыг 168,313,307 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар зөрүүтэй гаргасан, эсхүл огт санал гаргаагүй тохиолдолд шинжээч томилох үндэслэл болох ба тухайн үнийн саналыг авах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгчийг тохиролцуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэх газар явуулахаар байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.Б-ээс түүний өмчлөлийн орон сууцны үнэлгээний талаар санал аваагүй, төлбөр авагч Хас банк ХХК-тай тохиролцох боломж олгоогүй буюу төлбөр төлөгчид хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр битүүмжилсэн атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг буюу эд хөрөнгийг битүүмжилж, хурааснаас хойш 1 сарын дотор үнэлэх журмыг зөрчиж, битүүмжилснээс хойш даруй 21 сарын дараа үнэлж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсанд гомдолтой байна.

Түүнчлэн, өмчлөгчийн орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, хотын төв үйлдвэр, үйлчилгээ, сургууль цэцэрлэгтэй ойр, зах зээлийн үнэлгээ нь хамгийн багадаа 300,000,000 төгрөг байтал НШШГГ өмчлөгчийн орон сууцыг үнэгүйдүүлж, 168,313,307 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх байдлаар төлбөр төлөгч талын эрх ашгийг бодолцолгүй, төлбөр төлөгч болон орон сууцны өмчлөгч Б.Б нарт хохиролтойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн Үнэлгээний талаар гомдлоо мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргаж болохоор заажээ. Миний бие НШШГГ-ьн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-224/20637 тоот мэдэгдлийг мөн өдөр гардаж авсан. Иймд Б. Б-ийн 3 өрөө орон сууцыг 168,313,307 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1700 дугаар шийдвэрээр М.У-ээс 125,064,643 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч М.У-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Б-ийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хурааж, хадгалалт хамгаалалтыг М.У-т үлдээсэн. Талуудын хүсэлтээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 168,313,307 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч М.У болон барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Б нарын оршин суух хаягаар үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр М ХХК-ийн баталгаат шуудангаар явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205027218 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2-р хороолол, 65-р байрны 137 тоот 40.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 168,313,307 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн М.У-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

а/ Г ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангийн үзлэгийн өдөр нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхад тус компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хийгдэж, гарын үсэг зурагдсаныг хууль бус гэж үзэж байна. Энэ нь Г ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээний ажиллагаа нь зохих журмын дагуу явагдаагүй, болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн тайлан хүлээлцсэн акт нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний үзлэг хийсэн өдрөөс өмнө гарах боломжгүй.

б/ Шинжээч Б.А нь Г ХХК-ийн ажилтан мөн эсэх нь тодорхойгүй байна. Баянгол дүүргийн 182 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Я-ын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/253 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Г ХХК-ийн ажилтан Б.А г шинжээчээр томилсон байдаг.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн этгээдийг төлөөлөн оролцох төлөөлөгчийн бүрэн эрх, үүргийг тодорхойлсон байдаг. Гэвч тус хэрэгт шинжээчээр томилогдсон Б.А г Г ХХК-ийн ажилтан гэдгийг нотлох баримт бичиг буюу итгэмжлэл байдаггүй.

в/ Анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Б-ээс үнийн санал аваагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгчид үл хөдлөх эд хөрөнгийн үийн саналаа ирүүлэхийг 2021 оны 10 дугаар сарын 26, 29-ний өдрүүдэд мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Б нь барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч хэн алинтай нь тохиролцсон зүйл байхгүй, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан удаагүй.

Ийнхүү өмчлөгч Б.Б-ээс үнийн санал аваагүй атлаа төлбөр төлөгч М.У болон төлбөр авагч Х ХХК-ийн гаргасан үнийн саналаар албадан дуудлага худалдаа явуулах үнэлгээг тогтоосон нь хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх НШШГГ-ын дээрх хууль зөрчсөн ажиллагаанд огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

г/ Г ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажаагүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, 17.6 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангаагүй. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан нь Г ХХК-ийн тамга тэмдгээр баталгаажаагүй. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланд Г ХХК-ийн тамга тэмдэггүй тул Г ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хүчинтэйд тооцогдохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тайлан ирснийг 09 дүгээр сарын 26-ны өдөр гэж шийдвэр гүйцэтгэгч алдаатай бичсэн ба энэ үйлдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь үнэлгээтэй холбоотой ба энэ он,сар, өдрийг буруу бичсэн нь үнэлгээнд шууд нөлөөлөхгүй. Мөн үнэлгээ хийсэн үнэлгээчин Б.А г Г ХХК-ийн ажилтан мөн эсэх талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримтыг гаргаж өгсөн. Үнэлгээний тайланд Г ХХК-ийн тамга болон хүсэлт авагдсан ба хүсэлтийг тамгаар баталгаажуулан тайланг хавсарган хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу Б.Б-т баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гомдолд заасан үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч М.У нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 3 өрөө орон сууцыг 168,313,307 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01700 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1629 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/01871 дугаар тогтоолоор М.У-ээс 125,064,643 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгож, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ. /хх25-36 дахь тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ГХ2019/00146 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Б.Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205027218 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19250602/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19250602/7 тоот тогтоолоор хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу талууд гомдол гаргаагүй. Уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ.

 

2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээний талаар харилцан тохиролцсон бол үнэлгээ хийлгэхээр мэргэжлийн үнэлгээчнийг шинжээчээр томилох шаардлагагүй. Харин төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол шинжээч томилон мэргэжлийн үнэлгээчдийн саналыг үндэслэн үнэлгээ тогтоохоор хуульчлан зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч М.У , барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Б нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг албан бичгээр мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй байх ба /хх45-48/ төлбөр авагч Х ХХК-аас НШШГГ-т 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоон, албадан дуудлага худалдаанд оруулах талаар албан бичгийг ирүүлж /хх49/ улмаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Г ХХК-ийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/253 тоот тогтоолоор шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна. Иймд өмчлөгч Б.Б-ээс үнийн санал аваагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. /4в/

 

3. Шинжээч Г ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг зохих байдлаар цуглуулсан, харгалзвал зохих үзүүлэлтийг харгалзан үзсэн, орон сууцыг ижил байршил, хэмжээ, өрөө бүхий орон сууцнуудтай харьцуулж үнэлгээ хийсэн болох нь тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Г ХХК-ийг шинжээчээр томилж, тус компани нь шинжээч Б.А гаар дүгнэлт гаргуулахаар даалгасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь Б.А тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин болох нь хэргийн 63 дугаар талд авагдсан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангийн хавсралтад үнэлгээчин Б.А г Г ХХК-д ажилладаг талаар тусгагдсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. /4б/

 

Нэхэмжлэгч нь үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, Монгол Улсын зах зээлд тухайн үл эд хөрөнгө ямар үнээр худалдан борлогдож буй талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг үндэслэл зааж няцаагаагүй тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэж НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай М.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Г ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажаагүй нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь Шүүхийн шинжилгээний хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцохоор, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулахаар, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байхаар хуульчилсан байна. Нэхэмжлэгч нь үнэлгээг компанийн тамга, тэмдгээр баталгаажуулаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч үнэлгээг тамга, тэмдгээр баталгаажуулаагүй нь хуулийн этгээдийн хувьд тамга, тэмдэг дарах гэсэн агуулгаас илүүтэйгээр шинжээч гарын үсэг зурж, шинжээчийн тэмдэг дарагдсаныг үнэлгээ хийх эрхийг баталгаажуулсан гэж үзэхээр байна. Иймд энэ талаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлгүй болно. /4г/

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний үзлэг хийсэн өдрөөс өмнө хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт гарсныг хууль бус гэж үзэж байна гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь энэ үйлдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах боломжтой байсан. Мөн энэ он,сар, өдрийн зөрүүтэй бичигдэж техникийн шинжтэй алдаа гаргасан нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. /4а/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03419 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ