Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00405

 

 

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00405

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/02966 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан 23,570,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 9,370,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О , хариуцагчийн өмгөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга болон сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбарын агуулга: Г ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Т ХХК-ийн захиалгаар баригдаж буй сэндвичэн барилгын металл хийц, дагалдах материал, вакум цонх, шилэн фасадыг худалдах-худалдан авах гэрээг С ХХК-тай байгуулан, гэрээнд заасны дагуу үнийн дүнгийн 60 хувь болох 209,148,429.60 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, үлдэгдэл 40 хувь болох 139,432,286.40 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус тус шилжүүлж, нийт гэрээний үнийн дүн болох 348,580,716 төгрөгийг С ХХК-ийн Голомт банкны 1415126090 тоот дансанд 100 хувь бүрэн шилжүүлсэн. Гэвч С ХХК нь гэрээнд заагдсан ажлууд болох металл шилэн фасадыг огт хийгээгүй, барилга доторх нэгээс хоёрдугаар давхар хоорондын шатыг батлагдсан зураг төсөлд заасан хэмжээний дагуу биш, буруу хэмжээгээр тооцоо алдаж гажилттай хийсэн нь гэрээний 5.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. С ХХК нь гүйцэтгэх ёстой ажлаа хугацаандаа хийлгүй алга болсон тул 2020 оны 07, 08 дугаар сараас хойш амаар болон утсаар холбогдон мэдэгдсэний дагуу Г.Б нь 08 дугаар сард Т ХХК-ийн хашаанд баригдаж буй барилгын талбай дээр өөрийн биеэр ирж үзээд эдгээр асуудлыг шийдэж өгнө гэсэн боловч алга болсон. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №ГТ 20/04 тоот албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №ГТ 20/05 тоот албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 21-ний №ГТ 20/07 тоот албан бичгүүдээр С ХХК-ийн захирал Г.Б д шаардлага хүргүүлсэн. С ХХК нь гэрээнд заагдсан ажлаас металл шилэн фасад, гадна гоёлын шилэн фасадын рам төмрийг хийгдээгүй, барилга доторх шатыг буруу хэмжээгээр хийсэн, зурагт заасан материалаар хийгээгүй зэрэг ажлууд үлдсэн бөгөөд эдгээр ажил зогссоноос барьж буй барилгын ажил бүрэн зогсоход хүрсэн тул эдгээр ажлуудыг өөр туслан гүйцэтгэгч компаниудаар хийж гүйцэтгүүлэх шаардлага гарсан. Ажлаа цаашид явуулах шаардлагатай учир Топ шилэн хөшиг ХХК-тай 01 тоот гэрээг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулан шилэн фасадын шилийг 8,500,000 төгрөгөөр худалдан авч шилэн фасадыг хийлгэсэн. Барилгын доторх шатыг 12 мм-ийн листээр угсрах ёстой байтал 2мм-ийн листээр буруу хийсэн, шатны түвшин алдсан зэрэг батлагдсан зураг төслийн дагуу хийгээгүйгээс болж манай барилгын дотор шатанд доголдол үүсэж, чанарын шаардлага хангахгүй байна. Иймд шатыг шинээр солих шаардлагатай болсон тул Титэм хийц ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 210125-1 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан дотор шатыг гүйцэтгүүлж байна. Энэхүү гэрээний үнийн дүн нийт 9,900,000 төгрөг бөгөөд урьдчилгаа төлбөр болгон 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл төлбөрийг ажил дууссаны дараа олгох болно. Гадна гоёлын шилэн фасадын рам төмрийг Т ХХК-аас 624,000 төгрөгөөр худалдан авсан. Иймд С ХХК-аас шилэн фасадын ганжуулсан шил, шилэн фасадны рам төмөр, дотор шат хийсэн материалын зардал болох нийт 19,024,000 төгрөг, гэрээний дагуу материал нийлүүлэх байсан хугацаа болох 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 239 хоногийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож 4,546,736 төгрөг, нийт 23,570,736 төгрөгийг нэхэмжилж байна. 2020 оны 07 дугаар сарын 09-ний үед бараа материал хүлээн авсан, баярын өдрүүд түргэлжлээд баярын дараа мэдэгдсэн. Гоёлын шилэн фасадыг огт хийж өгөөгүй, хариуцагч компанитай түнш, их дүнтэй гэрээ учир гадна гоёлын шилэн фасадын рам төмрийг үнэгүй хийж өгөхөөр тохиролцсон боловч хийж өгөөгүй учир 624,000 төгрөгийг нэхэмжилж байна.

С ХХК-ийн нийлүүлсэн шатыг манай компани барилгадаа ашиглаагүй тул шатны үнэ болох 4,400,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн уг чанарын шаардлага хангаагүй шатыг С ХХК нь буцаан авахад татгалзах зүйлгүй. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 2,400,000 төгрөгийн үнийн дүнтэй анкер нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр "Г" ХХК болон "С" ХХК-ийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээтэй холбоогүй, ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг заасан гэрээний хавсралт хэсэгт тусгагдаагүй учир тусдаа бие даан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй юм. Иймд уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд гэрээндээ металл цонх угсралт суулгалтын мөнгийг төлөх талаар харилцан тохиролцоогүй бөгөөд уг нэхэмжилсэн 1,170,000 төгрөг нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх төлбөр тул талуудын маргаж буй гэрээтэй хамааралгүй гэж үзэж уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гадна шилэн фасадны рамны материалын үнэ 1,400,000 төгрөгийн хувьд гэрээнд заасан 2 ширхэг гадна фасадны нэг хэсэг нь юм. Манай компани авах ёстой материалынхаа төлбөрийг бүрэн төлсөн тул С ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй, үлдсэн шилэн фасадны материалыг нийлүүлээгүй. Иймд шилэн фасадны шилийг өөр компаниас авсан бөгөөд зөвхөн шилний үнийг шаардсан ба 1,400,000 төгрөгийг аль хэдийн төлж барагдуулсан тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2020 оны 07 дугаар сараас эхлэн С ХХК-ийн захирал Г.Б аас гадна фасадны шилийг хэзээ хийх талаар холбогдож, зохих шаардлагаа хүргүүлсэн. Уг хугацаа нь ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорио тогтоохоос өмнөх асуудал учраас С ХХК-ийн хөл хорио тогтоосон ажиллах боломжгүй цаг үед манай компанийг хорио цээрийн дэглэм зөрчихийг шаардаж удаа дараа утсаар залгаж, дарамталж, хэл амаар доромжилсон тул бид утсаа авах боломжгүй болсон хэмээх тайлбар нь үндэслэлгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Г ХХК-тай металл хийц, дагалдах, туслах материал, металл цонх, шилэн фасадны худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүн болох 348,580,716 төгрөгийг Голомт банканд байрлах манай компанийн дансанд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Гэрээний 1.2-д заасан нийлүүлэх барааг хавсралтад дурдсан барилгын материалыг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэж өгсөн. Мөн гэрээний 3.5-д заасан бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлж дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан хоёр тал тал тооцоо нийлж, акт үйлдэж, гэрээний биелэлтийг дүгнэнэ гэсэн зүйл заалт өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байна. Г ХХК нь хүлээн авсны дараа 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шат хэв гажилттай байгааг манайд мэдэгдсэн тухайн өдөр захирал Г.Б өөрийн биеэр шалгаж 14 хоногийн дотор шатыг засч 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төмөр хийцийг Хятад улсын гэрээт байгууллагад захиалга өгсөн болно. Барилгын зохиогч буюу зураг төслийн Т ХХК-ийн зургийн инженер н.С шатны хийц өөрчлөгдөх болсон тухай мэдэгдсэн. Шатны зураг өөрчлөгдөх болсонтой холбогдуулан өөрчлөгдсөн зургийг манайд өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч одоог хүртэл өгөөгүй байна. Шилэн фасадны металл шилэн фасад 6,265м х 4,850м х 2 нийт 61 м.кв шилэн фасадны гэрээ хийсэн нийт үнийн дүн 11,108,000 төгрөг нь шилэн фасадны рам төмрийг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бусад материалын хамт хүлээлгэн өгсөн. Шилэн фасадны рамны угсралтыг хийж дууссаны дараа хэмжээ авч бидэнд шилний захиалгыг өгөх байсан мөн одоог болтол шилэн фасадны шилний хэмжээ ирээгүй учир бид шилийг захиалагч талд нийлүүлэх боломжгүй байсан. Шилний хэмжээг өг гэж удаа дараа мэдэгдсэн. Гэрээний үнээс гадна 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилэн фасадны рамыг 5,000,000 төгрөг угсрахаар тохиролцсон уг тохиролцооны дагуу 10 дугаар сарын 23-ны өдөр ажил эхэлсэн боловч Г ХХК нь тохиролцсон урьдчилгаа төлбөрийг өгөөгүйн улмаас 10 дугаар сарын 28-ны өдөр шилэн фасадны рам угсрах ажлыг зогсоосон. Шилэн фасадны рамыг гүйцэтгэж чадаагүйн улмаас хэмжээ аваагүй ба материалыг Г ХХК-д нийлүүлж чадаагүй болно. Худалдах-худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д заасныг зөрчиж гуравдагч этгээдээр засч хийлгүүлснийг зөвшөөрөхгүй байна. Мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.4, 9.5-д заасан хариуцлагыг манай компани хариуцахгүй. Мөн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан нөхцөл байдал үүсч гэрээний хугацаа сунгахад хүрсэн болон Г ХХК нь худалдах-худалдан авах гэрээний зүйл заалтаа өөрөө зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манай компани нь Г ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Г ХХК-тай Т ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа гэх сэндвичэн барилгын металл хийж, дагалдах материал, вакуум цонх, шилэн фасадыг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дүн болох 348,580,716 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн тул гэрээний хавсралтад дурдсан материалыг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэж өгсөн. Шатны гажилтыг засах гэж байсан боловч, тус барилгын зураг төслийн компанийн инженер н.С шатны хийц өөрчлөгдөх болсон гэж мэдэгдэж, ажлыг хийлгэхгүй хүлээлгэсэн. Материалаа татаад, ажлаа эхлүүлэх гэсэн боловч, өөрчлөгдсөн зураг төслөө өгөөгүй. Уг үйлдвэрийн гажилттай шатыг БНХАУ-ын гэрээт байгууллагаас 4,400,000 төгрөгөөр захиалан авсан бөгөөд Г ХХК-ийн барилгад суулгаж, хүлээлгэн өгсөн. Г ХХК нь шатыг буцаан хүлээлгэн өгөөгүй болно. Иймд шатны үнэ 4,400,000 төгрөгийг манай компани буцаан авахаар шаардаж байна. Г ХХК нь С ХХК-аар дамжуулан барилгын анкер захиалсан бөгөөд 10 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г ХХК нь каргоноос хүлээж авсан. Гэвч тус анкерын төлбөрөө огт төлөөгүй байгаа бөгөөд анкерын үнэ нийт 2,400,000 төгрөг байна. Гэрээнд заасны дагуу уг шилэн фасадны төмөр рамыг бүрэн хийж дуусгасан, барилгын 39 ширхэг металл цонхыг угсарч, суулгасан, шилийг БНХАУ-ын гэрээт компанид захиалга өгсөн. Гэвч 2020 оны 10 сараас Монгол Улсад болон БНХАУ-д халдварт өвчний улмаас хөл хорио тогтоож, ачаа бараа ирэх хугацаа удаашрах болсон. Тус компани нь хөл хорио тогтоосон, ажиллах боломжгүй цаг үед, манай компанийг хорио цээрийн дэглэмийг зөрчихийг шаардаж, удаа дараа утсаар залгаж, дарамталж, хэл амаар доромжилсон тул бид утсаа авах боломжгүй болсон. Манай компани уг шилэн фасадны гадна талын рамны зөвхөн материалын үнэ 1,400,000 төгрөг, барилгын 39 ширхэг металл цонх угсралт, суулгалтын 1,170,000 төгрөгийг буцаан авахаар шаардах эрхтэй. Иймд шатны үнэ 4,400,000 төгрөг, захиалан авсан анкерын үнэ 2,400,000 төгрөг, шилэн фасадын гадна талын рам 1,400,000 төгрөг, барилгын 39 ширхэг металл цонх угсралт суулгалтын 1,170,000 төгрөг буюу нийт 9,370,000 төгрөгийг Г ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас 18,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,170,736 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-ийн анкерын үнэ 2,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй орхиж, 6,970,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 249,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, хариуцагч С ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэрээний дүн болох 348,580,716 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн бөгөөд С ХХК нь Г ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Г ХХК-тай Т ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа гэх сэндвичэн барилгын металл хийж, дагалдах материал, вакум цонх, шилэн фасадын материалыг нийлүүлэхээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан, хавсралтад дурдсан бараа материалыг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэж өгсөн. Ганьт" ХХК нь хүлээн авсны дараа 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шатны хэв гажилттай байгааг мэдэгдсэн бөгөөд, гажилтыг шалгаж, 14 хоногийн дотор засахаар тохиролцож, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Төмөр хийцийн гэрээт байгууллагадаа захиалга өгч, материалаа татаад, ажлаа эхлүүлэх гэсэн боловч, өөрчлөгдсөн зураг төслөө өгөөгүйн улмаас материалыг нийлүүлээгүй болно. С ХХК нь уг үйлдвэрийн гажилттай шатыг БНХАУ-ын гэрээт байгууллагаас 4,400,000 төгрөгөөр захиалан авсан бөгөөд Г ХХК-д хүлээлгэн өгсөн боловч Г ХХК нь шатыг буцаан хүлээлгэн өгөөгүй болно. Манай компани уг шатыг 4,400,000 төгрөгөөр үнэлдэг бөгөөд нэхэмжлэгч талаас уг үнэлгээнд огт маргадаггүй. Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч эд хөрөнгийн доголдол гарч, гэрээний тухайн хэсгийг худалдан авахаас татгалзсан тохиолдолд уг хэсгийг буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй буюу худалдагч тал Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.3 дахь хэсэгт заасны дагуу уг эд хөрөнгийг шаардах эрхтэй. Гэтэл шүүх нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 4,400,000 төгрөгийн үнэлгээнд аль аль талууд маргахгүй байхад хэргийг шийдвэрлэхдзэ шатыг үнэгүй мэтээр үзэж, шатны үнийг шийдвэрлээгүй орхиж хариуцагч талыг хохироосон болно. Шилэн фасадны тухайд мөн худалдах-худалдан авах гэрээгээр зохицуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу шилэн фасадны гадна талын рам 1,400,000 төгрөг, Барилгын 38 ширхэг металл цонх угсралт суулгалтын 1,170,000 төгрөг буюу нийт 9,370,000 төгрөгийн бараа материалыг Г ХХК-д нийлүүлсэн. Гэтэл шүүхээс худалдан авах гэрээний үүргийг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй хольж тайлбарлан дүгнэж, хариуцагч талын гэрээний дагуу нийлүүлсэн цонхны үнэ бүхий материалуудын үнийг мөн шийдвэрлээгүй орхигдуулсан болно. Өөрөөр хэлбэл, С ХХК нь Г ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үнэд зөвхөн бараа материалыг нийлүүлэх зардал багтсан, уг материалаас 9,370,000 төгрөгийг материалыг нийлүүлсэн байтал Г ХХК-ийн Титэм хийц ХХК, Топ шилэн хөшиг ХХК-тай уг материалыг дахин эхнээс нь нийлүүлэх, угсрах ажлын зардал багтсан үнэ бүхий гэрээний дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 23,570,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 9,370,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр С ХХК нь гэрээний хавсралтад заасны дагуу 13 нэр төрлийн 253,798,000 төгрөгийн барилгын төмөр багана, ханын нуруу, дам нуруу, хөндлөн дам нуруу, С төмөр, хучилтын төмөр шал, шат, карказын боолт, боолт, карказын туслах материал, металл вакуум цонх, металл шилэн фасадыг хүлээлгэн өгөх, Г ХХК нь 94,782,716 төгрөгөөр бараа материалтай холбоотой зардал болох гаалийн болон ашгийн, нэмэгдсэн өртгийн албан татвар зэргийг төлөхөөр тохиролцсон байна.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

4. Дээрх гэрээний дагуу хариуцагч С ХХК нь БНХАУ-аас бараа, материал худалдан авч нэхэмжлэгч Г ХХК-д 2020 оны 7 дугаар сарын эхээр гэрээний хавсралтад заасны дагуу 13 нэр төрлийн бараа материалаас барилгын төмөр багана, ханын багана, дам нуруу, хөндлөн дам нуруу, С төмөр, хучилтын төмөр шал, шат, карказын боолт, боолт, карказын туслах материал, металл вакуум цонх хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК хариуцагч С ХХК-ийн Голомт банкны 1415126090 тоот дансанд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 209,148,429.60 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 139,432,286.40 төгрөг, нийт 348,580,716 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн 6-7 дахь талд авагдсан төлбөрийн даалгавраар тогтоогдсон. Энэ талаар зохигчид мөн маргаангүй.

 

5. Хариуцагч нь материалын зарим хэсэг болох төмөр шатыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч шатны хэмжээ зөрүүтэй, ажлын зурагт заасан материалаар хийгээгүй буюу гэрээний уг зүйлийн чанар байдлын талаар зохигчид маргажээ.

 

5а. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчид хариуцагч нь доголдолтой төмөр шатыг хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдолтой шатыг солиулах талаар шаардаж байсан болох нь хэргийн 10-12 дугаар тал дахь Г ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ГТ20/04, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ГТ 20/05, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ГТ20/07 тоот албан шаардлага болон зохигчдын тайлбараар нотлогдсон байна. /хх10-12 дахь тал/

 

5б. Хариуцагч нь 13 нэр төрлийн бараа, материалаас металл шилэн фасадыг хүлээлгэн өгөөгүй болох нь хэргийн 20 дахь талд авагдсан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн фото зураг болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч гэрээний үүргээс металл шилэн фасадыг хүлээлгэн өгөөгүй, төмөр шатыг доголдолтой нийлүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

 

5в. Нэхэмжлэгч компани төмөр шатыг Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 9,900,000 төгрөгөөр хийлгэсэн болох нь хэргийн 9, 26-27, 87 дахь талд авагдсан Г ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, Т ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,900,000 төгрөг төлсөн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдсон байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч нь доголдолтой төмөр шатыг сольж өгөх, доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас 9,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ худалдан авагч доголдлыг арилгахад гарсан зардлыг худалдан авагчаас шаардах эрхийн үндэслэлийг тогтоосон Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

 

5г. Нэхэмжлэгч металл шилэн фасадыг Топ шилэн хөшиг ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 8,500,000 төгрөгөөр хийлгэсэн болох нь хэргийн 8, 28-31 дэх талд авагдсан Г ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Т ХХК-д 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 8,500,000 төгрөг төлсөн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдсон.

 

Хариуцагч нь гэрээнд заасан металл шилэн фасадыг хүлээлгэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гэрээний хавсралтын 13-д заасан 11,108,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь Т ХХК-аар шилэн фасадыг 8,500,000 төгрөгөөр хийлгэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас 8,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн.

 

6. Зохигчид гадна гоёлын шилэн фасадын рам төмрийг үнэ төлбөргүй урамшуулалд хийж өгөхөөр тохиролцсон гэх байдал худалдах-худалдан авах гэрээнд заагдаагүй байна. Хариуцагч нэхэмжлэгчийн уг тайлбарыг үгүйсгэж маргасан тул гадна гоёлын шилэн фасадын рам төмрийг бусдаар хийлгэсний хөлсөнд 624,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй болохоо нэхэмжлэгч нотлоогүй. Түүнчлэн талууд гэрээгээр бараа материалыг хүлээлгэн өгөх хугацааг тохиролцоогүй буюу хариуцагчийн үүргийн зөрчлийн хугацааг тодорхойлох боломжгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөв хэрэглэжээ.

 

Иймд хариуцагч С ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан төмөр шатны доголдлыг арилгахад гаргасан зардалд 9,900,000 төгрөг, дутуу өгсөн металл шилэн фасадын үнэ 8,500,000 төгрөг, нийт 18,400,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс гадна гоёлын шилэн фасадын рам төмөр суулгасан зардал 624,000 төгрөг, алданги 4,546,736 төгрөг, нийт 5,170,736 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4/

 

7. Анхан шатны шүүх шилэн фасадын гадна рам төмрийг 1,400,000 төгрөгөөр тооцсон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, Г ХХК-д гэрээний хавсралтад заасан бараа, материалаас илүү 1,400,000 төгрөгийн рам төмөр хүлээлгэн өгсөн талаар баримтгүй тул Г ХХК-аас 1,400,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй, талууд 2020 оны 10 сард 5,000,000 төгрөгөөр цонх угсрах ажлыг хөлсөөр гүйцэтгэх, 39 ширхэг цонхыг 1,170,000 төгрөгөөр суурилуулах ажлыг С ХХК хийж гүйцэтгэсэн нь бичгийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Г ХХК-аас ажлын хөлс 1,170,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж тус тус дүгнэж шатны үнэд 4,400,000 төгрөг, шилэн фасадын гадна рамын үнэд 1,400,000 төгрөг, 39 ширхэг цонх суулгах ажлын хөлсөнд 1,170,000 төгрөг, нийт 6,970,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дараахь нотлох баримтад нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

7а. Хариуцагч гэрээний хавсралтад заасан бараа, материалаас илүү 1,400,000 төгрөгийн рам төмрийг нэхэмжлэгч Г ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 81 дэх талд авагдсан бараа материал хүлээлгэж өгсөн акт баримтаар /хх-81/ нотлогдсон байна. Уг рам төмөрийг авснаа үгүйсгээгүй, рам төмөр нь шаардлага хангахгүй байсныг буцааж өгсөн гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

7б. Мөн хариуцагч С ХХК нь 39 ширхэг цонхыг 1,170,000 төгрөгөөр суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн нь хэргийн 81 дэх талд авагдсан бараа материал хүлээлгэж өгсөн акт баримтаар тогтоогдсон /хх-81/ тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,570,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав. /4/

 

7в. Анхан шатны шүүх Г ХХК, С ХХК-ийн хооронд анкер худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээтэй буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэж дүгнэж анкерын үнэ 2,400,000 төгрөг гаргуулах С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохгүй орхисон нь буруу байна.

 

Учир нь талуудын хооронд байгуулагдсан шилэн фасад нийлүүлэхтэй холбоотой гэрээний зүйл болох нийлүүлсэн бүтээгдэхүүнд уг сөрөг шаардлагын хэсэг хамааралтай болохыг хариуцагч нотолж чадаагүй, нэхэмжлэгч нь тусдаа өөр гэрээний үүрэгт хамаарна гэж тайлбар гаргасан. Шүүх үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүй хүлээн авсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар анкарын үнэ 2,400,000 төгрөгт холбогдох сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлагатай.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагчид шат чанарын шаардлага хангахгүй доголдолтой байгаа талаар удаа дараа мэдэгдэл өгсөн, хариуцагч нь Хятад улс руу шатны доголдлыг арилгах талаар захиалга өгсөн гэсэн тайлбар гаргасан байна. Гэрээ байгуулах үеийн хугацаа, барилга барих үйл явцаас үзвэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид доголдлын талаар мэдэгдсэн, үүргийн зөрчлийг арилгах хугацаа тогтоосон гэж үзнэ.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас шатны үнийг гаргуулах боломжгүй, харин шат нэхэмжлэгчид биетээр байх тул Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.3 дахь хэсэгт зааснаар бодитойгоор шатыг гаргуулан авах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/02966 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ХХК-аас 2,570,000 төгрөгийг гаргуулж хариуцагч С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар анкерын үнэ 2,400,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ