Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00456

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00456

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2021/00438 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Г.Г, Ё.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлт 12,112,793.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ё.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Ё.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Г.Г, Ё.А нар Х ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк мөнгийг Г.Гийн дансанд шилжүүлсэн. Ё.А нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч Г.Г, Ё.А нар нь гэр бүлийн гишүүд, тэд үндсэн зээлээс 1,401,804.62 төгрөг, хүүд 1,582,216 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,187.88 төгрөг, нийт 2,986,205 төгрөг төлсөн. Үүнээс хойш гэрээний үүргээ зөрчсөн. Хас банк ХХК зээлдэгч нарыг үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж мэдэгдсэн. Г.Г, Ё.А нар хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй алга болсон тул эрэн сурвалжлуулах шийдвэр шүүхээс гаргуулсан. Шүүхийн шийдвэрийн дагуу Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс Г.Г, Ё.А нарыг оршин суух хаягыг тогтоосон. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргатал Г.Г уг хаягт оршин суудаггүй талаар Засаг даргын тодорхойлолт шүүхэд ирсэн. Шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Гийг эрэн сурвалжлуулах ажиллагааг цагдаагийн байгууллагаар дахин хийлгэсэн ч хаяг нь тогтоогдоогүй. Энэ нь цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудсаар тогтоогдож, эрэн сурвалжлах ажиллагаа зогссон. Иймд хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ё.А-оос зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,112,793.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч Г.Гэд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ё.А нэхэмжлэлийн шаардлагаас 6,056,396.96 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 6,056,396.96 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ё.А , Г.Г нар хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан. Одоо тус тусдаа амьдарч байна. Хариуцагч Г.Г  оршин сууж байгаа нь тус хорооны Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Харин хариуцагч Г.Г хааяа хөдөө явчихдаг болохоор гэртээ байхгүй байсан байх Г.Г тухайн үед зээл авахад хамтран зээлдэгч шаардаад байна гэсэн болохоор зөвшөөрч, Х ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч Г.Г зээлээ төлөхгүй алга болсон. Банк зээлийн үүргийг Ё.А-оос шаардсан тул төлж байсан. Иймд хариуцагч Ё.А зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлт 6,056,396.96 төгрөгт холбогдох хэсгийг төлөхөөр зөвшөөрсөн. Харин хариуцагч Г.Гийн үүргийг зөвшөөрөх боломжгүй. Мөн Г.Гийн оршин суугаа газар тодорхойгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Ё.А зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлт нийт 12,112,793.92 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Г.Г-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 12,112,793.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,755 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ё.А-оос 208,755 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Ё.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Х өөрийн үзэмжээр аль ч үед үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй, нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа сонгох эрхтэй хэмээн үзэж үүргийн хамтран хариуцагч Ё.А-оос дангаар нь зээлийн гэрээний үүрэг 12,112,793 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж байгаа нь Иргэний хууль болон шударга ёсны зарчим, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дугаар зүйлд зааснаар зээлдэгч гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл төлбөрийн үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог. Гэтэл үндсэн зээлдэгч Г.Г нь  оршин суудаг, энэ хаягтаа бүртгэлтэй, нас бараагүй, сураггүй алга болсонд тооцоогүй, үүргийн гүйцэтгэлийг хангах чадвар чадамжгүй болсон зэрэг нь баримтаар тогтоогдоогүй. Мөн үндсэн зээлдэгч Г.Гийг эрэн сурвалжлахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5250 дугаар шүүгчийн захирамж гарсан, Цагдаагийн байгууллага шүүгчийн захирамжийг биелүүлэх үүрэгтэй, Г.Г өөрийн 80947003 дугаар гар утсыг эзэмшдэг байтал цагдаагийн илтгэх хуудсаар түүний хаягийг олж тогтоох боломжгүй хаягтаа байхгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээ тодорхойлох эрхтэй боловч зөв тодорхойлсон эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийж бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй шийдвэр гаргах байх ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Х хамтран үүрэг гүйцэтгэгч Ё.А , Г.Г нарыг хариуцагчаар татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг, хангамж гудамж 188 тоотод оршин суудаггүй. Оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 52, 50 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн боловч амжилтгүй болж зогссон нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, 07 дугаар сарын 21-ний өдөр, 12 дугаар сарын 21-ний өдрийн цагдаагийн илтгэх хуудсаар тогтоогдож байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г.Г, Ё.А нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлт 12,112,793.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хяан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Г.Гэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ё.А-оос 12,112,793.92 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Ё.А нэхэмжлэлийн шаардлагаас 6,056,396.96 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1280031527 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Хас банк ХХК нь 11,000,000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай Г.Г, Ё.А нарт зээлдүүлсэн болох нь хэргийн 15-17 дахь талд авагдсан 1280031527 тоот зээлийн гэрээгээр тогтоогдсон байна.

 

4. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийлэн гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон байна. Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

5. Нэхэмжлэгч Хас банк ХХК 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 5002042172 тоот дансанд 11,000,000 төгрөг шилжүүлсэн тул хариуцагч Ё.А , Г.Г нар зээлсэн мөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт тогтоосон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй ба хариуцагч нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4/

 

6. Хариуцагч Ё.А , Г.Г нар 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээс нийт 2,986,205.50 төгрөг төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн төлөлт хийгдээгүй болох нь хэргийн 5 дахь талд авагдсан зээлийн дэлгэрэнгүй тооцооллын баримтаар тогтоогджээ.

 

7. Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ё.А-оос үндсэн зээл 9,598,195.38 төгрөг, хүү 2,454,233.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,365.27 төгрөг, нийт 12,112,793.92 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Г.Гэд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзалыг баталж шийдвэрлэсэн зөв болжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4/

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заажээ.

 

Ийнхүү хуулиар үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчид шаардлага гаргасан эсэх болон ямар хэмжээний шаардлага гаргаснаас үл хамааран аль нэг үүрэг гүйцэтгэгчид тухайн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар нэхэмжлэл гаргаж болохоор хуульд зохицуулсан тул энэ талаар гаргасан хариуцагч Ё.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2021/00438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ё.А-оос давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ