| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2021/00680/И |
| Дугаар | 184/ШШ2022/00644 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2022/00644
| 2022 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 184/ШШ2022/00644 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Хангайн *дүгээр гудамж, * тоотод оршин суух, *-ийн нэхэмжлэлтэй,
Төрөөс гэм хорын хохиролд 11,932,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, Сонгинохайрхан дүүргийн *ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, иргэдийн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:* намайг Баянгол дүүргийн *ын газраас Эрүүгийн * дугаартай хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, төрсөн эгч *гийн амь насыг хохироосон гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж 1 сарын хугацаанд цагдан хорьсон. Тухайн үед Шүүх шинхжилгээний үндэсний хүрээлэнгийн *дугаар дүгнэлтийг үндэслэн намайг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хорьсон боловч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *дугаар дүгнэлтүүдэд талийгаач нь архаг хордлоготой, энэ нь үхэлд нөлөөлсөн, архины гаралтай зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас нас барсан, энэ нь удаан хугацаанд архи хэтрүүлэн хэрэглэхэд үүсдэг эмгэг ба эд эсийн шинжилгээгээр тогтоогдлоо гэсэн дүгнэлт гарсан учраас Баянгол дүүргийн *ын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүнийг хууль бусаар цагдан хорьсны улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгана, 45.3 дугаар зүйлийн Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх, 1.1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин, 45.4-р зүйлийн 1 дэх хэсэгт сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах гэж тус тус заасан байх тул хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс 420,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Сэтгэл санааны хохирлыг тооцохдоо *, Цагдаагийн байгууллага нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт эцэслэн гараагүй байхад намайг төрсөн эгчийгээ алсан хэргээ хүлээ гэж дарамтлан асар их хямралд оруулж, эгч маань нас барчихаад сэтгэл санаа хэцүү байхад намайг алсан гэж улам сэтгэл санаагаар унагаж, хүнд хэцүү байдалд оруулсан учраас энэ хэмжээгээр бодсон болно гэжээ.
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:* миний бие 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс 420,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн үед би Баянгол дүүргийн нотариатч *ы туслахаар 1 сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн *ын газраас эрүүгийн хэрэгт холбогдуулан 1 сар цагдан хорьж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад шалгагдаж төрсөн эгчээ санаатай алсан гэж ар гэрийнхэн, найз нөхөд, ажлын хамт олондоо хардагдаж нэр төр, ажил хэргийн нэр хүндээрээ хохирсоны улмаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй. Ийм учраас 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1,512,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт 11,932,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч *ийг Баянгол дүүргийн *ын газраас Эрүүгийн * дугаартай хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хэрэг үүсгээд төрсөн эгч *гийн амь насыг хохироосон гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж 1 сараар цагдан хорьсон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *дугаартай дүгнэлтүүдэд талийгаач нь архины архаг хордлоготой, энэ нь үхэлд нөлөөлсөн, архины гаралтай зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас нас барсан, энэ нь удаан хугацаанд архи хэтрүүлэн хэрэглэхэд үүсдэг эмгэг ба эд эсийн шинжилгээгээр тогтоогдлоо гэсэн дүгнэлт гарсан учраас Баянгол дүүргийн *ын газрын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д хүнийг хууль бусаар цагдан хорьсоны улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгана. 45.3 дугаар зүйлийн эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлбөр, 1.1-д хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин, 45.4 дүгээр зүйлийн 1-д сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах гэж тус тус заасан байх тул хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс 420,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагаа 6 дугаар сард 11,932,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Учир нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өпрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажлаа хийгээгүй. Энэ үеийн цалинг тооцож нэхэмжилж байгаа.
Хуульд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д хүнийг хууль бусаар цагдан хорьсоны улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгана гэж заасан байгаа. Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, *, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасан байна. 1 сарын хугацаагаар цагдан хорихдоо бүүр шөнийн 3 цаг 44 минутад шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчилсан байдаг.
* тайлбартаа Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэсэн заалтыг баримталж ажил хэргийн нэр хүндэд халдаагүй учраас хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гээд тайлбарласан байна. Улсын дээд шүүхийн тайлбарыг шүүх шинжлэх ухааны үндэслэлтэй нь холбогдуулан тайлбарыг нь хэрэглэх нь зүйтэй байх гэж үзэж байна.
Сэтгэл санааны хохиролын хувьд 2020 онд * нь хагалгаанд орсон, хоригдож гарч ирснээс хойш жирэмсэн байсан бөгөөд сэтгэл санааны хямралын улмаас ийм байдалд орж эмнэлэгт хүртэл хэвтэж хагалгаанд орсон байна. Сэтгэл санааны асар их дарамт учирсан нь тодорхой байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр тодорхой ярьж мэтгэлцсэн учир өмнө гаргасан нэхэмжлэл тайлбараа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Сонгинохайрхан дүүргийн *ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс өөрийн төрсөн эгч *гийн амь насыг хохироосон хэрэгт яллагдагчаар татагдаж 1 сар цагдан хоригдсон. Улмаар түүнд холбогдуулан үүсгэсэн хэргийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн Баянгол дүүргийн *ын газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч * нь сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, аваагүй цалин хөлсөнд 420,000 төгрөг нийт 10,420,000 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэсэн бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ. Өөрөөр хэлбэл сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд сэтгэл санааны гэм хорыг нэхэмжилсэн шаардлагыг хангах боломжгүй. Шүүх иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д каасан зохицуулалтын тухайн маргаанд төсөөтэй хэрэглэх боломжгүй. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэж болох боловч мөн хуулийн 4.3-т зааснаар тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно. Сэтгэл санаанд учирсан гэм хор болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хор нь эдийн бус гэх төрөлд хамаарах боловч агуулга, хэлбэрийн хувьд ялгаатай тул эдгээр харилцаанд эрх зүйн нэг хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх боломжгүй гэж үзнэ.
Мөрдөгч, *, шүүгчийн санаатай, хууль бус, гэм буруутай, эсхүл болгоомжгүй үйлдлийн улмаас *ийг хэрэгт холбогдуулан шалгасан гэж үзэхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсэхгүй, хохирлыг төр хариуцан арилгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэ талаар буюу нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа зөв тодорхойлж чадаагүй байна. Авах ёстой байсан цалин хөлснийхөө тухайд бол тодорхой нотолж чадаагүй. Нотариатын туслах ажилтнаар ажиллаж байсан гэрээ нь 5 сарын 13-ны өдөр хийгдсэн, Нотариатын танхимын тодорхойлолтоор 8 дугаар сард бүртгүүлсэн гэж байдаг. Уг цалинг авахдаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримт байхгүй, цалингаа дансаар юм уу бэлнээр авч байсан баримт мөн байхгүй байдаг. Иймд авч байсан цалин хөлс нотлогдохгүй байна. Мөн жирэмсэн байсан гэдгийн хувьд цагдан хоригдсон хугацаанаас бүр хойно жирэмсэн болсон байгаа юм. Цагдан хоригдсоноос болж сэтгэл санааны хямралд орж ураг амьгүй болсон гэдгийг тодорхой эрүүл мэндийн байдал зэрэг баримтуудаар нотлох ёстой. Гэвч ийм баримт хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй байна гэж үзэж байна.
Нэхэмжлэлд дурдсан сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжилж буй төлбөрийн хэмжээг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна. Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *ын шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс өөрийн төрсөн эгч *гийн амь насыг хохироосон хэрэгт яллагдагчаар татагдаж 1 сар цагдан хоригдсон. Улмаар түүнд холбогдуулан үүсгэсэн хэргийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн Баянгол дүүргийн *ын газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч * нь сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, аваагүй цалин хөлсөнд 420,000 төгрөг нийт 10,420,000 төгрөг нэхэмжилжээ.
Нэхэмжлэлд дурдсан сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжилж буй төлбөрийн хэмжээг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Өмнөх шүүх хуралдаанаар хэрэг бүтэн хэлэлцэгдсэн учраас өнөөдөр хуулийн үндэслэлүүдээ товч хэлчихье гэж бодлоо. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийг оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэсэн бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч нь өөрөө гаргасан нэхэмжлэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д хүнийг хууль бусаар цагдан хорьсны улмаас учирсан хохирлыг гээд байгаа. Өнөөдөр хүний амь нас хохирсон хэрэг дээр харьяаллын дагуу цагдаагийн байгууллага өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тодорхой хуулиудаар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу шалгаж шийдвэрлэнэ. Энэ цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ нь тодорхой зорилгуудтай байдаг. Жишээлбэл тухайн гэмт хэргийг илрүүлж гэм буруутай этгээдийг олж тогтоох, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй зэрэг үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Ийнхүү авахдаа цагдаагийн байгууллагын зүгээс өөрөө дур мэдээд авчихдаггүй. Өөрийн эрхийн хүрээнд биш шүүхийн даалгаснаар авдаг арга хэмжээ юм. Хууль бусаар цагдан хорьсон гэдэг үг нь өөрөө хэр оновчтой юм бэ. Төрийн тусгай эрх олгогдсон байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тэр тодорхой үүргийг гүйцэтгээд явж байгаа үйл ажиллагаа нь өөрөө хууль бусаар цагдан хорьсон гэж үзэх үндэслэл болж чадахгүй. Хууль бусаар цагдан хориогүй. Эрх бүхий байгууллагын шийдвэр, хуулийн дагуу энэ үйл ажиллагаа нь явагдаж байсан гэсэн үг юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Төрсөн эгчийгээ алсан гэдгээр зөвхөн буруутгаад таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа хэрэг биш. Харин эгчийгээ алсан гэж өөрийгөө буруутгаад амиа хорлох нөхцөл байдал өөрт нь үүсэх вий гэж үзэх үндэслэл бас байгаа. Хууль бусаар цагдан хориогүй гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэх юм бол нийт нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч өөрийнхөө олох ёстой байсан орлоготой холбоотой баримтуудыг ирүүлсэн байна л даа. Сэтгэл санааны хохиролд нэхэж байгаа мөнгийг бол яг юуг үндэслэж гаргасан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөөгч Ч.Равжир миний хувьд энэ хохирогч ямар ч баталгаа байхгүй мөнгө нэхэмжилж байна. Нэхэмжлэлд хавсаргасан бичиг баримт байхгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд:
Нэхэмжлэгч талаас:*ийн иргэний үнэмлэхний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Монголын нотариатчдын танхимын тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн *ын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай *ын тогтоолын хуулбар, Нотариатчаас туслах ажилтан ажиллуулах тухай 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ, нотариатын туслах ажилтан *ийн цалингийн хүснэгт, *ийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас, нотариатч*ы 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тодорхойлолт,
Шүүх:- Нэхэмжлэгч талын хүсэлтээр Баянгол дүүргийн *ын газраас 2021 оны 05 дугаар сарын *дугаартай албан бичгээр эрүүгийн * дугаартай хэргээс хуулбарлан ирүүлсэн шүүгчийн захирамжид заагдсан 39 хуудас материал, үүнд: 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Баянгол дүүргийн *ын газрын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн * дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай *ын тогтоол, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн *дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн *дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1290 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай *ын санал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн * дугаартай Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 196а дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, сэжигтэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг болно.
-*ын хүсэлтээр Баянгол дүүргийн *ын газраас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *дугаартай албан бичгээр эрүүгийн * дугаартай хэргээс хуулбарлан ирүүлсэн шүүгчийн захирамжаар шаардсан 7 хуудас материал, үүнд: Баянгол дүүргийн *ын газраас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Монголын нотариатчдын танхимаас 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Нотариатчаас туслах ажилтан ажиллуулах тухай гэрээ, Нотариатчийн туслах ажилтны анкет, Монголын нотариатчдын танхимаас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Нотариатчаас туслах ажилтан ажиллуулах тухай гэрээний хуулбар, нотариатчийн туслах ажилтны анкет, *ийн бакалаврын дипломын хуулбар, хавсралтын хамт, *ийн 3 үеийн /өөрийн, эцгийн, өвөг эцгийн/ намтар, Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс *ийн өвчний түүхийг тус тус шүүх бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч төрөөс гэм хорын хохиролд 11,932,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар цагдан хорьж, ажил эрхлэх боломжгүй болгож, мөн сэтгэл санааны хямралд оруулсан гэсэн үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,512,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг буюу нийт 11,932,000 төгрөгийн хохирлыг Төр буюу Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргажээ.
Төрийг төлөөлөн гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа * * болон МУ-ны засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *нараас нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй. Учир нь Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах ажиллагааг эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөн байцаагч хууль зөрчөөгүй, *ийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгасан, цагдан хорьсон нь хууль бус, хууль зөрчсөн ажиллагаа явуулаагүй учир Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлд заасан хууль бус ажиллагааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцан арилгах боломжгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч *ийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн *дүгээр хэлтсээс түүнийг 2020 оны 7 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 17 дугаар гудамжны 84 тоотод байрлах *ын гэрт өөрийн төрсөн эгч *гийн хоолойг боож амьсгал бүтэлтэнд оруулж алсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр * дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж шалгасан байна. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаартай Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түүнийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорьсон байна. Мөн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 196А дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж сулласан байна. Баянгол дүүргийн *ын газраас уг эрүүгийн * тоот хэргийг хянаад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаартай *ын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй.
Иймд *ийг нийт 30 хоног хууль бусаар цагдан хорьсон үйл явдал тогтоогдож байх тул зөрчигдсөн эрхийг хуульд заасан журмын дагуу сэргээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, * болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан ба хуулийн энэ зохицуулалт нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх бус, харин эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн эсэхийг тогтоох, улмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоогдсон гэж үзвэл төрөөс гаргуулах нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх хэм хэмжээ юм.
Түүнчлэн хууль бусаар баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р зүйлд заасан байна. Дээрх хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3, сэтгэл санааны хохирлыг 45.4-д зааснаар төрөөс мөнгөн хэлбэрээр нөхөн гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1.Нэхэмжлэгч * нь 2019 оны 5 дугаар сараас Баянгол дүүргийн тойргийн нотариатч *ы туслахаар ажиллаж байсан ба эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байх хугацааны буюу цагдан хоригдсон хугацаанаас хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэлх хугацаагаар тооцон 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны ажил үүргээ гүйцэтгээгүй үеийн цалин хөлс, түүнтэй тэнцэх нөхөн олговорт сарын 420,000 төгрөгөөр тооцон нийт 1,932,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байна.
Тэрээр эрүүгийн хэрэгт шалгагдаж цагдан хоригдох үедээ Баянгол дүүргийн тойргийн нотариатч *ы туслахын ажил эрхэлдэг байсан болох нь Нийслэлийн тойргийн нотариатч *ы 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Д* нь ...миний туслахаар 2019 оны 5 дугаар сараас хойш одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд ...2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2021 оны 01 дүгээр сарын 15-ны хооронд ажиллаагүй нь үнэн болно. гэх тодорхойлолт, *ы *тай байгуулсан нотариатчаас туслах ажилтан ажиллуулах тухай 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ, нотариатчын туслах ажилтан *ийн цалингийн хүснэгт, нотариачийн туслах ажилтны анкет зэргээр тогтоогдож байна.
Түүний эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байх хугацааны цалинг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгосон хүртэлх хугацааны буюу 4 сар 14 хоногийн цалинг сарын 420,000 төгрөгөөр тооцон ажлын 21.5 хоногт тооцож үзэхэд хоногийн 19,535 төгрөгийн цалинтай, энэ дүнг 4 сар 14 хоногоор тооцон үзвэл нийт 1,953,490 төгрөгийн цалин авах ёстой байгаагаас түүний цалингийн хүснэгтэд бичигдсэн 2020 оны 11 дүгээр сард олгосон 150,000 төгрөгийн цалинг хасч тооцвол 1,803,490 төгрөгийн цалинтай тэнцэх олговорыг олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Мөн нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсны улмаас сэтгэл санааны хямралд орж, бие сэтгэл санаагаараа ихээхэн хохирсон гэсэн үндэслэлээр эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг арилгуулахаар шаардлага гарган үүнийгээ мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа бөгөөд сэтгэл санааны хохиролд нийт 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүх бүрэлдэхүүн хянаад энэхүү шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүргийг хүлээнэ гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, *, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй. гэж мөн хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1.-д Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч * нь өөрийн төрсөн эгч *гийн амь насыг хохироосон үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, улмаар цагдан хоригдож, хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хугацаанд төрсөн эгчийгээ алдаж уй гашуй тохиолдохын зэрэгцээ, сэтгэл санааны гүн хямралд орж, ах дүүс, найз нөхөд, ажлын хүмүүс, таньдаг хүмүүсийн өмнө хардагдаж сэрдэгдэж, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээрээ хохирсон, мөн сэтгэл санааны хямралд орсны улмаас биеийн эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орж, цагдан хоригдож гарч ирснийхээ дараа жирэмсэн болсон боловч савны гадуурх жирэмсэлсэний улмаас Эх нялхасын эрүүл мэндийн Үндэсний төвд хэвтэн мэс засал хийлгэсэн, цагдан хоригдож гарч ирснээс хойш хэргийг хэрэгсэхгүй болох хүртэл хугацаанд байнга цагдаа, *ын дуудсан цагт очиж ажил эрхлэх боломжгүй байсан зэрэг үндэслэлээр сэтгэл санааны хохирлоо 10,000,000 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэхээр шаардаж байгааг шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан дээрх тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтууд, түүний цагдан хоригдсон хугацаа, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан хугацаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмнэлгийн байгууллагын өвчтөний түүх, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан нэхэмжлэгчид 2,000,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүх хуралдаанд сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгч *ийн ...энэ хохирогч ямар ч баталгаа байхгүй мөнгө нэхэмжилж байна. Нэхэмжлэлд хавсаргасан бичиг баримт байхгүй байна гэсэн дүгнэлтийн зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж, Төр буюу Засгийн газрын нөөц сангаас нийт 3,803,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ид олгож, үлдэх 8,128,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д зааснаар Төр буюу Засгийн газрын нөөц сангаас 3,803,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ид олгож, үлдэх 8,128,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар *ийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ
А.ЭНХТӨР