Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/ма2022/00468

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00468

 

А.Э-нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 189/ШШ2021/00049 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Э-, Ж.С- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э-, Ж.С- нарт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарантуяа, Ж.С-ийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Д.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Э-ын хариуцагч Ж.С-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.Э-нь Ж.С-тэй 2003 оноос үерхэж, гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2007 онд хүү Э.Борхүү төрсөн. Тэд хоорондоо таарамжгүйгээс тусдаа амьдарсан бөгөөд А.Э-нь 2015 онд Солонгос улс руу яваад 2016 онд ирсэн. Ж.С- нь А.Э-ыг хамт амьдаръя, хүүхдээ бодъё гээд А.Э-ын ээжийн байранд 4-5 сар амьдарсан. Тухайн үед Ж.С- Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн газарт ажилладаг байсан бөгөөд 2012 онд зээл авч, 3 сарын хугацаатай Солонгос улс руу явахад үл хөдлөх хөрөнгө шаардлагатай байна гэсний дагуу А.Э-нь Ж.С-тэй 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, байрыг шилжүүлж авсан. Ж.С-ийг Солонгос улсаас ирэхэд нь гэрээгээ цуцлуулъя гэсэн ч шалтаг тоочоод зугтаад байсан. А.Э-тухайн үед хэрэгт холбогдоод хоригдож байхад байрыг зарах зар тавьсан байсныг А.Э-, Ч.Чулууцэцэг нар мэдээгүй. А.Э-ыг хоригдож байхад 2018 оны 07 дугаар сард бэлэглэлийг гэрээг буцаалгах итгэмжлэл хийлгэсэн. А.Э-ыг шоронд байхад ээжтэй нь ч уулзахгүйгээр байр зарах зар тавьж, Ж.С- бэлэглэгчийг ноцтой гомдоосон. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.С-ийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Би Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бичиг хэргийн эрхлэгч байсан. Эд хөрөнгийн улсын бүртгэгч, бичиг хэргийн ажилтан өөр өөр чиг үүрэгтэй, холбогдох газраар шалгуулж болно. А.Э-байрыг хүү та хоёртоо өгнө, зараад надад 10,000,000 төгрөг өгчих, ээжид хэлээд хэрэггүй, ирээдүйд хүүд хэрэг болно гэдэг байсан. Сүүлд утсаар ярихад шүүхэд очоод байрыг хүү, та хоёрынх гэдгийг хэлнэ гэж ярьсан. Би 2016 онд байрыг 2,500,000 төгрөгийн зээл авахаар барьцаалж, банкны хүн дагуулж очсон. Тухайн үед Д.Э- эгч байрыг худалдаж авсан гэхэд би хууль ёсны өмчлөгч гэдгээ хэлсэн. Би байрыг барьцаалж, Солонгос руу яваагүй. Шүүх бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Борхүүг миний асрамжид үлдээж, эцэг А.Э-аас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн ч одоо хүртэл тэтгэмж төлдөггүй, эцгийн үүргээ биелүүлдэггүй. Бэлэглэлийн гэрээг нотариат бэлэн загвар дээр бичүүлж батлуулсан. Бэлэг хүлээн авагчийг ноцтой гомдоосныг баримтаар тогтоогоогүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгч Ж.С-ийн хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие Багахангай дүүргийн 1-р хороо, Өндөртолгой, 3-р байр 75 тоот 36 мкв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 000462657 дугаар гэрчилгээ авсан. Би Улаанбаатар хотод аав ээжийндээ түр оршин сууж байгаад өрх толгойлж, өөрийн орон сууцанд орох гэхэд Д.Э- амьдарч байна. Д.Э- байр худалдаж авахдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа гаргуулаагүй, байрыг худалдан борлуулах эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулаагүй учир шилжүүлсэн мөнгөө өгсөн хүнээсээ авах эрхтэй. Иймд орон сууцыг Д.Э-ы хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Д.Э-ы гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А.Эрдэнэхуяг, Д.Дашдулам нартай Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөртолгой 3-р байр 75 тоот байрыг 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 12,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг байрны бичиг баримт шилжүүлсний дараа өгөхөөр гэрээ байгуулсан. Байрны мөнгөнд нийт 20,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед нотариат байхгүй байсан. Манайх 2010 онд Багахангай дүүрэгт шилжиж, түрээсийн байранд амьдарсан. Манайх энэ байранд 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Уг байр Ж.С-ийнх биш, Солонгос улс руу явах гээд бэлэглэлийн гэрээ байгуулж, шилжүүлж авсан гэж Ч.Чулуунцэцэг ярьдаг гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.-д заасныг баримтлан А.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.С-т холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2209000223 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Багахангай дүүргийн 1-р хороо, Өндөртолгой, 3 байр, 75 тоот хаягт байршилтай, 36 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг хариуцагч Д.Э-ы хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, нэхэмжлэгч Ж.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд тус тус үлдээж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Ж.С-т олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарантуяагийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч А.Э-нь шүүхэд гаргасан тайлбартаа Ж.С- нь Солонгос явахад үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй хэмээн, ...75 тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээрээ шилжүүлсэн мөн хариуцагч Ж.С- хариу тайлбартаа А.Э-тухайн байрыг хүү та хоёрт өгнө, зараад 10,000,000 төгрөг надад өгөөрэй гэсэн тайлбаруудыг тус тус гаргасан байдаг. Мөн бэлэглэлийн гэрээний гол шинж нь хариу төлбөргүй байдаг ба А.Э-нь ямар зорилгоор байр бэлэглэх болсон, үүний оронд хариу төлбөр авсан эсэх, анхнаасаа Ж.С- нь А.Э-ыг хуурч мэхэлсэн байрыг бэлэглэлийн журмаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн зэрэг нь эргэлзээтэй байтал үүнийг анхаарч үзээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Ж.С-ийн өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар хариу төлбөргүй шилжүүлсэн. 10,000,000 төгрөг өгөөрэй гэж ярьдаг. Гэхдээ энэ нь бэлэглэлийн гэрээ хийж байх үед ийм зүйл яригдаагүй. Сүүлд маргаан үүсээд л ийм яриа гаргадаг. А.Э-нь утсаар ярих бүртээ өөр байр суурь илэрхийлдэг. Хариуцагч талаас дүр үзүүлсэн хэлцэл эсвэл бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх мэтээр 2, 3 янзаар тайлбар гаргаад байдаг ч эдгээрийн аль аль нь үндэслэлгүй. 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан, үүнээс үзэхэд бэлэглэгчийг ноцтой гомдоосон хөөн хэлэлцэх хугацаа 1 жил өнгөрсөн байна гэж үзэж байна гэжээ.

8. Хариуцагч Д.Э-ы гаргасан хариу тайлбарын агуулга: Энэ байранд 2011 онд н.Эрдэнэхуяг, н.Дашдулам хоёр орж амьдарсан. Манай нөхөр н.Эрдэнэхуягийг маш сайн таньдаг, аав ээжтэй нь хуурай ах дүү нар байсан болохоор бид биедээ итгээд өмгөөлөгчийн мөнгө хэрэгтэй болсон болохоор 30,000,000 төгрөг байрыг өгнө гээд урьдчилгаа бэлэн 13,000,000 төгрөг байсныг өгье гээд өгсөн. Манайх жижиг дүүрэг болохоор тэр юм уу тухайн үед нотариат байдаггүй, сардаа нэг удаа нотариат ирж ажилладаг байсан. Ингээд тэр үед биедээ итгээд гарын үсэг зураад 13,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Э-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Ж.С-ийн хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй хэрэг, нэхэмжлэгч А.Э-ын хариуцагч Ж.С-т холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргүүдийг анхан шатны шүүх нэгтгэн шийдвэрлэжээ.

Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлагын хувьд, хариуцагч Д.Э- орон сууцыг Э.Эрдэнэхуяг, Д.Дашдулам нартай 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 20,000,000 төгрөгийг нь өгсөн, 2018 оноос хойш байрандаа амьдарч байна гэж, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагын хувьд, Ж.С- нь ... А.Э-уг байрыг хүү, та хоёртоо өгнө, чи байрыг зараад 10,000,000 төгрөг өгчих гээд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн, шүүхээр гэрлэлт цуцлуулахад эд хөрөнгийн маргаангүй гэж байсан гэж тус тус тайлбарлажээ. /хх19, 20, 34, 35, 105-107/

4. Нэхэмжлэгч А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чулуунцэцэг, Г.Сарантуяа нар нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, мөн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.1-т зааснаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж өөр өөрөөр тайлбарлаж байна. /хх-104-109/ Иймд нэхэмжлэгч А.Э-аас өөрөөс нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зүйтэй байна.

Мөн талууд орон сууцыг хүүхдийн тэтгэмж болон бусад төлбөрт тооцон шилжүүлэх тохиролцоотой байсан эсэх, зохигчид маргааны зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэхийг тодруулж мэтгэлцүүлэх нь хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоож, маргаанд хамаарах хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой байна.

5. Анхан шатны шүүх хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Д.Э- уг шийдвэрт гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, давж заалдах шатны шүүхээс уг нөхцөл байдлыг залруулах, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 189/ШШ2021/00049 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЦОГТСАЙХАН