Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0141

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0141

Улаанбаатар хот

 

           Өмнөговь аймгийн Цогтцэций сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

төлөөлөгч Б.З-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, П.Сарантуяа нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0020 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын гаргасан давж заалдах гомдлоор, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.З-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0020 дүгээр шийдвэрээр:

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 32 дугаар зүйлийн 32.6, 32.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн шаардсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах" шаардлага бүхий Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч Б.З-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадсангүй.

Анхан шатны шүүхийн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8, 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар Хурлын дарга нь тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, огцруулах тухай хүсэлтийг хүлээн авах эсэх асуудпыг Хуралд оруулах эрхтэй, Засаг даргыг огцруулах тухай хүсэлтийг хүлээн авч, хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулах, хуралдааныг товлон зарлах үүрэг нь Хурлын даргад байна.

Дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй гэх хязгаарлалтаар Хурлыг төлөөлөгчийн хуралдааныг хуралдуулахыг шаардах эрхийг тодорхой хугацаанд хориглосон байх тул хурлын даргад мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах үүрэг үүсээгүй, Хурлын дарга Г.Б-ийн хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Засаг даргыг огцруулах санал гаргаж дээд шатны Засаг даргад уламжлах эрх нь Хурлын бүрэн эрхэд хамааралтайг Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д хурлын төлөөлөгчийн 3/2-оос доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэхийг тодорхой заажээ.

Мөн ээлжит бус хуралдааныг хуралдуулах үндэслэл нь Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар эсхүл Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр байхыг тодорхойлсон дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь зохицуулалт нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасантай нийцэж хэрэгжих учиртай.

Засаг даргыг огцруулах асуудлыг Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэх хугацааг дээрх байдлаар хуулиар нарийн тогтоосон байхад Хурлын дарга бүрэн эрхийнхээ дагуу энэ байдлаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах шаардпагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.З-оос тус сумын хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн шаардсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг тус Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс хариуцагчийг солихыг зөвшөөрөхгүй тухай бичгээр илэрхийлснээр шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт  нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус хуулийн зорилтыг тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар нэхэмжлэл гэж ...хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Б.З иргэнийхээ хувьд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааны улмаас өөрийн субьектив эрх зөрчигдсөн талаар маргаагүй харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийнхөө хувиар буюу албаны эрх ашигтай холбогдуулан тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулахыг шаардах, зарлан хуралдуулах ажлыг зохион байгуулахтай  холбоотой Хурлын Тэргүүлэгч, Хурлын даргын эрх хэмжээ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллага, албан тушаалтан нь нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Тодруулбал, Монгол Улсын засаг, захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид тухайн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах талаар нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан заасан зохицуулалтгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.З-ийн нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Монгол Улсын засаг, захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “Хурлын  ...төлөөлөгч, ...асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хурлын  ...төлөөлөгч, ...асуудал санаачлан хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг  зохицуулахад оршино” гэж тус тус заасныг хурлын төлөөлөгч нь тухайн Хурлын ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулахтай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг тус хуульд тусгайлан заасан мэтээр тайлбарлаж хэрэглэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, дээрх хуулиар хурлын төлөөлөгчийнх нь хувьд эдлэх ёстой бүрэн эрхийг “аливаа асуудлыг хурлаар хэлэлцүүлэхээр санаачлага гаргах, түүнийгээ хуралд оруулах эрх”-тэй гэж зааж хуульчилсныг ээлжит бус хуралдаан хуралдуулахтай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрх олгосон зохицуулалт гэж үзэхгүй. Нэр бүхий 14 төлөөлөгчдөөс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн “Хурал хуралдуулах тухай” шаардлагад Б.З гарын үсэг зурсан нь түүнийг хурал хуралдуулах талаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг илэрхийлэхгүй байхад анхан шатны шүүх “...хуралд хүргүүлсэн албан бичигт Б.З гарын үсэг зурсан байх тул хурлын төлөөлөгчийн хувьд холбогдох асуудалд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна гэж үзлээ” гэсэн нь буруу.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл хурал 15 хоногийн дотор хуралдах, улмаар шаардсан асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэр гаргах урьдач нөхцөл нь нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь байх, Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурсан байх, хурал хуралдуулахыг шаардсан байх, тус саналаа хуралд өргөн мэдүүлсэн байх тохиолдолд үүссэн байхаар хуульчлагдсан байна.

Ийнхүү хуулиар нэгэнтээ Засаг даргыг огцруулах санал гаргах урьдач нөхцлийг төлөөлөгчдийн гуравны нэг байхаар журам тогтоож хуульчилсан байх тул зөвхөн нэг төлөөлөгчийн шаардлага дангаараа бусад төлөөлөгчдийн итгэмжлэлгүй байсан ч тухайн саналыг өргөн барьсан нийт төлөөлөгчдийн санал, шаардлагыг илэрхийлнэ гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулахыг шаардах эрх нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйд нь байх буюу тухайн бүрэлдэхүүн бүхлээрээ хүлээн зөвшөөрч санал өргөн мэдүүлэхээр хуульчилсан байх тул тэдгээрийн хэн нэг нь энэ талаар шаардсаныг тухайн санал гаргасан нийт төлөөлөгчийн шаардлага гэж үзэх үндэсгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.З-ийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн шаардсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааныг зарлан хуралдуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хурлын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл болон гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

                                                ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                                                ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ