Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 630

 

 

Э.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Л.Өлзийхүү, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 795 дугаар магадлалтай, Э.Т-т холбогдох 1810009110520 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Л.Өлзийхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, О овогт Э.Тамир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүхэд шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нар хамтран гаргасан гомдолдоо “Э.Т- нь хамтран амьдрагч Б.Дөлгөөхөний биед хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэх хэрэг нь шинжээчийн дүгнэлт, Интермед эмнэлгийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн компьютер томографийн шинжилгээ, ЭМЖЖ эмнэлэг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний шинжилгээ, Натур эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн компьютер томографийн шинжилгээний хариугаар үгүйсгэгдэнэ. Анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн үг өгүүлбэр байхгүй бөгөөд харин “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 14 хүндрүүлэх нөхцөл заасан байх тул аль нөхцөл гэдгийг тодруулаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж хуулийг зөв хэрэглэх ёстой байсан. Гэтэл Э.Т- нь хууль тогтоогчоос тогтоосон Эрүүгийн хуульд заасан хуулийн хэлбэр, үг өгүүлбэр, шаардлагын хүрээнд гэм буруутайд тооцогдоогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална”, 5 дахь хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж хуульчилжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан байнгын шинж гэдэгт “байнгын шинжтэй идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт хэргийн хууль бус үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа хийсэн байхыг ойлгодог” гэж дүгнэлт хийн буруутган анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж дүгнэжээ. Э.Т-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо “байнга” гэсэн гэмт хэргийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахдаа Монгол Улсын, Олон Улсын гэрээний тодорхойлолт, захиргааны хэм хэмжээний актыг ашиглаагүйгээр шинжлэх ухааны ойлголт ухагдахууныг баримтлан тайлбарлах замаар буруутгасанд гомдолтой байна.

Шүүгч Б.Батболор нь хэргийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дараа яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл яллагдагч түүний өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргах, урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох, урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлтэй танилцах, засвар оруулах эрхтэй байхад хуулиар олгогдсон уг эрхийг өмгөөлөгчид эдлүүлээгүй, яллагдагчид боломж олгоогүйд гомдолтой байна.Э.Т-ын өмгөөлөгч Л.Өлзийхүүд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний буюу бүтэн сайн өдрийн оройн 21 цаг 15 минутад утсаар ярьж мэдэгдэхэд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эмнэлгээс гараад урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт өгнө гэж мэдэгдсээр байтал маргааш нь яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн 635 дугаар захирамжид “талуудаас урьдчилсан хэлэлцүүлэг явуулах санал асуухад оролцогч талууд ямар нэг санал гаргаагүй” гэж шүүгчийн туслах Ч.Сайнзаяагийн утсаар ярьсан тэмдэглэлийг үндэслэн шийдвэрлэсэн нь өмгөөлөгчийг хуульд заасан эрхээр нь хангаагүй байна. Э.Т-ын өмгөөлөгч Л.Өлзийхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хязгаарлуулж, хуульд зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гарган оролцох боломжоо хасуулж гадуурхагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн шийдвэрлэнэ” гэсэн заалттай тул хууль, оролцогчдын эрхийг зөрчөөгүй байна. Заавал 15 хоногийг дуусгах биш харин 15 хоногийн дотор гэсэн тул хууль зөрчөөгүй гэж тайлбарласан. Шүүх хуульд заасан эрхийг хязгаарлан, яллах чиг барьж, шүүх хараат бус хөндлөнгийн байр сууринаас хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний хүрээнд шийдвэрлэх хуулийн шаардлагыг илт гажуудуулсан.

 
   


 Шүүгчийн өөрийнх нь гаргасан захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг анхан шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн үг өгүүлбэр огт байхгүй болно. Ийнхүү хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлан зөрчиж гаргасан захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн заалтыг зөрчихөөс гадна хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т заасан “урьдчилсан хэлэлцүүлгээр энэ хуулийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхин анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн юм. Уг заалт нь урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хийсэн хэлэлцүүлгээр дээрх заалтуудад заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхин анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр хуульчилжээ гэж үзэж байна. Хуульд заасан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг үе шат болох прокуророос шүүхэд хэрэг шилжин ирснээс хойш 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гарган, түүнд оролцох боломж энэ хэргийн хувьд шүүгдэгч өмгөөлөгч нарт гараагүй болно. Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад хохирогч болон нэр бүхий гэрчүүд “2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зодсон гэж мэдүүлсэн байдаг ба эдгээр хохирогч,  гэрч нарын мэдүүлэгт үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдалд гэмт хэрэг гарсан байдалд гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг нотолсон байхыг шаарджээ. Гэтэл анхан шатны шүүх “Гэмт хэрэг гарснаас хойш тодорхой хугацаа өнгөрч, тухайн үйл явдал яг хэзээ болсон талаар, хэргийн оролцогч болон гэрч нар, гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхой зааж мэдүүлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д-мэдүүлэхдээ “2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болсон асуудлыг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр болсон гэж андуурсан байна. Э.Т-тай маргалдсанаас хойш би охиноо аваад 2017 оны 04 дүгээр сараас тусдаа, аав ээжийндээ амьдарч байгаад, 2017 оны 10 дугаар сард Э.Т-тай эвлэрч, эргээд нийлж байсан” гэсэн мэдүүлгийг өгснөөс дүгнэхэд хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулсан, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэж тогтоож шийдвэрлэжээ. Яллах дүгнэлтэд цаг хугацааг буруу бичсэнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, засах боломжтой бөгөөд энэ гэмт хэргийн хувьд цаг хугацааг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаалгүйгээр шийдвэрлэх боломжтой гэжээ. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэж шүүх тогтоох болсон шалтгаанаа дээр дурдсанаар тайлбарлан дүгнэлт хийжээ. Гэтэл шүүгч уг дүгнэлтдээ Б.Дөлгөөхөний шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болсон асуудлыг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэж андуурч хэлсэн байна гэх мэдүүлэгт дүгнэлт хийсэн шүүгчийг техникийн чанартай алдаа гаргасан гэж зөвтгөн тайлбарлах боломжгүй байна. Уг мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан хугацааг 2018 он биш, харин 2017 онд гэсэн байхад шүүгч дээрх байдлаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэжээ. Хамрын хуучин хугаралтай гэсэн дүгнэлт нь компьютер томограф шинжилгээний хариугаар үгүйсгэгдэж байгаа. Тэд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш хамтран амьдраагүй хүүхдийн асран халамжлах эрхийн талаар иргэний шүүхээр шүүхдэж өнгөрөөсөн 1 жилийг нь хамтран амьдарч байсан гэж хэрэгт байхгүй бодит бус зүйлд үнэлэлт дүгнэлт өгсөн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд нотлох баримтын талаарх үгүйсгэсэн, болон ач холбогдол гэж үзсэн үндэслэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Шийтгэх тогтоолд Б.Дөлгөөхөний биед учирсан хөнгөн хохирол буюу шинжээчийн дүгнэлтүүд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй. Э.Т- нь шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтэл бүрийг учруулсан уу эсхүл аль гэмтлийг нь учруулсан гэж буруутгаж байгааг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заагаагүй байна.

 
   

Шинжээчийн дүгнэлтэд заасан 3 гэмтэл байх бөгөөд уг гэмтлээс хуучин хугарал хүртэл багтсан байх тул уг хуучин хугарлыг учруулсан гэж үзэж байгаа эсэх нь шийтгэх тогтоолоос тодорхойгүй байна. Хэрэв хуучин хугаралд Э.Т- буруутай бол хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд үргэлжилсэн юм уу эсхүл 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр учирсан уу зэрэг гэмт хэрэг гарсан байдлыг тогтоогоогүй, шийтгэх тогтоолд зааж өгөөгүй байна. Шинжээч М.Энхбаяр, Ө.Сарангэрэл, Н.Туяа, Б.Ганзориг Ц.Оюун-Эрдэнэ нарын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 226 дугаартай дүгнэлтийг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаар үнэлсэн байна. Дээрх шинжээчийн дүгнэлт нь Интермед, Натур эмнэлгүүдийн эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний хариуг үгүйсгэж байгаа үйл баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 10, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдийн толгойны компьютер томографийн шинжилгээний зурагт хийсэн эмч С.Чулуунсүхийн тайлбарыг шалгаж хэрэгт нотлох баримтаар аваагүй байдаг. Мөн 226 дугаар дүгнэлтэд хохирогчийн биед тархи доргилт гэмтэл учирсан нь мэдрэлийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэлтэд заасан бөгөөд шинжээч эмч Ч.Эрдэмболор мэдрэлийн эмч гэж ойлгогдож байна. Гэтэл Ч.Эрдэмболорыг шүүх шинжилгээний шинжээч эмч болохоос биш мэдрэлийн эмч гэх үйл баримт хэрэгт авагдаагүй ба Интермед эмнэлгийн компьютер томографийн шинжилгээгээр тархины эдэд цус хуралтгүй бор цагаан эсийн ялгарал сайн гэсэн хариуг мэдрэлийн эмчийн үзлэгээр тархины доргилт учирсан гэж дүгнэсэн 226 дугаар дүгнэлт үндэслэлгүй байна.

Баруун нүдний доод зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлгийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн компьютер томографийн шинжилгээнд “2 нүдний ухархайн хана тод жигд, нүдний алим 2 талд тэгш хэмтэй дотор гадна шулуун булчингууд, харааны мэдрэл, нүдний арын зайд эмгэг өөрчлөлтгүй” гэсэн хариугаар үгүйсгэгддэг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Өлзийхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалтай шалгаж, тодруулсан нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй гэж дүгнэжээ. Гэтэл Э.Т-т холбогдох хэрэг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 308 дугаар захирамжаар хуваарилагдсан бөгөөд Э.Т- болон түүний өмгөөлөгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.6, 2.10, 7.8 дугаар зүйлийн 2, 33.1 дүгээр зүйлийн 6, 9-т заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргах, урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох, зэрэг хуулиар олгогдсон эрхийг өмгөөлөгч болон яллагдагчид олгоогүй нь оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан ноцтой зөрчил гэж үзэж байна. Яллагдагч Э.Т- нь Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан 4747 дугаартай дүгнэлтийг зөвшөөрөөгүй тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаснаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1282 дугаартай шинжээч Б.Ариунзул, Т.Сэлэнгэ, Т.Номинцэцэг нарын гаргасан дүгнэлтээр  “Б.Дөлгөөхөний хамрын ясны хугарал, тархи доргилт гэх гэмтлүүд тогтоогдохгүй болно” гэсэн дүгнэлтийг гаргахдаа 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх эмнэлгийн  дүгнэлтийг үндэслэл болгосон байдаг. Б.Дөлгөөхөний биед учирсан гэмтлийн талаарх 3 дахь дүгнэлт болох 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 226 дугаар шинжээчийн дүгнэлт нь тархи доргилт гэмтэл учирсан болохыг тодорхойлжээ. Ийнхүү 3 удаа гарсан шинжээчийн дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй, дүгнэлт тус бүр дээр үнэлэлт өгөх ёстой байтал бүх дүгнэлтийг нэгтгэж үнэлсэн нь үндэслэлгүй байна. Магадлалын тодорхойлох хэсэгт: “Б.Дөлгөөхөний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон удаа дараагийн шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ба уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтын явцад үндэслэл бүхий тайлбар, мэдүүлгийг өгсөн тул дээрх дүгнэлтийг үнэн зөв гэсэн нь ойлгомжгүй бөгөөд 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо илтэд зөрүүтэй, дээрх дүгнэлтүүдийг гаргахад нийтдээ 9 шинжээч эмч оролцсон байхад зөвхөн 4747 дугаартай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт гаргасан эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэгт “Б.Дөлгөөхөний биед учирсан тархи доргилтыг ямар шинж тэмдгийг үндэслэж тогтоосон бэ? гэх асуулт асууж, дагзны булчингийн хөшингтэй, толгой өвдөнө, хоол идэх дургүй” гэсэн зовиурыг үндэслэн тархи доргилт гэж оношилсон талаар мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь үнэн зөв гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн энэ хэрэгт Б.Дөлгөөхөний аав, ээж, хамаатан болон найз нөхдийн өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байхад уг зөрүүг арилгуулж шалгуулж тодруулах ажиллагаа хийлгүйгээр нотлох баримтуудыг хууль журмын дагуу бэхжүүлж авсан, хоорондоо ноцтой зөрүүгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ямар тохиолдолд ноцтой зөрүү болон зөрүүтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэдийгээр гэрчид хууль сануулж эрх үүргийг нь тайлбарлаж байгаа хэдий ч ямар нотлох баримтад үндэслэн эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэж байгаа нь эргэлзээтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул бүхэлд нь хүчингүй болгож, Э.Т-т холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тусгайлан заасан бөгөөд 2.8-д заасан гэж нэрлэн тодруулах шаардлагатай байсан. Анхан шатны шүүх гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэж дүгнэхдээ Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлдлийг байнга гэж ойлгоно гэсэн байдаг. Шүүх аль эрдэмтний шинжлэх ухааны ойлголтыг бичиж тусгасан гэдэг нь ойлгомжгүй. Хэм хэмжээний актыг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн, хууль ёсны зарчмыг гажуудуулсан, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэсэн заалттай нийцэхгүй байна. Хэлбэрийн төдий, хэрэгжихгүй хуулийн зохицуулалт гэж байхгүй. Шинэ Эрүүгийн хуулийн зарчим нь гэм буруугийн шүүх хуралдаанаар цагаатгах, яллах бусад асуудал байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу нэрлэн зааж, яллагдагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүсэлт, гомдол гаргах талаар зохицуулсан. Хэрэг шүүхэд шилжүүлснээс ажлын гурав хоногийн дараа хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарсан. Хөнгөн гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусах тухай ойлголт байх шиг байгаа юм. Л.Өлзийхүү өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргах талаар шүүхийн туслах ажилтанд мэдэгдсэн байдаг. Давж заалдах шатны шүүх магадлалдаа шүүгч яллагдагчийг 15 хоногийн дотор шилжүүлэх эрхтэй учир заавал 15 хоногийг дуустал нь хүлээнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Иймд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 1 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх юм бол хуулийн мөн чанар, агуулга хэрэгжих нөхцөл байдал алдагдана. Шүүх яллагдагчийг хуульд заасан эрхээр нь хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжид шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг гэм буруугийн хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно гэж бичсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргаагүй тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэв гэсэн агуулга байгаа болохоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-д зааснаар нээлттэй гэсэн агуулга захирамжид байхгүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргах, оролцох, хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргах бололцоог олгоогүй. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг 1 жилээр буруу тогтоосон буюу шүүх нотлох баримт болон мэдүүлгээр нотлогдоогүй эх сурвалжаар тогтоосон нь хууль зөрчсөн. Шинжээчийн 4747 тоот дүгнэлтээр тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, хугарал, хамрын ясны хугарал гэж гарсан байдаг. Магадлагааны зорилгоор “Натур” эмнэлэгт томографийн зураг авахуулж 1182 тоот дүгнэлт гаргасан бөгөөд хамрын ясны хугарал байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 4747 тоот дүгнэлт буюу шинжээч н.Эрдэнэболорын дүгнэлт үндэслэлтэй. 1182 тоот дүгнэлтийн зарим зүйлтэй санал нийлэхгүй байна. Хамрын ясны хугарал байна гэж дүгнэсэн. 2017 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдрийн компьютер томографийн шинжилгээний хариуг уншуулсан гэдэг боловч эх сурвалж нь хэрэгт авагдаагүй. Хамрын ясны хугарал байна гэсэн бичилт нь хавтаст хэрэгт авагдаагүй. Үүнийг үндэслэж шүүхийн шийдвэр гарсан учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Компьютер томографийн шинжилгээний хариунаас эмчийн үзлэгийн эх сурвалж, бичиг баримтыг заахгүйгээр шинжилгээний хариуг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй. Хяналтын журмаар гаргасан гомдолдоо хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд буцааж өгнө үү гэсэн боловч шүүх хуралдааны явцад прокурорт буцааж өгнө гэж залруулж байна. Нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөн гэмт хэрэг гарсан цаг хугацааг буруу тогтоосон, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн ярьсан зүйлийг шүүх шийтгэх тогтоолдоо тусгах мэт ойлголт өгч байгаа нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн гүйцэт үнэлсэн. Бэр гуйх ёслол хийсэн учир хохирогч Э.Т-ын гэрт буцаж очсон байдаг. 2017 оны 11 дүгээр сард аав нь архи уусны төлөө хохирогчид гар хүрсэн. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогчийг зодсон бөгөөд гэрэл, зургууд хэрэгт авагдсан байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанаас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх хугацаа хүртэл Э.Т- гомдол гаргаж, эрхээ бүрэн эдэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар уг хуульд тусгайлан зааж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх гэсэн шийдвэрийг гаргана гэж заасан. Шүүхийн туслах ажилтан шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Өлзийхүү рүү урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар утсаар холбогдсон байдаг. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу шийдвэрээ гаргах ёстой. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж Э.Т- нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоож өгсөн. Хууль зүйн үндэслэл бий болсон учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Т-ыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу холбогдох зүйл хэсгийг журамлан прокурор яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Э.Т- нь хамтран амьдрагч О.Дөлгөөхөний биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж, хохирогчийг 3 удаа зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргаж, бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт удаа дараа гарснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байна. Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Л.Өлзийхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн Э.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Т-ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,”Рояал грийн вилла” хотхоны 205 дугаар байрны 504 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Дөлгөөхөнтэй 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “гэрт баяр наадам хийлээ” гэх шалтгааны улмаас, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “даварлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж тус тус зодсон, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “хов зөөсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв тогтоосон боловч Э.Т-ын эдгээр үйлдлүүд нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байсан гэж  хэргийн бодит байдлаас зөрүүтэйгээр эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ.

Шүүгдэгч Э.Т-, хохирогч Б.Д-нарын хооронд үүссэн маргаан, тэмцэл нь нэг тал давамгайлсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаас нийгмийн шалтгаант шинж байдлаар ялгаатай байж эхнэр, нөхрийн хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай ахуйн суурьтай гарсан байх тул шүүгдэгч Э.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ шинжээр үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймээс шүүгдэгч Э.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр мөн хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, энэ талаарх гаргасан шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэсэгчлэн хангахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 795 дугаар магадлалд:

“Прокуророос Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай”

“Прокуророос Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”,

 

 

 

 

 

“Э.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Л.Өлзийхүү нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                      

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН