Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ч-ийн Уод холбогдох эрүүгийн 19100 0417 0173 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Ч.У нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал эмнэлгийн шинжээч мэргэжилтэй, Гэрэлт асар ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 4-103 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 1-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Ч-ийн У /РД: 0/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.У нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” гэх бааранд 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө С.Ц-ийн биед санаатайгаар “хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны шарх, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.У нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Хэрэг гардаг өдөр би найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд гарах гэж байхад С.Ц-той маргалдаад хамар тус газарт нь нэг удаа цохисон. Би хохирогчид эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би улирлын чанартай ажил хийдэг, өвлийн улиралд орлого байхгүй. Манай эхнэр одоогийн байдлаар гэртээ хүүхдээ хардаг, би 6-12 насны 2 хүүхэдтэй. Дахин хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0417 0173 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ц-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 00 цагийн үед Эрдэнэбилэгийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд орж, 200 грамм виски, 500 грамм Хайнекен нэртэй пиво нэг шилийг уусан. Ингээд бүжиглэж байгаад 01 цагийн үед гарах гээд гадуур хувцасаа өлгүүрээс авах гээд найз Эрдэнэбилэгийн хамт зогсож байхдаа би өөрийнхөө улаан өнгийн Нокиа маркийн гар утсаа шалан дээр унагаасан.

Тэгтэл миний урд талд зогсож байсан залуу газар унасан утсыг аваад надад өгөх гэхэд хажууд нь явж байсан нэг эмэгтэй миний гар утсыг булааж аваад коридор руу шидсэнээ “яахаараа миний найз залуу чиний гар утсыг авч өгдөг юм бэ” гэж хэлсэн. Тэр эмэгтэй нилээн согтуу байсан ба намайг “нохой” гэх мэтээр хэл амаар доромжлоод, миний хөл рүү 1-2 удаа өшиглөөд зүүн хацар руу нэг удаа алгадхаар нь би тэр эмэгтэйг “нохой минь зүгээр байгаарай” гэж хэлсэн.

Ингээд би хойд талд байсан хамгаалагч руу очоод “энэ эмэгтэйг аваарай, надтай маргалдаад байна” гэж хэлэхэд хамгаалагч  нь буруу ойлгоод миний гарыг нурууны хойд хэсэгт өчсөн. Би өчүүлсэн гараа арай гэж чөлөөлөхөд бидний маргааныг хараад зогсож байсан У- гэх /сүүлд нь нэрийг нь мэдсэн/ залуу баруун талаас орж ирсэнээ гараараа миний хамар орчимд нэг удаа цохиход хамарнаас маш их цус гарсан. Тэгээд би ариун цэврийн өрөө рүү орж, цусаа арай гэж тогтоосон ба намайг ариун цэврийн өрөөнд байхад миний утсыг шидсэн эмэгтэй орж ирээд дахин хэл амаар доромжилж, миний зүүн гуя орчимд нэг удаа өшиглөсөн. Би ариун цэврийн өрөөнөөс гарч хяналтын камерийн өрөөнд цагдаа нарыг ирэхийг нь хүлээсэн ба удалгүй 2 цагдаагийн алба хаагч ирээд У-, бид хоёрыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст авч ирсэн.

Тухайн өдөр У-той хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би түүнийг танихгүй бөгөөд бид хоёрын дунд өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй. У- миний хамар руу гараараа нэг удаа цохисоны улмаас хамар хугарсан. Харин нөгөө согтуу эмэгтэй миний зүүн гуя орчимд 2 удаа өшиглөж, 1 удаа алгадсаны улмаас миний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй.

Болсон асуудал хяналтын камерт бичигдсэн байгаа. У нилээн согтуу байх шиг байсан, харин би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч согтоогүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалд 4.0 сая төгрөг нэхэмжилнэ. Толгойн томографын зураг авахуулсан 90.000 төгрөгнөөс өөр надад баримт байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-6х/,

 

2. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2130 дугаартай дүгнэлтэд:

1. С.Ц-ийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны шарх, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 10х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Төгсмэдэхийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 02 сарын 07-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клуб руу найз У, Батбаяр, Даянжамц, Бат-Эрдэнэ нарын хамт орсон. Бид тус клубт Бат-Эрдэнийн төрсөн өдрийн тэмдэглэн 1 литрийн савалгаатай Балантайсе нэртэй виски хоёр шилийг авч хувааж уусан. Шөнө 00 цаг өнгөрч байхад манай найз охин Төрцэцэг гаднаас ирсэн юм. Тухайн үед би их согтуу байсан болохоор ямар асуудал болсоныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд клубын хяналтын камерийн өрөөний үүдэнд зогсож байсан ба цагдаа нар ирээд У-ыг аваад явсан. Тухайн үед У- нэг залууг цохисон болохыг мэдсэн. Харин хэн гэдэг залууг, ямар учраас цохиж зодсон болохыг би үнэхээр мэдэхгүй байна. Би У-той 1993 оноос эхлэн найзалж нөхөрлөж байна. Бид хоёр Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуульд хамт суралцаж байсан юм. 2007 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг мал эмнэлгийн шинжээч мэргэжлээр төгссөн. 2007 оноос хойш хувиараа янз бүрийн л хөдөлмөр эрхэлж байна. Төлөв даруу, найз нөхдийн дунд нэр хүндтэй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элдэв ааш зан гаргаад байдаггүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Төрцэцэгийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 02 сарын 07-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүрэгт байрлах Салам нэртэй пабад найзуудтайгаа хамт сууж байгаад 00 цагийн үед найз залуу Төгсмэдэхийг авахаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клуб руу очсон. Тухайн үед Төгсмэдэх нь найз У-, Батбаяр, Даянжамц, Бат-Эрдэнэ нарын хамт төрсөн өдөр тэмдэглэж байсан ба би тэд нартай хамт сууж байгаад шөнө 02 цагийн үед явахаар болсон. Ингээд Төгсмэдэх бид хоёр түрүүлж гараад өлгүүрээс хувцасаа авах гээд зогсож байхад Ц /нэрийг нь сүүлд мэдсэн/ гэх хоёр гараараа дүүрэн шивээстэй залуу Төгсмэдэхтэй ярилцаад, түүнээс тамхи гуйж байсанаа гар утсаа шалан дээр унагаасан.

Тэгсэнээ Төгсмэдэхэд “гар утас” аваад өг гэхээр нь би “манай найз залуу яахаараа авч өгдөг юм бэ” гээд маргалдахад “нохой, гичий, пизда минь, чи буруу хүнээрээ оролдлоо, би чамайг гар, хөлгүй болгоно” гээд энгэртээ зүүсэн байсан бөөрөнхий төмөр зүүлтээ харуулаад намайг хараагаад байсан. Тэгтэл Төгсмэдэх намайг өмөөрөөд Ц-той маргалдахад хамгаалагч нар тэднийг салгасан юм. Нэг мэдэхэд Цийн хамарнаас цус гарч байсан ба тэрээр над руу заагаад “би чамд хэлсэн байхаа” гээд занаад байсан. Тэр үед л Төгсмэдэхийн найз Цийг цохиж, хамарнаас нь цус гаргасан болохыг мэдсэн. Гэхдээ яг цохиж байхыг нь хараагүй. Ингээд хамгаалагч нар Ц болон У нарыг хяналтын камерийн өрөө рүү авч явсан ба удалгүй цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан. Би Ц-ийг цохиж зодсон зүйл байхгүй, харин тэр залуу л намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед Ц, Төгсмэдэх нар нилээн согтолттой байсан ба У өөрийгөө хянах чадвартай байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32х/,

 

5. Хэрэг гарсан өдрийн “Минт” баарны орчмын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 37х, 38-39х/,  

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.У-ын яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 02 сарын 07-ны шөнө 23 цагийн үед найз Бат-Эрдэнэ, Даянжамц, Батбаяр, Төгсмэдэх, Төгсмэдэхийн найз охин Төк /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нарын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд орсон. Тухайн өдөр бид Бат-Эрдэнийн төрсөн өдрийг тэмдэглэж байсан ба 750 граммын савалгаатай 2 шил виски хувааж уугаад бүжиглэсэн. Шөнө 02 цагийн үед баарнаас гарахаар болоод би өлгүүрээс гадуур хувцасаа авах гээд очиход Төгсмэдэх, Төк хоёр өлгүүрийн хажууд зогсож байсан ба Төк нь Цтой /сүүлд нэрийг нь мэдсэн/ маргалдаж байсан.

Ц нь тухайн үед Төкийг “янхан, гичий” гээд хараагаад, ...Төгсмэдэх найз охиноо өмөөрөөд Цтой маргалдаад, түүнийг зодох гээд дайрахад нь би болон баарны хамгаалагч нар тэднийг салгаж, холдуулсан. Би Төгсмэдэхийг холдуулаад, харин хамгаалагч нар Цийг салгасан. Тухайн үед Ц нь Төгсмөдөх болон Төк нар руу агсарч дайраад “янхан дагуулчихаад” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь нэг хамгаалагч нь түүний хойноос хоёр суган доогуур нь гараа оруулж толгойг нь өчиж дарсан.

Ц нь манай найз нарыг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд түүний нүүр орчимд нь гараараа нэг удаа цохиход түүний хамарнаас цус гарсан. Ингээд нэг хамгаалагч нь намайг барьж Цоос холдуулаад, хяналтын камерийн өрөө рүү авч орж, бичлэг харуулаад цагдаад дуудлага өгсөн.  Би Цийг танихгүй болохоор түүнтэй өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй. Ц бид хоёр тухайн үед өөрсдийн хийж байгаа үйлдлээ хянах хэмжээний согтолттой байсан. Би Цид 2.500.000 төгрөг эмчилгээний зардалд төлж барагдуулсан. Тэрээр надтай эвлэрсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 16х/ иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 18х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 20х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 21х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Уын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.У нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” гэх бааранд 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө “найз нарын үг хэлээр доромжиллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан С.Ц-ийн хүүрэн тус газарт гараараа цохисноос түүний биед нь “хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны шарх, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:  

- хохирогч С.Ц-ийн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 00 цагийн үед Эрдэнэбилэгийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд орж, 200 грамм виски, 500 грамм Хайнекен нэртэй пиво нэг шилийг уусан. Ингээд бүжиглэж байгаад 01 цагийн үед гарах гээд гадуур хувцасаа өлгүүрээс авах гээд найз Эрдэнэбилэгийн хамт зогсож байхад би өөрийнхөө улаан өнгийн Нокиа маркийн гар утсаа шалан дээр унагаасан. Тэгтэл миний урд талд зогсож байсан залуу газар унасан утсыг аваад надад өгөх гэхэд хажууд нь явж байсан эмэгтэй миний гар утсыг булааж аваад коридор руу шидсэнээ “яахаараа миний найз залуу чиний гар утсыг авч өгдөг юм бэ” гэж хэлсэн. Тэр эмэгтэй нилээн согтуу байсан ба намайг “нохой” гэх мэтээр хэл амаар доромжлоод, миний хөл рүү 1-2 удаа өшиглөөд зүүн хацар руу нэг удаа алгадахаар нь би тэр эмэгтэйг “нохой минь зүгээр байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би хойд талд байсан хамгаалагч нар руу очоод “энэ эмэгтэйг аваарай, надтай маргалдаад байна” гэж хэлэхэд хамгаалагч нар буруу ойлгоод миний гарыг нурууны хойд хэсэгт өчсөн.

Би өчүүлсэн гараа арай гэж чөлөөлөхөд бидний маргааныг хараад зогсож байсан У- гэх /сүүлд нь нэрийг нь мэдсэн/ залуу баруун талаас орж ирсэнээ гараараа миний хамар орчимд нэг удаа цохиход хамарнаас маш их цус гарсан. Тэгээд би ариун цэврийн өрөө рүү орж, цусаа арай гэж тогтоосон ба намайг ариун цэврийн өрөөнд байхад миний утсыг шидсэн эмэгтэй орж ирээд дахин хэл амаар доромжилж, миний зүүн гуя орчимд нэг удаа өшиглөсөн. Би ариун цэврийн өрөөнөөс гарч хяналтын камерийн өрөөнд цагдаа нарыг ирэхийг хүлээсэн ба удалгүй 2 цагдаагийн алба хаагч ирээд У- бид хоёрыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авч ирсэн. Тухайн өдөр У-той хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, би түүнийг танихгүй бөгөөд бид хоёрын дунд өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй. У- миний хамар руу гараараа нэг удаа цохисоны улмаас хамар хугарсан. Харин нөгөө согтуу эмэгтэй миний зүүн гуя орчимд 2 удаа өшиглөж, 1 удаа алгадсаны улмаас миний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй. Болсон асуудал хяналтын камерт бичигдсэн байгаа. У- нилээн согтуу байх шиг байсан, харин би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч согтоогүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон 4.0 сая төгрөг нэхэмжилнэ. Толгойн томографын зураг авахуулсан 90.000 төгрөгнөөс өөр надад баримт байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-6х/,

- ШШҮХ-ийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2130 дугаартай: “...С.Ц-ийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны шарх, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 10х/,

- гэрч Т.Төгсмэдэхийн: “...2019 оны 02 сарын 07-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клуб руу найз У-, Батбаяр, Даянжамц, Бат-Эрдэнэ нарын хамт орсон. Бид тус клубт Бат-Эрдэнийн төрсөн өдрийн тэмдэглэн 1 литрийн савалгаатай Балантайсе нэртэй виски хоёр шилийг хувааж уусан. Шөнө 00 цаг өнгөрч байхад манай найз охин Төрцэцэг гаднаас ирсэн юм. Тухайн үед би их согтуу байсан болохоор ямар асуудал болсоныг санахгүй байна. Нэг мэдэхэд клубын хяналтын камерийн өрөөний үүдэнд зогсож байсан ба цагдаа нар ирээд У-ыг аваад явсан. Тухайн үед У- нэг залууг цохисон болохыг мэдсэн. Харин хэн гэдэг залууг, ямар учраас цохиж зодсон болохыг би үнэхээр мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,

- гэрч Т.Төрцэцэгийн: “...2019 оны 02 сарын 07-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүрэгт байрлах Салам нэртэй пабап найзуудтайгаа хамт сууж байгаад 00 цагийн үед найз залуу Төгсмэдэхийг авахаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клуб руу очсон. Тухайн үед Төгсмэдэх нь найз У-, Батбаяр, Даянжамц, Бат-Эрдэнэ нарын хамт төрсөн өдөр тэмдэглэж байсан ба би тэд нартай хамт сууж байгаад шөнө 02 цагийн үед явахаар болсон. Ингээд Төгсмэдэх бид хоёр түрүүлж гараад өлгүүрээс хувцасаа авах гээд зогсож байыхад Ц /нэрийг нь сүүлд мэдсэн/ гэх хоёр гараараа дүүрэн шивээстэй залуу Төгсмэдэхтэй ярилцаад, түүнээс тамхи гуйж байснаа гар утсаа шалан дээр унагаасан. Тэгсэнээ Төгсмэдэхэд “гар утас аваад өг” гэхээр нь би “манай найз залуу яахаараа авч өгдөг юм бэ” гээд маргалдахад “нохой, гичий, пизда минь, чи буруу хүнээрээ оролдлоо. Би чамайг гар, хөлгүй болгоно” гээд энгэртээ зүүсэн байсан бөөрөнхий төмөр зүүлтээ харуулаад намайг хараагаад байсан.

Тэгтэл Төгсмэдэх намайг өмөөрөөд Цтой маргалдахад хамгаалагч нар тэднийг салгасан юм. Нэг мэдэхэд Цийн хамарнаас цус гарч байсан ба тэрээр над руу заагаад “би чамд хэлсэн байхаа” гээд занаад байсан. Тэр үед л Төгсмэдэхийн найз Цийг цохиж, хамарнаас нь цус гаргасан болохыг мэдсэн. Гэхдээ яг цохиж байхыг нь хараагүй. Ингээд хамгаалагч нар Ц болон У- нарыг хяналтын камерийн өрөө рүү авч явсан ба удалгүй цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан. Би Цийг цохиж зодсон зүйл байхгүй, харин тэр залуу л намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед Ц, Төгсмэдэх нар нилээн согтолттой байсан ба У- өөрийгөө хянах чадвартай байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32х/,

- хэрэг гарсан өдрийн “Минт” баарны хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 37х, 38-39х/, шүүгдэгч Ч.Уоос мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч С.Ц-ийн биед учирсан “хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны шарх, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ч.У түүний хамар тус газарт гараараа нэг удаа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Ч.У нь хохирогч С.Ц-ийг үл ялих зүйлээр шалтаглан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Прокуророос Ч.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Уыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч С.Ц- нь хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй. Ч.У нь миний хохирлыг барагдуулж, мөнгө хүлээн авсан” гэж илэрхийлэн, уг эрүүгийн хэрэгт баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул  /хэргийн 40х/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Ч.Уоос гаргуулах баримт бүхий хохирол, төлбөргүй гэж үзлээ.   

 

Шүүгдэгч Ч.У нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 21х/ баримттай байна. 

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгаснаар хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Уод 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.      

 

Энэ хэрэгт Ч.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч С.Ц- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

                                                  

                                                             ТОГТООХ нь:

 

1. Д овогт Ч-ийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.У-од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.У нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт Ч.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Ц нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ч.У-од урьд авсан хувийн баталгаа, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД