Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 632

 

 

 

Г.Б-ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 755 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 709 дүгээр магадлалтай, Г.Б-ид холбогдох 1806094460395 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,

Октябрийн районы шүүхийн 1987 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109а дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ял биелүүлэхийг хойшуулсан,

Найрамдлын районы шүүхийн 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 258 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 1 сар 8 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 752 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, биечлэн эдлэх нийт ялыг 10 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 2 жил 5 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 14 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 169 дүгээр захирамжаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 сар 06 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, үлдэх ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, Б овогт Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүхэд шүүгдэгч Г.Б- гаргасан гомдолдоо “Надад хэргийг тусгаарласан талаар мэдэгдэж, танилцуулаагүй байж анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хулгайлах гэмт хэргийг санаачилсан Ч.Бат-Эрдэнээс мэдүүлэг авч түүнийг явуулчихаад 3 сарын дараа намайг энэхүү хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Ч.Бат-Эрдэнийн хэргийг тусгаарлаж улмаар түүнд хорих ял хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэж 1 жил хорих ял шийтгэсэн атлаа намайг 2 жил 3 сар хорих ял шийтгэсэн. Ял шийтгэл оногдуулахдаа ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа тэнсэн суллагдсан хугацаанаас үлдсэн биш нийт 2 жил 20 хоногийн хорих ялын бүгдийг нь нэмсэнд гомдолтой байна. Эдгээр нөхцөл байдлыг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Г.Б-ид холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1048 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Б-той хамтран хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Ч.Бат-Эрдэнийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэсэн байдаг” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Б- нь Ч.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оршин суух З.М-н гэрт нэвтрэн орж 24 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч бусдад 776,800 төгрөгийн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх Г.Б-ийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 3 сар хорих ял дээр дээр нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэхдээ уг ялыг шинэ Эрүүгийн хуульд ял хөнгөрсөнтэй холбогдуулан дүйцүүлэн багасгах, дахин гэмт хэрэг үйлдсэн нь хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хугацааны дотор байгаа эсэхийг ялган тогтоохдоо алдаа гаргасан байна.

Учир нь Г.Б-ид нэмж нэгтгэсэн дээрх 2 жил 3 сар хорих ял нь Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн ял бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд шинээр хөнгөрүүлэн тогтоосон хорих ялын хэмжээнд нийцүүлэн хасахад 12 жилийн хорих ял нь 10 жил 9 сар 22 хоног болж эдлээгүй үлдсэн ял нь 1 жил 2 сар 08 хоног болж багасч байна. Г.Б-ийг энэ хугацаагаар ял тэнссэн гэж үзвэл 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хулгайн гэмт хэрэг үйлдэх үед тэнсэн суллагдсанаас хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрч хугацаанаас өмнө тэнссэн 1 жил 2 сар 08 хоног дууссан байх тул ял нэмж нэгтгэх нөхцөл байдал үүсэхгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Б-ийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ял нэмж нэгтгэсэн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 

 1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 755 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ял нэмж нэгтгэсэн 3 дахь заалтыг бүхэлд хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б-ийн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.                      

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН