Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00493

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00493

 

Э.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/03362 дугаар шийдвэртэй

Э.Дгийн нэхэмжлэлтэй хариуцагч Өд холбогдох

Гэм хорын хохиролд 208 толгой малын үнэ 100,413,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Улаанбаатар төмөр замын Х тасгийн ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн А сумын Э багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Х тасгийн Ц өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн хажууд цурав тавьж байгаад гал алдсаны улмаас Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумын нутагт байгаль экологи болон сумдын иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан. Дээрх хэрэгт 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн 201211000253 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад галын шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр ...Х тасгийн ажилчид цурам тавьсан ба цурамаас оч үсэрч гал үүсвэрлэн гарсан..., ...гал үүсвэрлэн гарсан газар өвс, аргал, адууны хомоол ихтэй, салхитай хуурайшилт өндөр байсан..., ...хээрийн түймэр гарсан хэргийн материалуудыг шинжлэн үзэхэд Улаанбаатар төмөр замын Х тасгийн төмөр замын дагуу цурам тавих үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан болон хээрийн түймэр үүсвэрлэн гарсан цэгийн орчмоор цурав тавих ажлыг явуулсан удирдах ажилтнууд буруутай... гэжээ. Мөн галын шинжээчийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт дүгнэлтээр ...байршил тогтоогч GPS төхөөрөмжөөр гал гарсан газрын солбилцлыг тогтооход өргөрөг 480 04I446|| уртраг 114032|522|| цэгээс анх түймэр гарсан... гэж тус тус дүгнэжээ. Түүнчлэн эрүүгийн хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, галын шинжээч нарын дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар Улаанбаатар төмөр замын Х тасгийн төмөр замын дагуу цурам тавих үйл ажиллагааны улмаас гал түймэр алдаж, байгаль экологи, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан нь бүрэн тогтоогдсон. А аймгийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 3-д хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ. Дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Э.Дгийн 208 толгой мал шатаж, 103,500,000 төгрөгөөр хохирсон байх тул түүний гэм хорын хохирлыг Өаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оийн шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлийн агуулга: Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 208 толгой малын үнэлгээг зах зээлийн үнэ цэнэд тулгуурлан, олон улсын үнэлгээний 2017 оны стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэргийг ашиглан хараат бусаар бодитой үнэлж 160,650,000 төгрөг гэж үнэлсэн байна. Иймд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан үнэлгээ нь өнөөгийн үнэ цэнэд нийцсэн, бодитой байх тул 208 толгой малын үнэлгээний зөрүү 57,150,000 төгрөгийг Өаас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга: Хос Стандарт ХХК нь 208 толгой малын үнэлгээг А аймгийн А сумын 2012 оны 04 дүгээр сарын зах зээлийн үнэ цэнэд тулгуурлан, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэргийг ашиглан хараат бусаар бодитой үнэлж 100,413,000 төгрөг гэж үнэлсэн байна. А аймгийн Чойбалсан суманд Улаанбаатар төмөр замын Х тасгийн тасгийн дарга Л.Энхболдоор ахлуулсан нэр бүхий 23 ажилчин 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цурав тавьж байгаад галтай болгоомжгүй харьцаж, галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас тал хээрийн түймэр тавьж, онц их хэмжээний хохирол учруулсан. Улаанбаатар төмөр замын даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-II-64 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар Хэрлэн-Ц зөрлөг хоорондын замд түймрээс хамгаалах зурвас газрын өвс шатаах ажлыг хангалтгүй зохион байгуулж, ажил удирдах ажилтныг томилоогүй, ажилтнуудад зааварчилгаа өгөөгүй, техникийн болон багаж хэрэгслийн бэлтгэлийг бүрэн хангалгүйгээр ажиллуулж, гал алдаж, хариуцлагагүй ажилласан Х тасгийн дарга Л.Энхболд, С.Төмөрхуяг, Ш.Энхтүвшин, М.Нармандах зэрэг хүмүүст сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Мөн хэрэгт галын шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан, иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр 2-3 удаа бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гарсан энэхүү дүгнэлтэд нэхэмжлэгч Э.Дгийн 208 толгой адуу Улаанбаатар төмөр замын ажилчдын улмаас гал түймэрт өртсөн гэдгийг хангалттай нотолсон. Галын дүгнэлтийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр томилогдсон мэргэжлийн дадлага туршлагатай шинжээч нар гаргасан. Иймд эдгээр баримтуудаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдож байгаа тул Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Х тасгийн ажилчдын буруутай үйлдлийн улмаас гарсан хээрийн түймэрт шатсан Э.Дгийн 208 толгой адууны хохирлыг Хос Стандарт ХХК нь 100,413,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэстэй тул хариуцагчаас 100,413,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эийн тайлбар, татгалзлын агуулга: 2012 оны 04 дүгээр сард А аймгийн зарим сумд хээрийн түймэртэй байсан ба 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Дашбалбар сумаас эхтэй ой хээрийн түймэр гарсан байдаг. Уг түймэр Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан сумуудыг хамран дайрсан бөгөөд Х тасгийн ажилчид дэр мод, төмөр зам, холбооны шугамаа галаас хамгаалж цурав тавих ажиллагаа хийсэн. Энэхүү ой хээрийн түймрийн эзэн холбогдогчоор Д.Рг хээрийн түймэр тавьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар 213.1-д зааснаар хорих ялаар шийтгэгдсэн байдаг. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэм хорын хохиролд нийт 194,031,040 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн байдаг. Иймээс 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн А сумын Э багийн нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймэрт Улаанбаатар төмөр замын Х тасгийн ажилчид буруутай гэж А аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан галын нотломжийг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй. Уг ой хээрийн түймрийн эхэлсэн цэг нь Гурванзагал, Дашбалбар сумдын нутаг дэвсгэрт Д.Ргийн тавьсан түймрээс эхтэй ба Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутаг дэвсгэрийг хамарсан байдаг. Энэхүү нутаг дэвсгэрээр Улаанбаатар төмөр замын 239 км урт зам нэвтрэн өнгөрдөг бөгөөд ой хээрийн түймрээс төмөр замын дэр мод, холбооны шонгийн модоо хамгаалах үүднээс Х тасгийн ажилчид цурав тавьж хамгаалах зурвас татаж авсан. Энэ талаар галын дүгнэлт, нотломж гаргахдаа 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Гурванзагал, Дашбалбар суманд гарсан хээрийн түймрийг шинжлэн судлалгүйгээр зөвхөн Х тасгийн ажилтнууд гал алдсан гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нийт 208 толгой мал шатсан гэж хохирлоор 100,413,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилсэн байна. Гэвч ямар тоо баримт, үнийн эх сурвалж, жишиг ханшийг үндэслэн гаргасан нь тодорхойгүй, зэргэлдээх түймэрт өртсөн сумын малчдын ижил насны малын жишиг үнэлгээнээс хол зөрүүтэй, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хэлсэн дүнгээр үнэлсэн байгаа тул шатсан гэх малын үнэлгээг дахин албан ёсны үнэлгээчин, шинжээчдээр магадлан шинжилгээг бодитойгоор хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн эдгээр 208 толгой шатсан гэх малаас хэд нь үхсэн, хэд нь амьд үлдсэн зэрэг үхсэн хорогдсон малыг устгасан талаар тодорхойлолтгүй. А аймгийн А сумын Мал эмнэлгийн газраас шатсан малыг устгасан тухай актгүй зэрэг тодорхой баримтгүйгээр хохирол гэх 208 толгой малын төлбөр нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайлбал Э.Д мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэгтээ ...42 толгой адуу амьдаар нь олж авсан...25 толгой адууг огт олж чадаагүй гэж мэдүүлснээс үзэхэд 25 толгой адууг түймэрт өртөн үхсэн гэх баримтгүйгээр нэхэмжилж байна. Улаанбаатар төмөр замын Х тасгийг дээрх хээрийн түймэрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба хэргийг сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор гал тавьсан эзэн этгээд тодорхойгүй, энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож ирүүлэх, шинжилгээ гаргах эрх бүхий шинжээч нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд энэхүү шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад Х тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсан гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Улаанбаатар Төмөр Замын ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гал алдсан нь тогтоогдоогүй. Нэхэмжлэгч Э.Д нь хэрэгт авагдсан баримтаар 208 толгой адуутай байсан болох нь тогтоогддоггүй, 208 толгой адуугаа 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2012 оны 04 дүгээр сарын 23-нд шилжих үед галд шатаж гэм хор учирсан нь хэрэгт байгаа баримтаар хангалттай тогтоогдоогүй. Хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон ганц баримт байгаа энэ нь 2012 оны 07 дугаар сард хохирогчоор өгсөн мэдүүлэг, мөн гар бичмэл байгаа гэвч энэ гар бичмэлийг хэн, хэзээ, яаж бичсэн нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангаагүй, бичсэн зүйл нь уншигдахгүй, малын бүртгэл хийж үйлдсэн, эрүүгийн хэргийг шалгах явцад хохирлоо тооцох гэж гаргаж ирсэн баримт юм уу зэрэг нь ойлгомжгүй. Үнэхээр Э.Д өөрийн малаа Б.Рынд тавьж байсан юм бол ямар нэгэн хүлээж авсан баримт үйлдэгдсэн байх ёстой. Нөгөө талаас нэхэмжлэгчийн хохирогчоор 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн миний 208 толгой адуу шатсан гэх байдал нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А аймгийн төв архиваас хавсарган ирүүлсэн Б.Рын жилийн эцсийн мал тооллогын баримт, 2011 оны мал тооллогын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна. 2 дугаар хавтас хэргийн 27 дахь талд авагдсан 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А аймгийн Улаанбаатар төмөр замын Х тасгийн даргын тушаалаар томилогдсон асуудал судлах комиссын ажлын тайланд А сумын Засаг дарга Ц.Ариунболдын мэдүүлэг, мөн ажлын хэсгийн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлд түймэр гарсан гэх газар Б.Раар мал шатсан гэх газрыг заалган сэгийг тоолж үзлээ 80 гаруй адууны сэг байсан. Мөн А аймгийн төв архиваас Б.Рын нэр дээр мал устгалын акт үйлдсэн гэх баримт байхгүй гэж хариу ирүүлсэн. Бидний зүгээс А аймаг явж, Эрүүгийн хэргийн материалтай танилцсан, түүнд 70 гаруй хохирогчийн 14-15 хэргийн материал байдаг, хохирогч бүрдээ шатсан малын хашаа хороо, зураг авагдсан байдаг. Харин Б.Р болон Э.Дд ямар нэгэн баримт байхгүй. Мөн хэргийн 63 дах талд Б.Рын 2012 оны жилийн эцсийн мал тооллогын баримт дээр 2009 онд 208 адуутай, худалдаж авсан буюу шилжиж ирсэн нь 51 адуу, 65 төл гарсан байсан, үүнээс төллөх насны 120 нь гүү байсан, 2011 оны жилийн эцэст 440 адуу түүний 170 гүү, 118 унага байсан гэх баримт авагдсан. Хэрэгт авагдсан баримтаар Б.Рт 110 гүү нэхэмжлэн үүнийг нь хангасан. Гэтэл бодит байдал дээр 170 гүү байсан гэтэл нэхэмжлэгч 104 гүү нэхэмжилж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа шаардлага хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн хэд хэдэн удаа үнэлгээ дээр маргаж хамгийн сүүлд Хос Стандарт ХХК үнэлгээ гаргасан. Шүүгчийн захирамжид 207 толгой адууны 2012 оны зах зээлийн үнэлгээг гарга гэдэг гэтэл хөрөнгийн үнэлгээг хийсэн газрын аргачлал, хөрөнгийн үнэлгээний тайлан дээр тодорхойгүй байсан. Статистикийн төв газраас гаргасан малын зах зээлийг тогтоосон нийтэд илэрхий үйл баримт байдаг гэтэл үнэлгээгээ гаргахдаа илүү өндөр үнээр үнэлсэн тухайн үнэлгээний эх сурвалжаа тодорхойлоогүй байсан, 2012 оны зах зээлийн ханшаар тодорхойлох ёстой атал 2020 оны үнэтэй харьцуулсан байсан. Иймд хариуцагчийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, шинжээчийг гэрчээр оролцуулж байна. Иймд үнэлгээ бодит бус, хөрөнгийн үнэлгээнд заасан шаардлагыг хангаагүй учраас тухайн үнэлгээ нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч талаас сахилгын шийтгэл авахуулсан тул энэ нь хариуцагч талыг гал алдсан гэдгийг батална гэдэг. Хэрэгт авагдсан баримтаар А аймагт 2012 оны 4 сард анх удаа гал гараагүй, А аймаг өөрөө гал гарах өндөр эрсдэлтэй нутагт хамаардаг, галын улмаас төмөр замд 2011 онд 300,000,000 төгрөг, 2012 онд 285,000,000 төгрөгийн хохирол учирсан, үүнтэй холбогдуулан төмөр замын ажилтнуудад галаас сэргийлэх, цурав тавих ажиллагааг хангалтгүй хийсний улмаас хохирол учирсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Э.Д хохирогч мөн эсэхийг анхаарах хэрэгтэй. Хохирогч мөн эсэхийг тодорхойлохын тулд Э.Д малчин Б.Рт малаа тавьсан эсэхийг нотлох хэлцэл байдаггүй, 2012 онд Эрүүгийн хэргийг хянах явцад нэхэмжлэгч Э.Д мөн адил хохирогчоор тогтоогдоогүй. Нэхэмжлэгч хохирогч биш учраас шаардах эрх хэрэгжихгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан шинжээчийн дүгнэлт болон сүүлд Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын зүгээс дүгнэлт гаргасан үүнд 9 асуулт бүхий шүүгчийн захирамжийг хүргүүлсэн бөгөөд 9 асуултын 3-т хариулсан. Энэ асуултад нэхэмжлэгчийн шатсан 208 толгой адуу хаана байсан, бэлчээрт байсан газарт 2 эх үүсвэртэй галын аль нь очсон юм бэ гэдгийг тодорхойлох зорилготой байсан гэтэл иргэний хэрэгт ч тэр эрүүгийн хэрэгт ч тэр тухайн үеийн шинжээчийн дүгнэлтэд ч тэр нэхэмжлэгч Э.Дгийн мал бэлчиж байсан газраар бус малчин Б.Рын мал нутаглаж байсан газраар ч бус оршин суух байршлаар л галын шинжээчийн дүгнэлт гардаг, мал нь хаана байсныг тодорхойлох гэхээр шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гараад байдаг. Улаанбаатар төмөр замын ажилтны цогоос үүдсэн гал Э.Дгийн мал нутаглаж байсан Хөх нуур гэх газар хүрсэн. Хөх Нуур гэх газарт Б.Рын гэр байсан мал нь нутаглаж байгаагүй. Хэрэгт Б.Рыг хохирогчоор асуусан мэдүүлэгтээ өөрөө мэдүүлсэн. Тэгэхээр адуу байсан газрыг шинжлэн судлаагүй тул шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, асуулт хариулт нь өөр хоорондоо үндэслэлгүй. Б.Рын мэдүүлгийг үндэслэн асуусан З асуулт дээр А аймгийн хилийн цэргийн 132 дугаар ангийн 5 дугаар заставаас Б.Рын ажиллаж байсан Хөх Нуур хүртэл хэдэн км юм бэ гэхэд тогтоох боломжгүй гэсэн. Өмнөх асуулт дээрээ Б.Рын гэрийг тогтоосон байж энэ асуулт дээр тогтоох боломжгүй гэж өөр хоорондоо үгүйсгэсэн хариулт өгч байсан. Засгийн газрын 254 дүгээр тогтоол буюу ойн хээрийн түймрээс үүссэн хохирлыг тооцох журмын 1.3-т ойн хээрийн түймрийг тооцох, тодорхойлох ажлыг ой хээрийн түймрээс хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу зохих шатны засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг гүйцэтгэнэ гэсэн байдаг. Хэрэгт Цагдаагийн газраас Э.Дгийн шатсан малын үнэлгээг гаргасан байдаг энэ нь дээр дурдсан ажлын хэсэг биш, энэ баримт албан ёсны биш тул нотлох баримтаар тооцох үндэслэлгүй. Мөн Э багын засаг даргын тодорхойлолт 1 дүгээр хавтас хэргийн 21 дэх талд малчин Б.Р тус нутагт 440 тооны адуу тоологдсон байна гэх тодорхойлолт байдаг. Энэ нь 440 адуу тоологдсон гэдгийг нотлохоос 423 адуу шатсан гэдгийг нотлохгүй. Мөн мал эмнэлгийн газар, А сумын засаг даргын тамгын газар мэргэжлийн хяналтын газар зэргээс үнэхээр эдгээр малыг түймэрт алдсан эсэхийг тодорхойлохоор тухай бүрд шүүгчийн захирамжаар баримт гаргуулахаар гаргаж байсан. Гэтэл мал алдсан талаарх баримт байдаггүй. Мөн 1 дүгээр хавтас хэргийн 11 дүгээр талд Э.Дг хохирогчоор байцаасан тэмдэглэл байдаг уг тэмдэглэлд 2011 оны жилийн эцсийн мал тооллогод 172 тооны адууг малчин Г.Рт хүлээлгэн өгсөн. Сүүлд 2012 оны 3 сард 58 тооны адуу буюу нийт 230 тооны адууг аваачин өгсөн байна. 230 адуунаас 208 адуу түймэрт шатсан гэж үзвэл Э.Дд 22 адуу үлдэж байна, 208 адуу түймэрт өртсөн гэх атлаа 42 адууг амьдаар олсон гэдэг. Ийм ойлгомжгүй мэдүүлэг өгдөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Өаас 100,413,000 /нэг зуун сая дөрвөн зуун арван гурван мянган/ төгрөгийг гаргуулан Элбэгийн Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,119,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өаас 660,015 /зургаан зуун жаран мянга арван таван/ төгрөгийг гаргуулан Э.Дд олгож шийдвэрлэсэн байна.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эийн давж заалдах гомдлын агуулга: ... Түймрийн улмаас шатаж хорогдсон гэж нэхэмжилж буй 208 толгой адуу нь нэхэмжлэгч Э.Дгийн өмчлөлийн мал болох нь, улмаар гэм хорын улмаас хохирлыг шаардах эрх бүхий этгээд мөн болох нь баримтаар нотлогддоггүй болно. Хэрэгт авагдсан А аймгийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24.1.2, 208.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, гэм буруутай нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээхгүй гэж үзэж байна. Монгол Улсад жил бүрийн 12 дугаар сард улсын хэмжээнд нэгдсэн мал тооллого явагддаг бөгөөд аймаг бүрийн архивын санд тухайн орон нутгийн малчны нэр дээр тоологдсон малын тоо бүртгэл хадгалагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний зүгээс нэхэмжлэгчийн нэр дээр шатсан гэх 208 толгой адуу тоологдож байсан эсэхийг А аймгийн Архивын тасгаас баримтаар гаргуулсан бөгөөд нэхэмжлэгч Э.Дгийн нэр дээр тоологдсон мал тооллогын баримт байдаггүй. Нэхэмжлэгч Э.Д нь 208 толгой адуутай байсан болох, тэдгээр адуу нь хээрийн түймэрт шатаж хорогдсон болохыг нотолсон ямар ч баримт хэрэгт байхгүй байхад шүүхээс хэт нэг талыг баримтлан зөвхөн 2012 онд Цагдаагийн газарт хохирогчоор мэдүүлэг өгсөн үеийн мэдүүлэгт үндэслэж хохирол учирсан гэж үндэслэлгүй дүгнэсэн. Түүнчлэн Э.Дг малчин Б.Рынд тавиул малтай байсан гэдгийг тэдний гар бүртгэл гэх бичвэрт үндэслэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн адууны бүртгэл гэх баримт нь хэн, хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, ямар ч гарын үсэггүй, өөр баримтаар давхар нотлогддоггүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй, харагдахгүй баримт байгааг дүгнэн үзэлгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Э.Дгийн адуу мал шатсан тухай, тэдгээрийг устгалд оруулсан тухай ямар ч баримт байдаггүй. Мөн 2012 оны 04 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд гарсан тал хээрийн түймэрт өртөж шатаж хорогдсон 208 толгой адууны сэг зэмийг булж устгасан А сумын ЗД-ын тамгын газрын архивт үйлдэгдээгүй байна. Хэрэгт Э.Дгийн тавиул малыг маллаж байсан малчин Б.Рын мэдүүлэг авагдсан ба түүний мэдүүлгээр үхсэн адууны нийт нутаг дэвсгэрийн хэмжээг хэлсэн байдаг. Гэтэл нутгийн хойд зүг рүү хилийн застав руу чиглэн тарсан байсан адууны байршлыг А сумын Энгэршанд багийн Хөх нуур гэх газрын байршлаар тогтоон тухайн газар 208 тооны адуу хорогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Галын шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүхээс 9 асуулт бүхий захирамжийг ЦЕГ-т хүргүүлсэн ба томилогдсон шинжээч дүгнэлт гаргахдаа 9 асуултаас 3 асуултад л хариулсан байдаг. Хариулаагүй 6 асуултыг тогтоох боломжгүй гэсэн нь хариулсан хариултаа үгүйсгэдэг. Нөгөөтээгүүр тухайн цаг үед буюу 2012 оны 4 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд А аймгийн Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн сумдад хээрийн түймэртэй байсан бөгөөд энэхүү түймрийн эзэн холбогдогчийг тогтоож шүүхээс зохих ял шийтгэлийг оногдуулсан. Энэхүү түймэр нь 04 дүгээр сарын 18-19-ний өдөр дэгдэн 04 дүгээр сарын 20-21-ний өдрүүдийн хооронд намжин унтарсан байдаг. Улмаар 04 дүгээр сарын 22-ны өдөр хүчтэй салхины улмаас хүлэр буюу хөрсний доодох цогноос гал дахин дэлгэрч салхины хүчний нөлөөгөөр нутгийн хойд зүгт тархан дэлгэрч улмаар нэхэмжлэгчийн нутаглаж байсан Чойбалсан сумыг чиглэсэн байдаг. Энэ талаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргасан шинжээч нь тухайн үед 2 эх үүсвэртэй галаас УБТЗ-ын ажилчдын алдсан гал Хөх нуур гэх газар түрүүлж хүрсэн байна гэж дүгнэсэн бөгөөд нөгөө эх үүсвэртэй түймрийн талаар нэг ч дурдаагүй, энэ талаар харьцуулан нарийвчилж судлаагүй нь шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан эсэх нь эргэлзээтэй байна. Шүүхээс гал түймрийн мэдээллийг судалж, бүртгэдэг ОХУ-ын fires.ru цахим сайтад тухайн үеийн түймрийн нөхцөл байдалд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр А аймгийн Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн сумдад 2012 оны 04 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд гарсан хээрийн түймэр нэхэмжлэгч Б.Рын нутаглаж байсан газар руу чиглэсэн нь тодорхой харагдаж байхад УБТЗ-ын ажилчдын тавьсан түймэр түрүүлж хүрсэн байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн сумдад гарсан түймэр буюу иргэн Д.Ргийн тавьсан түймэр, нь нэхэмжлэгч нарын амьдарч байсан газраас 50 орчим км-ийн зайтай, харин УБТЗ-ын ажилчид алдсан гэх түймрийн эхэлсэн цэг А сумын Ц өртөөнөөс баруун тийш 145 дугаар км нь нэхэмжлэгчийн амьдарч байсан газраас 120 орчим км-ийн хол зайтай байхад УБТЗ-ын ажилчдын гал түрүүлж хүрсэн байна гэж дүгнээд буй нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрт УБТЗ-ын даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-2-64 тоот тушаал авагдсан талаар дүгнэсэн байна. 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 23-ны өдөр хооронд гарсан хээрийн түймэрт УБТЗ-ын Х тасгийн 11-145 дугаар км хоорондох замын байгууламж шатаж 337,712,279 төгрөгийн хохирол учирсан. Ой, хээрийн түймэртэй үед замын байгууламжийг түймэрт хамгаалах арга хэмжээг хангалттай авч ажиллаагүй үндэслэлээр тус сахилгын шийтгэлийг ногдуулсанд УБТЗ-ын ажилчид гал алдаж улмаар ажилтнууддаа арга хэмжээ авсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаагийн давж заалдах гомдолд гаргасан нэмэлт тайлбарын агуулга: ...Э.Д нь адуу малтай байсан, адуу малаа Б.Рынд тавиулж харуулдаг байсан гэдгийг нотлох баримт хэрэгт байдаггүй. Нэхэмжлэгч Э.Дгийн нэр дээр малын ямар ч бүртгэл байхгүй, мөн шатсан малын ганц ч зураг байхгүй, шатсан малыг нь устгасан акт байхгүй, мал тооллогын баримт ч байхгүй байгааг шүүх үнэлээгүй орхигдуулсан. А аймгийн төв архивын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 29 тоот бичгээр хавсарган ирүүлсэн иргэн Б.Рын 2010, 2011 оны мал тооллогын маягт болон мал тооллогын дэлгэрэнгүй баримтаар нэхэмжлэгч Э.Дгийн 208 толгой адуу шатсан гэдэг нь үгүйсгэгддэг. Гэтэл Э.Д нь 112 гүү шатсан гэж нэхэмжилж буй нь хэрэгт авагдсан баримттай нийцэхгүй, хоорондоо зөрүүтэй, үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг бодитойгоор харьцуулан дүгнэхгүйгээр шийдвэрлэсэн нь зөрчилтэй. Мөн гал гарсан гэх сумдаас комисс гарч, Халдварт өвчнөөс сэргийлж тухайн газар дээр малын сэг зэмийн зургийг авч баталгаажуулан, устгал хийж булсан, мал устгалын акт үйлдсэн байдаг. Тухайн үед гарсан галын улмаас мал нь шатсан гэх иргэдийн мал шатсан эсэх нь мал тооллогын маягт, мал устгалын акт, зураг зэрэг баримтуудаар тогтоогддог боловч Б.Р, Э.Д нарт ямар ч баримт байдаггүй. Мөн А аймгийн төв архиваас Б.Рын нэр дээр мал устгалын акт үйлдээгүй тухай хариу ирүүлсэн. Дээр дурдсан баримтуудаар Э.Дгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шатсан малын үнийг Хос стандарт ХХК-ийн гаргасан үнэлгээний дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ тус компанийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн талаар дүгнээгүй, хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулаагүй орхигдуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Итгэлт эстимэйт ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр шатсан малын үнэлгээг 78,849,900 төгрөг гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс ямар нэг тодорхой хууль зүйн үндэслэл заагаагүйгээр ... шатсан малын үнэлгээг бодитой гаргаагүй тул А аймгийн А сумын орон нутгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаар дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Мөн орон нутгийн үнэлгээний байгууллага болох Вендо ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр шатсан малын үнэлгээг 70,666,919 төгрөг гэж гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс ... бодитой байх зарчимд нийцээгүй ... гэж дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргахад шүүх хуралдаан хийлгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байсан. Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг ямар үндэслэлээр үгүйсгэсэн нь тодорхойгүй, тэр талаар дүгнэлт хийгээгүй байна. Хос стандарт ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулаагүй зөрчилтэй. Тухайлбал, хэрэгт авагдсан Г.Рын нэхэмжлэлтэй хэргийн шүүхийн шийдвэрт Г.Рын 213 толгой шатсан адууны үнийг 80 сая төгрөгөөр тогтоосон байхад нэг сүргийн адуу буюу нэг өдөр, цуг шатсан 208 толгой адууны үнэлгээг 100,413,000 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийг хангаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан дүгнээгүй болох нь тогтоогдож байна. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Нийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга :... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн 208 адуу шатсан үйл баримтын хувьд эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагааны явцад хүндэвтэр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан болохоос биш яллагдагч нарын гэм буруу тогтоогдоогүй зүйл байхгүй. Эрүү болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд, эрүүгийн хэрэгт гэрчээр байцаагдаж байсан хүмүүсийн мэдүүлгээр Улаанбаатар төмөр замын ажилчдын буруутай үйл ажиллагааны улмаас бол нэхэмжлэгчийн 208 толгой адуунд хохирол учруулсан нь тогтоогддог. Нэхэмжлэгчийн 208 толгой адуутай байсан үйл баримтын тухайд нэхэмжлэгч нь иргэн Б.Раар малаа маллуулж түүний нэр дээр тоолуулж хэрэгт авагдсан Б.Рын мэдүүлэг болон 2010, 2011 оны мал тооллогын баримт, мал даатгалын баримт, адуу бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогддог. Малын сэг зэмийг устгасан баримтын тухайд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны явцад нэхэмжлэгчийн 208 толгой адууны иргэний нэхэмжлэгчээр тодорхой эд мөрийн баримт дээр үндэслээд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож байгаад хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн хэдэн баримтууд нь устагдсан баримт байгаа. Малын устгалын акт байхгүй гээд байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар хуудаст А аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2/329 тоот албан бичгээр малын сэг зэм устгасан талаар мэдэгдээгүй байна гэдэг. Мэдэгдээгүй учраас А аймгийн А сумын засаг даргын тамгын газраас ажлын хэсэг байгуулахгүй байх нь ойлгомжтой хэрэг. Улаанбаатар төмөр замын Х тасгийн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажлын хэсэг байгуулсан гэдэг. Энэ баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх баримт гэж үзэх боломжгүй. 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснээс хойш 2 сарын дараа ийм ажиллагаа хийгдэж байгаа тул үүнийг татгалзлын үндэслэл болох үндэслэлгүй гэж үзэж байна. Эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн тухайд анхан шатны шүүх хуралдаанд үнэлгээний эх сурвалж, тооцоолол, үндэслэл зэргийг гэрч, шинжээч н.Баттулгыг гэрчээр асууж, хариуцагч талын үгүйсгэж, эргэлзээтэй гэж үзээд байгаа үндэслэлүүдийг тайлбар мэдүүлэг аваад шинжээчийн тайлбар мэдүүлгээр няцаагддаг. Г.Р болон нэхэмжлэгч нарын адуу эрс зөрүүтэй байна гэж байна. Хэдийгээр нэг адуун сүрэгт байсан хэдий ч нас, ангилалын хувьд өөр. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 459,145 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Э.Дгийн нэхэмжлэлтэй хариуцагч Өд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Өд холбогдуулан гэм хорын хохиролд 208 толгой малын үнэ 100,413,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Х тасгийн ажилчдын буруутай үйлдлийн улмаас гарсан түймэрт Э.Дгийн 208 толгой адуу шатсан гэж тайлбарласан байна.

3. Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...хариуцагч байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй гэж маргасан байна.

4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.Д нь өөрийн адуугаа бусдаар маллуулж байсан гэх байдлаа нотлохоор 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бичсэн Адууны бүртгэл гэсэн баримтыг шүүхэд гаргажээ. Уг баримтад ...манай адуу, Э.Д ахын адуу, Э.Д ахын адуун дээр нэмэгдэж ирсэн адуу гэсэн бичвэрүүд байна. Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтыг хэн ямар зорилгоор үйлдсэнийг тодруулаагүйгээс гадна уг баримтыг бусад нотлох баримттай хэрхэн харьцуулж үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй болжээ.

6. Хариуцагч Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бүрдүүлсэн хохирогч Б.Р, Э.Д нарын мэдүүлгийг иш татан маргаж, нэхэмжлэгч хэдэн адуутай байсан, түүнээс хэд нь түймэрт өртсөн болохоо нотлоогүй гэсэн байна.

7. Хэргийн 1 дүгээр хавтасны 63-64 дүгээр талд Эрүүгийн хэрэгт 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б.Рыг хохирогчоор байцаасан тэмдэглэлд ...2011 оны жилийн эцсийн мал тооллогын өмнө 172 толгой адууг хүргэж ирсэн. 2012 оны 03 дугаар сард 58 толгой адууг хүргэж ирсэн. 2011 оны жилийн эцсийн мал тооллогоор Э.Д ахын малыг өөрийн нэр дээр тоолуулсан. Нийт 213 толгой адуу түймэрт өртсөн байснаас 62 толгой адууг амьдаар нь олж авсан. 34 толгой адууг огт олж чадаагүй гэсэн,

мөн өдөр Э.Д хохирогчоор асуугдахдаа ...Нийт 208 толгой адуу түймэрт өртсөн байсан. 42 толгой малыг олж авсан, 25 толгой адууг огт олж чадаагүй. Сумын үнэлгээний комиссоор ямар үнэлгээтэй үнэлүүлнэ түүнийг нь хүлээн зөвшөөрнө /1хх.11-12/ гэсэн мэдүүлгийг тус тус гаргажээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт ...хэргийн нотлох баримт нь зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж тус тус заасан.

9. Анхан шатны шүүх иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Э.Дгаас нэхэмжлэлийн талаар тайлбар, мэдүүлэг аваагүй, гэрчээр Б.Рыг асуугаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар авагдсан гэрчийн мэдүүлгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд үнэлсэн нь зөрчилтэй болжээ. Уг баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан гэрчийн мэдүүлэг авах журамд нийцэхгүй.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид түймэрт өртсөн гэх адууны үнэлгээг тогтоолгохоор шүүхэд хандаж шүүхээс Хөрөнгийн үнэлгээний төв ХХК /хх.66-74/, Вендо ХХК /1хх.156-164/, Итгэлт эстимейт ХХК /1хх.114/, Хос стандарт ХХК-уудыг /1хх.173-182/ томилж, адууны үнэлгээг гаргуулсан байх боловч эдгээр үнэлгээнүүд нь хоорондоо эрс зөрүүтэй, мөн хэргийн 2 дугаар хавтасны 26 дугаар талд Гурванзагал сумын үнийн комиссын 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан орон нутгийн малын жишиг ханш, А сумын Э багийн нутагт гарсан түймэрт шатсан малын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн үнэлгээ зэрэг баримтууд авагдсан байхад шүүх эдгээр баримтуудыг хооронд нь хэрхэн харьцуулан үнэлсэн нь тодорхойгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...малын зах зээлийн үнэлгээг дахин гаргуулах хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2021/00310 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /хх.41-45/

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...А аймгийн архивын газраас Б.Рын нэр дээрх малын А данс буюу мал тооллогын 2010, 2011 оны А маягтыг гаргуулах хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг А аймгийн Архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/3682 тоот албан бичгээр ...2012 оны малын А дансанд шүүхэд Б.Рд холбогдох баримт байхгүй байгаа ба 2013 оны баримт архивт шилжиж ирээгүй болно гэсэн хариу ирсэн байна. /1хх.154/ Дээрх баримт нь тухайн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байгаа бөгөөд нэхэмжлэгч Э.Дгийн 2012 оноос өмнөх мал тооллогын баримтууд нь маргааны үйл баримтад чухал холбогдолтойн дээр зохигчид уг асуудлаар маргасан байхад шүүх уг асуудлыг нарийвчлан тодруулаагүй орхигдуулсан байна.

Зохигчид нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан эсэх, уг гал түймэр гарсан үйл баримтад хариуцагч гэм буруутай эсэхэд маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах удаа дараагийн хүсэлтийг шүүх хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШТ2021/0098 дугаар захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШЗ2019/14768 дугаар захирамжаар Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан байгаа боловч шүүгчийн захирамжид тавигдсан асуултын б, в, д-д тавьсан асуултуудад тогтоох боломжгүй гэсэн хариулт өгч, маргааны зүйл болж буй үйл баримтыг тодруулахаар гаргасан шүүгчийн захирамжийн биелэлт хэрэгжээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан бөгөөд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг мэргэжлийн шинжээч томилж тодруулдаг бөгөөд уг ажиллагааг гүйцэд, бүрэн дүүрэн хийлгэснээр шүүх үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөх юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Нэхэмжлэгчийн 208 толгой шатсан гэх малыг утсгалд оруулсан тухай баримт гаргуулах-аар хүсэлт гаргасныг шүүх 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШТ2020/00157 дугаар захирамжаар хангаж, А аймгийн Мал эмнэлгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн албан бичигт ...2012 оны 04 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд гарсан тал хээрийн түймэрт өртөж шатаж хорогдсон 208 толгой адууны сэг зэмийг булж устгасан акт А сумын Засаг даргын Тамгын газрын архивт үйлдэгдээгүй байна гэжээ. /хх.92, 109/ Нэхэмжлэгчээс галд шатсан гэх 208 толгойг адуугаа хэрхэн устгасан талаар тодруулаагүй, уг асуудлын талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүйгээс гадна шүүх дээрх баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжтой.

Нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодруулснаар талууд уг асуудлаар мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор талуудын нотолгооны үүрэг өөр өөрөөр тодорхойлогдохоос гадна тухайн маргааныг шийдвэрлэхэд холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглэх боломжтой болох юм.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/03362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 660,015 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ц.ИЧИНХОРЛОО