Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00267

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00267

 

 

 

                               Б.О, Б.Тнарын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/02400 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О, Б.Тнарын хариуцагч ИНЕГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 47,136,140 төгрөг гаргуулах үндсэн, сургалтын төлбөрт зарцуулсан 73,024,793.097 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, өмгөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, Д.Анарзул, Б.Цолмонгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 47,136,140 төгрөг хариуцагчаас гаргуулах,

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.О2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ИНЕГтай Канад улсад агаарын хөлгийн инженер мэргэжлээр суралцах 3 талт гэрээг байгуулж, 3 хүний өмчлөлийн 6 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Б.О2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Канад улсад очсон. Гэрээний 2.1-д “ИНЕГ 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор сургахаар тохиролцсон боловч хичээл эхлээгүй. Суралцаж байх хугацаанд тус газрын удирдлагууд 6 удаа солигдсон байдаг. Хариуцагч тал гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Б.О2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсад буцаж ирэн 12 дугаар сарын 30-ны өдөр эргэж явсан. Улмаар 2014 оны 04 дүгээр сар хүртэл суралцаж байгаад 04 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсад буцаж ирсэн. Канад улс руу буцаж очсон боловч визний хугацаа дуусч 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгуулсан. Нэхэмжлэгчийг суралцаж байх хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газраас хугацаа хэтрүүлж төлбөр төлдөг байсан тул хичээлээ байнга хугацаа хэтрүүлж сонгодог байсан. Иймд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр визний хугацаа дуусч Монгол улсад ирээд буцаж яваагүй. Нэгэнт гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул барьцаа хөрөнгөө чөлөөлүүлнэ. Мөн хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс суралцаж байх хугацаандаа ар гэрээсээ нийт 35 удаагийн гүйлгээгээр 17 000 ам доллар авсан гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Гэрээний 2.1-д зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сардаа багтааж хэлний бэлтгэлээ төгсөх ёстой байсан. Нэхэмжлэгчийг суралцаж байх хугацаанд сар бүр 180 доллар өгч байсан. 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зуучлагч байгууллагын алдаатай үйл ажиллагааны улмаас төлбөр зогссон. 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сургалтын төлбөр болон тэтгэлгийг өгсөн байхад 2012 оны 09 сараас эхлээд 04 сардаа багтааж хэлний бэлтгэлээ төгсчих байсан. Төлбөр төлөгдөөгүйн улмаас сургуульдаа явах боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй. 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хэлний бэлтгэлээ төгсөөд Монгол улсад ирсний дараа 10 дугаар сарын 14-ний өдөр ИНЕГт өргөдөл гаргаж өөр мэргэжлээр суралцах хүсэлтэй талаар илэрхийлсэн. Харин төлбөртэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт дурдаагүй байсан. Мөн үндсэн ангийн төлбөр болох 6,660 долларыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн тул Б.О2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үргэлжлүүлэн суралцахаар явсан. Нэхэмжлэгчийг Канад улсад байх хугацаанд дараагийн улирлын төлбөр болох 4,867 долларыг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Анги дүүргэлтийн төлбөр 1,000 долларыг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн. Хариуцагч төлбөрийг 100 хувь төлсөн байхад нэхэмжлэгч 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсад ирээд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл байж хавар, зуны хичээлээ тасалсан. Тиймээс дахин сургалтын төлбөрийн нэхэмжлэх ирээгүй. Б.Оыг сургуулиа завсардуулсныг хариуцагч тал мэдээгүй тул 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл сургалтын тэтгэлгийг шилжүүлж байсан. 2015 онд сургалтын гэрээний хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа суралцах хугацааны тэтгэлгийг үргэлжлүүлэн олгохыг хүссэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөл хуралдаж тус газрын даргын А/727 дугаар тушаалаар Б.Оыг суралцуулахаар шийдвэрлэн, нэмэлт гэрээ байгуулах байсан боловч нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөрт зарцуулсан 73,024,793.097 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна.

3.1 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Оямар нэгэн байдлаар хариуцлагагүй хандсан гэж үзэж байна. 3 талт гэрээний 2.1-т заасны дагуу 73,024,793 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй. Б.О3 талт гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний 3.7-д зааснаар өөрөө болон ар гэрийнхэн хариуцан барьцааны гэрээг шилжүүлэх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн буруугаас болж гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 160 дугаар зүйлийн 160.1.6, 219 дүгээр зүйлийн 219.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан барьцаа хөрөнгө болох .... талбай бүхий хувийн сууц болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг ИНЕГт даалгаж, нэхэмжлэгч Б.Та, Б.Онарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохиролд 47 136 140 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Б.Т, Б.Онарт холбогдох гаргасан сургалтын төлбөр 73 024 793 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 814 830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

6.1 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн. Хавтаст хэргийн 46-48 дугаар хуудсанд авагдсан хариуцагч шаардах эрхээ хэрэгжүүлэх байсантай холбоотой нотлох баримтууд болох Захиргаа, удирдлагын газрын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2018/04 тоот албан бичиг, Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1 тоот албан бичиг илгээж шаардах эрхээ хэрэгжүүлж байсан бөгөөд үүнийг гардуулсан талаар гэрчээр Б.Амарбаясгалан асуулгаж нотлогдсон. Мөн нэхэмжлэгч нар албан бичгүүдийг хүлээж авсан талаараа маргахгүй гэх тайлбарыг хэлсээр атал баримтыг үнэлэхгүйгээр хугацаандаа шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

6.2 ИНЕГ нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2018/04 тоот албан бичгээр нэхэмжлэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэх эсхүл гэрээг хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой баримт, учир шалтгаанаа тайлбарлах нэмэлт хугацааг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр тогтоосон. Гэвч уг сунгасан хугацаанд нэхэмжлэгч нар баримт ирүүлээгүй. Харин суралцагчийн төлөөлөгч Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудтай удаа дараа уулзсан уулзалтаар хүүхдээ төгсгөөд бичиг баримтыг нь авч ирж өгөх тул түр хүлээх хүсэлт гаргасныг харгалзсан. Хэсэг хугацаанд хүлээсэн боловч гэрээний үүрэг хангагдахгүй байсан тул 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот албан бичгээр гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч нар уг мэдэгдлийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдэг бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Хариуцагчийн зүгээс сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг хуульд заасан үндэслэлээр сунгасан, сунгагдсан хугацаанд гэрээний үүргийг биелүүлэхийг хүлээсэн байхад шүүх шууд хугацаандаа шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

... Хариуцагч тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан байх шаардлагатай. Мөн нэхэмжлэгч шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нотлох баримт хэрэгт авагдаж нотлогдсон байх ёстой. Гэтэл энэ шаардлагын аль аль нь биелээгүй. Хариуцагч 2020 оны 6 дугаар сард нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх шаардах эрхгүй байна гэж дүгнээгүй. Шаардах эрхтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэж дүгнэсэн. Иймд анхан анхан шатны шүүхээр шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.О, Б.Тнарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 47,136,140 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч ИНЕГ эс зөвшөөрч сургалтын төлбөрт төлсөн 73,024,793.097 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

            3. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4. Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 47 136 140 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

5. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогджээ. 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэгч Б.О, хариуцагч ИНЕГ, иргэн Б.Т нарын хооронд байгуулагдсан Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээгээр нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагын зардлаар Канад улсын ...мужийн Burnaby хотын ...технологийн институтэд агаарын хөлгийн авионик инженерийн мэргэжлээр 1.9 жил, англи хэлний бэлтгэлд 6 сар хугацаатай нийт 112,733 ам.долларын зардалтайгаар суралцуулахаар харилцан тохиролцжээ. /хх6-8/

Мөн талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцааны гэрээнд нэрлэн заасан газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан үйл баримт нэхэмжлэгч Б.Т болон хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газрын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр тогтоогдсон. /хх9-15/

6. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “хариуцагч тал сургалтын төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсний улмаас цаашид суралцах боломжгүй болсон, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр визний хугацаа дуусч Монголд ирсэн. Нэгэнт гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул барьцаа хөрөнгөө чөлөөлүүлнэ. Хэрэв хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол гэр бүлээсээ 17,000 ам.доллар авч хохирохгүй байсан ...” гэж тайлбарласан нь үндэслэл муутай байна.

6.а. Талуудын байгуулсан гэрээний 2.2-т “сургалттай холбогдон гарах зардлыг ИНЕГ валютаар тооцон, батлагдсан төсвийн дагуу олгох буюу сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн сургуулийн дансанд шилжүүлж тооцоо хийнэ” гэж заажээ. Нэхэмжлэгчийн сургуулиас ирүүлсэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6,660.16 ам.долларын нэхэмжлэхийн дагуу хариуцагч байгууллагаас дотуур байрны төлбөрт 8,45 ам.доллар, эд хөрөнгийн шимтгэл 9,10 ам.доллар, өвлийн сургалтын төлбөр 1,885 ам.доллар, эрүүл мэндийн төлөвлөгөө 105 ам.доллар, сонгон суралцах арга 125 ам.доллар, суралцах нөөцийн төлбөр 55,20 ам.доллар, оюутны картын хураамж 2,50 ам.доллар, SA төлбөр 36,66 ам.доллар, олон улсын хураамж 4,277 ам.доллар, оюутны үйлчилгээний хураамж 16,25 ам.доллар, U-pass 140 ам.долларыг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4,867.70 ам.долларын нэхэмжлэхийн дагуу дотуур байрны төлбөр 6,50 ам.доллар, эд хөрөнгийн шимтгэл 7 ам.доллар, хавар, зуны төлбөр 1,450 ам.доллар, SA төлбөр 28,20 ам.доллар, Олон улсын хураамж 3,290 ам.доллар, оюутны үйлчилгээний төлбөр 12,50 ам.доллар, U-pass 73,50 ам.долларыг 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу 1,000 ам.долларыг 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус тус хариуцагч тал шилжүүлсэн байна. /хх123-130/

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэл нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид учирсан гэх хохирлыг хариуцах үндэслэлгүй байна. 

6.б. Хариуцагч байгууллагаас 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 25,997.10 ам.долларыг нэхэмжлэгчийн сургалтын төлбөр, сар тутмын тэтгэлэг, байрны төлбөр, суудал баталгаажуулалтын төлбөр зэрэгт шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь үндсэн сургалтын зарим хугацаанд Монгол Улсад байсан болох нь Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа болон сургуулиас ирүүлсэн э-мэйлээр тогтоогддог. /хх143, 129-130/

Талуудын гэрээний 3.3, 3.4 дэх хэсэгт “эрүүл мэндийн шалтгаанаас бусад шалтгаанаар /тухайлбал бизнес эрхлэх, визийн журам зөрчин тухайн улсад үлдэх зэрэг/ хичээл завсардахыг хориглоно .., суралцагчийн өөрийн эцэг, эх, эхнэр, нөхөр буюу хүүхэд, төрсөн ах, эгч, дүү нарын хэн нэг нь нас барахаас бусад тохиолдолд сургууль хичээлээс завсардуулж дуудахгүй. Хэрэв дурьдсан шалтгаанаар дуудах болбол зөвхөн ИНЕГ-ын зөвшөөрлөөр дуудна ... ” гэж заасан.

Дээрхээс үзэхэд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн сургалтын төлбөрийг сургуулиас шаардсан даруйд шилжүүлсэн байх ба хариуцагч сургалтын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу төлөөгүйгээс нэхэмжлэгч хичээлээ хоцорч сонгож цаашид суралцах боломжгүй болсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн гэх нотлох баримтгүй.

6.в. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийг суралцах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна. /хх125-130, 143/

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг сургалтын төлбөрийг төлөх ёстой хугацаандаа төлөөгүй гэж тайлбарлах боловч уг үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар шаардсан, үүнтэй холбоотойгоор гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах зэргээр эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтгүй.

Хариуцагчийн буруугаас сургалтын төлбөр төлөгдөөгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч цаашид суралцах боломжгүй болсны улмаас гэрээ цуцлагдсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хохиролд 47,136,140 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

7. Анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-160.1.6-д барьцааны эрх дуусгавар болох үндэслэлүүдийг заасан. Мөн хуулийн 160.1.6-д заасан “хуульд заасан бусад үндэслэл” гэдэгт “барьцаагаар хангагдах шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх  үндэслэл хамаарахгүй. Хуульд энэ талаар тусгайлан заагаагүй байхад шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасныг баримтлан барьцаагаар хангагдах шаардах эрх буюу нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр барьцааны хөрөнгийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Барьцааны эрх нь үндсэн гэрээтэйгээ салшгүй холбоотой бөгөөд барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болно.

Сургалтын төлбөрт зарцуулсан 73,024,793.097 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах сөрөг нэхэмжлэлийн талаарх хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

7.а. Талуудын байгуулсан гэрээний 3.7 дах хэсэгт “... суралцагч хангалтгүй үнэлгээтэй суралцсанаас сургалтын программыг биелүүлж чадаагүй болон өөрийн буруугаас /энэхүү гэрээний 3.1 заалтыг биелүүлээгүй, хэв журмын зөрчил гаргах, хулгай хийх, согтууруулах ундаа хэрэглэх, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, бусдын эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулах, амьдран суугаа улс орны хууль, дүрэм журмыг зөрчих болон бусад зөрчлүүд/ цаашид суралцах эрхгүй болсон нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг, мөн хугацаанд олгогдсон тээврийн зардал, ариун цэврийн зардлын хамт суралцахаа зогсоосноос хойш 6 сарын дотор өөрөө болон суралцагчийн ар гэр хариуцан ИНЕГ-т төлж барагдуулна. Төлбөр хийгдээгүй тохиолдолд барьцааны гэрээг үндэслэн төлбөрийг барагдуулна.” гэж заажээ. Гэвч нийт зардлыг бүхэлд нь буцаан төлөхөөр гэрээгээр тохиролцсон үндэслэл тодорхой биш байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээний 3.7-д заасан төлбөрийг бүхэлд нь буцаан авах дээрх үндэслэл бүрдсэн гэх байдлыг баримтаар нотлоогүй.

7.б. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс “... цаашид өөрийн суралцах ангидаа орох гэтэл 2013 оны 09 сар, 2014 оны 01 сарын суудал дүүрсэн гэж сургуулиас хариу ирсэн тул нисэхийн чиглэлийн өөр төрлийн эрэлт  хэрэгцээтэй мэргэжлээр сурах боломж бүрдүүлэн сургуультай ярьж тохиролцож өгөхийг хүсч байна ...”, “... гэрээгээр суралцах хугацаандаа амжихгүй болсон тул сургалтын гэрээг сунгаж цаашид суралцах хугацааны тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох өгөхийг хүсэж байна ...” гэх өргөдлийг хариуцагч байгууллагад гаргаж байжээ. /хх77-78/ Тус газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Отой байгуулсан сургалтын гэрээг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байгаагаас үзэхэд гэрээний үүргийг гүйцэтгэх буюу нэхэмжлэгчийн тухайн сургуульд цаашид үргэлжлүүлэн суралцах, сургуулиа төгсөөд ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацааг хойшлуулжээ.

7.в. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэх хуудас, уг мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгсөн талаарх үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Амарбаясгалангийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна. /хх46-47, 229-230, 233-234/

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д “үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно” гэж заасныг дээр дурьдсан нөхцөл байдалтай харьцуулан үзэж, хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх дуусаагүй гэж гэж дүгнэв. 

8. Харин гэрээний 3.6 дах хэсэгт “суралцагч нь сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг валютаар тооцон ИНЕГ-т буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгоно” гэж заасан байна. Гэрээний үүрэг биелэгдээгүй буюу цаашид үргэлжлээгүй, уг үүргийг биелүүлэх боломжгүй болсон нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч байгууллага Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирол буюу нэхэмжлэгчийн сургалтад зориулан төлсөн зардлаа шаардах эрхтэй. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэж заасан.

 Хариуцагч байгууллагаас гаргасан зардал, талуудын гэрээний 3.6, 3.7 дах заалтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хохирол буюу сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт нийцнэ гэж үзлээ. 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн сургалтын төлбөрт төлсөн 73,024,793 төгрөгийн тал хувь болох 36,512,396 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгож, уг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/02400 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О, Б.Тнараас 36,512,396 төгрөг гаргуулж, хариуцагч ИНЕГт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 36,512,396 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 47,136,140 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дах заалт болгож “Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтыг нэхэмжлэгч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ..... хувийн сууц болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж нэмж,

 Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарлалтыг 3 гэж, 3 дах заалтын дугаарлалтыг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                             А.МӨНХЗУЛ