Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0130

 

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0130

  Улаанбаатар хот

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Давааравдан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0959 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал А.Ц-ны гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0959 дүгээр шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, “М” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 3380 га бүхий “Б” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 0, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 3568 га бүхий “Ш” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 0 дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал А.Ц давж заалдах гомдолдоо:

“...Манай компани нь 2015 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 3380 га бүхий “Б” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 0, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 3568 га бүхий “Ш” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 0 дугаартай өргөдлүүдийг тус тус Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст \хуучин нэрээр\ гаргасан.

Манай компанийн зүгээс ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй бөгөөд зөвхөн Ашигт малтмалын газраас \хуучин нэрээр\ зарласан нийтэд мэдээлсэн өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан болно. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 0, 0 дугаартай өргөдлийн шийдвэрлэлтийн талаар Кадастрын хэлтсээс асуухад хянаж байна гэсэн хариуг манай компанид удаа дараа өгсөөр л байсан.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байсаар өргөдөл гаргаснаас хойш 1 жил 11 сарын дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 27, 31-ний өдрүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан талаар албан бичгийг бидэнд ирүүлсэн.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдэлд Дархан-уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/1775а, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд санал ирүүлэх хуудсуудад дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн тул олгох боломжгүй талаар дурдаж ирүүлсэн байдаг.

Гэтэл дээрх 2 аймгаас 2015 ондоо багтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн байхад яагаад байнга хянаж байна гэсэн хариуг өгч байсан нь ойлгомжгүй байдаг.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “...Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана...” мөн хуулийн 19.2.2-т “...хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх ...”, 19.1.4-т “...энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох ...” оор тус тус заасан байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/1775а, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд санал ирүүлэх хуудсууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл болон Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолын агуулгаас өөрөөр буюу Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд дэмжихгүй болон татгалзаж байгаа үндэслэлээ зөвхөн хуульд зааснаар тодорхойлон ирүүлэхээр заасан байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хуульд заасан шаардпага хангаж ирүүлээгүй саналыг үндэслэн манай компаний хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг татгалзаж хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх нь хууль зүйн зөв дүгнэлт хийлгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт заасан “...хуульд заасан үндэслэл...” гэдгийг зөвхөн Ашигт малтмалын тхуай хуульд зааснаар ойлгохоор буюу тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт “...хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх...”-ээр заасан хуулийн заалтыг анхаарч үзээгүй шүүх шийдвэр гаргасан.

2. Ашигт малтмалын тухай хуульд төрийн захиргааны байгууллага нь Засаг даргын саналыг хүлээн авснаас хойш ямар хугацаанд тусгай зөвшөөрөл олгох, эс олгох талаар шийдвэр гаргахыг тусгайлан заагаагүй байна гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдпыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...өргөдөл, гомдол нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах болон албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргасан эсэхийг тогтооно ...” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “...Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардпагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ ...” 2.Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө ...,  мөн хуулийн 17 дугаар зүйлд гомдол гаргах тухай тодорхой зааснаар манай компани хуульд заасан эрхээ эдлэж чадаагүй байхад өргөдлийг шүүх “хуулийн дагуу шийдвэрлээгүй гэж үзэхээргүй байна, Ашигт малтмалын газрыг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь заалтыг хангаж ажилласан” гэж дүгнэсэн нь хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэхээр байна.

3. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулах үүргээ биелүүлээгүй. Учир нь 2015 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох өргөдлийг хүлээн авч эхлэснээс хойш 500 гаруй өргөдөл манай компаний адил хүлээлтын байдалтай өргөдөл нь шийдвэрлэгдэхгүй байсаар байсан бөгөөд хуулийн өмнө эрх тэгш байх явдал хангагдахгүй зарим компани, аж ахуйн нэгжүүд нь хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан байсан.

Засаг дарга нараас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон явдал олон байдаг бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар аваагүй нь шүүх хуульд заасан үүрэгээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128ШШ2017\0959 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “М” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, “М” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 3380 га бүхий “Б” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 0 дугаартай, мөн 2015 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 3568 га бүхий “Ш” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 0 дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“М” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Б” нэртэй 3380 га талбайд, мөн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Ш” нэртэй 3568 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл тус тус хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн NE-0, NE-0 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын бүртгэлийн хуудаст бүртгэсэн байна.

Улмаар Ашигт малтмалын газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-0, NE-0 дугаар өргөдлүүдийн дагуу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Б” нэртэй 3380 га талбай, Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Ш” нэртэй 3568 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Сэлэнгэ аймгийн Засаг даргаас санал авахаар 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6/7218 дугаар албан бичиг, Дархан-Уул аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 6/7313 дугаар албан бичгүүдээр тус аймуудын Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлсний хариуд Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 тоот, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/1775а тоот албан бичгээр тус тус “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн саналуудыг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байна.

Сэлэнгэ болон Дархан-Уул аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй ...” гэсэн саналуудыг үндэслэн нэхэмжлэгч компанийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Б” нэртэй газарт 3380 га, Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Ш” нэртэй газарт 3568 га хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д ашигт малтмалын хайгуулын ...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх, мөн 19 дүгээр зүйлийн 19.6-д “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасантай нийцсэн байна.

Тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ, 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж тус тус зааснаас үзвэл аймаг, нийслэлийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсвэл дэмжихгүй талаарх санал нь тухайн тусгай зөвшөөрлийг олгоход тавигдах үндсэн нөхцөл, шаардлагуудын нэг болохоор байх тул аймгуудын Засаг дарга нарын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Дархан, Сэлэнгэ аймгуудын Засаг дарга нарын санал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт бөгөөд энэ саналын талаар нэхэмжлэгч шүүхэд маргаагүй байхад шүүх энэ талаар нотлох баримт цуглуулах болон дүгнэлт хийх шаардлагагүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Иймээс “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хуульд заасан шаардлага хангаж ирүүлээгүй саналыг үндэслэн манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг татгалзаж хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй ..., анхан шатны шүүх хууль зүйн зөв дүгнэлт хийгээгүй...” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 19.2.2-т “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” гэж заасны дагуу Ашигт малтмалын газраас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6/7218 дугаар албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 6/7313 дугаар албан бичгээр Дархан-Уул аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн, мөн хуулийн 19.4-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд дэмжихгүй талаарх саналуудыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчээс “...өргөдлийн шийдвэрлэлтийн талаар Кадастрын хэлтсээс асуухад хянаж байна гэсэн хариуг манай компанид удаа дараа өгсөөр л байсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байсаар өргөдөл гаргаснаас хойш 1 жил 11 сарын дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 27, 31-ний өдрүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан талаар албан бичгийг бидэнд ирүүлсэн ...дээрх 2 аймгаас 2015 ондоо багтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн байхад яагаад байнга хянаж байна гэсэн хариуг өгч байсан нь ойлгомжгүй ...” гэж маргасантай холбогдуулан анхан шатны шүүх “...Ашигт малтмал, газрын тосны газар өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүйтэй холбогдуулж эрх бүхий байгууллага, албан тушаалтан гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан ...” гэж дүгнэсэн нь зөв байна.

Харин нэхэмжлэгчийн “хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь “...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн ...16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ ...мөн хуулийн 17 дугаар зүйлд гомдол гаргах тухай тодорхой зааснаар манай компани хуульд зааснаар эрхээ эдлэж чадаагүй байхад өргөдлийг шүүх хуулийн дагуу шийдвэрлээгүй гэж үзэхээргүй байна ...гэж дүгнэсэн нь хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэхээр байна...” гэх гомдол нь үндэстэй байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч, мөн хүссэн талбайнуудад тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байхад аймаг, нийслэлийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болох талаар зохицуулсан хуулийн зүйл, заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу байна.

Нэхэмжлэгчийн хүссэн тайлбайнууд байрших аймгуудын Засаг дарга нарын саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын татгалзлыг эс зөвшөөрсөн тус маргааны тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж ...” гэж заасан хуулийн зохицуулалт хэрэглэгдэхээр байх тул шүүхийн шийдвэрт хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0959 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...19 дүгээр зүйлийн 19.5...” гэснийг “...19 дүгээр зүйлийн 19.6...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал А.Ц-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ