Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 841

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: Л.И 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Б” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 260, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дүгээр захирамжуудын “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, Н.М*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.И  нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлбэ зусланд 700 м.кв зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Э.Н*******тай гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. 2012 онд өөрийнхөө Сэлбэ зуслангийн хажуу талын газар буюу /зэргэлдээ/ газрыг худалдан авч 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр захирамжаар Э.Н*******ын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

2015 онд Сэлбэд байрлах зуслангийн газартаа /2 айлын/ байшингийн суурь ухуулахаар техник, хүн хүчээ аваад очиход орц, гарцыг нь хаагаад суурийг нь бетоноор цутгаад төмөр хашаа барьсан байсан. Ямар ч ажил хийх боломжгүй болоод буцсан.

Сүхбаатар дүүргийн Газрын албанд энэ тухайгаа хэлэхэд 2012 оны захирамжаар “Б” ХХК-д газар олгосон байна гэж хэлсэн. Газрын албанаас “Б” ХХК-ийн хаягийг авч, /Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Маргад үйлчилгээний төвийн байр/ захирал болон холбогдох улсуудтай нь уулзаад танайх манай газрын орц, гарцыг хааж захирамж гаргуулсан байна. Иймд манай орц, гарцны асуудлыг шийдэж өг гэсэн ч үр дүн гаралгүй байсаар Э.Н******* 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан.

2017 оны 4 дүгээр сарын эхээр Б.Э  би “Б” ХХК-ийн захиралтай уулзаж танайх Л.И , Э.Н******* нарын зуслангийн газрын орц, гарцыг хааж газар авсан нь хууль зөрчсөн байна. Энэ алдаагаа засаж, шийдвэрлэж өгөөч гэхэд захирал нь үнэхээр манайх хууль зөрчиж, буруутай үйл ажиллагаа хийсэн бол бид алдаагаа засаад, орж гарах гарцыг чинь гаргаж өгнө, гэхдээ энэ асуудлыг манай хариуцсан менежер мэдэж байгаа, түүнтэй уулз гэсэн. Менежертэй нь уулзахад манайх ямар ч хууль зөрчөөгүй ном журмын дагуу газраа авсан тул танай орж, гарах гарцыг гаргаж өгөх боломжгүй гэсэн.

2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт өргөдөл гаргасан /2008-2015 оны түүхчилсэн зураг/. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/800 дугаар албан бичгээр өргөдлийн дагуу 8 хуудас түүхчилсэн зураг хэвлэж өгсөн. Түүхчилсэн зургаас 2010 онд Л.И , Э.Н******* нарын газрын зэргэлдээ 6 айлын газрын гэрчилгээ олгохдоо орц, гарцыг гаргаж өгсөн байх бөгөөд 2012 онд “Б” ХХК-д шилжихдээ орц, гарцыг хаасан байгаа нь тодорхой харагдаж байна. Уг зургаа аваад 6 дугаар сарын эхээр “Б” ХХК дээр очиж уулзахад захирал нь ажилтай гээд менежертэй нь уулзаж, түүхчилсэн зургаа үзүүлсэн. 2012 онд танай компанийн нэр дээр шилжихээс өмнө Л.И , Э.Н******* нарын газрын орц, гарцыг шийдэж өгсөн байсан. Танай компани дээр шилжихдээ орц, гарцыг нь хаасан байна. Энэ нь хууль зөрчсөн нь баримтаар тогтоогдож байна. Танайх энэ асуудлыг шийдэж өг гэтэл менежер нь би энэ тухай захиралд хэлээд шийдэж өгье гэсэн боловч үр дүн гарсангүй.

Ийнхүү Л.И гийн эзэмшлийн зуслангийн газартаа /Н******* талийгаач/ эзэмших эрхийн гэрчилгээтэй хирнээ газраа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь ноцтой зөрчигдөж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа 15 жилээр сунгажээ.

Иймд өөрийнхөө компанийн хувийн эрх ашигт нийцүүлэн мэдээллийн санд баталгаажсан кадастрын зурганд өөрчлөлт оруулан ашигтай талбайгаа нэмэгдүүлэн, хууль зөрчиж гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 260 дугаар захирамж, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 260 дугаар захирамжаар “Б” ХХК-д зуслангийн зориулалтаар 5575 м.кв газар эзэмшүүлж, 2015 оны А/521 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгажээ.

Мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зургаас “Б” ХХК болон нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын баруун талд орц, гарц байгаа нь харагдаж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дээрхи маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн эрх ашиг болон, бусад эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал Д.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Сэлбэ зусланд манай компанид олгосон газрын координатын цэгийг тухайн үед мэргэжлийн байгууллагаар тавиулж, цэгийн дагуу хашаагаа барьсан.

Уг захиргааны хэрэгтэй холбогдуулан 2017 оны 7 дугаар сар, мөн оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Геодези, зураг зүйн “Сод сортоо” ХХК-иар өөрийн газар дээр хэмжилт хийлгэхэд манай газар нь гэрчилгээний дагуу олгогдсон цэгээрээ байгаа бөгөөд бусдын газар руу ороогүй байна.

Иймд манай компани нь бусдын эзэмшил газар дээр хашаагаа бариагүй болохыг энэ тайлбар бичгээрээ гаргаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Л.И гоос Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 260, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дүгээр захирамжуудын “Б” ХХК-д  холбогдох   хэсгийг  тус  тус  хүчингүй  болгуулах”  тухай   шаардлага  бүхий 

нэхэмжлэлийн хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Э.Н******* Л.И  нарын зуслангийн газар руу орц, гарцыг хаасан талаар ...” дурдсан боловч тус шүүхэд иргэн Л.И г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  нэхэмжлэл гаргасан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ.” гэж зааснаар нэхэмжлэлд тодорхойлсноор иргэн Л.И г нэхэмжлэгчээр тооцон, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг дүгнэх нь зүйтэй гэж үзлээ. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.И д тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэд 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй хүчин төгөлдөр байна. 

Нэхэмжлэгч “...2010 онд Л.И , Э.Н******* нарын газрын зэргэлдээ 6 айлын газрын гэрчилгээ олгохдоо орц, гарцыг гаргаж өгсөн байх бөгөөд 2012 онд “Б” ХХК-д шилжихдээ орц, гарцыг хаасан байгаа нь түүхчилсэн зургаас тодорхой харагдаж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 260 дугаар захирамжаар “Б” ХХК-д 5574 м.кв газар олгосон ба 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар сунгасан нь Л.И гийн зуслангийн хоёр айлын газрын орц, гарцыг хааж, өөрийнхөө компанийн хувийн эрх ашигт нийцүүлэн мэдээллийн санд баталгаажсан кадастрын зурганд өөрчлөлт оруулан ашигтай талбайгаа нэмэгдүүлэн, хууль зөрчсөн үйлдэл юм. ...Иймд Л.И  нь зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хирнээ газраа эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрх нь ноцтой зөрчигдөж байна...” гэж маргаж байна. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Б” ХХК-д Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэд зуслангийн зориулалтаар 5575 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээнд 5574 м.кв газрыг 3 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тэмдэглэсэн асуудлаар гуравдагч этгээд маргаагүй байна. Улмаар уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дүгээр захирамжаар 15 жилээр сунгажээ. 

Ийнхүү “Б” ХХК-д Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэд зуслангийн зориулалтаар 5574 м.кв газар эзэмших эрх олгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган, гэрээ байгуулж гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.2, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгтэй тус тус нийцжээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/1782 дугаар албан бичгээр  ирүүлсэн тайлбар нотлох баримтаас үзвэл газрын кадастрын мэдээллийн сангийн 2010 оны 10 дугаар сарын архивд нэр бүхий 6 иргэний нэр дээр нэгж талбар үүсэж бүртгэгдэн 2011 оны 02 дугаар сард устгагдсан бөгөөд “Б” ХХК-ийн эзэмшиж байгаа газрыг иргэн, хуулийн этгээд өмнө нь эзэмшиж байгаагүй болох нь Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11/1156 дугаар албан бичгээр  тогтоогдож байна.

Гуравдагч этгээдэд 2012 онд эзэмшүүлсэн газрын хэмжээ, байршил нь 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад өөрчлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан Засаг даргын 2015 оны А/521 дүгээр захирамж  болон 000316925 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ , Газрын кадастрын мэдээллийн сан дахь зургаар  нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд “Б” ХХК-ийн эзэмшиж байгаа газар нь өөр бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай болон нэхэмжлэгчийн 2008 оноос эзэмшиж байгаа газартай давхцаагүй нь хуулийн дээрх заалтад нийцжээ. 

Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан өөрийн эрх, хэмжээний хүрээнд, бусдын эзэмшилд олгосон газартай давхцуулалгүйгээр иргэн, аж, ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй бөгөөд “Б” ХХК-д Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэд зуслангийн зориулалтаар 3 жилийн хугацаатай 5574 м.кв газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Л.И гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгч Л.И гийн эзэмшлийн нэгж талбар бүхий газар, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбар бүхий газрын тус бүрийн кадастрын зургуудаас харахад гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газрын хажуу /урд/ талаар орох боломжтой байна. 

Иймд нэхэмжлэгч Л.И гийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 260, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.И гийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 260, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дугаар захирамжуудын “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ДАМДИНСҮРЭН