Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 603

 

Б.Бод холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Б.Бод холбогдох 1935000330038 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 2 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Булгадар овогт Бын Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан УАЗ-31512  загварын 04-85 УВА улсын дугаартай автомашин болон автомашины чиргүүлийг тус тус албадан хурааж, улсын төсөвт шилжүүлэх, прокурорын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 5/14 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуусах хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бод холбогдох эрүүгийн хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина бичсэн эсэргүүцэлдээ: “... 1.Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан магадлалдаа “...Б.Бод холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад эргэлзээгүйгээр шалгаж тодруулаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн... Гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2018 оны 10 дугаар сард уг гүүрний мод хэний өмч хөрөнгө байсныг шалгаж тогтоохгүйгээр Тэс сумын Засаг даргын Тамгын газрыг хохирогчоор тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж буцаасан нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сард Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг “Цацаан үүр" гэх нэртэй газарт байрлах Нарийны голын модон гүүрнээс 45 ширхэг модыг өөрийн эзэмшлийн УАЗ-31512 загварын 04-85 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж хулгайлсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Бын хулгайлж авсан 45 ширхэг мод нь Тэс сумын Нарийны голын модон гүүрний мод байх ба тухайн гүүрийг ашиглалтын шаардлага хангахгүй үндэслэлээр акталсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон хэдий ч гүүрнээс гарах модон материалыг сэлбэг, материал болгох, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу үнэ тогтоон худалдах эрхийг тус сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлд шилжүүлжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.4-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд ...хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл тухайн гүүрний моднуудыг хэрхэн ашиглах, захиран зарцуулах эсэх талаарх шийдвэрийг Увс аймгийн Тэс сумын засаг даргын тамгын газрын дэргэдэх орон тооны бус зөвлөл гаргах, харин гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавих үүргийг Тэс сумын Засаг даргын Тамгын газар хариуцах бөгөөд дуудлага худалдаагаар худалдсан тохиолдолд орлого нь орон нутгийн орлогод буюу Засаг даргын тамгын газарт төсөвт орно. Иймд тухайн хэрэгт Тэс сумын Засаг даргын Тамгын газрыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл Тэс сумын 8 дугаар багийн нутагт байрлах Нарийны голын модон гүүр нь тус сумын Засаг даргын тамгын газрын өмч хөрөнгө байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Тэс сумын засаг тамгын газрыг хохирогчоор тогтоосон.

Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга Ц.Э, Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Ч.Ж нарын мэдүүлгээр “Тэс сумын Нарийны голын модон гүүрийг 2014 онд актлах шийдвэр гарсан бөгөөд акталсан эд хөрөнгийг данс бүртгэлээс хасах талаар Увс аймгийн орон нутгийн өмч хамгаалах газраас зөвлөснөөр 2015 онд өмч бүртгэлийн программаас хассан. Харин цаасан бүртгэл дээр бүртгэлтэй байдаг байсан. Эд хөрөнгийн 2017 оны тооллого дээр бүртгэгдсэн байсан” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Дээрх мэдүүлэг болон Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны шийдвэрээр Тэс сумын Нарийны голын модон гүүрийг акталж, Тэс сумын Засаг даргын тамгын газрын өмч хамгаалах зөвлөлд тухайн эд хөрөнгийг шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Гэтэл Тэс сумын засаг даргын тамгын газрын өмч хамгаалах зөвлөл нь 2014 оноос хойш тухайн эд хөрөнгийг хэрхэн яаж зарцуулах шийдвэр гараагүй байхад шүүгдэгч Б.Б нь модон гүүрний модноос 45 ширхэг модыг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь хулгайд алдагдсан эд хөрөнгө нь одоог хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын эд хөрөнгө байсаар байхад Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоосон нь буруу гэх дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийг хэнийх ч биш, хэрэгцээгүй актлагдсан эд хөрөнгө мэтээр үзэж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэлгүй шийдвэр болжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Быг Тэс сумын Нарийны голын модон гүүрнээс 45 ширхэг модыг хулгайлсан, уг модон гүүр нь тус сумын засаг даргын тамгын газрын өмч хөрөнгө мөн болох талаар дүгнэлт хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

2.Хулгайлагдсан гэх 45 ширхэг гүүрний модны хохирлын хэмжээг “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дүгээр, мөн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 61 дүгээр “Мод үнэлсэн тухай” тайланг тус тус үндэслэж тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэжээ.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр хулгайд алдагдсан 45 ширхэг мод нь 2.85-3.81 метр урттай, 20-33 см диаметртэй хуурай хар мод байх ба тухайн моднуудыг дахин эргэлтэд оруулах, ашиглах боломжтой талаар дурдсан байна.

“Увс Финанс-Аудит” ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дүгээр, мөн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 61 дүгээр “Мод үнэлсэн тухай” тайлан гаргахдаа тухайн модны үнэлгээ гаргахтай холбоотой ирүүлсэн баримт бичгээс гадна модны зах зээлийн үнэ ханшыг зэргийг судалж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх 2014 онд акталсан модыг 2019 оны зах зээлийн жишиг үнийг баримталж үнэлгээ гаргасан үндэслэлгүй, мод нэг бүрийн шинжийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй, уг хулгайд алдагдсан 45 ширхэг модыг 2014 оны зах зээлийн ханшаар тогтоолгох ёстой гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын өмч хамгаалах зөвлөл нь 2014 оноос 2018 оны 10 сар хүртэлх хугацаанд Тэс сумын Нарийны голын модон гүүрний модны үнийг тогтоогоогүй байсан учир эд хөрөнгийн үнэлгээ гаргах эрх бүхий байгууллагаар гэмт хэрэг гарсан цаг хугацаагаанд тухайн хулгайд алдагдсан модыг орон нутгийн хэмжээнд ямар үнэ ханштай байгаа болохыг тогтоолгосон нь үндэслэлтэй юм.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хулгайд алдагдсан модон гүүрний модны үнэлгээний талаар хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана”, 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй”, 3 дахь хэсэгт “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэж заасан.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Б.Бын “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдолд дурдагдсан ...2018 оны 10 сард өдрийг нь сайн санахгүй байна. Үдээс хойш Тэс сумын Хаан банк орчихоод гараад ирэхэд манай сумын 6 дугаар багийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н гэх хүн хажуудаа хүүхдээ дагуулчихсан явж байгаад намайг дуудаж Нарийны голын гүүрний мод авмаар байна, хамт явалцаад өг гэхээр нь би Н болон түүний хүүтэй хамт Ны бор ногоон өнгийн УАЗ-69 машинаар яваад Нарийны голын модон гүүрний модноос мод бэлтгэж тавиад буцаж ирсэн. Маргааш нь Нны 3ил-130 маркийн машинаар ачсан. Гэмт хэрэг үйлдсэн хүн нь шалгагдахгүй хоцорч, түүний үйлдсэн гэмт хэргийн ялыг надад оногдуулсанд гомдолтой байна” гэх гомдлын дагуу 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцсэн.

Давж заалдах шатны шүүх нь ял шийтгүүлсэн этгээдийн гаргасан гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэх эрх хэмжээтэй боловч шүүгдэгч Б.Бын гаргасан гомдол, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн эсэх, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байгаа эсэхэд хууль зүйн талаас дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бын гаргасан гомдол нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн эсэх, гомдолд дурдагдсан асуудал мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдсон эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох, тогтоох хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь Нарийны голын гүүрний модыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 568.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогджээ. Энэ хэрэгт 2 удаа хохирлын үнэлгээг гаргуулсан бөгөөд мод нэг бүрийн шинж, чанар байдалд тохируулан 12.000-15.000 хооронд үнэлж тогтоосон нь зах зээлийн ханштай нийцсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийн УАЗ-31512 загварын 04-85 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг “Цацаан үүр” гэх нэртэй газар байрлах Нарийны голын модон гүүрний 45 ширхэг мод хулгайлж, 568.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч Б.Бод оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэв.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УАЗ-31512 загварын тээврийн хэрэгсэл болон автомашины чиргүүлийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүхээс Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг “Цацаан үүр” гэх нэртэй газар байрлах Нарийны голын модон гүүр хэний өмч хөрөнгө байсныг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоохгүйгээр Тэс сумын Засаг даргын Тамгын газрыг хохирогчоор тогтоосноос гадна “Увс Финанс Аудит” ХХК-ийн хийсэн 21 болон 61 дугаартай үнэлгээний тайлан хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн дүгнэлт хийж, энэ талаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэв.

Увс аймгийн Тэс сумын Нарийны голын модон гүүрийг ашиглалтын шаардлага хангахгүй үндэслэлээр 2004 онд акталж, эд хөрөнгийн бүртгэлээс хассан боловч тухайн гүүрнээс гарах модон материалыг ашиглах, үнэ тогтоон худалдах эрхийг Тэс сумын Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах зөвлөлд шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга Ц.Э, Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Ч.Ж нарын мэдүүлэг, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул тухайн хэрэгт Тэс сумын Засаг даргын Тамгын газрыг хохирогчоор тогтоосныг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнээс гадна энэ хэрэгт шинжээчээр томилогдсон “Увс Финанс-Аудит” ХХК нь шүүгдэгч Б.Бын хулгайлсан 45 ширхэг модны чанар байдал, орон нутаг дахь зах зээлийн үнэ ханшийг харгалзан хохирлын хэмжээг 568.000 төгрөгөөр тогтоосныг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, тус магадлалыг хүчингүй болгуулах талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагийн бичсэн эсэргүүцлийг хангаж, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН