Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 14

 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, шүүгдэгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Б-д холбогдох эрүүгийн 1935000330038 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Б-ын гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сард Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт байрлах Нарийны голын модон гүүрний модыг УАЗ-469 загварын 04-85 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 568.000 /таван зуун жаран найман мянга/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “...машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ын Б-д 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэх”-ээр тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Миний бие нь Тэс сумын Нарийны голын гүүрийг актлагдаж, Засаг даргын Тамгын газрын данс бүртгэлээс хасагдаж, сумын өмч хамгаалах зөвлөлд шилжсэн гэдгийг мэдэж байсан. Тэгээд ч манай сумын иргэдэд уг гүүрний модыг авч малын хашаа саравчинд хэрэглэж байсан. Энэ модыг авснаар ял шийтгэл авч хоригдох хэмжээнд хүрнэ гэж бодоогүй хэрэгсэхгүй болох байх гэж бодоод тухайн болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлээгүй юм. 2018 оны 10 сард өдрийг нь сайн санахгүй байна би үдээс хойш Тэс сумын Хаан банк орчхоод гараад ирэхэд манай сумын 6-р багийн Иргэдийн хурлын төлөөлөгч Наваан гэх хүн хажуудаа хүүхдээ дагуулчихсан явж байгаад намайг дуудаж Нарийны голын гүүрний мод авмаар байна хамт явалцаад өг гэхээр нь би Наваан болон түүний хүүтэй хамт Навааны бор ногоон өнгийн УАЗ-69 машинаар яваад Нарийны голын модон гүүрний модноос мод бэлтгэж тавиад буцаж ирсэн. Маргааш нь нөгөө бэлдсэн гүүрний модоо авахаар Навааны өөрийн ЗИЛ-130 маркийн машинтай чиргүүл чирээд харин би өөрийн УАЗ-469 маркийн машинаар явж бэлдсэн модоо авахад Навааны ЗИЛ-130 маркийн машиныхаа чиргүүл дээрээ дүүрэн мод ачаад үлдсэн модыг нь намайг ав гэхээр нь би УАЗ-69 маркийн машиныхаа чиргүүл дээр модоо ачиж авсан. Тэгээд бид нар сумын төвд орж ирэхэд Наваан өөрийн хашаандаа модоо буулгасан ба би ч өөрийн хашаандаа модоо буулгаж авсан. Навааных манай хамар хашаа учир одоо хүртэл хашаанд нь буулгаж авсан гүүрний мод байгаа болно. Нарийны голын гүүрний модыг миний бие хулгайлж авч ашиглаж хэрэглэх санаа, надад анхнаасаа байгаагүй, тухайн өдөр Наваан хамт яваад мод бэлтгэлцээд өг гэхээр явсан. Наваан машинаасаа илүү гарсан модыг намайг ав гэсэн юм. Гэтэл сумын Тамгын газрын дарга Буяндалай, манай сумын хэсгийн төлөөлөгч Алтансүр нар манай хашаа болон Навааны хашаанд буулгасан гүүрний модны зураг авч яваад ганцхан надад эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг үйлдсэн Навааныг хамгаалан хоцорсон нь хуулийн дагуу явагдаагүй гэж үзэж байна. Миний бие мод авах ямар ч санаа байгаагүй, би зөвхөн Навааны гуйснаар түүнд туслалцаж явж мод ачиж өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн хүн нь шалгагдахгүй хоцорч, түүний үйлдсэн гэмт хэргийг ялыг надад оногдуулсанд гомдолтой байна. Иймд дээрх дурдсан зүйлүүдийг шалгаж, хэргийн үнэн мөнийг олж өгөхийг эрхэм шүүгч та бүхнээс би хүсэж байна. Давж заалдах шүүх хуралдаанд миний бие өмгөөлөгчийнхөө хамт орох хүсэлтэй байна” гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Б.Б нь 2018 оны 10 дугаар сард Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг “Цацаан үүр” гэх нэртэй газар байсан Нарийны голын модон гүүрний 45 ширхэг модыг УАЗ-311512 загварын 04-85 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад эргэлзээгүйгээр шалгаж тодруулаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн байхад анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл: Тэс сумын Нарийны голын 8 ширхэг модон гүүр нь 1974-1983 оны хооронд ашиглалтад орж, 2011 онд 25.000.000 сая төгрөгийн их засвар хийгдэж, 2011 оноос 2015 оны 12 дугаар сар хүртэл Тэс сумын Засаг даргын Тамгын газрын өмч хөрөнгө буюу үндсэн хөрөнгийн данс бүртгэлд бүртгэлтэй байсан байна.

1-р хавтаст хэргийн 57-р талд авагдсан, Увс аймгийн Тэс сумын Засаг даргаас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан ирүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 221 тоот албан бичигт: “...Соёлын төвийн барилгыг дуудлага худалдаанд оруулах саналыг хэлэлцэж, шийдвэрлэж өгөхийг хүсэж уламжлав. Мөн Нарийны голын хуучин модон гүүрийг актлуулах саналыг шийдвэрлүүлж өгнө үү. Тухайн үед нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд саналаа тавьсан боловч шийдвэрлээгүй болно. Эдгээр барилга байгууламжууд дээр улсын байцаагчийн дүгнэлт гарсан болно. Жич: Соёлын төв болон гүүрний холбогдох материалыг хавсаргав” гэжээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Актлах, худалдах, шилжүүлэх хөрөнгийн танилцуулга”-д: “Орон нутгийн чанартай Улаангом-Тэс чиглэлийн замын 141-дэх км-ээс 143 дэх км хооронд Нарийны голын салаанууд дээр байгаа 6-17 м-ийн урттай 8 ширхэг модон гүүр 1974-1983 оны хооронд ашиглалтад орсон, дээрх гүүрүүдэд их засвар хийгдээгүй, жилийн жилд урсгал засвар, арчлалтын ажил хийгдэж ашиглагдаж ирсэн бөгөөд 30-39 жил ашигласан, ашиглалтын явцад гүүрний хийц, хэсгүүд бүхэлдээ өмхөрч, үжирснээс хугарч алга болох, цуурах, шалнууд цөмрөх, тулгуурууд суух, хазайх, хөндлөн, дагуу нуруунууд өмхөрсөн, зарим гүүрүүд алга болсон, одоо байгаа гүүрүүд нь бүрэн эвдэрч хүн ачаа, тээвэрлэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэх бололцоогүй болсон тул ашиглахыг хориглосон улсын байцаагчийн дүгнэлт гарсан байна. Балансын дүн 25000.000 төгрөг, элэгдэл 1791.7 төгрөг үлдэх өртөг 23208.3 төгрөг, шинээр бетон гүүр ашиглалтад орж, уг гүүрийг цаашид ашиглах боломжгүй гэх шалтгаанаар актлуулах саналтай ирүүлсэн /1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар тал/ гэжээ.

Дээрх санал, дүгнэлт, танилцуулга болон  холбогдох бусад баримт материалыг үндэслэн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэж, А/169 дугаар тогтоолоор Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Нарийны голын модон гүүрийг акталж, гарах модон материалыг сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан ИТХ-ын Тэргүүлэгчдийн А/169 дүгээр тогтоол /1-р хх-ийн 69/, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл 1-х хх-ийн 70-72/, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Тогтоол, шийдвэр хүргүүлэх тухай” 314 тоот албан бичиг /1-р хх-ийн 77-р тал/-ээр нотлогдсон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт зааснаар  Өмч хамгаалах байнгын зөвлөлийг тухайн төрийн байгууллагын  дарга /захирал/ -ийн шийдвэрээр байгуулах бөгөөд Өмч хамгаалах байнгын зөвлөл нь төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгийг эзэмших, зөв зохистой ашиглах, ...түүнчлэн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлэх, худалдах, акталж данснаас хасах, устгах хөрөнгийн талаар дүгнэлт санал гаргаж холбогдох материалыг хууль тогтоомж, журмын дагуу бүрдүүлэх, эрх бүхий байгууллагаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцож, тайлагнах ажлыг тухайн хуулийн этгээдийн хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий хамтын удирдлагын хэлбэр байхаар хуульчлагдсан байна.

Төрийн өмчийн хорооны 2009 оны 1дүгээр сарын 29-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор “Төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам”-ыг, Төрийн өмчийн хорооны 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Үлгэрчилсэн журам батлах тухай” 232 дугаар тогтоолоор “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журам”-ыг тус тус баталсан байх ба  дээрх үлгэрчилсэн журмыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 86 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцож, шинээр “Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг, мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн  86 дугаар тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан байна.

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/169 дугаар тогтоолоор Тэс сумын Нарийны голын модон гүүрийг акталж, гарах модон материалыг сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн өмчийн хорооны 2009 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам”-ын 6.2 дугаар зүйлд заасны дагуу Тэс сумын Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах байнгын зөвлөл нь актлахаар шийдвэрлэсэн эд хөрөнгийг сэлбэг, материал, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу үнэ тогтоон худалдах, устгах шийдвэр гаргах эрхтэй байна.

1-р хавтаст хэргийн 49-р талд Тэс сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 89 дүгээр тогтоол авагдсан байх боловч уг зөвлөл нь дээрх 2014 онд  актлах шийдвэр гарсан Нарийны голын модон гүүрний модон материалыг хэрхэх талаар шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/169 дугаар тогтоол болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Тогтоол, шийдвэр хүргүүлэх тухай” 314 тоот албан бичгийн хэрэгжилт биелсэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байна.

Нөгөөтээгүүр Нарийны голын модон гүүрийг Тэс сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлээс 2015 онд хассан, өөрөөр хэлбэл 2016 оноос хойш санхүүгийн тайлан /өмч бүртгэлийн программ/ -д тусгагдаагүй, мөн гүүрний модон материалыг шинээр үнэ тогтоож /орлогод аваагүй/ үндсэн хөрөнгөөр бүртгээгүй болох нь хэрэгт авагдсан гэрч Тэс сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга Ц.Энхбаярын “...Нарийны голын модон гүүрийг 2014 онд актлах шийдвэр гарсан, акталсан хөрөнгийг санхүүгийн программ дээр бүртгэлтэй байлгаж болдоггүй учир уг гүүрийг 2015 онд Тэс сумын ЗДТГ-ын өмч бүртгэлийн программ дээрээс хассан. Тухайн Нарийны голын модон гүүрний мод нь 2018 оны Тэс сумын ЗДТГ-ын эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, санхүүгийн тайланд тусгагдаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 117,118 тал/,

Гэрч Тэс сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Ч.Жамсрангийн “...Тэс сумын Нарийны голын модон гүүрийг 2014 онд актлах шийдвэр гарсан бөгөөд акталсан эд хөрөнгийг данс бүртгэлээс хасах талаар Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас зөвлөснөөр 2015 өмч бүртгэлийн программаас Нарийны голын модон гүүрийг хассан. Харин цаасан бүртгэл дээр бүртгэлтэй байдаг байсан, эд хөрөнгийн 2017 оны тооллого дээр бүртгэгдсэн байсан... Тухайн Нарийны голын модон гүүрний мод нь 2018 онд Тэс сумын ЗДТГ-ын эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, санхүүгийн тайланд тусгагдаагүй. Санхүүгийн программаас хассан, санхүүгийн программыг үндэслэж цаасан бичмэл тайлан, бүртгэлийг гаргадаг” гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан мөрдөгчийн “...тухайн санхүүгийн программаас 2016 оны 4-р улирлын тайлан мэдээг шалгаж үзэхэд байгууллагын регистр 9063501, байгууллагын нэр сумын Засаг даргын Тамгын газар, ерөнхий нягтлан бодогчийн нэр Ц.Энхбаяр, үндсэн хөрөнгө бүртгэлийн хэсэгт хасагдсан гэж байх бөгөөд хасагдсан мөнгөн дүн 25.000.000 төгрөг гэж бичигдсэн байлаа. 2017 оны тайлан мэдээг шалгаж үзэхэд модон гүүр нь барилга байгууламж хэсэгт бүртгэгдээгүй байлаа” гэх үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл: гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа буюу 2018 оны 10 дугаар сард уг гүүрний мод хэний өмч хөрөнгө байсныг шалгаж тогтоохгүйгээр Тэс сумын Засаг даргын Тамгын газрыг хохирогчоор тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Тухайлбал: тухайн Тамгын газар ямар үндсэн хөрөнгийн бүртгэл, санхүүгийн тайланг үндэслэж өөрийн өмчлөлийн хөрөнгө гэж үзэж байгаа, өөрт нь хэдий хэмжээний хохирол учирсныг ямар баримт, материалд үндэслэж нэхэмжилсэн нь тус тус тодорхойгүй байна.

2. 45 ширхэг гүүрний мод хулгайлагдсан гэх хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дүгээр Мод үнэлсэн тухай тайлан, мөн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 61 дүгээр Мод үнэлсэн тухай тайланг тус тус үндэслэж тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

Хохирогч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Г.Буяндалайгийн “...өмч хамгаалах зөвлөл нь аймгийн ИТХ-аас ирүүлсэн шийдвэрийг үндэслэж тухайн акталсан эд зүйлийг устгах, худалдан борлуулах талаар шийдвэр гаргана”, гэрч Г.Тунгалаг /Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн/-ийн “...сумын өмч хамгаалах зөвлөл нь актлагдсан эд хөрөнгийг ашиглах, дуудлага худалдаагаар худалдах, устгах, хоёрдогч түүхий эд болгон ашиглах зэргээр шийдвэрлэх эрхтэй” гэж мэдүүлэг, Төрийн өмчийн хорооны 2009 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам” заасан зэргээс дүгнэвэл өмч хамгаалах байнгын зөвлөл нь актлагдсан эд  хөрөнгийг ангилж үнэ тогтоон худалдах, эсвэл  хоёрдогч түүхий эдийн зориулалтаар ашиглах, устгах хөрөнгийг устгалын акт үйлдэн данснаас хасах асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд байхад 2014 оны 10 дугаар сард эрх бүхий байгууллагаас актлахаар шийдвэрлэсэн эд хөрөнгийг 2019 онд зах зээлийн жишиг үнэлгээг баримтлан   үнэлгээ тогтоосон нь үндэслэл муутай байна.

Мөн тухайн гүүрний модны нэг бүрийн шинжийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан мөрдөн байцаагчийн үзлэгийн тэмдэглэлээр модны урт, өргөний хэмжээг  тодорхойлж бичсэнээс өөрөөр модны хэмжигдэхүүн /куб/метр/-ээр хэмжээг тодорхойлсон, түүнчлэн мод нэг бүрийн ашиглагдах чанар байдлыг тодруулахгүйгээр үнэлгээ тогтоосон байх тул шинжээчийн дүгнэлтийг хэрэгт бэхжүүлсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хэргийг прокурорт очтол Б.Бод  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох эрүүгийн 1935000330038  дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Увс аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.ЖАМБАЛСҮРЭН

               ШҮҮГЧИД                                      Л.АЛТАН

       Н.МӨНХЖАРГАЛ