| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 184/2022/01595/И |
| Дугаар | 192/ШШ2025/02398 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/02398
2025 03 27 192/ШШ2025/02398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу 83, Содномын гудамж-****, Ардын эрхийн байрны ****тоот хаягт байрлах “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ****дугаар байрны ****тоот хаягт оршин суух, Тайж овогт М.О,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ****дүгээр байрны ***тоот хаягт оршин суух, Тайж овогт М.О нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: М.Оаас Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 161,771,219 /нэг зуун жаран нэгэн сая долоон зуун далан нэгэн мянга хоёр зуун арван есөн/ төгрөг гаргуулах, М.Од холбогдуулан түүний М.Отай 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд, хариуцагч М.О, түүний өмгөөлөгч Э.Батбаяр /ШТЭД:2454/, хариуцагч М.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхзаяа, гэрч Б.Туул нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гаргасан тайлбартаа:
2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “У” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах *** байрны 16 давхрын *** тоот орон сууцыг М.Отай “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, тус гэрээний 3.1, 3.2, 3.3, 3.4 дүгээр зүйлд заасан нөхцөлөөр уг орон сууцыг М.От ашиглуулахаар тохиролцоод Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*****дугаартай гэрчилгээг эх хувиар нь “У” ХХК барьцаанд авч үлдсэн. Гэрээ ёсоор зээл төлөлтийн график хавсралт №1-ийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зээл, зээлийн хүү нийлээд 115,545,476 төгрөг төлөхийг М.О хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл тэрээр орон сууцны зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй, зээлийн график хугацааг хэтрүүлж, зээлийн төлөлтийн график 1-т тохиролцсон төлбөрөө хийлгүй зээлийн хүү, алданги нэмэгдсээр 161,771,219 төгрөг болсон. Орон сууцны зээлээ төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардаж, мэдэгдэл шаардлага хүргүүлж, гэрээний 6.3-т заасны дагуу орон сууцыг чөлөөлөхийг хүртэл мэдэгдсэн боловч төлбөрөө ч төлөхгүй, орон сууцыг чөлөөлөхгүй гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрч байна. Гэрээний 3.2-т заасныг ноцтой зөрчиж хууль бусаар уг орон сууцыг бусдад шилжүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1.2, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэг, гэрээний 2.1.9, 2.1.10, 6.1, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн үндсэн М.Оаас төлбөрийн үлдэгдэл 85,015,250 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 35,183,660 төгрөг, алданги 41,572,309 төгрөг, нийт 161,771,219 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. “У” ХХК-иас гэрээний нөхцөлийн шаардлагыг биелүүлээч гэдэг байдлаар М.От хандсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Манай зүгээс орон сууцыг шилжүүлээд өгчихсөн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн М.От холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, анхны гаргасан Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 161,771,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.
Хариуцагч М.Од холбогдох шаардлага: М.О нь “У” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тухайн орон сууцыг өөрийн төрсөн эгч М.Од хэлбэр төдий гэрээ байгуулан 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдөр М.Огийн өмчлөлд Ү-*****дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардана...гэв.
2. Хариуцагч М.О өөрт холбогдох нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Би 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тухайн компаниас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах *** байрны 16 давхрын *** тоотод байрлах орон сууцыг “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, гэрээнд заасан нөхцөлөөр орон сууцыг ашиглахаар тохиролцсон. Анх гэрээ байгуулахдаа урьдчилгаа 9,640,000 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш 2015 оны 09 дүгээр сард би байрны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Байрны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлсөн тул “У” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт төлбөрийг төлж дуусгасан талаар албан тоот хийж өгсөн байдаг. Нэхэмжлэлд намайг гэрээний үүргээ зөрчиж хууль бусаар өмчлөх эрхийг шилжүүлж авсан гэжээ. Намайг байрны үнийг төлсөн тул “У” ХХК-иас 2015 оны 09 дүгээр арын 16-ны өдөр албан тоот хийж өгснийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан. Миний бие байрны үнийг бүгдийг нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч байгууллагын ажилтан Л.А манай байрны 1 давхарт амьдардаг байсан. Л.А нь манай эхнэрт 70,000,000 төгрөг өгөөд байраа ав гэсэн байсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр Б.Туул ээжээсээ мөнгө аваад бэлнээр өгч, Л.А нь төлбөр төлөгдсөн гэсэн утгатай компанийн тамга дарсан бичиг өгсөн гэж байсан. Би тэр үед Солонгол улсаас машин зөөдөг байсан. “У” ХХК энэ олон жил болж байхад надаас өр төлбөртэй гэж бичиг цаасны юм явуулж байгаагүй. Хэзээ хойно 2022 онд шүүхээс намайг дуудсан. Цаас нь хүртэл байгаа гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхнаасаа миний нэр дээр гэрчилгээ нь гарсан. Гарын үсгийн хувьд 2015 онд Л.А тамга дараад манай эхнэрт өгсөн гэж байгаа юм. Тэр баримт дээрээ компанийн дардсыг дарсан. Шинжилгээний байгууллага руу явуулахдаа 2025 оны дардас шинжилгээнд явуулсныг гайхаад байна. Хэрвээ мөнгө төлөөгүй байсан бол 5 жилийн дараа шүүхэд хандаж байгааг гайхаж эргэлзэж байна.
Хариуцагчийн өмгөөлөгч: Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэдэгтэй маргахгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох ёстой. Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан баримтуудаас харвал 2021 онд бичгээр мэдэгдэл өгсөн байна. Үүнээс өмнө гэрээний үүрэг зөрчигдсөн талаар мэдэгдэл гаргаагүй байна. 2018 оны 9 дүгээр сараас гэрээний үүрэг зөрчигдсөн гэж ярьж байгаа хэдий ч М.От мэдэгдээгүй. Гэрч Б.Туулын мэдүүлгээр бэлнээр мөнгө төлсөн гэдэг нь нотлогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр 2015 оны туршилтын загварууд ирээгүй боловч сүүлд ирүүлсэн туршилтын загвартай харьцуулсан талаар шинжээч дурдсан. Хууль хяналтын газар шалгуулахгүй, бэлэн өгсөн мөнгийг нь аваад, гэрээний үүрэг дуусгавар болгосон гээд баримт үйлдэж өгсөн байна. Иймд хариуцагч талын татгалзал үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу...гэв.
3. Хариуцагч М.О өөрт холбогдох нэхэмжлэлийг гардан авч, хариу тайлбар бичгээр гаргаагүй. Харин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.О, М.О нарын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн дагуу хийгдсэн. Тухайн гэрээг хууль бус, хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. М.О нь төлбөр төлөх үүргээ биелүүлээд М.Оаас худалдаж авсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлажээ.
4. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-4, 181, 2-р хх-6/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /1-р хх-5, /, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-6/, М.Отай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ГД-*** дугаар Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-7-9/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь /1-р хх-10/, М.От хүргүүлсэн мэдэгдэл, шаардлага бүхий албан бичгийн эх хувь /1-р хх-11/, М.От хүргүүлсэн Орон сууц чөлөөлөх шаардлага бүхий албан бичгийн эх хувь /1-р хх-12/, “У” ХХК-иас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт гомдол гаргах тухай албан бичгийн эх хувь /1-р хх-13-14/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн яаманд хариу өгөх тухай албан бичгийн хуулбар /1-р хх-15-16/, Зээл төлөлтийн график /1-р хх-17, 182/, М.Оын оршин суух хаягийн тодорхойлолт /1-р хх-131/, “У” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь харилцах дансны хуулга /1-р хх-152-167/, Л.Агийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /2-р хх-85/,
5. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: М.Оаас “У” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 9,640,700 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримтын эх хувь /1-р хх-29/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /1-р хх-109, 130/, М.Огаас төлөөлөгчид олгосон итгэмжлэл /1-р хх-121/, Д.Эгийн Хаан банк ХК дахь харилцах дансны тодорхойлолт, хуулга /1-р хх-145-146/, Б.Туулын Хаан банк ХК дахь харилцах дансны хуулга /1-р хх-148-151, 183-185/, “У” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хаягласан 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгийн эх хувь /2-р хх-142/
6. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШЗ2022/06463 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-33/, захирамжийн дагуу баримтуудыг ирүүлсэн байна. /1-р хх-41-82/
6.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2022/07141 дугаар захирамжаар Л.Аг гэрчээр асуухаар шийдвэрлэж /1-р хх-37/, гэрчийг асууж тэмдэглэл үйлдсэн байна. /1-р хх-93-95/
6.3. Зохигч талуудын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2022/10760 дугаар захирамжаар М.О, М.О нарыг төрөл садангийн холбоотой эсэх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах, Д.Эг гэрчээр асуухаар шийдвэрлэж /1-р хх-137/, баримтыг ирүүлэн /1-р хх-142-143/, гэрчийг асууж тэмдэглэл үйлдсэн байна. /1-р хх-173-175/
6.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2022/11253 дугаар захирамжаар “Болд кредит ББСБ” ХХК-иас М.О зээл авч байсан эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-170/, захирамжийн дагуу зээл олгож байгаагүй гэх агуулга бүхий лавлагааг ирүүлсэн байна. /1-р хх-177/
6.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2022/15578 дугаар захирамжаар Хаан банк ХК-иас М.О, Б.Туул нарын харилцах дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-191/, захирамжийн дагуу дансны хуулгуудыг ирүүлсэн байна. /1-р хх-196-250, 2-р хх-1/
6.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2022/16147 дугаар захирамжаар Хаан банк ХК-иас М.Оын дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-12/, захирамжийн дагуу дансны хуулгыг ирүүлсэн. /2-р хх-22-23/
6.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШЗ2022/07698 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулах, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж “У” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичигт зурагдсан гарын үсэг захирал Х.Бын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шийдвэрлэж /2-р хх-89/, шинжээчийн дүгнэлт 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гарч шүүхэд ирүүлэн /2-р хх-135-141/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтуудыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн. /2-р хх-240-250, 3-р хх-1-9/
6.8. Хариуцагч М.Оын өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Туулыг гэрчээр асуухаар шийдвэрлэж /2-р хх-222/, гэрчийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд асуусан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч М.От холбогдуулан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 161,771,219 төгрөг гаргуулах, хариуцагч М.Од холбогдуулан, М.Отай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
2. Шүүх “У” ХХК-ийн М.От холбогдох нэхэмжлэлээс 99,020,476 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг М.Од холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хариуцагч М.О өөрт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, “гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдсөн учир үлдэгдэл төлбөр байхгүй, нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлан, төлбөрийн урьдчилгаа 10 хувийг банкаар, 70,000,000 төгрөгийг хариуцагчийн ажилтанд бэлнээр, үлдэгдэл төлбөрийг дансаар шилжүүлсэн гэж тайлбарлан маргаж байна.
4. Хариуцагч М.Огийн хувьд хариу тайлбараа бичгээр гаргаагүй боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хүчин төгөлдөр гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг М.Оаас шилжүүлж авсан гэх агуулгаар шүүх хуралдаанд тайлбарлажээ.
5. Хариуцагч М.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг болон зохигч талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо.
6.1. “У” ХХК, М.О нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ГД-*** дугаар Орон сууц зээлээр худалдах, худалдан авах болон Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, М.О нь “У” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, *** байрны 16 давхрын *** тоот дахь 56,71 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,700,000 төгрөгт тооцон нийт 96,407,000 төгрөгийг гэрээний Хавсралт №1-д заасан графикийн дагуу 60 сарын хугацаанд сарын 1 хувийн хүүтэйгээр зээлээр худалдаж авах, урьдчилгаа 9,640,700 төгрөг ба уг төлбөрийг төлснөөр гэрээний зүйлийг худалдан авагч ашиглах эрхтэй болох талаар болон бусад зүйлийг тохиролцон гэрээнд тусгасан байна.
6.2. М.О гэрээний дагуу урьдчилгаа 9,640,700 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө “У” ХХК-д дансаар шилжүүлж, гэрээний зүйлийг ашиглаж эхэлсэн байх бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “У” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт М.Оыг “...9,640,700 төгрөг төлж, 86,766,300 төгрөгийг Болд кредит ББСБ ХХК-ийн зээлд хамрагдан төлбөрөө бүрэн төлсөн учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож өгнө үү” гэх бичиг үйлдэж, үүний дагуу 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ***дугаар гэрчилгээ гарсныг нэхэмжлэгч “У” ХХК эзэмшилдээ байлгаж, улмаар шүүхэд гаргасан нэхэмжлэлд эхээр нь нотлох баримтаар гаргасан байна.
6.2.1. Дээрх “У” ХХК-ийн албан бичигт дарагдсан захирал Х.Бын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн ...баримтын доод хэсэгт Ерөнхий захирал Х.Б гэсний ард байх дардсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Х.Бын гэх дардсан гарын үсгийн туршилтын загваруудтай тохирохгүй байна” гэж дүгнэсэн.
6.2.2. Шинжээчийн дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн баримт 2015 оны баримт боловч харьцуулах загвараар тус онд дарагдсан дардсан гарын үсгийн загварыг ирүүлээгүй талаар дурдсан бөгөөд уг бичигтэй холбоотойгоор гэрч Л.А “...тухайн үед компанид мөнгө хэрэг болоод 10 хэдэн айлын гэрчилгээг гаргаж өгсөн. Үүнийг байгууллагаас нэгдсэн журмаар албан тоот хийж өгсөн. Намайг хариуцаж ажиллаж байсан болохоор гэрчилгээг гаргаад, барьцаанд тавих гэж гаргасан...” гэж мэдүүлсэн байна. /1-р хх-94/
6.2.3. Албан бичигт дурдагдсан “Болд кредит ББСБ” ХХК-иас М.От зээл олгосон эсэх талаарх лавлагааг авахад түүнтэй холбоотой зээл судлаж байсан болон зээл авч байсан гэх баримт байхгүй, ямар нэг зээл авч байгаагүй, холбоотой нотлох баримт байхгүй гэх хариу ирүүлсэн. /1-р хх-177/
6.3. М.О нь “У” ХХК-д гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 10 хувь болох 9,640,700 төгрөгийг дансаар, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 16,525,000 төгрөгийг тус компанийн данс руу шилжүүлснээр бүгд 26,165,700 төгрөг төлсөн байна. /1-р хх-29, 152-167/
6.4. М.О 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн газарт хандан, Г-***тоот гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцож дахин олгуулах тухай өргөдөл гаргаж, Өдрийн сонины 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хэвлэлд гэрчилгээг хүчингүйд тооцсон талаар нийтлэгдэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/359 дүгээр тушаалаар эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцож, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ***тоот гэрчилгээ М.От олгогдсон байна. /1-р хх-61-67/
6.5. Улмаар М.О нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр М.Отай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан тухайн орон сууцыг 30,000,000 төгрөгөөр М.Од худалдахаар тохиролцож, гэрээнд төлбөр бүрэн төлөгдсөн талаар дурдаж, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс уг орон сууц М.Огийн өмчлөлд шилжсэн байна. М.О, М.О нар төрсөн эгч дүү болох нь тэдний төрөл садангийн лавлагаагаар тогтоогдсон. /1-р хх-72-75, 143/
6.6. Орон сууцны өмчлөлийн бүртгэлтэй холбоотойгоор “У” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй дотоод хэргийн яам зэрэг байгууллагуудад гомдол гаргаж, холбогдох байгууллагууд гомдолд албан бичгээр хариу өгч байсан байна. /1-р хх-76-81, 2-р хх-241-250, 3-р хх-1-9/
6.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.А, Д.Э, Б.Туул нарыг гэрчээр асууж орон сууцны төлбөр бэлнээр төлөгдсөн эсэхийг тодруулахад:
- Л.Агаас: “...М.Оаас бэлэн мөнгө аваагүй, хэзээ надад бэлэн мөнгө өгсөн юм. ...анхны урьдчилгааг аваад, график гаргаж өгсөн. ...2015 онд 9,640,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. ...Орон сууц захиалагч нар бэлэн мөнгө өгөх тохиолдол байдаг, үүнийг нь касс руугаа өгдөг...” гэж,
- Д.Эгаас: “...Манай хүүхдүүд тэр үед дандаа түрээсийн байраар явж байсан учир хоёр хүүхдэдээ нэмэр болох гээд 2 давхар байраа зараад мөнгө өгч байсан. Нийт 78,5 сая төгрөг өгсөн. 2015.1.22-нд 18,000,000 төгрөг, 2015.1.19-ний өдөр 1 сая, 1 сарын 18-ны өдөр 20 сая, 2 сарын 03-ны өдөр 7 сая, 2 сарын 10-ны өдөр 2,5 сая, 3 сарын 03-нд 29 сая, нийт 78,5 сая төгрөг өгсөн. Мөнгө шилжүүлэхэд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 2 өрөө байр авлаа гэж хэлж байсан. Мөнгөө охин Б.Туулын данс руу шилжүүлсэн. Би Бэлхэд байдаг 2 давхар байшингаа зарсан. ...Тухайн үед байрны гэрчилгээ үзүүлж байсан санагдаж байна. Байр авлаа л гэж хэлж байсан. Байраа 42 сая төгрөгөөр зарсан. Мөнгөө цувуулж өгсөн. Өөрөө бас хэрэглэж байсан...” гэж,
- Б.Туулаас: “...тухайн үед борлуулагч байсан Л.А эгчтэй холбогдоод манайх дахин төлөлт хиймээр байна данс руу хийх үү, яах уу гэж асуухад “үгүй ээ данс руу хийхгүй бэлнээр авна гэсэн”. Тэгээд би 09 дүгээр сарын 16-нд Ч хотхоны ***дүгээр давхарт хойшоо харсан хаалгатай өрөөнд суудаг байхад нь очиж 70,000,000 төгрөгийг бэлнээр өгч байсан. ...Үлдэгдэл 18,000,000 төгрөг үлдэж байгааг яаж төлөх вэ гэхэд бага багаар Улаанбаатар банкны данс руугаа хийгээд бай гэж хэлсэн. Манай ээж 02 дугаар сард хаусаа зараад, айлын ганц охиндоо байрны урьдчилгаа болгоод өгье гэж байсан. Манай нөхөр 2006 оноос хойш Солонгос улсад ажил хийж байгаад 2015 онд Солонгосоос машин зөөдөг байсан. Ээжээс авсан мөнгө болоод тэр мөнгө нэмээд 70,000,000 төгрөгийг тухайн үед бэлнээр авчирч өгсөн. Манай ээж хаусаа 42,000,000 төгрөгөөр зараад надад бүх мөнгийг өгсөн. Ээжээс авсан мөнгө болон манай нөхрийн хөдөлмөрлөж олсон мөнгийг нийлүүлээд 70,000,000 төгрөгийг аваачиж өгсөн. Ерөнхийдөө манай ээжээс 42,000,000 төгрөг гарсан, манайхаас 28,000,000 төгрөг гарсан” гэж тус тус мэдүүлсэн.
6.8. Гэрч Л.А шүүхэд бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтдоо “...М.О нь орон сууцны төлбөрөө У ХХК-ийн дансаар шилжүүлдэг байсан. А миний бие М.Оаас 70 сая төгрөг буюу ямар нэгэн хэмжээгээр мөнгө төгрөг авч байгаагүй болохыг үүгээр баталж байна. О нь надад мөнгө төгрөг өгсөн гэж байгаа бол холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах эрх нь нээлттэй байгаа. Өнөөг болтол шалгуулахгүй байгаа нь надад мөнгө өгсөн гэдэг худал гэдгийн нотолгоо юм” гэжээ.
6.9. Хэрэгт нэхэмжлэгч “У” ХХК, хариуцагч М.О, гэрч Б.Туул, Д.Э нарын дансны хуулгыг зохигчоос болон зохигчийн хүсэлтээр шүүх тус тус бүрдүүлэн хэрэгт нотлох баримтаар цугларсан.
6.9.1. “У” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь дансны хуулгаар М.Оаас орон сууцны төлбөрт 26,165,700 төгрөг шилжүүлсэн байна. /1-р хх-152-167/
6.9.2. М.О, Б.Туул, Д.Э нарын Хаан банк ХК дахь дансны хуулгаар Л.Ад бэлэн мөнгө өгсөн гэх 2015 оны 09 дүгээр сард хийгдсэн гүйлгээнүүдийг тодруулахад Д.Эгийн ***тоот дансаар гүйлгээ хийгдээгүй, Б.Туулын ***тоот дансаар 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 407,718 төгрөгийн зарлага хийгдсэн, М.Оын Хаан банк ХК дахь *****тоот дансаар гүйлгээ хийгдээгүй байна. /1-р хх-146, 213, 2-р хх-23/
6.9.3. Харин Б.Туулын ***тоот дансны 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгаар хариуцагч талын тодруулсан гүйлгээнүүдийг шалгахад ***, ***дансууд болон өөрийн хийсэн орлогоор нийт 78,000,000 төгрөгийн орлого орж, ***тоот данс руу 01 дүгээр сарын 19-ний өдөр 17,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна. /1-р хх-148-151/
7. Зохигчид “У” ХХК болон М.О нарын байгуулсан гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, гэрээний үнэ болон орон сууцыг М.Оын эзэмшилд шилжүүлсэн, урьдчилгаа төлбөр болон компанийн дансаар төлбөр шилжсэн, М.О, М.О нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, өмчлөх эрхийн гэрчилгээ М.Од шилжсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
8. Харин М.О “У” ХХК-тай байгуулсан Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, М.О, М.О нарын байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаантай байна.
9. “У” ХХК болон М.О нарын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд худалдан авагч нь гэрээний төлбөрийг сарын 1 хувийн хүүтэйгээр 2020 оны 9 дүгээр сарыг дуустал хуваарь тогтоон хувааж төлөхөөр харилцан тохиролцож төлбөрийн график гаргасан байна.
10. Гэрээ байгуулснаар нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч М.Оын эзэмшилд шилжүүлж, М.Оын хувьд гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 10 хувь болох 9,640,700 төгрөгийг дансаар төлж, мөн дансаар 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 16,525,000 төгрөг шилжүүлсэн нь 26,165,700 төгрөг болж байна.
11. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч М.От холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тэдний байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сард дуусахаар гэрээгээр тохиролцож, талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.
11.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгүүдэд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо шаардах эрх үүссэн үеэс болон эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолохоор тус тус хуульчилсан.
11.2. Талуудын байгуулсан Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сард дуусахаар заасан ба нэхэмжлэгч “У” ХХК-иас гэрээний хугацаа дууссанаас хойш 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр М.От гэрээний үүрэг биелүүлэх талаар мэдэгдэл шаардлага, мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц чөлөөлөх шаардлагыг тус тус хүргүүлж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт тус тус гомдол гаргаж, гомдлын дагуу албан бичгээр хариу өгч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна.
11.3. Иймд хуульд зааснаар нэхэмжлэгч “У” ХХК нь гэрээний хугацаа дуусаж, биелэгдээгүй үүргийг гүйцэтгүүлэхээр 2021 оны 09 дүгээр сараас эхлэн М.От мэдэгдэл шаардлага хүргүүлсэн бөгөөд эрх зөрчигдсөн үеэс эхлэн гомдлын шаардлага гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдаагүй гэж үзэхээр байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна.
12. Талууд хариуцагч М.Оыг гэрээний үүрэгт 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “У” ХХК-ийн ажилтанд бэлнээр төлсөн эсэх талаар харилцан тайлбар гаргаж маргасан. Нэхэмжлэгч талд бэлнээр 70,000,000 төгрөг төлж үүргээ бүрэн биелүүлсэн учраас гэрээний зүйлийг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан гэх агуулгаар хариуцагч М.Оын зүгээс тайлбарлаж маргасан. Энэ тохиолдолд төлбөрийг бэлнээр төлсөн болохоо хариуцагч тал нотлох үүрэг хүлээнэ.
12.1. Хариуцагч уг тайлбар, татгалзлаа нотлохоор М.О, Б.Туул, Д.Э нарын дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж, шүүхийн журмаар мөн М.О, Б.Туул нарын дансны хуулгуудыг хэрэгт нотлох баримтаар бүрдүүлэн, Б.Э, Б.Туул нарыг гэрчээр асуусан.
12.2. Гэрчүүдийн мэдүүлэг болон хариуцагч М.Оын гаргасан “Д.Э өөрийн хашаа байшинг зараад мөнгийг Б.Туулд шилжүүлж байсан, М.О Солонгос улсаас мөн Б.Туулын дансаар мөнгө шилжүүлж байсан” гэж тайлбарласан ба Б.Туулын Хаан банк дахь дансанд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ***, ***дансууд болон өөрийн хийсэн орлогоор нийт 78,000,000 төгрөгийн орлого орж, ***тоот данс руу 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 17,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
12.3. Харин эдгээр гүйлгээний нийлбэр 78,500,000 төгрөг болж, үүнээс 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “У” ХХК-ийн ажилтанд бэлнээр өгсний дагуу “төлбөр дууссан” гэх агуулга бүхий албан бичгийг гаргуулсан гэх хариуцагч талын тайлбар, гэрч Б.Туулын мэдүүлэг зэрэг нь хэрэгт байгаа баримтуудаар давхар нотлогдохгүй байна.
13. Хоёрдугаар хавтаст хэргийн 142 дугаар талд авагдсан “У” ХХК-ийн “...орон сууцыг захиалсан ...М.О нь захиалгын гэрээний дагуу 9,640,700 төгрөгийг төлж, 86,766,300 төгрөгийг Болд кредит ББСБ ХХК-ийн зээлд хамрагдан төлж, төлбөрөө бүрэн төлсөн тул тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож өгнө үү” гэх агуулга бүхий 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгийг хариуцагч тал татгалзлын үндэслэлээ болгож нотлох баримтаар гаргасан.
13.1. Уг баримт үйлдэгдсэн талаар хариуцагчийн тайлбарыг гэрч Л.А, Б.Туул нар давхар нотлохын зэрэгцээ тухайн баримтыг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ М.От олгогдсон, тухайн гэрчилгээг нэхэмжлэгч тал эзэмшилдээ байлгасныг шүүхэд эхээр нь нотлох баримтаар гаргасан зэргийг нэгтгэн дүгнэвэл тухайн баримтыг үйлдсэн талаар нэхэмжлэгч тал мэдэж байсан гэж үзэхээр байна.
13.2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх баримтад дарагдсан “У” ХХК-ийн захирлын гарын үсэг бүхий дардасын талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилоход нэхэмжлэгч талаас шинжээчид гаргасан дардасын загвартай тохирохгүй байгаа тухай дүгнэсэн боловч харьцуулан шинжлүүлэхээр гаргасан дардас нь 2015 оны дардас биш байсан талаар дүгнэлтэд дурдсан байх тул хуурамч баримт гэж үзэхгүй.
13.3. Уг баримтыг үндэслэн М.Оыг төлбөр төлсөн гэж үзэх боломжгүй юм. Учир нь тухайн баримтад М.О 70,000,000 төгрөг төлсөн талаар дурдаагүй, баримтад дурдсан “Болд кредит ББСБ” ХХК-иас гэрээний үлдэгдэл 86,766,300 төгрөгийг зээлж аваад, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан талаар тусгасан нь тухайн байгууллагаас шүүхэд ирүүлсэн албан бичгээр үгүйсгэгдэж байна.
13.4. Мөн М.Оын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаас хойш хариуцагч нь орон сууцны төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд тогтмол төлж байсан зэрэг үйл баримтуудаар хариуцагч талын 2015 онд төлбөр бүрэн төлөгдөж гэрээ дуусгавар болсон гэх тайлбар үгүйсгэгдэж байх тул эдгээр үндэслэлээр “У” ХХК нь М.Оаас Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй.
14. Талууд гэрээгээр үндсэн төлбөр 96,407,000 төгрөгөөс урьдчилгаа 10 хувьд тооцож төлсөн 9,640,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 86,766,300 төгрөгийг 60 сарын хугацаанд сар бүр хүү 1 хувиар тооцож, нэг сард 1,930,000 төгрөг төлөхөөр, нийт 115,545,476 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
14.1. Хариуцагч гэрээний хугацаанд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 14 удаагийн гүйлгээгээр 16,525,000 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг үндсэн төлбөрөөс 85,015,250 төгрөг төлөөгүй гэж тайлбарлан шаардаж байгаа.
14.2. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч М.Оын төлсөн 16,525,000 төгрөгийг үндсэн үүрэг 86,766,300 төгрөгөөс хассанаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 70,241,300 төгрөг, зээлийн хүү 28,779,176 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.
15. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар “У” ХХК нь алданги 41,572,309 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, гэрээний 6.3-т тус тус заасны дагуу М.Оаас шаардсан.
15.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, мөн зүйлийн 232.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй” гэж, 232.3 дахь хэсэгт “...анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан байна.
15.2. Талуудын байгуулсан гэрээний 6.3-т “Худалдан авагч зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаагаар төлөлгүй зээл эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчсөн тохиолдолд худалдагч гэрээнээс татгалзаж алданги, торгууль, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөр болон учирсан хохирлоо шаардах ба худалдан авагч нь орон сууцыг нэн даруй буюу 10 хоногийн дотор чөлөөлж худалдагчид буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцож батлав” гэж заажээ.
15.3. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасны дагуу дээрх гэрээний заалтыг тодорхойлвол талууд алдангийн талаар нарийвчлан гэрээнд тусгаагүй байх тул талууд үүргийн гүйцэтгэл зөрчигдсөн тохиолдолд алданги төлөхөөр гэрээнд тусгаагүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэж үзэн алдангид шаардсан 41,572,309 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагч М.Оаас Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар үндсэн үүрэг 70,241,300 төгрөг, хүү 28,779,176 төгрөг, нийт 99,020,476 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, үлдэх 62,758,743 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
17. Харин М.О, М.О нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдоогүй, М.О эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг М.Од шилжүүлэхээр харилцан тохиролцож, улсын бүртгэлд бүртгүүлсэн, тэдний байгуулсан гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
17.1 Иймд М.Од холбогдуулан түүний М.Отай 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “У” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
18. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,746,968 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Оаас 99,020,476 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 653,052 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Оаас 99,020,476 /ерэн есөн сая хорин мянга дөрвөн зуун далан зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 62,758,743 /жаран хоёр сая долоон зуун тавин найман мянга долоон зуун дөчин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М.Од холбогдуулан, түүний М.Отай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай “У” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,746,968 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Оаас 653,052 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА