Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00280

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00280

 

 

 

*********ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/03010 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *********ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *********д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 2,679,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *********ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: *********ХХК нь *********тай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагч 192 ширхэг бараа материалыг 91 хоногийн хугацаатай түрээсэлсэн. Түрээсийн төлбөр 3,203,200 төгрөг болсон бөгөөд хариуцагч манай түрээсийн бараа материалыг буцаан өгөхдөө нэг ширхэг бараа материал дутаан алга болгосон тул 39,000 төгрөг нэмэгдэж, нийт 1,456,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1,786,200 төгрөгийг төлөөгүй байна.

Мөн гэрээний 7.2-т заасны дагуу алдангийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож 893,100 төгрөгийн хамт нийт 2,679,300 төгрөгийг хариуцагч Г.Энхтайвнаас гаргуулж өгнө үү.

Хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаснаар ажиллагаанууд тасалдаагүй явж байгаа гэжээ.

 

2.Хариуцагч *********ы тайлбарын агуулга: *********ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр барилгын материал түрээслэх гэрээ байгуулсан. Мөн өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 91 хоногийн хугацаатай бараа материалыг ашиглаж буцаан өгсөн байдаг. 2017 оны 06 дугаар сард түрээсийн төлбөр 1,786,200 төгрөг төлсөн. Түрээстэй холбоотой эрх зүйн харилцаа 4 жил, 6 сарын өмнө дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу *********ХХК-ийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар *********аас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 2,679,300 төгрөг гаргуулах тухай *********ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,819 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. а.Шүүх 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолон 2021 оны 04 сарын 09-ний өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь цагдаагийн байгууллагаас хариуцагчийн хаягийг олж тогтоогоогүй байхад хөөн хэлэлцэх хугацааг шийдвэр гарсан огноогоос тоолж хуулийн буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дах хэсэгт Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөх хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болох, хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан байдаг. Манай тохиолдолд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан байдаг боловч 2020 оныг дуустал бүрэн шийдвэрлэгдэж хариуцагчийн хаягийг олж тогтоогүй юм. Иймээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байсан.

б. Хариуцагч нь түрээсийн гэрээ байгуулсан, төлбөр зэрэг дээр маргаагүй хэрнээ төлбөрийг бүрэн төлсөн гэх нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй бөгөөд татгалзлаа нотлоогүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг дэмжиж буй үндэслэлээ нотолсон баримтыг гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Хэргийн материалд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тухай бичгийн баримт авагдаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч *********ХХК нь хариуцагч *********д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2,679,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 3 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ... ашиглаж буцаан өгсөн, ... түрээстэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл заан маргажээ./хх-1-2, 25/

 

3.Анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/1237 дугаартай шийдвэрээр хариуцагч *********ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч *********ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, *********ы оршин суугаа газрыг олж тогтоохыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үүрэг болгон шийдвэрлэжээ. /хх-16/ Уг шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллагаас ямар ажиллагаа хийсэн, хүчин төгөлдөр шийдвэр биелэгдсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч тал ... 2020 онд би өөрөө ажилд ороод Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж хаягийг аваад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч мөн хаягтаа байхгүй байсан тул Хан-Уул дүүрэгт эрэн сурвалжлуулж олсон хаягаар нэхэмжлэл гаргасан ... гэж, хариуцагч нь ... Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс олж тогтоогоод мэдэгдсэн, хариу албан бичиг авсан гэдэг үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж байна гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тоолохтой холбоотой маргаж буй үйл баримтын талаар зохигч талуудаас тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дах хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/0 дугаартай шийдвэр гарсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тоолж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсгийн заасан журамд нийцээгүй байна. /хх-29-30/

 

4.Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, нөхөн гүйцэтгэж эрх дээрх хуулиар олгогдоогүй учир хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5,

168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/03010 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,819 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД