Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00291

 

*****ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/02816 дугаартай шийдвэртэй

 Нэхэмжлэгч *****ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч “********, хххххх нарт  холбогдох

 Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 88,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “********-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   1.Нэхэмжлэгч *****ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “********-ийн захирал хххххх нь надтай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний  өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр би өөрийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах амины орон сууцны зориулалт бүхий газрыг хариуцагчид 80,000,000 төгрөгөөр худалдахаар болж, урьдчилгаанд 42,500,000 төгрөг төлөх, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон.

 “********-ийн захирал хххххх нь гэрээнд заасны дагуу 80,000,000 төгрөгөөс 42,500,000 төгрөгийг төлсөн боловч үлдэх 37,500,000 төгрөгийг төлөөгүй учир үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан.

Иймд газар худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 37,500,000 төгрөг, алданги 50,500,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөгийг хариуцагч “******** болон хххххх нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   2.Хариуцагч “******** болон хххххх нар тайлбар гаргаагүй болно.

 

   3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “********-аас 56,280,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ххххххд болон 31,720,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “********-аас 439,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч “********-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.а.Шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Шүүхээс хурлын товыг шүүх хуралдаан болсон өдрийн буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цагийн тулгаж мэдэгдсэний улмаас очиж амжихгүй гэдгээ хэлсэн  боловч шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь хариуцагчийн хуралдаанд оролцох, өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох боломжоор шүүх хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

4.б.Манай компани 2015 оноос хойш Хан-Уул дүүргийн хуучнаар 10 дугаар хороо өөрийн эзэмшлийн оффист 6 жил тасралтгүй үйл ажиллагаа тогтмол явуулж байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс байхгүй хаяг дээр нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн зүгээс хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

4.в. Нэхэмжлэгч ******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц дамжуулж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан ба тухайн төлбөрийг бартер оролцуулан төлөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулахад урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” гэрчилгээг шилжүүлсний дараа үлдэгдэл төлбөрөө авахаар тохиролцсон.

Гэвч нэхэмжлэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би өөрөө гэрээ хийнэ, Ц.Цэрэнням хамаагүй, би бартер авахгүй гэсэн шаардлага тавьсны дагуу гэрээг шинээр мөн өдөр гэрээ байгуулсан.  Уг гэрээгээр талууд газрын үнийг 72,500,000 төгрөгөөр үнэлж, өмнө нь шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг хасч тооцон, 32,500,000 төгрөгийг н.Х гэсэн данс руу шилжүүлсэн. Харин үлдэгдэл  30,000,000 төгрөгийг газрын гэрчилгээг шилжүүлсний дараа өгөхөөр тохиролцсон. ******* нь гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байгааг өмнөх хүчингүй гэрээг ашиглаж хүү, алданги  тооцож авах сонирхолтой байна.

Хариуцагчийн зүгээс дээрх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгч чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдааны товыг 14 хоногийн өмнө мэдэгдсэн. Шүүгчийн туслах хурлын товыг хариуцагчид утсаар болон түүний оршин суугаа хаягаар мэдэгдсэн байна. Гэвч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй, ямар нэгэн баримт ирүүлээгүй атлаа шүүхийг буруутгасан агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иймээс шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч ******* болон ********-ийн захирал хххххх нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ хэрэгт авагдсан. Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулсан өдрөө 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар талууд тохиролцсон. Уг гэрээний 3.9-д төлбөрийг хугацаандаа төлөхгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон. Шүүх алдангийн хэмжээг хуульд заасан хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд 80,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөх ёстой байсан боловч үүргээ биелүүлээгүй.

            Түүнчлэн, хариуцагчийн зүгээс тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй, олон нотлох баримт байсан гэж тайлбарладаг. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг  2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гардаж авч, эрх, үүрэгтэйгээ танилцсан атлаа тайлбар, мэдүүлэг өгөөгүй. Хариуцагч хххххх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө хариуцлагагүй хандсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******** болон хххххх нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 37,500,000 төгрөг, алданги 50,500,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. Хариуцагч “********, хххххх нар нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гардаж аваад шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.   

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ худалдах-худалдан авах гэрээний талуудыг буруу тодорхойлсон байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.  

4.Хэргийн 5 дах талд авагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нэртэй гэрээг нэг талаас эрх шилжүүлэгч буюу иргэн *******г төлөөлж иргэн Н.Ц, нөгөө талаас эрх шилжүүлэн авагч тал буюу иргэн хххххх нар Хан-Уул дүүрэгт байрлах 700 м.кв талбайтай, амины сууцны зориулалттай газрын эзэмших эрхийг 80,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцон, гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал болох хххххх нь “********-ийг төлөөлж *******тай гэрээ байгуулсан агуулга тусгагдаагүй байна. Иймд *******, хххххх нарын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ гэрээний талууд бие биенээсээ үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Иймд хариуцагч “********-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* нь шаардах эрхгүй тул тус компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Гэрээгээр эрх шилжүүлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор газрын эрхийг шилжүүлж өгөх, эрх хүлээн авагч тал нь төлбөрийн урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эрх шилжүүлэгч талын ХААН банк дах данс руу шилжүүлэх, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл 70,000,000 төгрөгийг шилжүүлэхээр, уг үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцох нөхцлийг тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

Хариуцагч хххххх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй, маргаагүй гэж үзнэ.

Уг гэрээний үүргээс 42,500,000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагч ххххххгээс худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 37 500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

5.Талуудын гэрээний 3.9-д заасан анз тооцох тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дах хэсгийн заасныг зөрчөөгүй, хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 37,500,000 төгрөгт ногдох алдангийн хэмжээг мөн зүйлийн 232.4 дэх хэсгийн заасны дагуу 50 хувиар тооцон, алданги нэхэмжилсэн дүнг 18,750,000 төгрөгийн хэмжээнд хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин уг төлбөрийг хариуцагч ххххххгээс гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасанд нийцнэ.

6.Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлээ “... анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн, шүүх хуралдааны товыг тулгаж хэлсэн, татгалзлын үндэслэлээ нотлох боломжоор шүүх хангаагүй .. , ...Ц.Ц дамжуулж хийсэн гэрээнд бартер оролцуулж гэрээний төлбөрийг төлөхөр тохирсон байсан, ... манай санал болгосон зүйлүүдийг голоод явсан ..., ... ******* 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ******* өөрөө шинээр гэрээ байгуулсан, уг гэрээгээр газрын бичиг баримт шилжүүлснээр үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон” гэж  тайлбарласан байна.

7.Анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч ххххххд нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг танилцуулжээ. /хх-18,21/ Хариуцагч тал мөн сарын 20-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх-19/

Мөн  хариуцагч талын тодорхойлсон Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо,  тоот хаяг, нэхэмжлэгчийн тодорхойлсон Баянгол дүүрэг, 18 дугаар хороо,  тоот гэх хаягуудаар тус тус шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцах талаар, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай мэдэгдэх хуудсыг “Монгол шуудан” ХК-аар хүргүүлэх ажиллагаа явуулсан, “Монгол шуудан” ХК шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулаагүй шалтгаанаа “хүлээн авахаас татгалзсан” гэж тэмдэглэн, хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсаргасан баримтууд хэрэгт авагджээ. /хх-31-36/

8.Түүнчлэн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг мөн сарын 07-ны өдөр хариуцагч ххххххгийн 91919537 дугаартай гар утас руу мессежээр илгээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дах хэсэгт заасанд нийцжээ. /хх-26/ Хариуцагч хххххх анхан шатны шүүх хуралдааны тов мэдсэн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар үйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8 дах хэсэгт тус тус зааснаар зохигч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

9.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/02816 дугаартай шийдвэрийг Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххххххгээс 56,280,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,720,000 төгрөгийг, хариуцагч “********-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтын “М ХХК-аас” гэснийг “ххххххгээс” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “********-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

             

                            ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

             

              Ч.ЦЭНД