Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 350

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТА-ийн БС сумын ЗД,

ТА-ийн УБХ-т  тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:              Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...ТА-ийн БС сумын ЗД-ын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжуудыг хүчингүй болгох, С ХХК-ний 3.2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98.6 га-аар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа ТА-ийн БС сумын ЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3.2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98.6 га-гаар шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг даалгах, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002173 дугаартай 000427888 тоот, Г-1403002171 дугаартай 000427890 тоот, Г-1403002192 дугаартай 000429624 тоот, Г-1403002174 дугаартай 000427887 тоот, Г-1403002172 дугаартай 000427889 тоот, Г-1403002193 дугаартай 000429623 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 123/ШШ2019/0005 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2019/0324 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цогтмагнай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сайнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангэрэл, түүний өмгөөлөгч Ё.Энхээ,

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 123/ШШ2019/0005 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан ТА-ийн БС сумын ЗД-ын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98.6 га талбайн хэмжээгээр шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Тө аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3.2 га газрын газар эзэмших эрхийг сэргээж эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98.6 га талбарын хэмжээгээр шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг даалгах, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002173 дугаартай 000427888 тоот, Г-1403002171 дугаартай 000427890 тоот, Г-1403002192 дугаартай 000429624 тоот, Г-1403002174 дугаартай 0004427887 тоот, Г-1403002172 дугаартай 000427889 тоот, Г-1403002193 дугаартай 000429623 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ш.Оюунцэцэгт, О.Баярболд, Ц.Гэлэгжамц, Ч.Өсөхжаргал, Ч.Ундраа, Ш.Ариунбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангэрэлийн “ТА-ийн БС сумын ЗД-ын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч ТА-ийн БС сумын ЗД-а нь нэхэмжлэгч “С” ХХК өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох гүний худгийн өмчлөлийг хэрэгжүүлэх эрхтэй байх, гуравдагч этгээд Ц.Гэлэгжамц нь хариуцагчаас тухай газарт газар өмчлүүлсэн эрхийн хүрээнд тус орчиндоо 5000 м.кв газрыг өмчлөх эрхтэй байхаар асуудлыг газар дээр нь зохион байгуулж, 6 сарын дотор шийдвэрлэхийг хариуцагч Засаг даргад даалгаж, 4 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасныг баримтлан гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн сумын Засаг даргын 2016 оны А/896 дугаар захирамжийн иргэн Ц.Гэлэгжамцад холбогдох хэсэг, иргэн Ц.Гэлэгжамцын газар өмчлөх эрхийн нэгж талбарын 18640357938149 дугаар бүхий 5000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-1403002174 дугаартай газрын 000427887 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хариуцагч Засаг даргаас нэгж талбарын байршилд өөрчлөлт оруулан өмчлөх эд хөрөнгийн болон газрын асуудлыг зохион байгуулж шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2019/0324 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 123/ШШ2019/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цогтмагнай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 123/ШШ2019/0005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 4 дүгээр хэсэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2019/0324 дүгээр магадлалыг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

4. “С” ХХК-ийн өмнөх 100 га газар эзэмших эрхийн тухай: “С” ХХК нь ТА-ийн БС сумын ЗД-ын 2006 оны 138 дугаар захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн Баянголын ам Түшээ гүнд 100 га газрыг Хүүхдийн зуслан, жуулчны баазын зориулалтаар эзэмших эрхтэй болсон ба 2006 оноос хойш хүүхдийн зуслан буюу зориулалтын дагуу ашиглаж ирсэн байдаг. Газар эзэмших эрхийн 0118183 дугаар гэрчилгээ, нэгж талбарын 18640356290882 дугаар авч кадастрын зураг хийлгэн эзэмшил газрыг тэмдэгжүүлж координатжуулан газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Иймд, анхан шатны шүүхийн “...өмнө нь нэхэмжлэгчийн газрын байршлыг хэрхэн гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа нь тогтоогдож байх тул шүүхээс нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг тухайн кадастрын зургийн дагуу газар эзэмших эрхтэй байсан гэж тогтоох боломжгүй...” гэж дүгнэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн нотлох баримтыг гүйцэт цуглуулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм. “С” ХХК 100 га газрыг эзэмшиж, ашиглаж байсан нь баримтаар нотлогдож байгаа болно.

5. “С”ХХК-ийн 98.6 га газар эзэмших эрх сэргэсэн үндэслэлийн талаар: “С” ХХК-д 100 га газар эзэмших эрх олгосон 2006 оны 138 дугаар захирамжийг Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Үүнийг эс зөвшөөрч Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шүүхийн шийдвэр гарч Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжийг хууль зөрчсөн хууль бус хэмээн үзэж 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98.6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрт талууд гомдол гаргаагүй байдаг ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр нь иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгддэг бөгөөд шүүхийн шийдвэрээр эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгосноор эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд эрх нь сэргэнэ. Тодруулбал шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээнэ гэдэг нь захиргааны байгууллага хүчин төгөлдөр газар эзэмших эрх олгосон захирамжийг хууль бусаар хүчингүй болгосон, цуцалсан нь тогтоогдсон тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгосноор анх олгосон буюу бүртгэсэн газар эзэмших эрх сэргэж байгаагаас бус шийдвэрийг үндэслэсэн шинэ захиргааны актаар шинэ эрх тогтоож буй хэрэг биш юм. Иймд, “С” ХХК-ийн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрх сэргэсэн.

6. Гэтэл тус газар эзэмших эрх сэргэсэн эзэмших эрхтэй газар дээр давхцуулан ТА-ийн БС сумын ЗД-а 2016 оны 10 дугаар сарын 28-нд маргаан бүхий А/895, А/896, А/897, А/898, А/994 дүгээр захирамжуудаар иргэдэд газар өмчлөлөөр олгосон. Иргэдийн газар нь “С” ХХК-ийн эзэмших эрх нь сэргэсэн 98.6 га газартай давхцаж байгаа нь Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 123/Ш32018/0011 дүгээр захирамжаар томилогдсон Төв аймгийн Газрын харилцаа барилга Хот байгуулалтын газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07/11 тоот шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан байдаг. Уг шинжээчийн дүгнэлтийн хариулт 1-д “С” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу шинжилгээ хийхэд Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 138 тоот захирамжаар эзэмшүүлж, 2007 онд гэрчилгээ олгогдоод Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 тоот захирамжаар хүчингүй болсон 98.6 га талбайтай Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/895, А/896, А/897, А/898, А/894 дүгээр захирамжаар өмчлүүлсэн газар тус бүр нь хэмжээ байршлын хувьд давхцаж байна гэж тогтоогоод зургийг хавсралтаар ирүүлсэн байдаг. Хариуцагч болон гуравдагч этгээд энэхүү дүгнэлттэй маргадаггүй бөгөөд ямар нэгэн гомдол хүсэлт гаргасан зүйл байдаггүй юм. Түүнчлэн дээд шатны албан тушаалтан болох Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1186 дугаар “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.9, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн газар дээр нь хяналтын хэмжилт, судалгааг хийж үзээд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д зааснаар Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжийн 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, “С” ХХК-д 98.6 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх, газар эзэмших гэрээг шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Батсүмбэр сумын Засаг даргад үүрэг болгосон атал ТА-ийн БС сумын ЗД-а дээд албан тушаалтныхаа шийдвэрийг эс биелүүлсэн байдаг болно.

7. Дээрх газар өмчлөлөөр олгосон хууль бус захирамжууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 40 дүгээр зүйлийн 40.5-д“ Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах” гэж тус тус заасны зөрчиж байх бөгөөд үүний улмаас “С” ХХК-ийн газар эзэмших эрх, газрыг зориулалтын дагуу бүрэн дүүрэн ашиглах боломж эрх нь зөрчигдсөн.

8. Маргаан бүхий газарт байрлах “С”ХХК-ийн өмчлөлийн гүний худгийн талаар: Иргэдэд газар өмчлөлөөр олгосон маргаан бүхий газарт “С” ХХК-ийн өмчлөлийн гүний худаг байдаг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй /Ү-1403002502/. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус гүний худгийн газарт 2 удаа үзлэг хийж баримтжуулан авсан. Мөн Төв аймгийн Улсын бүртгэлийн газраас тухайн гүний худагтай хамааралтай баримтыг гаргуулан авсан. Гүний худагтай давхцуулан бусдад газар өмчлөлөөр олгосноор манай компанийн өмчлөгчийн эрхийг давхар зөрчиж байдаг. Түүнчлэн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасны дагуу гүний худгийн ойролцоо гэр бүлийн зориулалтаар газар олгох боломжгүй юм. Гүний худгийн Ү-1403002502 дугаар Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр бөгөөд үүнд ямар нэгэн маргаан байхгүй юм. Гүний худгийн гэрчилгээ, паспортын талаар гуравдагч этгээдийн зүгээс маргасан боловч ямар нэгэн баримтыг гарган өгөөгүй бөгөөд хүчин төгөлдөр бус болох талаар нэг ч баримт байхгүй, хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст энэ талаар маргадаггүй гүний худагтай холбоотой баримтыг гарган өгсөн байдаг болно. Дээрх тайлбар, үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал түүний үндэслэл үгүйсгэгдэж байгаа болно.

9. Иймд, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 123/ШШ2019/0005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 4 дүгээр хэсэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2019/0324 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангэрэл, түүний өмгөөлөгч Ё.Энхээ нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0005 дугаар шийдвэрийн зарим хэсэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0324 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр хянуулахаар гомдол гаргаж байна.

11. Давж заалдах шатны шүүх магадлалаар “хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг гүйцэт цуглуулаагүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч ба гуравдагч этгээдийн төлөөлөгч гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлах, өөрөө үнэлэх, дүгнэлт гаргах эрх хэмжээ нь байсан.

12. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин, магадлалд анхан шатны шүүхийн хийсэн зарим дүгнэлтийг “энэ талаар дүгнэлт хийгээгүй, дүгнэлт өгөөгүй байна” гэж, хэрэгт авагдсан хангалттай нотлох баримтууд байсаар байтал “энэ талаар нотлох баримт цуглуулаагүй байна” гэж дүгнэн, хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

13. Тодруулбал: Магадлалын хянавал хэсгийн 1 дүгээрт “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр шийдвэрээр “...нэхэмжлэгчийн 98.6 га газар эзэмших эрхийг сэргэсэн гэж үзэх эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй...” гэжээ. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Хуулийг хүчингүй болгох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө хүчингүй болгосон хуулийн үйлчлэл сэргэхгүй" гэж заасан тул эрх зүйн энэ зарчмын хүрээнд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны шийдвэрийг хүчингүй болгосноор өмнө байсан 98.6 га газар эзэмших эрх нь шууд сэргэсэн гэж үзэх үндэслэлгүй. Үүнийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 512 дугаар тогтоолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэрээр “С” ХХК-ийн газар эзэмших эрх сэргээгдсэн” гэсэн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж нэгэнт дүгнэсэн бөгөөд энэ дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдаж, “нэхэмжлэгчийн 98.6 га газарт гуравдагч этгээд нарт давхцуулан газар өмчлүүлсэн акт хууль бус гэсэн нь үндэслэлгүй байна” гэж дүгнэлт хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх дээд шүүхээс нэгэнт дүгнэлт хийсэн асуудлаар буюу "98.6 га газрын эрх нь шүүхийн шийдвэрээр сэргэсэн эсэхэд... дүгнэлт өгөх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

14. Мөн “Нэхэмжлэгч хуулийн этгээдээс ямар хэмжээтэй газрыг аль байршилд эзэмших, хэмжээ, заагийг тэмдэгжүүлж, кадастрын зураг үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар захиргааны байгууллагад хандаж байсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй...” гэжээ. Нэхэмжлэгч “С” ХХК нь 2016 онд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 09 дүгээр шийдвэр гарснаас хойш хариуцагч ТА-ийн БС сумын ЗД-а, аймгийн Засаг даргад шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмших эрхээ сэргээлгэх хүсэлт гаргасны дагуу Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны А/482 дугаар захирамж гарсан, захирамжийн гарсны дагуу эзэмшил 95,4 га газрыг газрын улсын бүртгэлийн кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн бөгөөд газар эзэмших, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар захиргааны байгууллагад гаргасан хүсэлтүүд болон тухайн газартай холбоотой мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн болон шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Эдгээр баримтыг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн талаар дүгнэлтүүд шүүхийн шийдвэрийн 17-20 дугаар хуудсанд тодорхой дурдагдсан. Гэвч давж заалдах шатны шүүх “энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

15. Магадлалын хянавал хэсгийн 1-т мөн “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гуравдагч этгээд нарт газар өмчлүүлсэн эсэх... талаар нотлох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна” гэж дүгнэжээ. Хэрэгт Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот тогтоолоор баталсан сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөө нотлох баримтаар авагдсан. Энэ төлөвлөгөөний “гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх” гэсэн 4 хавсралтад "тус сумын 3 дугаар баг, Түшээ гүний аманд 2016 онд 20 өрхөд газар өмчлүүлэхээр тусгагдсан байдаг бөгөөд ингэж төлөвлөсний дагуу гуравдагч этгээдүүдэд болох 6 иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг Засаг дарга гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж нотлох баримтыг гүйцэд судлалгүйгээр, хэрэгт байгаа нотлох баримтыг дахин авахыг шаардаж, хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй юм.

16. Мөн “...бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа гэх нөхцөлийг хариуцагч хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй байх тул ...энэ талаар нотлох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна” гэжээ. Нэхэмжлэгчээс 2017 онд хийлгэсэн өөрийн эзэмшлийн гэх 100 га газрын кадастрын зураг, шүүхийн 2016 оны 09 дүгээр шийдвэрээр хянагдсан маргааны явцад нэхэмжлэгч компани өөрийн хүчингүй болсон захиргааны актаар эзэмшиж байсан газрынхаа хил хязгаарыг хариуцагчаар тогтоолгохыг даалгах шаардлага гаргаж байсан зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсанаас гадна Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0536 дугаартай магадлалд "Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны А/482 дугаар захирамжаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн 95.4 га газар эзэмших эрхийг сэргээхдээ ...иргэдэд өмчлүүлсэн 3.2 га газрыг хасч, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхардуулалгүйгээр газар эзэмшүүлсэн нь хуулийн зохицуулалтад нийцэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна" гэж, Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 512 дугаар тогтоолд “2016 оны 09 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмших газрын хэмжээг тодорхой заасан болохоос эзэмшил газрын хил зааг болон солбицлын талаар тодорхой дүгнээгүй, ...тухайн үед нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газрын хил заагийг газар дээр нь тэмдэглэж баталгаажуулаагүй байсан буюу газрын цэг солбицол нь тодорхойгүй байсан болох нь Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр шийдвэрээр тогтоогджээ. Хожим 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээснээс хойш нэхэмжлэгчийн эзэмшил газрын хил заагийг газар дээр тэмдэгжүүлэх, кадастрын зураг үйлдэх ажиллагаа явагдсан" гэж тус тус дүгнэсэн болохыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаад эдгээр баримтуудыг анхан шатны шүүх үнэлж “нэхэмжлэгчийн 98.6 га газарт гуравдагч этгээд нарт давхцуулан газар өмчлүүлсэн актууд хууль бус гэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа “бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа гэх нөхцөлийг хариуцагч хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй байх тул ...энэ талаар нотлох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна” гэсэн нь үндэслэлгүй.

17. Магадлалын хянавал хэсгийн 2 дугаарт “Гуравдагч этгээд Ц.Гэлэгжамцын өмчлөлийн газарт байршилтай гэх 3.6 м.кв талбайтай худгийг ...”С” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэхийг нотлох бусад баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна... тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд заагдсан худаг нь гуравдагч этгээд Ц.Гэлэгжамцын өмчлөлийн газар дээрх худаг мөн болох нь, эсхүл гуравдагч этгээдийн маргаж байгаачлан худгийн гэрчилгээ биш болох нь хэрхэн нотлогдож байгаа талаар нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ” гэж дүгнэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

18. Гуравдагч этгээдийн талаас анхан шатны шүүхийг дээрх худагтай холбоотойгоор хэргийн харьяалал зөрчиж иргэний хэргийн шүүхэд хуулиар харьяалуулсан маргааныг шийдвэрлэн гуравдагч этгээд Ц.Гэлэгжамцад газар өмчлүүлсэн шийдвэр болон газар өмчлөх эрхийн гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль бус гэж шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан байдаг. Тухайн маргаж буй худаг нь ямар нэг маргаангүйгээр нэхэмжлэгчийн өмчийн үл хөдлөх хөрөнгө байгаад захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас тухайн эд хөрөнгөө өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх эрх нь зөрчигдсөн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан болно. Гэтэл хэрэгт маргаж буй худгийг “С” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө мөн болох талаар баримт байдаггүй, харин ч тус компанийн эд хөрөнгө биш болох талаар нотлох баримтууд хангалттай авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн худгийн өмчлөлийн асуудал нь тодорхойгүй, маргаантай бөгөөд энэ нь нэхэмжлэгч компанийн эд хөрөнгөтэй холбоотой эрх нь зөрчигдсөн эсэх талаар “С” ХХК болон гуравдагч этгээд болох иргэдийн хооронд гарсан иргэний эрх зүйн маргаан болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж зааснаар энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш юм. Анхан шатны шүүх худгийг нэхэмжлэгчийн өмч биш болох талаар гуравдагч этгээдээс хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд ба хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт, тайлбаруудыг үнэлээгүй, харин хүчин төгөлдөр эсэх нь маргаантай, мөн тухайн худгийн гэрчилгээ мөн болох нь маргаантай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн шууд “С” ХХК-ийн өмчлөлийн эрхийг нь тогтоогоод Ц.Гэлэгжамцын газар өмчлөх шийдвэр болон өмчлөх эрхийн гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гуравдагч этгээдийн талаас болон хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан худагтай холбоотой нотлох баримт, тайлбарууд нь уг худаг нь нэхэмжлэгч компанийн худаг биш болохыг, уг худгийн өмчлөлийн байдал нь маргаантай болохыг хангалттай нотлох учраас нэхэмжлэгчийн эдийн баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн эсэх асуудал өөрөө маргаантай буюу иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан болно гэж үзэж байна.

19. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж хэрэгт нэгэнт авагдсан боловч анхан шатны шүүхээс үнэлж, дүгнэлт өгөөгүй худгийн талаарх дээрх нотлох баримт, тайлбаруудыг үнэлж, дүгнэхийн оронд “худгийг ...”С” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэхийг нотлох бусад баримтыг” нэмж цуглуулах” шаардлагатай гэж иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт нэмж шаардаж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийн харьяалал зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

20. Иймд, дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0324 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

21. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасантай нийцсэн байх тул, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ. 

22. ТА-ийн БС сумын ЗД-ын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/482 дугаар захирамжаар “С” ХХК-д 95.4 га газар эзэмших эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр шийдвэрийн үндсэн дээр 98.6 га газар эзэмших ёстой байтал 3.2 га газар дутуу гэж марган, уг 3.2 га газарт нэр бүхий иргэдэд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн “ТА-ийн БС сумын ЗД-ын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамж болон холбогдох газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгох, “С” ХХК-ийн 3.2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98.6 га-аар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа ТА-ийн БС сумын ЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3.2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98.6 га-гаар шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт хангалттай биш байхад хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

24. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан газрын тухайд давхцалтай, давхцалгүй зураг координат ялангуяа нэхэмжлэгчийн анх эзэмшиж байсан 100 га газар дотор 3.2 га газар нь байсан эсэх, гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлэх шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгчийн хууль ёсны газар эзэмших эрх түрүүлж үүссэн эсэх бүгд нотлогдож тогтоогдох учиртай, үүнийг үндэслэн шүүх хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай юм.

25. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нэг бүрийг анхаарч дүгнэх нь зөв байна.

26. Нөгөө талаас анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах учиртай.

27. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон атлаа энэ хэргийн гуравдагч этгээд Ц.Гэлэгжамцад холбогдох өмчлөх эд хөрөнгийн болон газрын асуудлыг дахин зохион байгуулж шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэхээр шийдвэрлэж хууль зөрчсөн, өөрөөр хэлбэл нэг асуудлаар хоёр өөр үр дагавар үүсгэх, биелэгдэх боломжгүй, хэргийн оролцогчдод ойлгомжгүй  шийдвэр гаргаж хууль зөрчсөнийг дээд шатны шүүхээс зөвтгөх боломжгүй алдаа байна.

28. Дээр дурдсан алдааг засч, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, талуудын маргаж байгаа үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх нь зөв байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2019/0324 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70.200 төгрөгийг /нийт 140,400/ төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                          Л.АТАРЦЭЦЭГ