Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00368

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00367

 

 

хххх-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02268 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч хххх-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ххххт холбогдох

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 69,041,178 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Ану, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч хххх-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: хххх-ыныг Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалаар ******ерөнхий газрын дэд даргын албан тушаалд ажлаас чөлөөлсөн.

Тэрээр дээрх тушаалыг эс зөвшөөрч, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 10,068,848 төгрөгийг хххх-ийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч хххх нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул хххх-ын би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 21,159,785 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2253 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2487 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 587 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагаас 16,235,138 төгрөгийн хэмжээнд хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан. Улмаар нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гаргуулан төрийн албан хаагчийн нэг удаагийн буцаалтгүй тусламжид 36,224,850 төгрөгийг авсан.

Нэхэмжлэгч хххх-ын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг шүүхийн журмаар хариуцагч байгууллагаас гаргуулж авсан учир 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэх хугацааны ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар шаардлага гаргаж байна. Иймд хариуцагч хххх-ийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 69,041,178 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч хххх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

2а.Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл нь нөхөн олговор авах, цалин авах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авах асуудалтай холбоогүй. Харин иргэд хоорондын байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа байна. Үндэслэл болгож байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь нэхэмжлэл гаргах үндэслэл биш.

2б.Засгийн газрын тухай хуулийн 183.3 дугаар зүйлийн 183.3.3-т агентлагийн дэд даргыг Монгол улсын Сайд томилж чөлөөлөх эрхтэй гэж заасны дагуу хххх-ын даргад хххх-ыныг томилж, чөлөөлөх эрх олгогдоогүй учраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг манай байгууллага гаргах боломжгүй байна. Иймд албан тушаалтныг томилсон, чөлөөлсөн шийдвэр гаргасан Сангийн сайдаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

2в.Мөн нэхэмжлэгчид тодорхой хэмжээний нөхөн олговруудыг өгч байсан. хххх-ын өндөр насны тэтгэвэр тогтоолгосон учир төрийн албан хаагч төрийн албаны харилцаа дууссан гэдэг үндэслэлээр нөхөн олговор гэх буцалтгүй тусламжийг өгсөн гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан хххх-ийн ерөнхий газраас 68,288,004 төгрөг гаргуулан хххх-ынод олгож, уг үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг ххххт даалгаж, нэхэмжлэлээс 753,174 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 503,160 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлого болгож, хариуцагчаас 499,390 төгрөг гаргуулан хххх-ынод олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч хххх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4а.3асгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, хххх-ийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хххх-ын даргын бүрэн эрхэд тус байгууллагын дэд даргыг томилох эрх хэмжээ олгогдоогүй, харин Засгийн газрын тухай хуульд дэд даргыг томилох, чөлөөлөх асуудлыг зөвхөн сайдын эрх хэмжээнд хамаарахаар заасан. Сангийн яамнаас хххх-ыныг албан тушаалд томилоогүй нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбогдох асуудал. Гэтэл анхан шатны шүүх хххх-ийн ерөнхий газрыг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4б.Анхан шатны шүүх нэхэмжлэгч хххх-ыныг үндэслэлгүй ажлаас халсан болон түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговруудыг хххх-ийн ерөнхий газраас гаргуулж шийдвэрлэсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон гэж нэг талыг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заалтыг үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрээр хххх хариуцагчаар татагдаж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, ажилд нь буцаан томилсон. Сангийн сайдын тохируулагч агентлаг бол хххх байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

 

ХЯНАВАЛ

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянаанд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч хххх-ын нь хариуцагч ххххт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 69,041,178 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч тал уг хэргийн хариуцагч биш, буцалтгүй тусламж олгосон учир нөхөн олговор гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэл заан маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээд маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

4.Нэхэмжлэгч хххх-ын нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр хариуцагч хххх-ийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заасанд нийцжээ.

Тодруулбал, хххх-ын, Сангийн сайдад холбогдуулан гаргасан хххх-ын дэд даргын албан үүргээс хууль бусаар чөлөөлсөн гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгож, түүний үр дагаврыг арилгахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаартай сарын 06-ны өдрийн 499 дугаартай магадлалууд хэрэгт авагдсан байна. /хх-7-17/

Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдээгүй, тэрээр нэхэмжлэгч хххх-ын нь ххххт ажил үүрэг гүйцэтгээгүй байсаар Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 71 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэрт тогтоолгож, хххх-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хэргийн 6, 34-40 дэх талд авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

5.Нэхэмжлэгч хххх-ынод 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг хххх-ийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд мөн хэрэгт авагдсан байх бөгөөд уг нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Учир нь ажилтанд цалин, хөлс олгох эрх бүхий этгээд нь Сангийн сайд бус хххх тул нөхөн олговрыг манайх хариуцахгүй гэх хариуцагчийн татгалзал, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6.Анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тодорхойлсон цалин хөлсний хэмжээг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түүний хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсэн гэж үзээд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 38 сар 18 хоногоор тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 68,288,004 төгрөгийг хариуцагч хххх-ийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-77-81/

7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02268 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД