Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 556

 

          П.Баярсайханд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

хохирогч П.Сугарням,

шүүгдэгч П.Баярсайхан, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 108 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Буяндэлгэрийн бичсэн улсын яллагчийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг үндэслэн П.Баярсайханд холбогдох 201501070333 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Пүрэв-Очирын Баярсайхан, 1978 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам хороолол,  59 Г байрны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НЧ78030217/, 

П.Баярсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны орой 19 цаг 20 минутын үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Чулуун карьерийн орчим 08-03 УББ улсын дугаартай, “Toyota harrier” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас Х.Жигжидсүрэнгийн жолоодож явсан ногоон өнгийн пад тракторын чиргүүлийн араас мөргөж, уг тракторыг жолоодож явсан Х.Жигжидсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл, түүний эд хөрөнгөд 3.390.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Сугарнямын эд хөрөнгөд 10.040.000 төгрөг, нийт 13.430.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Баярсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал шүүх хуралдаанд “...Баярсайханы согтуурлыг тогтоогоогүй, “Оточ манал” эмнэлэгт цусны шинжилгээ тус хэрэг болдог орой өгсөн. Иймд тус эмнэлгээс цусны шинжилгээг гаргуулах, гэрч Мягмарсүрэнгийн мэдүүлэгт дурдагдсан болон шүүгдэгчийн мэдүүлсэн 3 гэрчээс байцаалт авах, шинжээчийн 06, 139 тоот дүгнэлтүүд зөрүүтэй тул техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

2. Шүүгдэгч П.Баярсайханыг гэрч хохирогч нарын мэдүүлэгт “согтуу байсан, архи үнэртэж байсан” гэж мэдүүлдэг ба П.Сугарням нь шүүхийн хэлэлцүүлэгт “Ослын өмнө Баярсайхан архи уугаагүй, ослын дараа архинаас нэг балгасан” гэсэн зэрэг мэдүүлгийг шалгах,

3. П.Баярсайханы өвчний түүхийг авч биед дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах,

4. Х.Жигжидсүрэнг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг дахин шалгах ажиллагааг хийж, бүрэлдэхүүнтэй шинжээч томилох зэрэг ажиллагааг шаардлагатай гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Прокурор Б.Буяндэлгэр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Үүнд:

            1. Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын тухайд: П.Баярсайхан нь хэрэг гарсны дараа “Оточ Манал” эмнэлэгт цусны шинжилгээ өгсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бөгөөд дээрх шинжилгээг гаргуулснаар хууль зөрчигдөх бөгөөд хэрэгт ач холбогдолгүй хууль бус нотлох баримт болно. 

Мөн гэрч М.Мягмарсүрэнтэй хамт байсан гэх гурван хүнийг гэрчээр асуух нь ач холбогдолгүй юм. П.Баярсайханы согтуурлыг нь тогтоох зорилгоор драйгер үлээлгэхэд үлээхгүй эсэргүүцсэн, эмнэлэгт ирээд цусаа өгөөгүй талаар гэрчүүд мэдүүлдэг.

2. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын тухайд: П.Баярсайханыг илтэд согтуу байсан талаар гэрч, хохирогч нар тодорхой мэдүүлсэн байдаг бөгөөд П.Баярсайхан нь тухай хэрэг гарсны дараа Улаанбаатар хотод очиж “Оточ Манал” хувийн эмнэлэгт цусны шинжилгээ хийлгэсэн нь эрх бүхий албан тушаалтны тогтоол, захирамжаар “этиль” үзэх үндэслэл болохгүй бөгөөд Хэрлэн гол дээр хамт байсан Төрөө, Баадай нарыг гэрчээр асууж, П.Баярсайхан архи согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг тодруулах шаардлагагүй. Учир нь П.Баярсайхан, П.Сугарням нар тэд нараас салж яваад осол болох хүртэлх хугацаанд архи уусан эсэхийг нотолж чадахгүй юм. Харин “нэг балга архи уусан” гэх П.Баярсайханы гаргаж байсан ааш авир, зан харьцааны талаар гэрчүүд тодорхой мэдүүлсэн байдаг. Харин шүүх П.Баярсайханыг согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон эсэхийг нотлогдоогүй гэж үзвэл хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх боломжтой юм.

3. Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтын тухайд: П.Баярсайханы биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилсон боловч П.Баярсайхан “бичиг баримтаа авчирч өгнө” гээд дүгнэлт гаргуулаагүй талаар шинжээчийн 15133 дугаартай дүгнэлтэд тодорхой дурдсан байдаг. Тухайн үед дүгнэлт гаргуулсан ч энэ нь хэргийн бүрдэл болон зүйлчлэлд ач холбогдолгүй юм.

4. Шинжээч Б.Батзориг 139 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тайлбарлахдаа “...П.Баярсайхан нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл хурдаа тохируулж яваагүйгээс осол гарсан” гэж мэдүүлсэн. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд шинжээч “...инерциэрээ яваад зогссон байх магадлалтай, хэрэв зогсоох арга хэмжээ авсан бол ийм хэмжээний зайтай явах боломжгүй. 08-03 УББ улсын дугаартай автомашин нь тухайн замын нөхцөлд хурдаа тохируулж яваагүйгээс болж уг осол гарсан байх магадлалтай...” гэж мэдүүлсэн байдаг. Х.Жигжидсүрэнг сэжигтнээр татаж байцаасан бөгөөд прокурор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үнэлж, хууль зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой тул 108 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн газарт байсан хүмүүс болон гэрч, хохирогч нар П.Баярсайханыг согтуу байсан гэж мэдүүлдэг. Цагдаа нар хэргийн газар дээр очоод драйгер багажаар үлээлгэх гэхэд эсэргүүцсэн тухай жижүүрийн ахлах Мөнх гэж хүний тэмдэглэлд байгаа. Мөн эмнэлэгт очоод цусны шинжилгээ авах гэсэн боловч өгөхгүй байсан нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. П.Баярсайхан нь тухайн шөнө “Оточ манал” эмнэлэгт цусны шинжилгээ өгсөн гэж ярьдаг. Шүүх шинжилгээний тухай хууль болон мөрдөн байцаагчийн тогтоолоор цусны шинжилгээг хийлгээгүй бол хууль бус нотлох баримт гэж үзэж байна. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагагүй. Шинжээчийн 139 дугаартай дүгнэлтэд П.Баярсайхан Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн.  Шинжээчийн 06 дугаартай дүгнэлтээр “Toyota Harrier” загварын машины жолооч П.Баярсайхан Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн. 139 дугаартай дүгнэлттэй нь холбогдуулан шинжээч Батзоригоос мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг авч дүгнэлтийг нь тайлбарлуулахад энэ хэрэг гарах шалтгаан нөхцөл нь П.Баярсайхан Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөнөөс болсон гэж мэдүүлсэн. Прокурор П.Буяндэлгэрийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Хохирогч П.Сугарням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Миний бие анх иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Гэтэл шүүхийн шатанд гэнэт хохирогчоор тогтоогдсон. Шинжээчийн 139 дугаартай дүгнэлтээр 2 тал буруутай гэсэн. Хоёр талаас хохирол төлбөрөө нэхэмжлэх асуудал яригдаж эхлэхэд эргээд надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгээд сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Х.Жигжидсүрэнтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар надад огт мэдэгдээгүй ба намайг гомдол гаргах эрхээр хангаагүй. Анх Х.Жигжидсүрэнгийн хохирлын хэмжээ 7.000.000-8.000.000 төгрөг байсан. Сүүлд үзэхэд 3.000.000 төгрөг болж буурсан. Мөн надтай хамт хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн хохирлын асуудал огт яригдахгүй байгаа. Хэн буруутай болох, хэнээс хохирлоо авах асуудлыг тодорхой болгож өгнө үү гэж анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан... Би энэ хэргийн явцад сэжигтэн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, хохирогч гэсэн статустай явж байсан. Одоо ямар статустай байгаагаа ойлгохгүй байна...” гэв.

Шүүгдэгч П.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг зөвшөөрөхгүй байна. Хэт нэг талыг барьсан яллах дүгнэлт үйлдсэн. Би хэрэг гарахаас 20-иод хоногийн өмнө элэг, ходоод, дэлүүний хүнд хагалгаанд орсон. Тэгээд драйгер багажийг үлээж чадахгүй байсан. Намайг цусны шинжилгээ өг гэж хэлээгүй. Эхлээд Х.Жигжидсүрэн, араас нь П.Сугарням цусны шинжилгээ өгөхөөр орсон. Манай эхнэр эмнэлэг дээр байхад ирээд “нүүр, ам чинь аймар болсон байна, дотуур цус алдаж байж магад” гээд намайг гэмтлийн эмнэлэг аваад явсан. Би тухайн үеийн үйл явдлыг бүгдийг санаж байгаа. Зам дээр бөөрөнхий саарал юм, ямар ч гэрэлгүй зогсож байсан. Би өөрийнхөө тал руу дараад замаас гарч, 2 метр орчим ниссэн. Намайг зогсоох арга хэмжээ аваагүй гэж буруутгадаг. Мөргөснөөс болж машин ямар ч ажиллагаагүй болж бүх юм нь эвдэрсэн. Хэрвээ би буруутай байсан бол хохирол төлөх байсан...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж нь зарим зүйлийг орхигдуулсан байна гэж үзэж байгаа. Х.Жигжидсүрэнгийн чиргүүлийн арын гэрэл ажиллахгүй байсан /хх-19-20/ гэж мэдүүлэг өгч байснаа гэмт хэргийн нөхцөл байдлыг эргүүлэх зорилгоор хүргэнтэйгээ нийлж худал мэдүүлэг өгдөг. Мөн техникийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад гэрэл нь ажиллахгүй байсан нь тогтоогддог. Гэрч, хохирогч илт худал мэдүүлэг өгсөн асуудлыг шалгуулах асуудлаар хүсэлт гаргаж байсан. Иргэний нэхэмжлэгчээр Ю.Отгонжаргал, П.Сугарням зэрэг хүмүүсийг татсан. Гэтэл энэ хүмүүсийг 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр татдаг. Харин шинжээчийн 06 дугаартай дүгнэлт 1 сарын дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гарсан. Юуг, ямар баримтыг үндэслэж энэ хүмүүсийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод, П.Баярсайханыг сэжигтэн яллагдагчаар тогтоогоод яллаад байгаа нь тодорхойгүй байна... Байцаан шийтгэх ажиллагааг бүгдийг нь 1 өдөр хийсэн байдаг. Шүүгчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамжийн 3 заалтыг зөвшөөрч байна. Прокурорын эсэргүүцлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Үүнд прокурор шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг ач холбогдолгүй гэж үзэж байгаа. Гэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт нотлох баримтуудын эх сурвалжийг зааж өгсөн байдаг. Бусад баримт гэдэгт тусгай зөвшөөрөлтэй, эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий байгууллагын шинжилгээ, өвчний түүх багтдаг. Энэ ямар ач холбогдолтой гэхээр П.Баярсайхан архи уусан байсан уу, этилийн спирт илэрсэн үү, тухайн үед гэмтэл авсан уу, биеийн байдал ямар байсан, ямар эмчилгээ хийсэн зэрэг ач холбогдолтой нотлох баримтуудыг тус эмнэлгээс гаргуулж авах боломжтой. Энэ ажиллагааг шүүхийн шатанд хийх боломжгүй... Прокурор П.Баярсайханыг эрх бүхий байгууллагын хүмүүстэй таарамжгүй харилцсан гэдэг утгаар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж үзэж байгаа. Гэтэл бид нарт осол гарсны дараа 1 балгасан, өмнө нь огт уугаагүй гэдэг. Энэ нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөхөд чухал ач холбогдолтой.

П.Баярсайхан нь бичиг баримтаа авчирч өгнө гээд өгөөгүй учраас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт байгаа. Нэг удаа шинжээч томилсон. Гэтэл дахин шинжээч томилж болохгүй гэсэн хязгаарласан хуулийн заалт байхгүй. Энэ хүний өвчний түүх эмнэлэгт бичмэл байдлаар авагдсан. Үүнийг үндэслээд дахин шинжээчийн дүгнэлт гаргах бүрэн боломжтой.

Шинжээчийн 06 дугаартай дүгнэлтэд П.Баярсайханыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж үздэг. Харин шинжээчийн 139 тоот дүгнэлтэд Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэж гардаг. Нөгөө талаар П.Баярсайханыг шинжээчийн давтан дүгнэлтээр буюу Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэж буруутгадаг. Энэ 2 заалт хоорондоо зөрүүтэй байна. Энэ дээр дахин дүгнэлт гаргаж өгнө үү, дүгнэлт гаргах оролцъё гэсэн хүсэлт гаргахад оролцуулаагүй... Шинжээчийн дүгнэлтэд хэд хэдэн зөрүүтэй зүйл байдаг. 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтээ Прокурорын байгууллагад тавиад хүлээж аваагүй учраас шүүхийн хэлэлцүүлэгт энэ хүсэлтээ дахин тавьсан. Мөн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Х.Жигжидсүрэнг шалгасан мэт болгоод хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан байсан. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4, 209.5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн ажиллагаа юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

   ХЯНАВАЛ:

П.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл муутай гарчээ.

П.Баярсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны орой 19 цаг 20 минутын үед 08-03 УББ улсын дугаартай, “Toyota harrier” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас Х.Жигжидсүрэнгийн жолоодож явсан ногоон өнгийн пад тракторын чиргүүлийн араас мөргөж, уг тракторыг жолоодож явсан Х.Жигжидсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл, түүний эд хөрөнгөд 3.390.000 төгрөг, хохирогч П.Сугарнямын эд хөрөнгөд 10.040.000 төгрөг, нийт 13.430.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд уг хэрэгт шүүх тогтоол гаргахад ач холбогдол бүхий л байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж тогтоосон байна. 

Шүүгчийн захирамжид дурдсанаар П.Баярсайханыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг гол дээр байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч тодруулах, мөн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын санал болгосноор осол болсон өдрөө П.Баярсайхан нь “Оточ мандал” эмнэлэгт цусны дээжээ өгсөн тул түүнээс нь шинжилгээ хийлгэх гэсэн заалт нь энэ хэрэгт чухал ач холбогдолтой заавал хийх мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа болж чадахгүй юм. Учир нь мөрдөн байцаалтын шатанд П.Баярсайхан болон хамт байсан  П.Сугарням нар ослын дараа П.Баярсайхан архи уусан гэж аль аль нь мэдүүлсэн, ослын дуудлагаар очсон цагдаагийн ажилтан болон эмч нарын мэдүүлгээр П.Баярсайхан нь архи уусан байдалтай агсам согтуу тавьсан талаар мэдүүлэг авагдсан байхад тухайн өдрийнхөө орой өгсөн цусны дээж гэх зүйлээс согтууруулах ундааны зүйл илэрсэн эсэх нь хэрэгт ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй юм.  

Түүнчлэн П.Баярсайханы биед гэмтэл учирсан эсэхэд дахин дүгнэлт гаргуулах, ослын талаарх техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт ахин гаргуулах зэрэг нь заавал нэмэлт мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ажиллагаа биш бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгөх бүрэн боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн шаардлагатай хохирогч, гэрч, шинжээч нарыг бүрэн оролцуулах замаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.