| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2020/01614/И |
| Дугаар | 210/МА2022/00420 |
| Огноо | 2022-03-09 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2022/00420
| 2022 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 210/МА2022/00420 |
****-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00015 дугаартай шийдвэртэй
Нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ****ид холбогдох
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 6,800,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
1.Нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: **** нь Дархан-Уул аймагт хувиараа ногоо тариалж худалдаалж аж амьдралаа залгуулдаг. ****ид 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 4 удаагийн тээвэрлэлтээр 1,000 шуудай төмс, 200 шуудай лууван нийлүүлсэн. 1 шуудайг 40 кг-аар тооцож нийлүүлсэн боловч 6,800,000 төгрөгийг дутуу авсан гэж үздэг. Бидний хооронд мөнгөний маргаан гарсан ба Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1493 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Дээрх шүүгчийн захирамжаар **** нь ****ид 12,900,000 төгрөгийн 6,000,000 төгрөгт төмс хүнсний ногоо өгөх, 6,900,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор мөнгөн хэлбэрээр төлж дуусгахаар тохирсон.
Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд 4 удаагийн тээвэрлэлтээр төмс болон лууванг хүлээлгэж өгсөн. Төмс болон луувангийн нийлүүлсэн хэмжээ, нийлүүлсэн хугацаанд маргаан байхгүй. Харин хүнсний ногооны бөөний үнэ ханшийг хэдэн төгрөгөөр тооцож өгч, авалцсан тал дээр маргадаг.
**** тухайн үед хүнсний ногоог 250 төгрөгөөр авсан гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1 кг төмс 450 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 07-ны өдөр 550 төгрөг, мөн сарын 19-ний өдөр 500 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 1 кг лууван 700 төгрөгийн үнэтэй гэсэн дүгнэлт гарсан.
Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд **** нийт 750 шуудай төмсийг 15,000,000 төгрөгөөр, 100 шуудай лууванг 2,800,000 төгрөгөөр нийт 17,800,000 төгрөгийг ногоог нийлүүлсэн. Харин 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 250 шуудай төмс, 100 шуудай лууван нийлүүлсэн боловч энэ хугацааны үнэ гараагүй. Гэхдээ ****ид нийлүүлсэн ногоог шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцоход 12,900,000 төгрөг түүнд төлсөн байна. Иймд **** нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул түүнээс 6,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ****ийн тайлбарын агуулга: **** 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр надад 600 шуудай төмс өгсөн гэдэг боловч тэрээр надаас хавар 12 тн үрийн төмс зээлээр авч намар гэхэд 24 тн төмс өгнө гэж Томоо буюу В.Б** гэх жолоочоор хүргүүлэн авсан. Энэ 600 шуудай төмс нь үрийн төмсний төлбөр бөгөөд үүнд хамаагүй.
Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр н.Г*** гэдэг жолоочоор дамжуулан ****ээс 100 шуудай манжин, 100 шуудай төмсийг 6,000,000 төгрөгт тооцож авсан. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр н.О*** гэх жолоочоос 0091 гэх улсын дугаартай 5 тонны даацтай машинаар 100 шуудай лууван, 150 шуудай төмсийг ачиж ирсэн бөгөөд нэхэмжлэгч 250 шуудай төмс гэж андуурсан байна. Учир нь 5 тонны даацтай машин 350 шуудай ачдаггүй бөгөөд ачиж ирсэн ногоог бэлэн мөнгөөр тооцон 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,400,000 төгрөгийг ****-ийн дансанд шилжүүлж өгсөн. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөгийг, мөн 750,000 төгрөгийн үнэ бүхий 3,000 шуудайг 250 төгрөгөөр бодож ****д шилжүүлж өгсөн. Өөр надад өгсөн зүйл байхгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***** 6,800,000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж **** олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****оос 123,750 төгрөг гаргуулж ****д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ****ийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байхад шүүх нэг талыг барьж, нэхэмжлэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4а. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 10 тонн төмсийг В.Б**гэдэг жолоочоос 1 килограммыг 1,200 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үеийн зах зээлийн ханшаар 12,000,000 төгрөгөнд намрын ургац хураалтаар төмс ногоо худалдан авахаар тохиролцсон. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банк ХХК-ийн ** дугаар данснаас 1,400,000 төгрөгийг ****-ийн данс руу шилжүүлсэн.
Мөн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг шилжүүлсэн. 750,000 төгрөгийн үнэ бүхий 3,000 ширхэг шуудай 250 төгрөгөөр бодож ****д өгсөн. Би 4 удаагийн тээвэрлэлтийн зардал 2,700,000 төгрөг, тээвэрлэлт буулгалт болон хоол ундны зардал 600,000 төгрөгийг тус тус өөрөөсөө төлсөн. Тиймээс миний бие нийт 18,950,000 төгрөг нэхэмжпэгч ****ээс авах ёстой байтал анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг баримтлан нэхэмжлэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.
4б.Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ тариаланчийн үнээр бус, Дархан хотын худалдааны төвийн жижиглэнгийн үнээр тооцож бодсон нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон баримтыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэнд нь гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хариуцагч тухайн үеийн бөөний үнэ хэдэн төгрөг байсан гэдэгт маргадаг бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлттэй талууд танилцаж, уг дүгнэлтэд гомдол гаргаагүй. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш үрийн төмс, төмсний хэмжээгээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
2.Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****ид холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 6,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
4.Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1493 дугаартай захирамжийн дагуу **** нь ****ид 6,000,000 төгрөгийг хүнсний ногоогоор 6,900,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, нийт 12,900,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. /хх-52-53/ Энэ шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар талууд маргаагүй.
5.Нэхэмжлэгч **** нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч ****ид нийт 26,400,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо нийлүүлснээр дээрх шийдвэр биелэгдсэн, илүү төлсөн хүнсний ногооны үнэд 6,800,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна. Тэрээр 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 1,000 шуудай төмс, 200 шуудай лууван нийлүүлсэн гэх үйл баримтаа гэрчийн мэдүүлгээр нотлуулахаар нэхэмжлэгч тал шүүхэд хүсэлт гаргажээ.
5а.Анхан шатны шүүх хүсэлтийг хангаж, гэрч Л.Б, И.О, С.Г нараас мэдүүлэг авах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу явуулсан байна. Гэрч Л.Б 250 шуудай лууван, 250 шуудай төмс, гэрч И.Оюундэлгэр нь 250 шуудай төмс, гэрч С.Г-ийн хувьд 250 шуудай төмсийг ****ид тус тус хүлээлгэн өгсөн тухай тус тус мэдүүлжээ. /хх-26-30/
6.Хариуцагч **** нь 600 шуудай төмс нь үрийн төмсний төлбөр, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100 шуудай манжин, 100 шуудай төмсийг 6,000,000 төгрөгт тооцон авсан, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 100 шуудай лууван, 150 шуудай төмс авсан, ...ирсэн ногоог бэлэн мөнгөөр тооцон 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,400,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг ****-ийн данс руу шилжүүлсэн ... гэж тайлбарлан, гэрч Б.Б мэдүүлэг авахуулж, ХААН банк ХХК дах дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байна. /хх-44-47,51/
6а.Гэрч Б.Барсүрэнгийн Улаанбаатараас 600 шуудай үрийн төмс тээвэрлэж ****д хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг, мөн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэг гэсэн утгаар 1,400,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бараа гэх утгаар 1,500,000 төгрөгийг тус тус хариуцагч нь ХААН банк ХХК дах өөрийн данснаас нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн тухай хэргийн 44, 46, 51 дэх талд авагдсан бичгийн нотлох баримтууд нь хариуцагчийн 600 шуудай төмсийг үрийн төмсний төлбөрт авсан, дээрх нийлүүлсэн хүнсний ногоог худалдаж авсан гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлоогүй байна.
6в.Мөн талууд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн нийлүүлсэн хүнсний ногооны тоо, хэмжээний талаар маргаагүй, нийлүүлсэн ногооны үнийн талаар маргаж, нэхэмжлэгч тал төмс, лууван нэг килограммын үнийг 700, 800 төгрөгөөр тооцож хариуцагчид өгсөн гэж, хариуцагч нь дээрх хүнсний ногооны бөөний үнэ нэг килограмм нь 500 төгрөгийн үнэтэй байсан гэж тус тус мэтгэлцэж байжээ. /хх-72-73/
7.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон байх ба шинжээч Капитал зууч ХХК нь Дархан-Уул аймагт 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд худалдаалагдаж байсан төмс, лууван зэрэг хүнсний ногооны бөөний дундаж үнэ ханшийг судлаад 9, 11, 12 сард төмсний бөөний дундаж үнэ 1 кг нь 450-550 төгрөг, лууван 1 кг нь 700 төгрөгийн ханштай байсныг тус тус тогтоосон байна. /хх-185,186/ Дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч ****ийг нийт 26,400,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо нийлүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардсан хэмжээнд буюу 6,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцсэн байна.
7.Иймд ... 4 удаагийн тээвэрлэлтийн зардалд 2,700,000 төгрөгийг би өөрөөсөө төлсөн. Мөн ачилт тээвэрлэлт буулгалт хоол ундны зардалд 600,000 төгрөгийг өөрөөсөө төлсөн. Тиймээс миний бие нийт 18,950,000 төгрөг нэхэмжлэгч ****ээс авах ёстой байсан, шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00015 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ч.ЦЭНД