Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0143

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр           

Дугаар 221/МА2018/0143

                     Улаанбаатар хот

Б.Л-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0883 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын дагуу “Ин” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0883 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ин” ХХК-д олгосон ------- хяналтын дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрөл, ------- хяналтын дугаартай тэмдгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, “Ин” ХХК-ийн үндсэн дөрвөлжин дүрс бүхий -------, -------- дугаартай тэмдгийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.28-ны өдрийн 128/ШШ2017/0883 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нотлох баримтыг хангалтгүй бүрдүүлж, нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй 128/ШШ2017/0883 дугаар шийдвэрийг 2017.11.28-ны өдөр гаргасан байна.

Нэгдүгээрт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар.

1. Б.Л-гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан 2017.11.28-нд болох товыг гуравдагч этгээд Ч.Б-ийн өмгөөлөгч Б.Ч-д мэдэгдсэн боловч өмгөөлөгч Б.Ч нь уг хэрэгт оролцох боломжгүй болж, уг хэрэгт оролцохоос татгалзаж буй хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө тогтоосон журмын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мэдэгдсэн ба 2017.11.28-нд болсон шүүх хуралдааны товыг гуравдагч этгээд Ч.Б-д өөрт нь мэдэгдээгүй, түүний оролцоогүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь ЗХШХШ тухай хуулийн 5-д заасан мэтгэлцэх зарчмыг; 20.1.2-т заасан “... шүүх хуралдаанд оролцох.... “, 22.4-т заасан гуравдагч этгээдийн эрхийг; 30.1-т заасан “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасныг тус тус зөрчиж улмаар Үндсэн хуулийн 16.14-т хуульчилсан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт шалгуулах, шүүх ажиллагаанд биеэр оролцох...” эрхийг нь ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

2. Нэхэмжлэгч Б.Л-гийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь 2017.07.24-ний өдөр “Шүүхээс хүчингүй болгосон бүртгэл бүхий ------ тоот хуулийн этгээдийн гэрчилгээг үндэслэн олгосон “Ин” ХХК-ийн --- ----Х тоот тэмдгийн хяналтын дугаар болон --- ---- ------- дүгээр тэмдгийг хүчингүй болгуулах, тус тэмдгийг хураан авч устгах, “Ин”-ийн өмнөх -------- тоот тэмдгийн хяналтыг дугаарыг сэргээлгэхийг хариуцагчид даалгах, “Ин” ХХК-ийн үндсэн дөрвөлжин дүрс бүхий 5217244 -------- дугаар тэмдгийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж өөрчилсөн байснаа 2018.11.28-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэж, 128/ШШ2017/0883 дугаар шийдвэрийг гаргасан шүүх хуралдаан дээр “...Шүүхээс хүчингүй болгосон бүртгэл бүхий ------- тоот хуулийн этгээдийн гэрчилгээ, хүчингүй болсон дүрэм зэрэг Ч.Б-ийн бүрдүүлсэн баримтыг үндэслэн цагдаагийн байгууллагаас “Ин” ХХК-нд олгосон ------- хяналтын дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрлийг, хууль тогтоомж зөрчиж, хуурамч баримт бүрдүүлэн хийлгэсэн ------- хяналтын дугаартай тэмдгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах, “Ин” ХХК-ийн үндсэн дөрвөлжин дүрс бүхий -------, -------- дугаарын тэмдгийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагыг дахин өөрчилсөн байхад гуравдагч этгээдээр оролцож буй Ч.Б-д өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулаагүй, ямар нэгэн тайлбар хийх нөхцөл, боломж олголгүй шийдвэр гаргасан.Энэ нь ЗХШХШ тухай хуулийн 22.4-т заасан гуравдагч этгээдийн эрх, үүргийг зөрчсөн байна.

3. Гуравдагч этгээдээр оролцож буй Ч.Б нь Б.Л-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн материалтай танилцаагүй байхад шүүх хуралдаан хийж, шийдвэр гаргасан нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ЗХШХШ тухай хуулийн 20.1.2-т “хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах...” эрхтэй гэж заасныг зөрчсөн байна.

4. Тодорхой эрх зүйн актыг хүчингүйд тооцуулах гэж байгаа бол гаргасан нэхэмжлэлийн шаардлагад уг эрх зүйн акт, түүний үндэслэлийг тодорхой зааж, үүнийг нь шүүх хянан шийдвэрлэх ёстой. Гэтэл Б.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагад хэзээ, хэний гаргасан, ямар захиргааны актыг хүчингүй болгох талаар огт байхгүй. Зөвхөн 2018.11.28-нд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар “Шүүхээс хүчингүй болгосон бүртгэл бүхий ------ тоот хуулийн этгээдийн гэрчилгээ, хүчингүй болсон дүрэм зэрэг Ч.Б-ийн бүрдүүлсэн баримтыг үндэслэн цагдаагийн байгууллагаас “Ин” ХХК-нд олгосон -------хяналтын дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” гэж Цагдаагийн байгууллагаас олгосон зөвшөөрөл гэж хэт ерөнхий зааж байгаа болохоос Цагдаагийн байгууллагын ямар салбар, нэгж, ямар албан тушаалтан, хэзээ, хэнд, ямар зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулахыг нэхэмжлэлийн шаардлагадаа огт заагаагүй өөрөөр хэлбэл ЗХШХШ тухай хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь ЗХШХШтухай хуулийг бүхэлд нь зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас олгосон гэх зөвшөөрөл, уг зөвшөөрлийг олгоход бүрдүүлсэн гэх баримт бичиг хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, ------- дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрлийг ямар байгууллага, ямар албан тушаалтан, хэзээ, хаана, хэнд олгосныг тогтоогоогүй байж ------- хяналтын дугаартай тэмдэг хийлгэх зовшөордийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь зөрчсөн гэж үзэхээр байна.

Б.Л нь “Ин” ХХК-ийн баримт бичиг, -------- дугаар тэмдгийг ашиглаж хуурамч баримт бичиг үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан тул цаашид уг тэмдгийг ашиглах боломжгүй болсон тул Ч.Б 2013 оны 12 дугаар сард тогтоосон журмын дагуу хүчингүйд тооцож, “Захиргааны хариуцлагын тухай хууль”-ийн 35-д зааснаар Нийслэлийн Цагдаагийн газраас Ч.Б-г тэмдэг хэрэглэх талаар улсаас тогтоосон журам зөрсөн захиргааны зөрчилд нь арга хэмжээ авсан захиргааны зөрчлийн материал хэрэгт нотлох баримтаар авагдсан болохоос ------- хяналтын дугаартай тэмдгийг хийлгэхээр бүрдүүлсэн гэх материал, энэ тэмдэг хийлгэх зөвшөөрөл хэрэгт огт авагдаагүй.

5. Б.Лхагвасүрэн нь бусадтай бүлэглэн “Ин” ХХК-ийн баримт бичиг, -------- дугаар тэмдгийг ашиглаж хуурамч баримт бичиг үйлдэн бусдыг хохироосон тул /одоо энэ эрүүгийн 201301051030 дугаартай хэрэг нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа/ Ч.Б нь “Ин” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхийнхээ хүрээнд 2013 оны 12 дугаар сард уг тэмдгийг хүчингүйд тооцож, энэ талаар өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон /хүчингүйд тооцсон сонин эх хувиараа хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа/. Энэ нь одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь “Ин” ХХК-иас -------- дугаар тэмдгийг хүчингүйд тооцсон шийдвэрийг хүчингүй болголгүй, өөрөөр хэлбэл -------- дугаар тэмдгийг хүчингүйд тооцсон үйл баримтын үндэслэл болсон хуулийн этгээдээс гаргасан эрх зүйн акт нь хүчинтэй байхад уг тэмдгийг хүчин төгөлдөр болохыг зөвшөөрсөн нь үндэслэлгүй шийдвэр байх бөгөөд энэ нь ЗХШХШ тухай хуулийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байна.

Уг нь бол “Ин” ХХК-иас -------- дугаар тэмдгийг хүчингүйд тооцсон “Ин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б-ийн 2013 оны 12 дугаар сарын шийдвэрийг хүчингүй болгож байж л уг тэмдгийг хүчинтэй болохыг хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх ёстой байсан.

Хоёрдугаарт: Нотлох баримтыг хангалтгүй бүрдүүлсэн талаар:

1. Б.Л нь “Ин” ХХК-ийн баримт бичиг, тэмдэг ашиглан хуурамч баримт бичиг бүрдүүлэн “Ин” ХХК, Ч.Б болон бусдад их хэмжээний хохирол учруулсан эрүүгийн 201301051030 дугаартай хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс Б.Л-г яллагдагчаар татаж, шалгаж буйг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдсээр байж энэ үйл баримтыг тогтоолгүй шүүх хуралдаан хийсэн. Хэрэв анхан шатны шүүх нь ЗХШХШ тухай хуулийн 32.1-т заасан үүргээ хэрэгжүүлсэн бол тус хуулийн 65.1.3-т заасан нөхцөл байдлыг тогтоож, хэргийг түдгэлзүүлэх ёстой байсан.

2. Дахин дурдахад нэхэмжлэгчээс ------- хяналтын дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэрнээ нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл болсон энэ зөвшөөрлийг өгөөгүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад. хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад уг зөвшөөрлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Ямар ч хууль зүйн үндэслэлгүй явдал юм.

3. Шүүхээс нотлох баримттай холбоотой ажиллагааг хангалтгүй хийж, цагдаагийн байгууллагаас олгосон -------хяналтын дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрлийг холбогдох этгээдээс гаргуулан авч нотлох баримтаар хэрэгт хавсаргах тухай гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг хангаагүй орхигдуулсан.

4. Нэхэмжлэгч, хариуцагч талаас гуравдагч этгээд хуурамч нотлох баримт бүрдүүлж, ------- хяналтын дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрөл авсан гэх боловч энэхүү зөвшөөрлийг авахад бүрдүүлсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, нотлох баримтын бүрдэл дутуу байхад зөвхөн захиргааны шийтгэл ногдуулсан материалыг дээрх зөвшөөрөл авахад бүрдүүлсэн материал мэтээр өөр үйл баримттай холбоотой нотлох баримт бичгийг өөр хамааралгүй үйл баримттай хамааруулж дүгнэж шийдвэр гаргасан нь буруу.

Эдгээр нь ЗХШХШ тухай хуулийн 7, 32, 34 дүгээр зүйлүүдийг бүхэлд нь зөрчиж, анхан шатны шүүхээс үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн.

Гуравдугаарт: Нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн талаар.

Нэгэнт нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул нотлох баримтыг бүрэн дүүрэн, хөдөлбөргүй байх талаас нь үнэлэх боломжгүй болохын зэрэгцээ анхан шатны шүүх нь нотлох баримтыг үнэлэхдээ дараах алдаа гаргасан байна.

1. “Ин” ХХК-ийн -------- дугаартай тэмдгийг ашиглаж хуурамч баримт бичиг үйлдэн бусдыг хохироосон тул уг тэмдэгийг хүчингүйд тооцсон сонинг эх хувиар нь гуравдагч этгээдээс гаргаж өгснийг огт үнэлээгүй орхигдуулсан.

2. Ч.Б-д Захиргааны журмаар арга хэмжээ авсан материалыг шинээр тэмдэг хийлгэхээр бүрдүүлж өгсөн материал мэтээр хоёр өөр үйл явдлын баримтыг хольж нэг мэт болгон буруу үнэлсэн.

3. Ч.Б -------------- дүгээр тэмдгийг хийлгэх зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэх боловч ийм нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ------- тэмдэг хийлгэх зөвшөөрлийг хүчингүй болгохыг даалгасан нь учир дутагдалтай.

4. Б.Л нь “Ин” ХХК-ийн баримт бичиг, тэмдгийн ашиглан хуурамч баримт бичиг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийн яллагдагчаар татагдан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгаж баЙгаа эрүүгийн 201301051030 дугаар хэрэгт, “Ин” ХХК-ийн -------- дугаар тэмдгийг 2015 онд хаяж, үрэгдүүлсэн гэж мэдүүлдэг бөгөөд түүний энэхүү мэдүүлгийг Ч.М давхар гэрчилдэг.

“Ин” ХХК-ийн -------- дугаар тэмдгийг Б.Л нь үрэгдүүлсэн, байхгүй гэж мэдүүлсэн нотлох баримтыг цагдаагийн байгууллагаас гаргуулан хэрэгт хавсаргасаар байхад шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч “Ин” ХХК-ийн дөрвөлжин дүрс бүхий -------- дугаартай тэмдэг нь хүчин төгөлдөр хэвээр ашиглагдаад явж байгаа төдийгүй хуулийн этгээдийн хувьд өнгөрсөн хугацаанд татварын алба болон төрийн байгууллагад дөрвөлжин дүрс бүхий ------- -------- дугаартай тэмдгийг ашиглан санхүүгийн тайлан, мэдээлэл хүргүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул дөрвөлжин дүрс бүхий ------- -------- дугаартай тэмдгийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, хууль бус үйлдлийг зөвтгөж, өөгшүүлсэн ноцтой алдаа юм.

Б.Л-гийн гэмт хэргийн зорилгоор ашигласан -------- дугаартай тэмдгийг 2013 оны 12 дугаар сард тогтоосон журмын дагуу Ч.Б хүчингүйд тооцсон болохыг, уг тэмдгийг Б.Л хууль бусаар ашиглаж байгааг таслан зогсоох, эрүүгийн хэрэгт нотлох баримтаар хураан авах гэхэд Б.Л, Ч.М нар үрэгдүүлсэн гэж мэдүүлж, хураалгаагүй болохыг, Б.Л-гээс нотлох баримтаар гаргаж өгсөн санхүүгийн баримт нь уг тэмдгийг хүчингүйд тооцохоос өмнөх хугацаанд хамаарч байгааг зэргийг шүүх үнэлж дүгнэж чадаагүй.

5. Шүүх нь шийдвэр гаргахдаа зөвхөн нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар дээр үндэслэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Иймд хуурамч бичиг баримтуудыг үндэслэн буруу бүртгэл хийгдсэний улмаас тус компани 2 тамгатай болсон байх тул Ч.Б-ийн шинээр хийлгэж авсан -------тэмдгийн зөвшөөрөл нь хууль бус гэж үзэж шүүхээс хүчингүй болгосон бүртгэл бүхий 070573 тоот хуулийн этгээдийн гэрчилгээ, хүчингүй болгосон дүрэм зэрэг Ч.Б-ийн бүрдүүлсэн баримтыг үндэслэн цагдаагийн байгууллагаас “Ин” ХХК-д олгосон -------дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрөл болон тамгыг хүчингүй болохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв” гэж бас дахин маш ноцтой алдаа гаргасан байна.

Цагдаагийн байгууллагаас -------------- дүгээр тэмдгийг хийлгэхээр олгосон гэх зөвшөөрөл хэрэгт огт байхгүй, энэхүү зөвшөөрөл олгохдоо үндэслэсэн ямар ч баримт бичиг, нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад энэ үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэрэгт байхгүй зөвшөөрлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг маш ноцтой зөрчсөн явдал юм.

Дөрөвдүгээрт: Хуулийг буруу хэрэглэсэн талаа:

Тухайн үед буюу 2013 оны 12 дугаар сард мөрдөж байсан хууль тогтоомжоор тухайн аж ахуйн нэгжийн тэмдгийг хүчингүйд тооцох эрх зөвхөн тухайн хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд олгогдсон байсан бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд Ч.Б нь Б.Л-гийн гэмт хэргийн зорилгоор ашигласан “Ин” ХХК-ийн -------- дугаар тэмдгийг хүчингүйд тооцсон байдаг. Энэ нь одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.

Хэрэв сонирхогч аливаа этгээд “Ин” ХХК-ийн -------- дугаар тэмдэг хүчинтэй эсэх маргааныг шийдвэрлүүлэхээр бол эхний ээлжид уг тэмдгийг хүчингүйд тооцсон 2013 оны 12 дугаар сард гаргасан Ч.Б-ийн шийдвэрийг хууль бусад тооцуулж байж шийдвэрлүүлэх ёстой байсан.

Захиргааны хэргийн анхан шүүх нь хууль зүйн энэ харилцан хамаарал, дээрх үр дагаврыг тооцоололгүй 2017.11.28-ны өдрийн 128/ШШ2017/0883 дугаар шийдвэрийг гаргасан байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017.11.28-ны өдрийн 128/ШШ2017/0883 дугаар шийдвэрийг гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж, дээр дурдсан ийм олон зөрчил, алдаа гаргасан байх тул ЗХШХШ тухай хуулийн 121.3.1.анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн; 121.3.3.анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал; 121.3.4.шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн; 121,3.5.шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй; гэж заасныг үндэслэн мөн хуулийн 121.1.4-т зааснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.28-ны өдрийн 128/ШШ2017/0883 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ин” ХХК нь “------- хяналтын дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрөл, ------- хяналтын дугаартай тэмдгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах, “Ин” ХХК-ийн үндсэн дөрвөлжин дүрс бүхий -------, -------- дугаартай тэмдгийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... 40 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Б нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга надад байгааг мэдсээр байж ... аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамгыг үрэгдүүлсэн тухай сонинд зарлуулж ... шинэ гэрчилгээ авсан. Энэ гэрчилгээг үндэслэн дугуй дүрс бүхий тамгыг хийлгэсэн” гэх бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр ““Ин” ХХК-ийн гэрчилгээ гээгдээгүй хувьцаа эзэмшигч Б.Л-д хадгалагдаж байхад түүнийг гээгдүүлсэн гэсэн хуурамч баримт бичиг бүхий өргөдлийг үндэслэн уул компанийн гэрчилгээг дахин олгосон ... хууль бус гэж үзэн” “Ин” ХХК-д дахин олгосон 0000070573 дугаар бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд Ч.Б “захиргааны журмаар арга хэмжээ авсан материалыг шинээр тэмдэг хийлгэхээр бүрдүүлж өгсөн материал мэтээд хоёр өөр үйл явдлын баримтыг хольж нэг мэт болгон буруу үнэлсэн” гэх боловч тэрээр 2013 онд “Ин” ХХК-ийн тэмдэг гээгдүүлсэн хэмээн мэдүүлэн, улмаар -------, -------- дугаартай тэмдгийг хүчингүйд тооцуулан, зарлуулж, шинээр тамга авах хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын архивт хийсэн үзлэгээр тогтоогдсон байх тул хүчингүй болсон гэрчилгээг үндэслэж олгосон тамга нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчимд нийцэхгүй байна.

Гуравдагч этгээдээс “нэхэмжлэлийн шаардлагад хэзээ, хэний гаргасан, ямар захиргааны актыг хүчингүй болгох талаар байхгүй” гэх боловч “Ин” ХХК-ийн ------- хяналтын дугаартай тэмдгийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон хууль бус гэрчилгээг үндэслэн шинээр хийлгэсэн байх тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д зааснаар улсын бүртгэлийн байгууллага нь “иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгох” чиг үүргээ хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн тамга, тэмдэгтэй холбоотой хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь заалтад нийцэхгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Гуравдагч этгээдийн “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх гомдлын үндэслэлтийн тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийхээр товлон зарласныг гуравдагч этгээд Ч.Б-д 11 дүгээр сарын 24-ний өдөр, түүний өмгөөлөгч Б.Ч-д 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар, 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүгчийн туслах мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байх бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг хэлэлцэн шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж өгсөн нь агуулгын өмнө нь өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай ижил байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу “хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах ...” эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд хэргийн материалтай танилцаагүй нь шүүхийн шийдвэрийн хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Анхан шатны шүүхийн зүгээс “... ------- хяналтын дугаартай тэмдгийг хийлгэхээр бүрдүүлсэн гэх материал, энэ тэмдэг хийлгэх зөвшөөрөл”-тэй холбоотой нотлох баримт цуглуулах ажиллагаа, үзлэг хийж хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулсан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хамааралгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгосон нь буруу байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээд Ч.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ