Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 11

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-эд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар Д.С-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701070075 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                                     Ц.Баясай

 Улсын яллагч                                                                     Х.Эрдэнэтуяа

 Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч                                 Ж.Ц-

 Шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч                          Д.Ц-

 Шүүгдэгч                                                                                 Д.С-, Б.Г- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .. настай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр Б.Ц, .. хүүхдийн хамт .. дугаар хороо.. дүгээр гудамжны .. тоот хашаанд оршин суух, урьд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 2006 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн тогтоолоор 1 жилийн хорих ялыг тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай Б- овгийн Б-ын Г-

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр П.А, хүүхдийн хамт .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоот орон сууцанд оршин суух хаягтай, одоо .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоот орон сууцанд түр оршин суух, урьд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж Багануур дүүргийн Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялыг тэнсэж байсан Б- овгийн Д-ын С-  

          Прокурорын яллах дүгнэлтэд:

           Яллагдагч Б.Г- нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.С-ыг А.Б-гийн гуян тус газар хутгаар хатгахаар нь “чи муу манай найзыг яаж байгаа юм бэ” гэж уурлан улмаар түүнийг гуя, цээжинд нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            -Яллагдагч Д.С- нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Б.Г-ийн гэрт бусадтай архидан согтуурч байх үедээ А.Б-г унтаж байхад нь ямар ч шалтгаангүйгээр гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Мөн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны 23 дугаар гудамжны 7 тоот хашаанд байрлах иргэн П.С-ын гэрээс эртний судар, гуулин гүц хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ С-, Б-, Идэрлхагва нарын хамтаар байж байтал өдрийн 11 цагийн үед манай найз Г-, С- нар 1 шил 0.75 граммын Хараа архитай ирж бид нар тэр архийг уусан. Тэр архиа дуусгачихаад дахин 1 шил архи авчраад ууж байхад 12 цагийн үед Б- унтлаа гээд гэрийн зүүн орон дээр хэвтсэн. Тэгээд бид нар архиа уугаад сууж байхад Б-гийн унтаж байсан орны хөлд С- суучихсан харагдсан ба Б-, С-од хандан яаж байнаа чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд босоод ирсэн. Тэр даруйдаа Г- босож ирээд С-ыг “яаж байнаа” гэж хэлээд нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон ба С- гартаа хар өнгийн эвхдэг хутга барьчихсан, Б-гийн гуянаас цус гарч байсан. Тэгэхээр нь би С-оос хутгыг нь булааж авах гээд бид хоёр ноцолдсон. С- надад хутгаа өгөхгүй ийшээ тийшээ холбироод байхаар нь би хутгатай гарыг нь бариад авсан чинь гараа хүчтэй татахад гар нь миний гарнаас мултарсан. Тэгээд арай гэж хутгыг нь булааж аваад босоод ирэхэд С-ын цээжнээс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б-, С- бид 3 манай гэрт буюу .. дүгээр гудамжны ..тоотод байж байтал С-, Г- хоёр 1 шил архитай орж ирсэн. Тэгээд тэр архийг нь бүгдээрээ хувааж уугаад Б- “унтлаа” гээд зүүн талын орон дээр хэвтсэн. Тэгээд 1 шил архиа ууж дуусчихаад байж байтал Г-, С- хоёр “бид хоёр машинаа тавингаа ахиад нэг архи аваад ирье” гээд гарсан. Буцаж орж ирэхдээ 0.75 литрийн Хараа архи аваад ирсэн. Тэгээд бид нар гэрийн баруун талд архиа тойруулаад сууж байсан. Тэгээд би Д.С-од хандаж “Б-г сэрээчих” гэж хэлсэн. Тэгээд бид нар сууж байтал гэнэт Б- зүүн талын орон дээрээс “яаж байгаа юм бэ чи, намайг хутгалчихлаа шүү дээ” гээд босоод ирсэн. Тэгээд Б- рүү харсан чинь гуян тус газраас нь цус гарч байсан. Тэгээд Г- босож ирээд С-ыг “чи яаж байгаа юм бэ” гээд нүүрэн тус газар нь нэг цохиод авсан. Тэгээд би С- руу харсан чинь зүүн талын орны хөлд эвхдэг хутга барьчихсан сууж байсан тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, хүн хутгалчихлаа шүү дээ” гээд хутгыг нь булааж авах гэж очоод С-той 2-3 минут ноцолдсон. Тэгсэн С- хутгаа өгөхгүй гээд ийш тийш займчаад байсан, тэгээд хутгатай гарыг нь татахад өөр рүүгээ гараа хүчтэй татаад унахаар нь нэг хартал цээжнээс нь цус гарсан байсан. Тэгээд би Гантулгыг гараад түргэн дуудчих гээд хэлсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  Шүүгдэгч Д.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- ах над руу хандан Б- ахыгаа сэрээчих гэхээр нь танихгүй өндөр залуутай хамт хажууд нь очсон. Өндөр залуу сэрээнэ гэдэг чинь сэрээдхийн нэр гэх мэтээр тоглоод сэрээ барьчихсан байсан ба түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Б- ах хутгалуулчихлаа гээд баруун талын ор руу явж байсан. Тэгээд намайг зүүн талын орон дээр байж байхад Г- ах над руу дайраад гуя руу бас цээж рүү хутгалсан. Би тухайн үед Г- ахаа болъё гэсэн чинь чи зүгээр байж бай хутгална гэдэг чинь энийг хэлдэг юм гээд намайг хутгаар хатгасан. Мөн миний хувьд Б- ахыг ямар ч шалтгаангүйгээр, согтуу байх үедээ гуя нь тус газар нь хутгалсан.

…Н.С-ын гэрийн хойморт байсан буддын шашины төвд нэртэй хуучин баринтагтай судар, гуулин хийцтэй жижиг бумба зэргийг авч явсан. Тухайн үед гэрт нь А.Б- ах унтаж байхаар нь гэрийн хаалгыг цоожлоогүй хааж орхиод явсан. Сударыг эртний эдлэл авдаг танихгүй хүнд 25000 төгрөгөөр зарсан. Гүцийг найз Батболдод 28000 төгрөгөөр зарсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 191-192 дугаар хуудас/

            Шүүгдэгч Д.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 04 сарын 12-ны орой 46 дугаар байранд ажил дээрээ гутал янзлаад сууж байсан. Тэгсэн чинь Г- ах, Б- ах хоёр гэртээ байна, хүйтэн пиво аваад ир гээд дуудсан. Тэгээд Г- ахынд хүйтэн пиво авч очоод уугаад, бас гэрт нь байсан архийг нь уугаад тасраад унтчихсан. Тэгээд өглөө босоход архинаас нь жоохон үлдчихсэн байхаар нь тэрийгээ ууцгаагаад ахиад шараа тайлах гээд мөнгөө нийлүүлж байгаад нэг шил архи уусан. Тэгээд байж байтал С-, Г- хоёр уурхайн 13 дахь сарын цалин буусан гээд нэг шил архитай орж ирээд, дахиад  нэг шил архи авчраад тэрийг нь уугаад нэлээд согтсон байсан. Тэр үед Б- ахын хажууд зогсож байснаа санаж байна, харин хутгалснаа юу ч санахгүй байгаа. Тэрний дараа чи манай найзыг хутгалчихлаа гээд Г- ах над руу дайраад байсан, тэр үед би юм хэлэх сөхөө байгаагүй. Хутгалуулсаны дараа цус их гарч байсныг санаж байна. Тэгэхэд Идэрлхагва түргэн дуудаач гэж Г-, С- хоёрт хэлж байсан. Тэгээд удаагүй байтал цагдаа болон эмч нар ирсэн, тэрнээс хойшхыг санахгүй байгаа. Мөн Б- ах хохирол, төлбөр авахгүй, гомдолгүй гэсэн. Харин боолтны мөнгө гэж 26.000 төгрөг өгсөн.

Мөн хэрэгт шалгуулж байх хугацаандаа найз Н.С-ынд байсан гуулин гүц бумба, судар хоёрыг нь аваад нэг хүнд зарчихсан. Гүц, бумба гэдэг нь нэг зүйл. Тэгээд судрыг нь хүнд зарчихаад бумбыг нь зараагүй гэртээ байлгаж байсан эргүүлээд судрыг нь олж өгөхдөө бумбыг нь хамтад нь аваачиж өгье гэж бодож байсан. Дараа нь судрыг нь олоод бумбатай нь хамт буцааж өгөөд хохирлыг нь барагдуулсан. Судрыг судраар нь өгсөн…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

           Хохирогч А.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо Их гүний  1 дүгээр гудамжны 8 тоотод байх найз Г-ийн гэрт С-, Г-, С- нартай хамт архи уусан. Тэгээд би 11 цагийн үед унтах гээд хэвтсэн. Намайг хэвтэж байхад миний баруун гуяны хэсэгт жирсхийх шиг болохоор нь босоод ирэхэд миний гуянаас цус гарсан, миний хажууд С- хутга барьчихсан зогсож байсан. Би хамт байсан хүмүүст хандаж С- намайг хутгалчихлаа гэхэд Г- босож ирээд С-ын хутгыг булаах санаатай ноцолдсон. Тэгээд нэг харахад С-ын цээжнээс цус гарч байсан. Мөн надад гомдол санал байхгүй, харин боолт хийлгэсэн 26.000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар хуудас/,

           Хохирогч Д.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- ах над руу хандан Б- ахыгаа сэрээчих гэхээр нь танихгүй өндөр залуутай хамт хажууд нь очсон. Өндөр залуу сэрээнэ гэдэг чинь сэрээдхийн нэр гэх мэтээр тоглоод сэрээ барьчихсан байсан ба түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Б- ах хутгалуулчихлаа гээд баруун талын ор руу явж байсан. Тэгээд намайг зүүн талын орон дээр байж байхад Г- ах над руу дайраад гуя руу бас цээж рүү хутгалсан. Би тухайн үед Г- ахаа болъё гэсэн чинь чи зүгээр байж бай хутгална гэдэг чинь энийг хэлдэг юм гээд намайг хутгаар хатгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/

           Шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: “…Яллагдагч Д.С- мэдүүлэхдээ “…Хэрэг гарсан өдөр яг юу болсон талаар сайн санахгүй байгаа. Тэнд байсан хүмүүсийн ярьж байгаагаар Б- ахыг би хутгалсан гэж ярьж байсан. Мөн хар өнгийн эвхдэг хутга миний халаасанд байсан. Тэр өдрийн орой Улаанбаатар хотод очоод ухаан орсон. Надаас эхний мэдүүлгийг авах үед би хагалгаанд орчихсон норкозтой байсан учраас болсон асуудлыг санах гээд санаж чадахгүй байсан болохоор тиймэрхүү зүйл болсон байх гэж бодоод мэдүүлчихсэн юм. Тэгээд дараа дараагийн мэдүүлгийг анхныхаасаа зөрүүлэхгүй гэж бодоод адилхан өгчихсөн юм. Би үнэндээ тухайн үед яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Ямартай ч Г- ахтай хутга булаацалдаад ноцолдож байснаа хальт санаж байна...” гэжээ,  Яллагдагч Б.Г- мэдүүлэхдээ “...С- бид хоёр хар багаасаа нэг байранд тоглож өссөн хуурай ах дүүгийн харилцаатай хүмүүс байгаа юм. Хэрэг гарсан өдрийн өглөө бид нар архи уугаад сууж байтал 11 цагийн үед Б- зүүн талын орон дээр унтахаар хэвтсэн бөгөөд бид нар баруун талын орны хажууд архи уугаад сууж байсан. Гэтэл Б- яаж байгаа юм бэ гээд босоод ирэхээр нь харсан чинь хажууд нь С- хутга барьчихсан зогсож байсан ба Б-гийн гуянаас цус гарч байсан. Мөн миний хувьд С-ыг санаатай хутгалсан зүйл байхгүй. С-, Б-г унтаж байхад нь ямар ч шалтгаангүйгээр хутгалчихсан гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь гараас нь хутгийг нь булааж авах санаатай ноцолдож байхад С- хутгатай гараа өөр рүүгээ татахдаа цээжин хэсэгтээ хатгачихсан...” гэж тус тус мэдүүлжээ.   /хх-ийн 158 дугаар хуудас/

           Хохирогч Н.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2017 оны 8 дугаар сарын 5-ны орой 17 цагийн үед манай найз С- манай гэрт ирж хоносон. Тэгээд маргааш өглөө намайг ажилдаа явахаар гарахад С- манай гэрт унтаад үлдсэн. Би орой гэртээ ирээд зурагт үзэж байгаад арц уугуулахаар босоод бурханы өмнө очиход бурханы гүнгэрваань дээр байсан судар, гуулин тагтай зэс гүц алга болсон байсан. Би шууд С-ыг сэжиглэж байна. Яагаад гэвэл С- нь Багануурт очих газар байхгүй, мөн өөрөө урд лам байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 171 дүгээр хуудас/

           Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн үед найз Г-ийн гэрт 1 шил архи авч очсон. Гэрт С-, Г-, Б- нар байсан. 12 цагийн үед С-ын найз Идэрлхагва орж ирсэн ба бид нар архи хувааж уусан. Тэгээд Б- унтаж байхад С- түүнийг сэрээх гээд орных нь хөлд байсан ба гэнэт Б- энэ намайг хутгалчихлаа гээд босоод ирсэн. Тэгээд Б-г баруун талын орон дээр хэвтүүлээд шархыг нь цэвэрлэж байхад Г- С-ын хутгыг авах гээд ноцолдож эхэлсэн. Тэгээд тэр хоёрыг салгах үед С-ын цээжнээс цус гарч байсан ба Г- хутгыг нь барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 17 дугаар хуудас/

            Гэрч С.И..........ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би С-ыг Г-ийн гэрээс авч явах гээд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн үед Г- ахынд очсон. Намайг очиход С- Г-, Б- нараас гадна танихгүй 2 залуу ирчихсэн тавуулаа архи ууж байсан. Би тэднийд ороод зурагт үзээд сууж байхад Г- ах өнөөдөр манай ээж, аав хоёр ирнэ гээд байхаар нь ээж, аавыг нь ирэхээс нь өмнө гэрийг нь цэвэрлэж өгье гэж бодоод гэрийн зүүн талд аяга угаагаад сууж байсан. Тэгэхэд Б- ах гэрийн зүүн орон дээр унтаж байсан. Удалгүй С- танихгүй өндөр залуутай Б- ахыг сэрээнэ гээд зогсож байсан ба удалгүй Б- ах намайг хутгалчихлаа гээд босоод ирсэн. Би Б- ахыг баруун орон дээр хэвтүүлээд буцаж аягаа угаах гээд сууж байсан. Намайг аяга угаагаад сууж байхад Г- ах С-од хандаж чи наад хутгаа өг чи манай найзыг яаж байгаа юм бэ гээд ноцолдоод байх шиг байсан. Тэгтэл хүн алчихлаашдээ гэж хэлэхээр нь эргээд харахад С-ын цээжнээс цус гарч байсан ба Г- ахын гарт хутга байсан. С-ыг хэрхэн яаж хутгалсныг би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дүгээр хуудас/

             Гэрч Ц.Г....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад найз Г- яриад гэртээ архи уугаад байж байна гэхээр нь 0.75 граммын Хараа архи аваад С- гэдэг найзын хамт Г-ийнд очсон. Б.Г-ийн гэрт ороход С-, Г-, Б- нар хоол идээд сууж байсан ба бид хоёрын авчирсан архийг ууж эхэлсэн. Удалгүй Идэрлхагва гэх залуу гаднаас орж ирсэн. Би Г-ээс энэ юун хүүхэд юм бэ? гэж С-ыг асуухад манай байрны бацаан байгаа юм гэж хэлсэн. Бид нар гэрийн баруун талд архиа уугаад сууж байхад Б- унтлаа гээд зүүн орон дээр буруу хараад хэвтсэн. Тэгсэн чинь С- Б-гийн хэвтэж байсан орны дэргэд оччихсон Бодио ахаа босоочээ гээд  татаж чангаагаад зогсож байсан. Гэтэл Б- босож ирээд өмдөө шувтлаад С-од хандан чи намайг шаачихсан байна гэж хэлэхээр нь харахад Б-гийн баруун хөлний гуя хэсгээс цус гарч байсан. Бид нар С-од хандан чи яаж байгаа мангар бацаан бэ? гэхэд С- уучлаарай гэж хэлж байсан. Тэгээд Б-г баруун орон дээр хэвтүүлээд С- цусыг цэвэрлэж байсан. Бид нарыг баруун орны хажууд байхад Г- С- хоёр ноцолдоод байсан. Тухайн үед Г- С-ыг хутгална гэсэн утгатай зүйл хэлээгүй ба чи миний найзыг яаж байгаа юм бэ? гэж хэлээд ноцолдож байсан. Тэгээд босоод ирэхэд С-ын цээжнээс цус гарч байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дүгээр хуудас

Шинжээчийн 5123 тоот: “...Д.С-ын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт /800мл/ баруун уушигны авчилт, зүүн гуя, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 09/шэ/117 тоот актын “.. А.Б-гийн биед баруун гуянд хутгалсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/

Шинжээч эмч М.Золжаргалын өгсөн “…Хохирогч Д.С......ын биед учирсан гэмтэл хурц үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба зүсэгдэж хатгагдсан гэмтлүүд учраас хутга булаацалдаж байх үед үүссэн байж болно. Мөн биедээ гэмтэл учруулж болох биет зүйл гартаа барьсан учраас гараа хүрэх газраа гэмтэл учруулж болно. Тэгэхээр хохирогч Д.С- цээжиндээ учирсан гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжтой…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71,72 дугаар хуудас/

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргасан: “... Эд мөрийн баримт болох 15 сантиметрийн урт ажлын хэсэгтэй, 8.5 сантиметр урт бариултай, бариуландаа 3 ширхэг цагираг хэлбэрийн нүхтэй, ажлын хэсэгт Bosidun  830 гэсэн бичигтэй хар өнгийн эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргахаар тогтов...” гэсэн тогтоол /хх-ийн 30 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Г- “...Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 2006 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн тогтоолоор 1 жилийн хорих ялыг тэнсэж байсан...” гэсэн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”  /хх-ийн 98 дугаар тал/

Шүүгдэгч Д.С- “...Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж Багануур дүүргийн Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялыг тэнсэж байсан...” гэсэн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 106 дугаар тал/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Шүүхээс прокуророос ирүүлсэн хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Прокуроос ирүүлсэн Б.Г- Д.С- нарт холбогдох эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүд нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус тодорхой заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

Иймд Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн нь зөв гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй бөгөөд Д.С-ын хохироогчоор өгсөн болон нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэгүүд нь “…Намайг зүүн талын орон дээр байж байхад Б.Г- ах над руу дайраад гуя руу бас цээж рүү хутгалсан. Би тухайн үед Б.Г- ахаа болъё гэсэн чинь чи зүгээр байж бай хутгална гэдэг чинь энийг хэлдэг юм гээд намайг хутгаар хатгасан…” гэж, “…Надаас эхний мэдүүлгийг авах үед би хагалгаанд орчихсон норкозтой байсан учраас болсон асуудлыг санах гээд санаж чадахгүй байсан болохоор тиймэрхүү зүйл болсон байх гэж бодоод мэдүүлчихсэн юм. Тэгээд дараа дараагийн мэдүүлгийг анхныхаасаа зөрүүлэхгүй гэж бодоод адилхан өгчихсөн юм. Би үнэндээ тухайн үед яг юу болсныг үнэхээр сайн мэдэхгүй байна. Ямартай ч Б.Г- ахтай хутга булаацалдаад ноцолдож байснаа хальт санаж байна…” гэж  зөрүүтэй мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Г- нь “…Би санаатай хутгалаагүй хутгыг нь булааж авах гэж булаацалдах явцад хутгалагдсан…” гэж зүйлчлэлтэй маргасан. Мөн түүний өмгөөлөгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлсэн нь гэмт хэргийн сэдэлт, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж санал гарган мэтгэлцсэнийг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г-ийн “…Би С-ыг санаатай хутгалаагүй, Д.С-оос хутгыг нь булааж авах гээд бид хоёр ноцолдсон. Тэр үед Д.С- надад хутгаа өгөхгүй ийшээ тийшээ холбироод байсан. Тэгээд арай гэж хутгыг нь булааж аваад босоод ирэхэд Д.С-ын цээжнээс цус гарч байсан…” гэсэн тогтвортой мэдүүлэгүүд, хохирогч Д.С-ын шүүх хуралдаанд өгсөн “…Согтоод тасарсан, болсон үйл явдлыг бүдэг бадаг л мэдээд байна…” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.С-ыг нүүрэлдүүлэн байцаасан “…Би үнэндээ тухайн үед яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Ямартай ч Б.Г- ахтай хутга булаацалдаад ноцолдож байснаа хальт санаж байна…” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Гантулгын  “…Б.Г- чи муу миний найзыг яаж байгаа юм бэ гэж уурлаад С-оос хутгыг нь авах гээд ноцолдсон…” гэсэн мэдүүлэг, гэрч С.Идэрлхагвын “…Намайг нэг харахад Б.Г-, Д.С- нар тоглоод байгаа нь мэдэгдэхгүй зүүн талын орон дээр ноцолдоод байсан…” гэсэн мэдүүлэг, гэрч Н.С-ийн “…Б.Г- Д.С-ын хутгыг авах гээд ноцолдож эхэлсэн. Тэгээд тэр хоёрыг салгах үед С-ын цээжнээс цус гарч байсан…” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч М.Золжаргалын “…хохирогч Д.Сарууболдын биед учирсан гэмтэл хурц үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба зүсэгдэж хатгагдсан гэмтлүүд учраас хутга булаацалдаж байх үед үүссэн байж болно…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг дээрхи нотлох баримтуудаас дүгнэхэд  Б.Г-ийг Эрүүгийн хуулийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн “…Би хутгыг нь булааж авах гэж очоод С-той 2-3 минут ноцолдсон. Д.С- хутгаа өгөхгүй гээд ийш тийш займчаад байсан, тэгээд хутгатай гарыг нь татахад өөр рүүгээ гараа хүчтэй татаад унахаар нь нэг хартал цээжнээс нь цус гарсан байсан. Би Д.С-ыг санаатай хутгалаагүй…” гэж мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.С-ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн “…миний хувьд Б- ахыг ямар ч шалтгаангүйгээр, согтуу байх үедээ гуя нь тус газар нь хутгалсан. Мөн хэрэгт шалгуулж байх хугацаандаа найз С-ынд байсан гуулин гүц бумба, судар хоёрыг нь аваад нэг хүнд зарчихсан…” гэж мэдүүлсэн мэдүүлэгүүд нь хохирогч нарын мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр давхар батлагдаж байна.

Гэрчүүд болон хохирогч Н.С-, А.Б- нарын мэдүүлгийг эрх, үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

            Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, ......... хашаанд байрлах өөрийн гэртээ миний найзыг хутгалалаа гэж уурлан Д.С-оос хутга булааж авах гэж ноцолдож байхдаа зүүн гуя, цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь шүүгдэгчийн “...С- надад хутгаа өгөхгүй ийшээ тийшээ холбироод байхаар нь би хутгатай гарыг нь бариад авсан чинь гараа хүчтэй татахад гар нь миний гарнаас мултарсан. Тэгээд арай гэж хутгыг нь булааж аваад босоод ирэхэд С-ын цээжнээс цус гарч байсан. С- надад хутгаа өгөхгүй гэж булаацалдаж байгаад цээж рүүгээ хатгачихан...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 5123 дугаартай “...Д.С-ын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт /800мл/ баруун уушигны авчилт, зүүн гуя, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт, Шинжээч эмч М.З....ын өгсөн “…Хохирогч Д.С..........ын биед учирсан гэмтэл хурц үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба зүсэгдэж хатгагдсан гэмтлүүд учраас хутга булаацалдаж байх үед үүссэн байж болно…” гэсэн мэдүүлэг гэрч Ц.Г-, Н.С-, С.И....... нарын мэдүүлгүүд зэрэг дээрхи нотлох баримтуудаар,

            Шүүгдэгч Д.С- нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах Б.Г-ийн гэрт А.Б-г ямар ч шалтгаангүйгээр гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь шүүгдэгч Д.С-ын “...миний хувьд Б- ахыг ямар ч шалтгаангүйгээр, согтуу байх үедээ гуян тус газар нь хутгалсан...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09/шэ/117 дугаартай “...А.Б-гийн биед баруун гуянд хутгалсан шарх гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар,

            Шүүгдэгч Д.С- нь 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, ........... хашаанд оршин суух иргэн С-ын гэрээс эртний судар, гуулин гүц хулгайлж, 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “...С-ын гэрийн хойморт байсан буддын шашины төвд нэртэй хуучин баринтагтай судар, гуулин хийцтэй жижиг бумба зэргийг авч явсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.С-ын “...Би орой гэртээ ирээд зурагт үзэж байгаад арц уугуулахаар босоод бурханы өмнө очиход бурханы гүнгэрваань дээр байсан судар, гуулин тагтай зэс гүц алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч Д.С-ын бие махбодид учирсан гэмтэл нь хүнд хохирол болох нь шинжээчийн “...Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.Саруулбодын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл, хор хохиролд болгоомжгүй хандсан нь хохирогчоос хутга булааж авах гэж ноцолдож байх явцад хохирогчид хүнд гэмтэл учируулсан үйлдлээр нь тогтоогджээ.

Хохирогч А.Б-гийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Д.С- үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Д.С-ын үйлдэл, хор хохиролд шууд санаатай хандсан нь хохирогч А.Б-г ямар ч шалтгаангүйгээр хутгалсан үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Г-, Д.С- нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.С- нь хулгайн үйлдэлдээ ашиг олох зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай хандсан нь дээрхи хулгайн үйлдэл болон түүний “…мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн…” гэсэн мэдүүлэгүүд зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулж нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах ял хэрэглэхээр заасан байх тул Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт зааснаар Б.Г-эд бусад тодорхой эрхийг хуульд заасан хугацаагаар хасаж шийдвэрлэхээр байна.

Шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулан хуульд зааснаар ялуудийг нэмж нэгтгэн хорих ял оногдуулж нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г- нь Д.С-ын эрүүл мэндэд учирсан хохирол хор уршигт 1.200.000 төгрөг төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр, Шүүгдэгч Д.С- нь хохирогч Д.С-ын хохирлын эд зүйлсийг буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчийн “…эд зүйлээ хүлээн авсан…” гэсэн хүсэлтээр, хохирогч А.Б-гийн нэхэмжилсэн 26.000 төгрөгийг төлсөн болох нь Д.С-ын шүүх хуралдаанд өгсөн “...А.Б- ах хохирол, төлбөр авахгүй, гомдолгүй гэсэн. Харин боолтны мөнгө гэж 26.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нар тус тус хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г- Д.С- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх…” гэж зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г- энэ хэрэгт цагдан хоригдоогүй, Д.С- энэ хэрэгт 30 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцно.

Эд мөрийн баримтаар ирүүлсэн 15 сантиметрийн урт ажлын хэсэгтэй, 8.5 сантиметр урт бариултай, бариуландаа 3 ширхэг цагираг хэлбэрийн нүхтэй, ажлын хэсэгт Bosidun  830 гэсэн бичигтэй хар өнгийн эвхдэг хутгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц усгах нь зүйтэй

            Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Шүүгдэгч Б- овгийн Б-ын Г-эд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Б- овгийн Б-ын Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Шүүгдэгч Б- овгийн Д-ын С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  4. Шүүгдэгч Б- овгийн Б-ын Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасч, хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  5. Шүүгдэгч Б- овгийн Д-ын С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан /6/ сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.
  6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад тус тус зааснаар Д.С-од оногдуулсан 450 нэгжээр торгох ялыг зургаан /6/ сарын хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг долоон /7/ сарын хугацаагаар тогтоосугай.
  7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар Д.С-, Б.Г- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад зааснаар Б.Г-эд оногдуулсан хоёр /2/ жилийн хорих ялаас, Д.С-од оногдуулсан долоон сарын хорих ялаас тус тус чөлөөлсүгэй.
  9. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэг зааснаар Б.Г-эд оногдуулсан эрх хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
  10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Г- нь хохирогч Д.С-од нэг сая хоёр зуун мянган /1.200.000/ төгрөг төлснийг дурдаж, хохирогч Д.С- нь Д.С-оос эд зүйлээ авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдаж, хохирогч А.Б- нь Д.С-од гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.
  11. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д.С-ын цагдан хоригдсон 30 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 сантиметрийн урт ажлын хэсэгтэй, 8.5 сантиметр урт бариултай, бариуландаа 3 ширхэг цагираг хэлбэрийн нүхтэй, ажлын хэсэгт Bosidun  830 гэсэн бичигтэй хар өнгийн эвхдэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  13. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.С-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  14. Д.С-, Б.Г- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  16. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ