Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 682

 

    Б.Г, Д.С нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

шүүгдэгч Д.С-н өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дүүргийн Ерөнхий прокурор Б.Пүрэвжавын бичсэн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Г, Д.С нарт холбогдох 201701070075 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-н Г, 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ............. төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ дүүргийн ..... дугаар хороо, ......... дүгээр гудамжны .... тоотод оршин суух,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ХД84013010/

2. Б овгийн Д-н С, 19... оны  …  дугаар сарын ...-ны өдөр ............. төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух албан ёсны хаягтай, ............. дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр байрны ... тоотод түр оршин суух,

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: ЧН87062611/

Б.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ архидан согтуурч байх үедээ Д.С-г “чи муу манай найзыг яаж байгаа юм бэ” гэж хэлэн гуя, цээжинд нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Д.С нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах Б.Г-ийн гэрт архидан согтуурч байх үедээ А.Бодьсүрэнг унтаж байхад нь ямар ч шалтгаангүйгээр гуян тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн 23 дугаар гудамжны 7 тоот хашаанд байрлах иргэн П.Самбуунямын гэрээс эртний судар, гуулин гүц хулгайлж 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-г 1 жилийн хугацаагаар тэнсэж зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 12 дүгээр сарын 1-ний өдрийн дотор 2.500.000 төгрөгийг биелүүлэхийг, 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор буюу 6 сар тутамд 2.500.000 төгрөгөөр биелүүлж дуусгах, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Б.Г-д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.С-н энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг торгох ялыг 15 нэгжээр тооцож, түүнийг 450 нэгжийн торгох ял эдэлсэнд тооцож, Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Г нь хохирогч Д.С-д 1.200.000 төгрөг төлснийг, хохирогч Д.Самбууням нь Д.С-с эд зүйлээ авсан нэхэмжлэх зүйлгүйг, хохирогч А.Бодьсүрэн нь Д.С-с нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 сантиметрийн урт ажлын хэсэгтэй, хар өнгийн эвхдэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгагаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.С, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  Д.С, Б.Г нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дүүргийн Ерөнхий прокурор Б.Пүрэвжав бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүгдэгч Б.Г-д ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй “хөнгөн” ял шийтгэл оногдуулсан байна. Үүнд:

1. Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан Эрүүгийн хуулийн хоёр өөр төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зүйл тус бүрээр ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж тодорхой заасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээ болох 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял шийтгэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзнэ” гэж хуульчлан тогтоосон.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Д.С нь “Б.Г ах юу, юугүй над руу дайраад намайг хутгалсан. Тухайн үед “Б.Г ахаа, больё” гэсэн чинь “Чи зүгээр байж бай хутгална гэдэг чинь энийг хэлдэг юм” гээд намайг хутгаар хатгасан” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 5123 тоот актын “Д.С-н биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт /800мл/ баруун уушгины авчилт, зүүн гуя, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 тоот журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг бүрэн нотлогдож тогтоогддог ба шүүгдэгч Б.Г нь бусдын биеийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн мэдүүлдэггүй байсан, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн гэмт үйлдэл, түүнээс шалтгаалж үүсэх хор уршгийг зориуд хүсч үйлдсэн, хууль бус үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгах гэсэн үйлдэлдээ хүч оруулсан сэтгэхүйн харьцаа зэргээс хүссэн “хор уршиг” нь учирсан байтал анхан шатны шүүхээс уг гэмт хэрэг оногдуулбал зохих ялын хоёр төрлөөс “хөнгөн”-ийг сонгож, хуульд заасан хамгийн бага хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна.

Иймээс анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх хууль буцаан хэрэглэхдээ буруу хэрэглэсэн. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Санаатай, болгоомжгүй талаар анхан шатны шүүх хуралдааны явцад огт маргаан гаргаагүй байхад санаатай үйлдсэн гэж эсэргүүцэл бичсэн нь ойлгомжгүй байна. 10.000.000 төгрөгийн торгох ял гэдэг хүн хүнд ял. Шүүх эрх хэмжээний хүрээнд Б.Г-ийн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгч Д.С-н өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалтад “хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэнэ, эсхүл үйлдэл тус бүрт ял оногдуулна” гэж заасан. Шүүх эрх хэмжээний хүрээнд Д.С-г ял эдэлсэнд тооцсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Г, Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Учир нь,

Прокуророос Д.С-г хулгайлах болон бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар, Б.Г-г бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Г-д 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.С нь хулгайлах болон бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” талаар журамласан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын ял шийтгэл оногдуулж байгаа 4 дэх заалтаараар уг зүйлийг баримтлан Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцохоор хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг үргэлжлүүлээд /хх 2-н 68/ Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дуу бичлэгт огт тусгагдаагүй зүйлийг бичиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.  

    Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Б.Г, Д.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.