Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00503

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00503

 

 

Л.Ж-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2022/00204 дугаар шийдвэртэй,

Л.Ж-ы нэхэмжлэлтэй

И.Д-д холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ж-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхсүх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ананд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би И.Д-тэй 2000 онд танилцаж, өдрийн 1,500 төгрөгийн цалинтай ажиллахаар түүнтэй тохирч, түүний гэрт амьдарч, гэрийнх нь бүхий л ажлыг хийдэг байсан. И.Д-гийн охин нь миний тэтгэврийг 2014 оны 9 сард тогтоолгож өгсөн. Би өөрийнхөө тэтгэврийн мөнгийг өөрөө авдаггүй, картаа хэрэглэж мэдэхгүй. И.Д- нь “...чиний мөнгийг хадгалж байгаа...”  гэж хэлээд надад мөнгө өгдөггүй байсан.

Би 2021 оны 06 дугаар сард И.Д-гийн гэрээс явсан. Тухайн үед эгчид миний тэтгэврийн картыг өгөөд кодыг нь хэлж өгсөн байсан. Картыг шалгахад мөнгө байгаагүй. Иймд миний тэтгэврийн 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Л.Ж- нь тэтгэврийн мөнгөө И.Д-д хадгалуулж байгаагүй. И.Д- болоод бидний гэр бүлээс Л.Ж-ыг гэртээ амьдруулахдаа түүнд маш их зардал гаргасан.

Л.Ж- нь 2014 оноос 2019 он хүртэл “Капитал банк” ХХК-аар тэтгэврээ авдаг байсан. И.Д-гээс хадгалуулсан мөнгө, цалингийн алиныг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

2017 онд 8 удаагийн гүйлгээгээр 6,669,000 төгрөгийг Л.Ж- И.Д-гийн данс руу шилжүүлсэн. Хэрвээ дээрх баримтыг үндэслээд Л.Ж- шаардлага гаргаж байгаа бол өмнө нь шаардсан баримт байхгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Дээрх 8 удаагийн гүйлгээгээр И.Д-гийн данс руу мөнгө орсон шалтгаан нь “Капитал банк” ХХК-ийн картгүй байсан тул тэтгэврийн мөнгөө И.Д-гийн данс руу шилжүүлээд түүний картыг авч өөрөө хэрэглэдэг байсан. Тухайн шилжүүлгүүд нь сар болгоны тэтгэврийн мөнгө биш бөгөөд тэтгэврийн зээл аваад шилжүүлсэн гүйлгээнүүд юм. Л.Ж-ы тэтгэврийн данс 2019 онд одоогийн "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн данс болж өөрчлөгдсөн. "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн дансны хуулгуудаас харахад тэтгэврийн зээл нь дуусаад сар болгоны тэтгэвэр буусны дараа өдөр тутамдаа тэтгэврээ зарцуулж байсан нь харагддаг. Мөн тухайн үеэс хойш И.Д-гийн данс руу мөнгө огт шилжүүлээгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч И.Д-гээс 16,782,638 төгрөгийг гаргуулж Л.Ж-д олгож, нэхэмжлэлээс 3,217,362 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240,864 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх нотлох баримтыг харьцуулан, бодитоор үнэлсэнгүй. Хариуцагч талаас асуулгасан гэрч нь нэхэмжлэгчийн карт ашиглаж чаддаггүй гэх тайлбарыг үгүйсгэж, түүнийг картаа ашигладаг, дэлгүүрээр үйлчлүүлдэг болохыг нотлох ач холбогдолтой байсан. Гэрч Я.М нь “Л.Ж-тай хүнсний дэлгүүрт тааралдаж байсан, Л.Ж- дэлгүүрт хүнс, тамхи, идэж уух юм авч хааяа тааралддаг байсан, карт гаргаж байхыг нь харсан, мөн И.Д-гийнд амьдардаг, ажилд нь тусалж байгаа харагддаг” гэж мэдүүлсэн. Гэтэл Я.М-ын энэ мэдүүлгийг шүүхийн шийдвэрт бичээгүй, үнэлээгүй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцсон гэрч нар нь хариуцагч И.Д-г таньдаггүй, олон жил хараагүй, дам мэднэ, зөвхөн Л.Ж- өөрөө ингэж ярьж байхыг сонссон гэж тус бүрдээ мэдүүлсэн. Хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитоор огт мэдэхгүй, олон жил уулзаагүй эгчийг нь гэрчээр асуух зэргээр дам яриа сонссон гэх охин, эгч, дүү нарынх нь мэдүүлгийг үнэлж “мөнгийг нь авчихсан байна гэж дүгнэн” хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлд цалин хөлс, тэтгэврийн мөнгө эсхүл хадгалуулсан мөнгөө алиныг нь шаардаж байгаа болох нь тодорхойгүй байсан. Шүүх хуралдааны явцад ч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгоогүй, зөвхөн мөнгө авна л гэж шаарддаг. Шүүхээс удаа дараа Л.Ж-аас асууснаар мөнгө өгсөн буцааж авья, огт тэтгэвэрээ авч байгаагүй, хадгалуулсан гэж тайлбарладаг.

Л.Ж-ы 2017075071 дугаартай данснаас И.Д-гийн дансанд 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 6,669,000 төгрөг шилжүүлсэн нь тодорхой байдаг. Гэхдээ шилжүүлсэн мөнгийг бодит байдал дээр Л.Ж- авсан. Л.Ж- гэрийн ажилд туслахаас өөрөөр цалин хөлстэй ажил хийдэггүй байсан. Тэтгэвэрээс өөр орлогогүй байсан болохыг нотлох зорилгоор хариуцагчаас Л.Ж-ыг тэтгэвэр тогтоолгосноос хойш хөдөлмөр эрхэлж байсан эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, орлого олдог байсан эсэх дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж, шүүхийн журмаар гаргуулсан боловч шүүх дээрх баримтууд нь хэрэгт ач холбогдолгүй гэж үнэлсэн байдаг. Эдгээр баримт нь хэрэгт ач холбогдолтой байсан. Учир нь Л.Ж-ы хэлснээр, шүүхийн дүгнэснээр бүх тэтгэврийн мөнгийг нь И.Д- авдаг байсан бол Л.Ж- ямар зардлаар хэрэглээний мөнгөө олох боломжтой байх вэ.

Нэхэмжлэгч цалин хөлс тохиролцсон гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тэтгэврийн мөнгө хадгалуулсан, хадгалалтын гэрээ байсан тул мөнгийг буцаан төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байхад шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 492.1 дэх хэсэг бол “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр нь хөрөнгө шилжүүлэн байх урьдчилсан нөхцөлийг шаарддаг. Гэтэл Л.Ж- И.Д-гийн дансанд мөнгө шилжуүлэх эсхүл ямар нэгэн хүлээсэн үүрэг байгаагүй, тэр талаар нотлох баримт байхгүй.

И.Д- 6,669,000 төгрөгийн хувьдаа авч зарцуулсан гэж үзэхэд хүрвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгт шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн болно. Гэтэл шүүх нэхэмжлэгч хариуцагчийн тайлбарласан “хөөн хэлэлцэх хугацаа”-нд маргаагүй гэж дүгнэсэн боловч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг огт хэрэглээгүй, хариуцагчийн тайлбарт тодорхой үнэлэлт, дүгнэлт өгөлгүй дурдаад өнгөрсөн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. 2014 онд Л.Ж-ы тэтгэвэр авах эрх нь үүссэн байдаг. 2014-2021 он хүртэл хугацаанд айлд амьдарч, бүх ажлыг хийж тусалдаг байсан. Л.Ж-ы тэтгэврийн картыг хариуцагч ашиглаж, дансанд мөнгө авч, заримдаа бэлэн мөнгө авч ашигладаг байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоно. Сүүлд Л.Ж-ыг авчирч өгөхдөө картыг өгч, түүний нууц дугаарыг нь хэлж өгсөн байдаг. Л.Ж- бичиг үсэг мэдэхгүй нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Л.Ж- нь бичиг үсэг мэдэхгүй учраас карт хэрэглэж чаддаггүй байсан. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж шийдвэр гарсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Л.Ж- нь хариуцагч И.Д-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Л.Ж- 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тэтгэвэр тогтоолгож, тэтгэврийн 5439124692 тоот данс нээлгэсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Ж-ы эзэмшлийн “Капитал банк” ХХК дахь данснаас И.Д-гийн дансанд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 900,000 төгрөг, мөн өдөр 334,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,212,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 900,000 төгрөг, мөн өдөр 531,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 964,000 төгрөг, 2017 оын 10 дугаар сарын 09-ний өдөр 905,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 833,000 төгрөг, нийт 6,669,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Хариуцагч И.Д- нь уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Л.Ж-д хүлээлгэн өгсөн гэдгийг нотлоогүй тул түүнийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж  дүгнэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэх юм.

 

Хариуцагч И.Д- нь 6,669,000 төгрөгийг Л.Ж-д өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Гэрч Ж.С: “...И.Д- болон түүний охин н.Уянга нар аавын тэтгэврийг хөөцөлдөж тогтоолгож өгсөн гэсэн. Гэхдээ И.Д, н.У нар таны тэтгэврийн мөнгийг хадгалж өгнө гэж аавд маань хэлсэн гэсэн...”, гэрч Л.М: “...Би энэ асуудлыг ахыгаа гэртээ эргэж ирснээс хойш л мэдлээ. Өмнө нь цагаан сар болон наадмаар ах маань ирж уулздаг байсан. Ах маань ирж уулзахдаа би ингээд энэ хүн дээр ажиллаж байгаа, Баянхошууны эцэст машин дээр ногоо зардаг ажил хийдэг гэж хэлдэг байсан. ... Ах маань цагаан сараар ирж уулзахдаа боссындоо ажил хийж байгаа гэж ярьдаг байсан. ... Ах маань өөрөө би тэтгэврийн мөнгөө өөртөө зарцуулаагүй гэж ярьдаг...” гэрч Л.Эрдэнэчимэг: “... дүүг маань хүргэж ирээд надад шуудайтай хөнжил гудас, нэг чемодонтой хувцас хүлээлгэж өгсөн. Дээр нь тэтгэврийн карт өгөөд нууц үгийг нь хэлж өгсөн. Намайг тэтгэврийн дэвтэр нь байхгүй юм уу гэхэд байхгүй, банк дээр байгаа ... Тэр үед Л.Ж- нь миний картан дотор мөнгө байгаа манай босс миний мөнгийг хадгалж байсан гэж ярьсан. Түүний хэлсэн шиг мөнгө байсан үгүйг би мэдээгүй, одоо ч мэдэхгүй картыг нь охин Ж.С-д нь өгсөн...”, гэрч Ж.Б “...аав маань Төмөр замд ажиллаж байгаад ажлаас гарсан бөгөөд 1996 онд гэрээсээ явсан. Аав маань бидэн дээр цагаан сараар ирдэг байсан. Ирэхдээ манай босс надад мөнгө хадгалж байгаа гэж ярьдаг байсан. Аав маань улсад 23 жил ажилласан учир өөрийн эрхийнхээ дагуу улсаас тэтгэвэр тогтоож өгсөн ... ямар ч байсан аав маань бид нар дээр ирэхдээ босс надад мөнгө хадгалж байгаа гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлгийг

гэрч Д.Мө: “...Л.Ж- /тэтгэврийн картаа/ өөрөө эзэмшиж, ашигладаг байсан ... тэтгэврийн зээл аваагүй. Бидний зүгээс Л.Ж-ы тэтгэврийг авч хэрэглэсэн зүйл байхгүй, ...” гэрч Я.М: “...Эцсийн буудал нэртэй дэлгүүр байдаг юм. Л.Ж- тэр дэлгүүрт ороод өөрөө худалдан авалт хийгээд явдаг байсан...” гэсэн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэвэл И.Д- нь Л.Ж-ы мөнгийг хадгалах зэрэг байдлаар авсан гэдгийг шууд нотлоогүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлээс нотлогдоогүй хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болсныг залруулах боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажилллагаанд мэргэжлийн буюу өмгөөлөгчийг заавал оролцуулахаар зохицуулаагүй тул нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлийг алдаатай тодорхойлбол шүүх залруулж болно. Иймд шүүх дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэхэд эрх зүйн харилцааг өөрөөр тогтоох боломжтой тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг гүйцэтгэхийг шаардахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар арван жил байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэхгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч И.Д-гээс 6,669,000 төгрөгийг гаргуулж Л.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,331,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2022/00204 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...16,782,638 /арван зургаан сая олоон зуун наян хоёр мянга зургаан зуун гучин найман/ төгрөгийг...” гэснийг “...6,669,000 төгрөгийг...” гэж, 3,217,362 /гурван сая хоёр зуун арван долоо мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийн...” гэснийг “...13,331,000 төгрөгийн” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...240,861.73 төгрөгийг... гэснийг ...121,654 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 241,863 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                               

                                      ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                                 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА