Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2022/00204

 

 

 

 

 

 

 

 

 

       

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Ж ны  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: И.Д холбогдох

 

           Тэтгэврийн мөнгө хадгалуулсан   20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Ж, түүний  өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,  өмгөөлөгч Б.Ананд, нэхэмжлэгчийн хүсэлтээр  гэрч Ж.Б, Л.М, Л.Э, Ч.М, Ж.С,хариуцагчийн хүсэлтээр  Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ж  шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон    шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би И.Д-ийнх 2000 оноос   ногоо зардаг би тэрэг түрж  өдрийн 1500 төгрөгөөр ажиллахаар тохирч 6 сар  ажиллаад дараа  нь  2021 он  хүртэл  22 жил  гэрт нь  амьдарч гэрийнх нь бүхий л ажлыг хийдэг  тэдний зарц шиг нь байсан.  Гэр нь Сансарт  байж байгаад Толгойтруу  2 давхар  4 өрөө  байранд  орсон. Миний тэтгэвэр   2014 оны  9 сард тогтоогдсон. Доржсүрэнгийн охин  нь   хөөцөлдөж тогтоож  өгсөн. Тэтгэвэр тогтоосон  үеэс хойш нэг ч удаа  мөнгөө авч үзээгүй, би бичиг үсэгт тааруухан юм.   И.Д-нд өгсөн тэтгэврийн мөнгөө авах хүсэлтэй байна. Би 2021 оны 06 дугаар сард И.Д-ийн гэрээс явсан. Намайг эгчийнд хүргэж өгөхдөө миний өмсөж хэрэглэдэг хэдэн  хувцас дээл зэргийг бүгдийг  боогоод  жорлонгийн нүх рүү  хаясан би өмссөн хувцастайгаа хөөгдсөн. Тэр үед  эгчид миний тэтгэврийн  картыг өгөөд  кодыг нь хэлж өгсөн байсан  картыг шалгахад мөнгөгүй  байсан.  Үнэн юм үнэнээрээ байх ёстой. И.Д-ийн хүүхдүүд нь ээж, аав дээрээ цагаан сараар л ирдэг байсан. И.Д нь миний тэтгэврийг авсан нь үнэн болохоор өөрөө ирж чадахгүй байгаа юм. Надаар гарын үсэг зуруулаад миний тэтгэврийн мөнгийг банкнаас авдаг байсан. Би өөрийнхөө тэтгэврийн мөнгийг өөрөө авдаггүй, надад өгдөггүй, картаа хэрэглэж мэдэхгүй, чиний мөнгийг хадгалж байгаа гэдэг байсан.     Иймд миний тэтгэврийн 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Жыг ийм тайлбар гаргаж байгаад харамсаж байна.   Манай гэрт 22 жил амьдарсан бөгөөд манай гэр бүлийг гүтгэж байгаад туйлын их гомдож байна. Л.Жы зүгээс тэтгэврийн мөнгөө И.Д-нд хадгалуулж байгаагүй энэ талаар өөрөө болон түүний үр хүүхдүүд бүгд мэдэж байгаа юм. Миний хувьд Л.Ж аргагүйн эрхэнд ийм зүйл хийсэн болов уу гэж ойлгож байна. Түүний хүүхдүүд И.Д гэх хүнээс заавал мөнгө авч байж сална гэж ярьж явсан гэсэн.

 Л.Жы хүүхдүүд аавыгаа боломж бололцоотой айлд амьдарч байсныг ашиглан мөнгө салгах гэж оролдож байна. И.Д болоод бидний гэр бүлээс Л.Жыг гэртээ амьдруулахдаа түүнд маш их зардал гаргасан. Хэрвээ Л.Ж миний аав И.Д-нд мөнгө хадгалуулж байсан бол хэдий хугацаанд хадгалуулж байсан гэх асуудал яригдана.

 И.Д манай гэрээс явах хүртлээ мөнгө хадгалуулсан асуудлаар нэг ч үг хэлээгүй байж манайхаас явангуутаа ийм асуудал ярьж эхэлсэн. Л.Ж тэтгэврийн хуримтлал үүсгэхээр бол аль нэг банк дээр очоод хуримтлал үүсгэх боломжтой байсан. Хатуухан хэлэхэд Л.Жы хүүхдүүд манай аав, эгч рүү утсаар ярьж байхдаа өөрсдийгөө хэцүүхэн амьдралтай гэдгээ хэлж байсан. Хэрвээ ийм байсан бол Л.Ж нь тэтгэврийн мөнгөө цаг тухай бүрдээ үр хүүхдүүддээ өгч байсан бол илүү их хэрэгтэй байсан байх. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ямар ч утга авцалдаа алга   байна.  

 Л.Жаас И.Д рүү шилжүүлсэн шилжүүлгүүдийн хувьд Л.Ж нь 2014 оноос 2019 он хүртэл “Капитал банк” ХХК-аар тэтгэврээ авдаг байсан.  И.Дгээс хадгалуулсан мөнгөө нэхээд байгаа юм уу, цалин нэхээд байгаа юм уу, зээлүүлсэн мөнгөө нэхээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна.

 Яг бодит баримт болох дансны хуулга дээр дүгнэлт өгвөл 2017 онд 8 удаагийн гүйлгээгээр 6,669,000 төгрөгийг Л.Ж И.Д-ийн данс руу шилжүүлсэн байгаа юм. Хэрвээ дээрх баримтыг үндэслээд Л.Ж шаардлага гаргаж байгаа бол өмнө нь шаардсан баримт байхгүй тул Иргэний хуулийн 75.2.1-т заасны дагуу үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тиймээс хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар 82.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна. Хэрвээ хадгалуулсан гэж үзэж байгаа бол мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг шүүх анхаарч үзнэ үү.

 Дээрх 8 удаагийн гүйлгээгээр И.Д-ийн данс руу мөнгө орсон шалтгааны хувьд “Капитал банк” ХХК-ийн картгүй байсан тул тэтгэврийн мөнгөө И.Д-ийн данс руу шилжүүлээд түүний картыг авч өөрөө хэрэглэдэг байсан юм. Тухайн шилжүүлгүүд нь сар болгоны тэтгэврийн мөнгө биш бөгөөд тэтгэврийн зээл аваад шилжүүлсэн гүйлгээнүүд юм. Мөн Л.Ж нь нэхэмжлэлдээ 2014 оноос хойш би нэг ч тэтгэврийн мөнгө аваагүй, бүгдийг нь И.Д авч зарцуулсан гэж дурдсан байдаг. Гэтэл Л.Жы тэтгэврийн данс 2019 онд одоогийн "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн данс болж өөрчлөгдсөн. "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн дансны хуулгуудаас харахад тэтгэврийн зээл нь дуусаад сар болгоны тэтгэвэр буусны дараа өдөр тутамдаа тэтгэврээ зарцуулж байсан нь харагддаг. Мөн тухай үеэс хойш И.Д-ийн данс руу мөнгө огт шилжүүлээгүй байгаа үйл баримтыг шүүх анхаарч үзнэ үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ж нь И.Д-нд холбогдуулан 2000 оноос  2021 оны  6  сар хүртэл  22  жилийн хугацаанд  амьдарч  байхдаа  гэрийн  бүх ажлыг хийдэг байсан,  2014 оны  9  сард  тэтгэвэр тогтоогдсон 2021 оны  6 сард гэрээс нь хөөгдсөн тул түүнд хадгалуулсан тэтгэврийн мөнгө 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь бодит баримт дансны хуулгаар 2017 онд 8 удаагийн гүйлгээгээр 6,669,000 төгрөгийг Л.Ж И.Д-ийн данс руу шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нь үүнийг үндэслэж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцахгүй гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбарууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн   нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Нэхэмжлэгч  Л.Ж 1954 онд төрсөн бөгөөд хариуцагчийнд 2000 оноос эхлэн ажиллаж байсан гэх ба 47 настай байжээ. Тэрээр 2014 онд 60 нас хүрсэн 2014 оны 9 сарын 08-нд  тэтгэвэр тогтоогдож тэтгэврийн мөнгийг  5439124692 тоот дансаар авдаг хариуцагч И.Д нь 5011271462 тоот өөрийн дансаар шилжүүлэн авсан болох нь харилцагчийн дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкны хугацаагүй хадгаламжийн гэрээ, 2019 оны 01 сарын 18-аас 2021 оны  08 сарын 01-нийг хүртэлх хугацааны тэтгэврийн нэрийн дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байх тул дээрх үйл явдал тогтоогдсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзлээ. /хх-ийн 12-13-23 дугаар тал/

Мөн нэхэмжлэгч Л.Ж, хариуцагч И.Д нар нь 2012 оны шинэчилсэн цахим бүртгэлээс хойш 2021 оны 9 сарын 27-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, 23 гудамж, 392 тоот хаягт хамт амьдарч байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 93 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /хх 131 дүгээр тал/

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ: Манайд  22  жил байхдаа ажил нэг их хийж байгаагүй гэж тайлбарлан  нотлох баримтаар  И.Д-ийн 2014-2021 оны дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон мөн   итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтуудыг ирүүлсэн боловч дээрх баримтууд нь хэрэгт ач холбогдолгүй байна.  /хх 105-126 дугаар тал/ 

 

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн тэтгэврийн мөнгийг хариуцагч Ш.Доржсүрэнгийн дансыг ашиглаж өөрт нь өгдөг гэж,

Нэхэмжлэгч би картаар тэтгэврийн мөнгөө нэг ч удаа авч үзээгүй, картаа барьж үзээгүй гэж өөр өөр тайлбарыг гаргаж байх ба уг мөнгийг нэхэмжлэгч Л.Жд зарцуулсан гэж талууд маргаж байна.

 

Зохигчдын тайлбар нь бусад нотлох баримтын хамт үнэлэгддэг болохыг хуульд заасан бөгөөд  нэхэмжлэгчийн тэтгэврийн мөнгийг өөрөө авч байгаагүй гэх тайлбарыг үндэслэлтэй  бөгөөд  шүүх хуралд орсон  гэрч  нарын    

 

  Гэрч Ж.С: “...Аав  биднийг хүүхэд байхаас эхлэн манай босс надад мөнгө хадгалж байгаа гэж хэлдэг байсан. И.Д намайг сайн танина. Аавыгаа Баянзүрхийн зах дээр ажиллаж байх үед би очдог байсан, аавд маань өөрт нь банкны карт байдаггүй байсан.  Аавыг  төрсөн эгчийнд  нь И.Д-ийн хүүхдүүд хүргэж өгөхдөө  банкны картыг эгчид нь  өгсөн “ гэх  мэдүүлэг,  

 Гэрч Л.М: “...Ах  баяр наадмаар ирж  уулздаг байсан ба ирэхдээ боссындоо ажил хийж байгаа, манай босс миний мөнгийг хадгалж байгаа гэж ярьдаг байсан. Мөн манай босс хөөцөлдөж байгаад миний тэтгэврийг тогтоолгож өгсөн “гэх мэдүүлэг,

Гэрч Л.Э: “... дүү Л.Жыг 20201 оны  6 сард  манайд хүргэж  өгөхдөө тэтгэвэр авдаг карт нь шүү гэж надад  хүлээлгэж өгсөн, босс гэх Доржсүрэнгийнд  олон жил ажиллаж амьдарсан, их сайн хүмүүс байна гэж  боддог байсан...   “ гэх 

Гэрч: Д.М:  ... Л.Ж нь манай гэр бүлтэй 1996 оноос 2021 оны 06 дугаар сар хүртэл хамт байсан. Хамт байх хугацаандаа ажил хийдэггүй байсан ба бид өөрсдийн гэр бүлийн гишүүн  шиг ханддаг байсан. 2014 онд би өөрөө хөөцөлдөж байж түүний тэтгэврийг тогтоолгож өгсөн. Түүнийг манайд амьдарч байх хугацаанд гэр бүлээс нь нэг ч хүн ирж уулзаж байгаагүй. Манай гэр бүл хүнсний ногоо борлуулдаг харин Л.Ж нь тухайн ажилд тусалж амьдардаг байсан. Түүнд тэтгэврээс өөр орлого байгаагүй” гэх  мэдүүлгүүд нь давхар  нотолж   байх тул  хэрэгт хамааралтай ач холбогдолтой  гэж  дүгнэв.  

 

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Хариуцагчаас нотлох баримтаар тогтоогдсон буюу Л.Жы тэтгэврийн зээлийн тухайд: “Капитал банк” ХХК-ийн депозит дансны харилцагчийн хуулгаар 2017.01.02-нд 1,201,048 төгрөг, 2017.05.24-нд 966,464 төгрөг, 2017.10.09-нд 1,204,914 төгрөг, 2018.07.06-нд 834,126 төгрөг, 2018.10.05-нд 805,172 төгрөг, Л.Жы “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн тэтгэврийн нэрийн дансаар 2019.01.18-нд 850,772.73 төгрөг, 2020.04.01-нд 1,400,449.9+199,691 төгрөг, нийт 7,462,637.64 төгрөгийг авсан байна. /хх 10-13 / дугаар тал

Л.Ж нь 2014 оны 9 сарын 08-нд тэтгэвэр тогтоолгосон боловч хариуцагч нь Иргэний хуулийн  75 дугаар зүйлийн   75.2.1-д  заасан  хөөн хэлэлцэх  хугацаа хамаарна гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгчийн өмгөөлөгч   маргахгүй байна. Тэрээр  дээрх хуулийн заалт нь  иргэний эрх зүйн  бүхий л гэрээнд хэрэглэгдэх  зрөнхий зохицуулалтай  болохыг зохицуулсан байх тул

 2017 оны 01 сараас 2020 оны 02 сар хүртэл сар бүр 310,000 төгрөг /310,000*12=3,720,000 төгрөг/, 2020 оны 02 сараас 2021 оны 6 сар хүртэл сар бүр 350,000 төгрөг /350,000*16 сар=5,600,000 төгрөг/, нийт 9,320,000 төгрөгийн тэтгэвэр авсан  нь  баримтаар  тогтоогдож  байна. /хх 14-23/ дугаар тал

Иймд Түүний тэтгэврийн зээл болон сар болгон авч байсан тэтгэвэр нийт 16,782,638  төгрөгийг хариуцагч Ш.Д-ээс гаргуулж  үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэв.  

      Хэрэг  хянан шийдвэрлэх  ажиллагааны тухайд:

Шүүхэд нэхэмжлэл 2021 оны 8 сарын 24-нд ирсэн ба хуульд заасан  хугацаанд буюу 2021 оны 8 сарын 30-ны өдрийн 184/ШЗ2021/09250 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж /хх 25 дугаар тал/, 2021 оны 10 сарын 07-ны өдрийн 184/ШЗ2021/11170 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж /хх 37 дугаар тал/ гарсан байна. 

2021 оны 10 сарын 13-ны өдрийн 184/ШЗ2021/11544 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус тус хангасан байна. /хх 49-51 дүгээр тал/

2021 оны 11 сарын 10-ны өдрийн 184/ШЗ2021/12957 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах, захирамжийн биелэлт хангуулах хүсэлтийг тус тус хангасан байна. /хх 97 дугаар тал/

2021 оны 11 сарын 19-ний өдрийн 184/ШЗ2021/13529 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, /хх 128, 129 дүгээр тал/ 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 184/ШЗ2021/13803 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүгчийн захирамжийн биелэлт хангуулах хүсэлтийг хангасан байна. /хх 135, 136 дугаар тал/

2021 оны 12 сарын 09-ний өдрийн 184/ШЗ2021/14636 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус тус хангасан байна. /хх 155, 156/

2022 оны 01 сарын 11-ний өдрийн 184/ШЗ2022/00943 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг ханган шийдвэрлэж байсан байна. /хх 159, 160 дугаар тал/

 

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа өөрсдөө  нотлох,  нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүхээс  зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар гаргасан тэдний нотлох баримт бүрдүүлэх бүхий л хүсэлтийг шийдвэрлэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан зохигчийн эдлэх эрх үүргийг  тайлбарлан холбогдох ажиллагааг хангалттай хийсэн болно.

 

Нэхэмжлэгч Л.Ж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т зааснаар  үндэслэлгүйгээр шилжүүлсэн хөрөнгөө хариуцагч Ш.Д-ээс шаардах эрхтэй ба  хариуцагч тал татгалзлаа  баримтаар нотолж  чадаагүй  байна.

 

Иймд хариуцагч И.Дгээс 16,782,638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Жд олгож, үлдэх 3,217,362  төгрөгийг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  492 дүгээр зүйлийн   492.1.1-д зааснаар  хариуцагч    И.Дгээс 16,782,638 /арван зургаан сая долоон  зуун наян хоёр мянга зургаан зуун гучин найман / төгрөгийг гаргуулж Л.Жд олгож, нэхэмжлэлээс  3,217,362 /гурван сая хоёр зуун арван долоо мянга гурван зуун жаран хоёр / төгрөгийн   нэхэмжлэлийг   хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 -д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240,864.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ОЮУНЦЭЦЭГ