Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-эд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар Д.С-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701070075 дугаартай хэргийг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                       Б.Одгэрэл

 Улсын яллагч                                                         Х.Эрдэнэтуяа

 Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч                           Ж.Ц

 Шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч                         Д.Ц

 Шүүгдэгч                                    Д.С-, Б.Г- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19..оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. төрсөн, эрэгтэй, .. настай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр Б.Ц, 2 хүүхдийн хамт .. дугаар хороо,  .. дүгээр гудамжны .. тоот хашаанд оршин суух, урьд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 2006 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн тогтоолоор 1 жилийн хорих ялыг тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай Б- овгийн Б-ын Г-

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр П.А, хүүхдийн хамт .. дугаар хороо.. байрны ..тоот орон сууцанд оршин суух хаягтай, одоо .. дугаар хороо.. байрны .. тоот орон сууцанд түр оршин суух, урьд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж Багануур дүүргийн Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялыг тэнсэж байсан Б- овгийн Д-ын С-

          Прокурорын яллах дүгнэлтэд:

           Яллагдагч Б.Г- нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.С-ыг А.Б-ийн гуян тус газар хутгаар хатгахаар нь “чи муу манай найзыг яаж байгаа юм бэ” гэж уурлан улмаар түүнийг гуя, цээжинд нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            -Яллагдагч Д.С- нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Б.Г-ийн гэрт бусадтай архидан согтуурч байх үедээ А.Б- унтаж байхад нь ямар ч шалтгаангүйгээр гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Мөн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны 23 дугаар гудамжны 7 тоот хашаанд байрлах иргэн П.С-ын гэрээс эртний судар, гуулин гүц хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ С-, Б-, И- нарын хамтаар байж байтал өдрийн 11 цагийн үед манай найз Г-, С- нар 1 шил 0.75 граммын Хараа архитай ирж бид нар тэр архийг уусан. Тэр архиа дуусгачихаад дахин 1 шил архи авчраад ууж байхад 12 цагийн үед Б- унтлаа гээд гэрийн зүүн орон дээр хэвтсэн. Тэгээд бид нар архиа уугаад сууж байхад Б-ийн унтаж байсан орны хөлд С- суучихсан харагдсан ба Б-, С-од хандан яаж байнаа чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд босоод ирсэн. Тэр даруйдаа Г- босож ирээд С-ыг “яаж байнаа” гэж хэлээд нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон ба С- гартаа хар өнгийн эвхдэг хутга барьчихсан, Б-ийн гуянаас цус гарч байсан. Тэгэхээр нь би С-оос хутгыг нь булааж авах гээд бид хоёр ноцолдсон. С- надад хутгаа өгөхгүй ийшээ тийшээ холбироод байхаар нь би хутгатай гарыг нь бариад авсан чинь гараа хүчтэй татахад гар нь миний гарнаас мултарсан. Тэгээд арай гэж хутгыг нь булааж аваад босоод ирэхэд С-ын цээжнээс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б-, С- бид 3 манай гэрт буюу Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоотод байж байтал С-, Г- хоёр 1 шил архитай орж ирсэн. Тэгээд тэр архийг нь бүгдээрээ хувааж уугаад Б- “унтлаа” гээд зүүн талын орон дээр хэвтсэн. Тэгээд 1 шил архиа ууж дуусчихаад байж байтал Г-, С- хоёр “бид хоёр машинаа тавингаа ахиад нэг архи аваад ирье” гээд гарсан. Буцаж орж ирэхдээ 0.75 литрийн Хараа архи аваад ирсэн. Тэгээд бид нар гэрийн баруун талд архиа тойруулаад сууж байсан. Тэгээд би Д.С-од хандаж “Б- сэрээчих” гэж хэлсэн. Тэгээд бид нар сууж байтал гэнэт Б- зүүн талын орон дээрээс “яаж байгаа юм бэ чи, намайг хутгалчихлаа шүү дээ” гээд босоод ирсэн. Тэгээд Б- рүү харсан чинь гуян тус газраас нь цус гарч байсан. Тэгээд Г- босож ирээд С-ыг “чи яаж байгаа юм бэ” гээд нүүрэн тус газар нь нэг цохиод авсан. Тэгээд би С- руу харсан чинь зүүн талын орны хөлд эвхдэг хутга барьчихсан сууж байсан тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, хүн хутгалчихлаа шүү дээ” гээд хутгыг нь булааж авах гэж очоод С-той 2-3 минут ноцолдсон. Тэгсэн С- хутгаа өгөхгүй гээд ийш тийш займчаад байсан, тэгээд хутгатай гарыг нь татахад өөр рүүгээ гараа хүчтэй татаад унахаар нь нэг хартал цээжнээс нь цус гарсан байсан. Тэгээд би Гантулгыг гараад түргэн дуудчих гээд хэлсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  Шүүгдэгч Д.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- ах над руу хандан Б- ахыгаа сэрээчих гэхээр нь танихгүй өндөр залуутай хамт хажууд нь очсон. Өндөр залуу сэрээнэ гэдэг чинь сэрээдхийн нэр гэх мэтээр тоглоод сэрээ барьчихсан байсан ба түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Б- ах хутгалуулчихлаа гээд баруун талын ор руу явж байсан. Тэгээд намайг зүүн талын орон дээр байж байхад Г- ах над руу дайраад гуя руу бас цээж рүү хутгалсан. Би тухайн үед Г- ахаа болъё гэсэн чинь чи зүгээр байж бай хутгална гэдэг чинь энийг хэлдэг юм гээд намайг хутгаар хатгасан. Мөн миний хувьд Б- ахыг ямар ч шалтгаангүйгээр, согтуу байх үедээ гуя нь тус газар нь хутгалсан.

…Н.С-ын гэрийн хойморт байсан буддын шашины төвд нэртэй хуучин баринтагтай судар, гуулин хийцтэй жижиг бумба зэргийг авч явсан. Тухайн үед гэрт нь А.Б- ах унтаж байхаар нь гэрийн хаалгыг цоожлоогүй хааж орхиод явсан. Сударыг эртний эдлэл авдаг танихгүй хүнд 25000 төгрөгөөр зарсан. Гүцийг найз Батболдод 28000 төгрөгөөр зарсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 191-192 дугаар хуудас/

            Шүүгдэгч Д.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 04 сарын 12-ны орой 46 дугаар байранд ажил дээрээ гутал янзлаад сууж байсан. Тэгсэн чинь Г- ах, Б- ах хоёр гэртээ байна, хүйтэн пиво аваад ир гээд дуудсан. Тэгээд Г- ахынд хүйтэн пиво авч очоод уугаад, бас гэрт нь байсан архийг нь уугаад тасраад унтчихсан. Тэгээд өглөө босоход архинаас нь жоохон үлдчихсэн байхаар нь тэрийгээ ууцгаагаад ахиад шараа тайлах гээд мөнгөө нийлүүлж байгаад нэг шил архи уусан. Тэгээд байж байтал С-, Г- хоёр уурхайн 13 дахь сарын цалин буусан гээд нэг шил архитай орж ирээд, дахиад  нэг шил архи авчраад тэрийг нь уугаад нэлээд согтсон байсан. Тэр үед Б- ахын хажууд зогсож байснаа санаж байна, харин хутгалснаа юу ч санахгүй байгаа. Тэрний дараа чи манай найзыг хутгалчихлаа гээд Г- ах над руу дайраад гуя руу бас цээж рүү хутгалсан. Би тухайн үед Г- ахаа болъё гэсэн чинь чи зүгээр байж бай хутгална гэдэг чинь энийг хэлдэг юм гээд намайг хутгаар хатгасан. Хутгалуулсаны дараа цус их гарч байсныг санаж байна. Тэгэхэд И- түргэн дуудаач гэж Г-, С- хоёрт хэлж байсан. Тэгээд удаагүй байтал цагдаа болон эмч нар ирсэн, тэрнээс хойшхыг санахгүй байгаа. Г- ахаас хохиролын мөнгөө авах гээд нүүрэлдүүлэн байцаалт авхад санахгүй байна гэж мэдүүлсэн. Мөн Б- ах хохирол, төлбөр авахгүй, гомдолгүй гэсэн. Харин боолтны мөнгө гэж 26.000 төгрөг өгсөн.

Мөн хэрэгт шалгуулж байх хугацаандаа найз Н.С-ынд байсан гуулин гүц бумба, судар хоёрыг нь аваад нэг хүнд зарчихсан. Гүц, бумба гэдэг нь нэг зүйл. Тэгээд судрыг нь хүнд зарчихаад бумбыг нь зараагүй гэртээ байлгаж байсан эргүүлээд судрыг нь олж өгөхдөө бумбыг нь хамтад нь аваачиж өгье гэж бодож байсан. Дараа нь судрыг нь олоод бумбатай нь хамт буцааж өгөөд хохирлыг нь барагдуулсан. Судрыг судраар нь өгсөн…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

           Хохирогч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо Их гүний  1 дүгээр гудамжны 8 тоотод байх найз Г-ийн гэрт С-, Г-, С- нартай хамт архи уусан. Тэгээд би 11 цагийн үед унтах гээд хэвтсэн. Намайг хэвтэж байхад миний баруун гуяны хэсэгт жирсхийх шиг болохоор нь босоод ирэхэд миний гуянаас цус гарсан, миний хажууд С- хутга барьчихсан зогсож байсан. Би хамт байсан хүмүүст хандаж С- намайг хутгалчихлаа гэхэд Г- босож ирээд С-ын хутгыг булаах санаатай ноцолдсон. Тэгээд нэг харахад С-ын цээжнээс цус гарч байсан. Мөн надад гомдол санал байхгүй, харин боолт хийлгэсэн 26.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар хуудас/,

           Хохирогч Д.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- ах над руу хандан Б- ахыгаа сэрээчих гэхээр нь танихгүй өндөр залуутай хамт хажууд нь очсон. Өндөр залуу сэрээнэ гэдэг чинь сэрээдхийн нэр гэх мэтээр тоглоод сэрээ барьчихсан байсан ба түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Б- ах хутгалуулчихлаа гээд баруун талын ор руу явж байсан. Тэгээд намайг зүүн талын орон дээр байж байхад Г- ах над руу дайраад гуя руу бас цээж рүү хутгалсан. Би тухайн үед Г- ахаа болъё гэсэн чинь чи зүгээр байж бай хутгална гэдэг чинь энийг хэлдэг юм гээд намайг хутгаар хатгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/

           Шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: “…Яллагдагч Д.С- мэдүүлэхдээ “…Хэрэг гарсан өдөр яг юу болсон талаар сайн санахгүй байгаа. Тэнд байсан хүмүүсийн ярьж байгаагаар Б- ахыг би хутгалсан гэж ярьж байсан. Мөн хар өнгийн эвхдэг хутга миний халаасанд байсан. Тэр өдрийн орой Улаанбаатар хотод очоод ухаан орсон. Надаас эхний мэдүүлгийг авах үед би хагалгаанд орчихсон норкозтой байсан учраас болсон асуудлыг санах гээд санаж чадахгүй байсан болохоор тиймэрхүү зүйл болсон байх гэж бодоод мэдүүлчихсэн юм. Тэгээд дараа дараагийн мэдүүлгийг анхныхаасаа зөрүүлэхгүй гэж бодоод адилхан өгчихсөн юм. Би үнэндээ тухайн үед яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Ямартай ч Г- ахтай хутга булаацалдаад ноцолдож байснаа хальт санаж байна...” гэжээ,  Яллагдагч Б.Г- мэдүүлэхдээ “...С- бид хоёр хар багаасаа нэг байранд тоглож өссөн хуурай ах дүүгийн харилцаатай хүмүүс байгаа юм. Хэрэг гарсан өдрийн өглөө бид нар архи уугаад сууж байтал 11 цагийн үед Б- зүүн талын орон дээр унтахаар хэвтсэн бөгөөд бид нар баруун талын орны хажууд архи уугаад сууж байсан. Гэтэл Б- яаж байгаа юм бэ гээд босоод ирэхээр нь харсан чинь хажууд нь С- хутга барьчихсан зогсож байсан ба Б-ийн гуянаас цус гарч байсан. Мөн миний хувьд С-ыг санаатай хутгалсан зүйл байхгүй. С-, Б- унтаж байхад нь ямар ч шалтгаангүйгээр хутгалчихсан гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь гараас нь хутгийг нь булааж авах санаатай ноцолдож байхад С- хутгатай гараа өөр рүүгээ татахдаа цээжин хэсэгтээ хатгачихсан...” гэж тус тус мэдүүлжээ.   /хх-ийн 158 дугаар хуудас/

           Хохирогч Н.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2017 оны 8 дугаар сарын 5-ны орой 17 цагийн үед манай найз С- манай гэрт ирж хоносон. Тэгээд маргааш өглөө намайг ажилдаа явахаар гарахад С- манай гэрт унтаад үлдсэн. Би орой гэртээ ирээд зурагт үзэж байгаад арц уугуулахаар босоод бурханы өмнө очиход бурханы гүнгэрваань дээр байсан судар, гуулин тагтай зэс гүц алга болсон байсан. Би шууд С-ыг сэжиглэж байна. Яагаад гэвэл С- нь Багануурт очих газар байхгүй, мөн өөрөө урд лам байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 171 дүгээр хуудас/

           Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн үед найз Г-ийн гэрт 1 шил архи авч очсон. Гэрт С-, Г-, Б- нар байсан. 12 цагийн үед С-ын найз И- орж ирсэн ба бид нар архи хувааж уусан. Тэгээд Б- унтаж байхад С- түүнийг сэрээх гээд орных нь хөлд байсан ба гэнэт Б- энэ намайг хутгалчихлаа гээд босоод ирсэн. Тэгээд Б- баруун талын орон дээр хэвтүүлээд шархыг нь цэвэрлэж байхад Г- С-ын хутгыг авах гээд ноцолдож эхэлсэн. Тэгээд тэр хоёрыг салгах үед С-ын цээжнээс цус гарч байсан ба Г- хутгыг нь барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 17 дугаар хуудас/

            Гэрч С.И....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би С-ыг Г-ийн гэрээс авч явах гээд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн үед Г- ахынд очсон. Намайг очиход С- Г-, Б- нараас гадна танихгүй 2 залуу ирчихсэн тавуулаа архи ууж байсан. Би тэднийд ороод зурагт үзээд сууж байхад Г- ах өнөөдөр манай ээж, аав хоёр ирнэ гээд байхаар нь ээж, аавыг нь ирэхээс нь өмнө гэрийг нь цэвэрлэж өгье гэж бодоод гэрийн зүүн талд аяга угаагаад сууж байсан. Тэгэхэд Б- ах гэрийн зүүн орон дээр унтаж байсан. Удалгүй С- танихгүй өндөр залуутай Б- ахыг сэрээнэ гээд зогсож байсан ба удалгүй Б- ах намайг хутгалчихлаа гээд босоод ирсэн. Би Б- ахыг баруун орон дээр хэвтүүлээд буцаж аягаа угаах гээд сууж байсан. Намайг аяга угаагаад сууж байхад Г- ах С-од хандаж чи наад хутгаа өг чи манай найзыг яаж байгаа юм бэ гээд ноцолдоод байх шиг байсан. Тэгтэл хүн алчихлаашдээ гэж хэлэхээр нь эргээд харахад С-ын цээжнээс цус гарч байсан ба Г- ахын гарт хутга байсан. С-ыг хэрхэн яаж хутгалсныг би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дүгээр хуудас/

             Гэрч Ц.Г......ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад найз Г- яриад гэртээ архи уугаад байж байна гэхээр нь 0.75 граммын Хараа архи аваад С- гэдэг найзын хамт Г-ийнд очсон. Б.Г-ийн гэрт ороход С-, Г-, Б- нар хоол идээд сууж байсан ба бид хоёрын авчирсан архийг ууж эхэлсэн. Удалгүй И- гэх залуу гаднаас орж ирсэн. Би Г-ээс энэ юун хүүхэд юм бэ? гэж С-ыг асуухад манай байрны бацаан байгаа юм гэж хэлсэн. Бид нар гэрийн баруун талд архиа уугаад сууж байхад Б- унтлаа гээд зүүн орон дээр буруу хараад хэвтсэн. Тэгсэн чинь С- Б-ийн хэвтэж байсан орны дэргэд оччихсон Бодио ахаа босоочээ гээд  татаж чангаагаад зогсож байсан. Гэтэл Б- босож ирээд өмдөө шувтлаад С-од хандан чи намайг шаачихсан байна гэж хэлэхээр нь харахад Б-ийн баруун хөлний гуя хэсгээс цус гарч байсан. Бид нар С-од хандан чи яаж байгаа мангар бацаан бэ? гэхэд С- уучлаарай гэж хэлж байсан. Тэгээд Б- баруун орон дээр хэвтүүлээд С- цусыг цэвэрлэж байсан. Бид нарыг баруун орны хажууд байхад Г- С- хоёр ноцолдоод байсан. Тэгээд босоод ирэхэд С-ын цээжнээс цус гарч байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дүгээр хуудас

Шинжээчийн 5123 тоот: “...Д.С-ын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт /800мл/ баруун уушигны авчилт, зүүн гуя, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 09/шэ/117 тоот актын “.. А.Б-ийн биед баруун гуянд хутгалсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/

Шинжээч эмч М.Золжаргалын өгсөн “…Хохирогч Д.С........ын биед учирсан гэмтэл хурц үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба зүсэгдэж хатгагдсан гэмтлүүд учраас хутга булаацалдаж байх үед үүссэн байж болно. Мөн биедээ гэмтэл учруулж болох биет зүйл гартаа барьсан учраас гараа хүрэх газраа гэмтэл учруулж болно. Тэгэхээр хохирогч Д.С- цээжиндээ учирсан гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжтой…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71,72 дугаар хуудас/

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргасан: “... Эд мөрийн баримт болох 15 сантиметрийн урт ажлын хэсэгтэй, 8.5 сантиметр урт бариултай, бариуландаа 3 ширхэг цагираг хэлбэрийн нүхтэй, ажлын хэсэгт Bosidun  830 гэсэн бичигтэй хар өнгийн эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргахаар тогтов...” гэсэн тогтоол /хх-ийн 30 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Г- “...Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 2006 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн тогтоолоор 1 жилийн хорих ялыг тэнсэж байсан...” гэсэн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”  /хх-ийн 98 дугаар тал/

Шүүгдэгч Д.С- “...Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж Багануур дүүргийн Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялыг тэнсэж байсан...” гэсэн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 106 дугаар тал/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Шүүхээс прокуророос ирүүлсэн хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Прокуроос ирүүлсэн Б.Г- Д.С- нарт холбогдох эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүд нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус тодорхой заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

Иймд Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн нь зөв гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г- нь “…Би санаатай хутгалаагүй хутгыг нь булааж авах гэж булаацалдах явцад хутгалагдсан…” гэж зүйлчлэлтэй маргасан. Мөн түүний өмгөөлөгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлсэн нь гэмт хэргийн сэдэлт, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж мэтгэлцсэн нь:

Хохирогч Д.С-ын шүүх хуралдаанд өгсөн “…Г- ах над руу дайраад гуя руу бас цээж рүү хутгалсан. Би тухайн үед Г- ахаа больё гэсэн чинь чи зүгээр байж бай хутгална гэдэг чинь энийг хэлдэг юм гээд намайг хутгаар хатгасан. …нүүрэлдүүлэн байцаахад хохиролын мөнгөө авах гээд санахгүй байна гэж мэдүүлсэн…” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Гантулгын  “…Г- С-од уурлаад “яаж байгаа мангар бацаан бэ” гээд ноцолдоод байх шиг байсан…” гэсэн мэдүүлэг, гэрч С.Идэрлхагвын “…Б- хутгаллаа гээд Г- уурлаад С- руу дайраад чи муу миний найзыг яаж байгаа юм гээд ноцолдож байснаа удалгүй хүн алчлаа гэж байсан…” гэсэн мэдүүлэг, гэрч Н.С-ийн “…Б.Г- Д.С- хоёрыг салгах үед С-ын цээжнээс цус гарч байсан…” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч М.З......ын “…хохирогч Д.Са......ын биед учирсан гэмтэл хурц үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба зүсэгдэж хатгагдсан гэмтлүүд…” гэсэн мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Г-ийг үйлдэлдээ болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэрчүүд болон хохирогч Н.С-, А.Б- нарын мэдүүлгийг эрх, үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

            Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ миний найзыг хутгалалаа гэж уурлан Д.С-ын зүүн сарвуу, зүүн гуя, цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь зүүн сарвуунд 1,0х0,4 см шарх, зүүн гуяны гадна хэсэгт 1,5х0,3 см ангайсан шарх, цээжний баруун талд хөндлөн 7,0 см шарх зэрэг хохирол учруулсан нь шүүгдэгчийн “...хутгыг нь булааж аваад босоод ирэхэд С-ын цээжнээс цус гарч байсан. С- надад хутгаа өгөхгүй гэж булаацалдаж байгаад цээж рүүгээ хатгачихан...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 5123 дугаартай “...Д.С-ын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт /800мл/ баруун уушигны авчилт, зүүн гуя, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт, Шинжээч эмч М.Золжаргалын өгсөн “…Хохирогч Д.Сарууболдын биед учирсан гэмтэл хурц үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой…” гэсэн мэдүүлэг гэрч Ц.Г-, Н.С-, С.И- нарын мэдүүлгүүд зэрэг дээрхи нотлох баримтуудаар,

            Шүүгдэгч Д.С- нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах Б.Г-ийн гэрт А.Б- ямар ч шалтгаангүйгээр гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь баруун гуяны гадна хэсэгт 5х0,2см шарх зэрэг хохирол учруулсан нь шүүгдэгч Д.С-ын “...миний хувьд Б- ахыг ямар ч шалтгаангүйгээр, согтуу байх үедээ гуян тус газар нь хутгалсан...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09/шэ/117 дугаартай “...А.Б-ийн биед баруун гуянд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар,

            Шүүгдэгч Д.С- нь 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны .......... хашаанд оршин суух иргэн С-ын гэрээс эртний судар, гуулин гүц хулгайлж, 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “...С-ын гэрийн хойморт байсан буддын шашины төвд нэртэй хуучин баринтагтай судар, гуулин хийцтэй жижиг бумба зэргийг авч явсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.С-ын “...Би орой гэртээ ирээд зурагт үзэж байгаад арц уугуулахаар босоод бурханы өмнө очиход бурханы гүнгэрваань дээр байсан судар, гуулин тагтай зэс гүц алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч Д.С-ын бие махбодид учирсан гэмтэл нь хүнд хохирол болох нь шинжээчийн “...Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.Саруулбодын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчид уурлан хохирогчийг хутгалж хохирогчид хүнд гэмтэл учируулсан үйлдлээр нь тогтоогджээ.

Хохирогч А.Б-ийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Д.С- үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Д.С-ын үйлдэл, хор хохиролд шууд санаатай хандсан нь хохирогч А.Б- ямар ч шалтгаангүйгээр хутгалсан үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Г-, Д.С- нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.С- нь хулгайн үйлдэлдээ ашиг олох зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай хандсан нь дээрхи хулгайн үйлдэл болон түүний “…мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн…” гэсэн мэдүүлэгүүд зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулана.

Шүүгдэгч Б.Г- нь Д.С-ын эрүүл мэндэд учирсан хохирол хор уршигт 1.200.000 төгрөг төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлгүүд хохирол төлсөн баримтууд /хх-ийн 250х/, шүүгдэгч Д.С- нь хохирогч Д.С-ын хохирлын эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 208х/, хохирогчийн “…эд зүйлээ хүлээн авсан…” гэсэн /хх-ийн 207х/ хүсэлтээр, хохирогч А.Б-ийн нэхэмжилсэн 26.000 төгрөгийг төлсөн болох нь Д.С-ын шүүх хуралдаанд өгсөн “...А.Б- ах хохирол, төлбөр авахгүй, гомдолгүй гэсэн. Харин боолтны мөнгө гэж 26.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нар тус тус хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г-, Д.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г- нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзэж хуульд заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г- “…торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгнө үү…” гэсэн хүсэлт гаргасан байх тул түүнд оногдуулах торгох ялыг хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр байна.

Шүүгдэгч Д.С- нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.

Иймд шүүгдэгч Д.С-ыг дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдалуудыг харгалзан түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.8 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд хэд хэдэн төрлийн ял оногдуулж тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.С-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г- энэ хэрэгт цагдан хоригдоогүй, Д.С- энэ хэрэгт 30 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцно.

Эд мөрийн баримтаар ирүүлсэн 15 сантиметрийн урт ажлын хэсэгтэй, 8.5 сантиметр урт бариултай, бариуландаа 3 ширхэг цагираг хэлбэрийн нүхтэй, ажлын хэсэгт Bosidun  830 гэсэн бичигтэй хар өнгийн эвхдэг хутгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй

            Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Б- овгийн Б-ын Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б- овгийн Д-ын С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн Б-ын Г-ийг арван мянган /10.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая /10.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн Д-ын С-ыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн Д-ын С-ыг нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэж зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 12 дүгээр сарын 1-ны өдрийн дотор 2.500.000 төгрөгийг биелүүлэхийг, 2019 оны 6 дугаар сарын 1-ны өдрийн дотор буюу 6 сар тутамд 2.500.000 төгрөгөөр биелүүлж дуусгах, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Б.Г-д мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар  Д.С-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг  торгох ялыг 15 нэгжээр тооцож /30*15=450/ түүнийг 450 нэгжийн торгох ял эдэлсэнд тооцсугай.
  8. Б.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
  9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Г- нь хохирогч Д.С-од нэг сая хоёр зуун мянган /1.200.000/ төгрөг төлснийг, хохирогч Д.С- нь Д.С-оос эд зүйлээ авсан нэхэмжлэх зүйлгүйг, хохирогч А.Б- нь Д.С-оос нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай
  10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 сантиметрийн урт ажлын хэсэгтэй, 8.5 сантиметр урт бариултай, бариуландаа 3 ширхэг цагираг хэлбэрийн нүхтэй, ажлын хэсэгт Bosidun  830 гэсэн бичигтэй хар өнгийн эвхдэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  11. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.С-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  12.  Д.С-, Б.Г- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  14. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ