Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 343

 

“Д г” ХХК-ийн

нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Л.Атарцэцэг

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “...”Ө...” ХХК-д газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “Д г” ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0241 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2019/0370 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ыг оролцуулж,

            Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0241 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д /2002 он/ заасныг тус тус  баримтлан  “Д г” ХХК-иас  нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ”Ө...” ХХК-д газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “Д г” ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2019/0370 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0241 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... тус магадлалд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар “Ө...” ХХК-д цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 134000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх ба мөн уг газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 дугаар тушаалаар Дүнжингарав гурил ХХК-д аялап жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон. Дээрх газрыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд заасан “Ө...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 890 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор нотлогдсон гэж үзнэ гэжээ.

4. Дээрх хэрэгт нийслэлийн Засаг дарга хариуцагчаар оролцоогүй бөгөөд нийслэлийн Засаг даргыг гуравдагч этгээдээр оролцуулалгүй шийдвэрлэсэн хэргийг татан энэ хэрэгт хамааруулж, шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

5. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заалтын дагуу Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан тул нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захирамж гарган газар эзэмшүүлэх эрх олгосон нь илт хууль бус, энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэсэн байна.

6. Гэвч уг газрыг Богд хан уулын дархан цаазат газарт хамаарах эсэх асуудлыг тодруулахаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/135 дугаар тушаалаар Хилийн цэсийг солбицжуулах ажлын хэсэг байгуулагдсан.

7. Дээрх тушаалыг ямар нэгэн субьект хүчингүй болгоогүй одоо болтол хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэ ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй, хилийн цэс нь хаагуур байгаа нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэх боломжгүй байтал хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

8. Хэргийн материалд нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргах, ажлын явц ямар байгаа талаар мэдээлэл авах, улмаар энэ ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гарсны дараагаар тус газрын маргаан шийдвэрлэгдэх боломжтой талаар тайлбар, хүсэлтүүдийг удаа дараа өгсөн боловч үүнийг харгалзан үзсэнгүй.

9. Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон үүрэн холбооны оператор “Ж н” ХХК нь маргаан бүхий 21 тоот шон нь “Ж н” ХХК-ийн эзэмшилд байдаг бөгөөд ОХУ болон БНХАУ-ын хоорондын олон улсын шилэн кабелийн шон болохыг нотолсоор байхад шүүхээс үүнийг харгалзан үзээгүй.

10. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын гүүрний баруун талд байрлах тус газарт нийслэл, дүүргийн захирамжтай маш олон иргэд газар эзэмшин амьдарч байгаа бөгөөд тэдгээр иргэдийн эрх ашиг цаашид хөндөгдөх учраас шүүх энэ асуудалд анхааралтай хандаж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0241 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2019/0370 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002), Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            12. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд (тухайн үеийн нэрээр)-ын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар, Хан-Уул дүүрэг, “Жаргалантын ам” гэх газарт  аялал жуулчлалын зориулалтаар, 1.5 га газрыг  “Д г” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, мөн сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/293 дугаар тушаалаар  “Д г” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн газрын байршлийг “Жаргалантын ам” гэснийг “Хүрэлтогоотын ам” болгон “залруулсан”, хэрэгт авагдсан баримтуудаар “Д г” ХХК-д ашиглуулахаар олгосон уг 1.5 га газар нь байршлийн хувьд нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар “Ө...” ХХК-д “цэцэрлэгт хүрээлэн”-ийн зориулалтаар олгосон 134000 м.кв газартай давхцсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй, маргаан бүхий байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, эсхүл нийслэлийн Засаг даргын хэн нь хэрэгжүүлэх, маргаан бүхий Засаг даргын захирамж, сайдын тушаалын аль нь хүчинтэй эсэх талаар маргажээ.

            13. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл, “Ө...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, “... сайдын 2015 оны А/433 дугаар тушаалын “Д г” ХХК-д газар олгосон хэсгийг ... хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг гурван шатны шүүх хэлэлцэж, “... /”Д г” ХХК-ийн/ ашиглаж буй газар нь ... /Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу/ Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт багтсан, ... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын ... тушаалаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д ... заасан бүхэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны захиргааны акт байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан, тухайн тохиолдолд, “Д г” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн маргаан бүхий газар нь “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт багтсан эсэх” талаар шүүх дахин нотлохгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “.. уг газрыг Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах эсэх асуудлыг тодруулахаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/135 дугаар тушаалаар Хилийн цэсийг солбицжуулах ажлын хэсэг байгуулагдсан, ... энэ тушаалыг ямар нэгэн субьект хүчингүй болгоогүй одоо болтол хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэ ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй, хилийн цэс нь хаагуур байгаа нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн”, “...нийслэлийн Засаг даргыг гуравдагч этгээдээр оролцуулалгүй шийдвэрлэсэн хэргийг татан энэ хэрэгт хамааруулж, шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн” гэх зэрэг гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй.

15. Төрийн өмчийн газрыг бусад этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах талаарх “эрх мэдэл”-ийг захиргааны аль байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх асуудал нь хуулиар тусгайлан зохицуулагдсан бөгөөд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д           “... /тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн/ төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах”-аар заасан байхад, шүүх “нийслэлийн Засаг дарга эзэмшүүлэх эрхтэй” гэж дүгнэх боломжгүй, түүнчлэн, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон, уг тогтоол хүчин төгөлдөр байхад “...хилийн цэс нь хаагуур байгаа нь тодорхойгүй” гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

16. Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг “шинэчлэх”, “тодруулах” зэрэг асуудал нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын эрх хэмжээнд хамааралтай, ийнхүү тодорхой болгоогүйгээс “маргаантай байгаа” гэх үндэслэл нь одоо хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжийн үйлчлэлийг үгүйсгэх, нэхэмжлэгч “Д г” ХХК-ийн газар ашиглах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй, маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.3-т “... захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан... /-ны гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх/”-өөр заасны дагуу “... “Ө...” ХХК-д газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “Д г” ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0241 дүгээр шийдвэр,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2019/0370 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Р.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА