Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 90

 

Б.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул                                               

Шүүгчид                                          Д.Буянжаргал

                                                         Ц.Амаржаргал

Прокурор                                        Г.Яндаг

Ялтны өмгөөлөгч                           Л.Цуурай

                                                         О.Одхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Л.Цуурай, хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн М-т холбогдох эрүүгийн 201309000778 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг, Хараагийн 3-48 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б-ийн М /РД:**********/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.М- нь “Дархан Төмөрлөгийн үйлдвэрт ажилчдын хувцас нийлүүлж байгаа, хөрөнгө оруулаад өгөөч, хөрөнгө оруулалтын мөнгийг 30 хувийн ашигтайгаар өсгөж өгье” гэж хууран мэхэлж иргэн М.А-гаас 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдийн хооронд 4,470,000 төгрөгийг дансаар, 2012 оны 7 дугаар сард 9,600,000 төгрөгийг бэлнээр, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрүүдийг хүртэл 10,385,000 төгрөгийг дансаар, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2013 оны 9 дүгээр сард 6,200,000 төгрөгийг бэлнээр авсан, 2013 оны 9 дүгээр сард 1,700,000 төгрөг бэлнээр, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэтийн ГОК-ийн үйлдвэрт юм шахах гэсэн юм” гэж хуурч мэхлэн 30,000,000 төгрөгийг, нийт 67,355,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 123 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар Б.М-т 67,355,000 төгрөгийн хохирол урчруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 14,600,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Б.М-ийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж аван онц их буюу 52,755,000 /тавин хоёр сая долоон зуун тавин таван мянга/ төрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.М-ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 150,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног /арван жил, арван хоног/ хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.М-т оногдуулсан 10 жил 10 хоног /арван жил, арван хоног/ хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б-гийн М-ийн урьдчилан хоригдсон 151 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М-ээс 7,205,000 /долоон сая, хоёр зуун таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум 12 дугаар баг, 24 дүгээр байрны 66 тоотод оршин суух Б овогт М-ын А /РД:**********/-д олгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Г-1310001747 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3 дугаар баг, Ширээ нуруу хороололд байрлах, 97,7 м кв орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, шүүгдэгч 7,205,000 төгрөг төлөх шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дуудлага худалдаагаар худалдан хохиролд тооцуулахаар Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар цагдан хоригдсон этгээдийн бага насны хүүхэд болох З-ийн Т, З-ийн Т нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр төрсөн эцэг Л-ийн З-г тогтоож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор... тус тус зааж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

“... Анхан шатны шүүх хэргийн үйлдэлд бүрэн, бодитой дүгнэлт хийгээгүй учраас 9,700,000 төгрөгийн баримтын учир олдсонгүй. Б.М- нь 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр М.А-гаар дамжуулан түүний эгч н.Сэргэлэнгээс авсан 30,000,000 төгрөгөнд “хүү” тооцон төлж байсан юм. Энэ талаар М.А- 2 удаа 1,600,000 төгрөгийн хүү төлсөн гэдгийг удаа дараагийн шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Түүнчлэн энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад 9,700,000 төгрөгийг н.Сэргэлэнгийн дансанд Б.М- хийхдээ тушаагч дээр нь М.А- гэж бичиж хийсэн. Энэ баримтыг Б.М- 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 500671887 тоот н.С-ийн дансанд тушаасан 9,700,000 төгрөг 30,000,000 төгрөгийн хүү бөгөөд, нэгэнт М.А-гаар зээлүүлсэн учраас тушаагч дээр нь М.А-гийн нэрийг бичиж хийсэн гэдэг. Гэтэл мөнгийг хохирогч М.А- “би Б.М-т өгч тушаалгасан” гэж баримт гарч ирснээс хойш ярьсан. М.А- өмнө нь 9,700,000 төгрөгийн талаар огт ярьж байгаагүй. М.А-гийн “би Б.М-т явуулж тушаалгасан” гэсэн нь үндэслэл муутай. Учир нь тухайн үед М.А- өөрөө эгч н.С-ийнхээ дансанд, утсаар хийх, шилжүүлгээр хийх зэрэг бүх боломж байсан бөгөөд М.А-гийн дансанд хангалттай мөнгө байсан нь харагддаг. Мөн энэ үед М.А- нь Б.М-ээс мөнгөө нэхэж шүүх, цагдаадаа тулж байсан үе, ийм үед Б.М-т итгэж 9,700,000 төгрөгөө тушаагаад ир гэж өгөөд явуулах эсэх нь эргэлзээтэй. М.А- энэ талаар бүтэн 2 жил мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байхад яриагүй атлаа Б.М-ийг “би хүү төлж байсан баримтаа оллоо” гээд гаргаж ирэнгүүт өөрөө тушаалгасан болж ярьсан нь хэтэрхий үндэслэлгүй байна. Энэ мөнгө үнэхээр М.А-гаас гарсан эсэхийг цагдаа ч шалгаагүй, шүүх ч үнэлж дүгнээгүй. Ямар ч байсан н.Сэргэлэнгийн дансанд орсон мөнгө, н.Сэргэлэнгийн зээлдүүлсэн 30,000,000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сард Б.М- төлсөн ба дээрх 9,700,000 төгрөгийг хүүний мөнгө, мөн М.А- 1,600,000 төгрөгийн хүү төлсөн гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд 30,000,000 төгрөгийг 41,300,000 төгрөг болгож өгсөн байдаг. Үүнээс үзэхэд Б.М- нь М.А- хүнээс хүүтэй мөнгө зээлж өгснийг хүлээн зөвшөөрч хүүгээ төлөөд явж байжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг болох объект нь иргэн хүн өмч хөрөнгөө өмчлөх эрх, халдлагын зүйл нь бусдын өмч хөрөнгө түүний өмчлөх эрх нь байна” гэж хуульчилсан. Дээрх 30,000,000 төгрөгийг захиран зарцуулах, өмчлөх эрх нь н.С-д байх бөгөөд н.С бусдад зээлдүүлсэн гэдэг нь нотлогдсон, эргээд хүүтэй нь авсан. Ийм учраас 30,000,000 төгрөгийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Залилангийн гэмт хэргийн гол шинж нь буцаан төлөхгүй байх сэдэлттэй байдаг. Гэтэл Б.М- хүү төлөөд байгаад шүүх дүгнэлт хийхгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд 30,000,000 төгрөгийн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

“...Анхан шатны шүүх яллах дүгнэлтээр үйлдэж ирүүлсэн 14,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хохирогч М.А-гийн хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Б.М-ийн хохирол төлбөрөөс 2012 оны 04 дүгээр сард бэлнээр өгсөн ба 9,600,000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дүү н.Х-ийн дансаар авсан 5,000,000 төгрөгийг өгсөн гэх үйлдэл нотлогдоогүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт анх мөрдөн байцаалтын шатанд М.А- нь 9,600,000 төгрөгийг зээлсэн тухай тайлбар мэдүүлэг болон ялтан Б.М- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, мөн нотариатаар баталгаажуулсан тооцоо бодсон баримт зэргээр нотлогдож байхад шүүх анхаарч үзсэнгүй. Мөн дүү н.Х-ээс авсан гэх 5,000,000 төгрөгөнд н.Х-г гэрчээр байцаасан удаа дараагийн мэдүүлэг, мөнгө дансаар шилжүүлж баримт хохирогч М.А-гийн шүүх хурал урьдчилсан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэж нэг талыг баримтлан хэрэгсэхгүй болгосон. Яллагдагчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно гэсэн заалт бий. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоор байтал ямар үндэслэлээр дээрх нотлох баримтыг нотлох баримт биш байна гэдгийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолд заагаагүй байна. Ийм учраас хэргийг хянан хэлэлцэж гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Л.Цуурай тайлбартаа:

...Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч О.Одхүү тайлбартаа:

...Хохирогчийн сүүлийн 2 мэдүүлэг хүртэл зөрүүтэй байдаг. Нотлох баримтад тулгуурлаагүй. 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн яллах дүгнэлтэд 72.875.000 төгрөг гэж байсан, сүүлийн яллах дүгнэлтэд 67.000.000 төгрөг болсон байдаг. Гэмт хэргийн бүрэлдэхүүн байж гэмт хэрэгт тооцно. Дээрх байдал болон Б.М-ийн бага насны хүүхэд, амьдралыг нь бодож давж заалдах шатны шүүх шийдвэрлэж өгнө үү. өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Яндаг дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь нотлох баримтад үндэслэж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.М-ийг “Дархан Төмөрлөгийн үйлдвэрт ажилчдын хувцас нийлүүлж байгаа, хөрөнгө оруулаад өгөөч, хөрөнгө оруулалтын мөнгийг 30 хувийн ашигтайгаар өсгөж өгье” гэж хууран мэхэлж иргэн М.А-гаас 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдийн хооронд 4,470,000 төгрөгийг дансаар, 2012 оны 7 дугаар сард 9,600,000 төгрөгийг бэлнээр, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрүүдийг хүртэл 10,385,000 төгрөгийг дансаар, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2013 оны 9 дүгээр сард 6,200,000 төгрөгийг бэлнээр авсан, 2013 оны 9 дүгээр сард 1,700,000 төгрөг бэлнээр, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэтийн ГОК-ийн үйлдвэрт юм шахах гэсэн юм гэж хуурч мэхлэн 30,000,000 төгрөгийг нийт 67,355,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар Б.М- нь 67,355,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 14,600,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.М-ийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их буюу 52,755,000 /тавин хоёр сая долоон зуун тавин таван мянга/ төрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.М-ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 150,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног /арван жил, арван хоног/ хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн 123 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангажээ.

Ялтны өмгөөлөгч Л.Цуурайгийн “...30,000,000 төгрөгийн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх, хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын “...яллах дүгнэлтээр үйлдэж ирүүлсэн 14,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх үндэслэлүүдээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан, хохирогч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Анхан шатны шүүхээс хохирлын талаар хийсэн тооцоо, дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч Б.М- нь 30.0 сая төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хохирогч М.А-гаас залилан мэхэлж авахдаа “Эрдэнэтийн ГОК-ийн ерөнхий нягтлан хийдэг Э ах ГОК-д юм шахах гээд байна, Ж эгчийн мөнгө дутаад байна, бид хоёрыг ямар нэг аргаар мөнгө олоод өгөөч гээд байна” гэж хуурч мэхлэн авсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрч Р.Э-ийн “Эрдэнэтийн ГОК-д надад таних хүн байхгүй, М гэх эмэгтэй харин эхнэр бид хоёрын нэрийг барьж хүнээс их хэмжээний мөнгө зээлсэн гэдгийг 2013 оны 9 сард эхнэрээсээ дуулсан” гэх мэдүүлэг /хх-73-р тал/, гэрч М.С-ийн “2013 оны 5 сарын сүүлээр дүү А над руу утсаар яриад “найз М, түүний эгч Ж гэх хүмүүстэй хамтарч бизнес хийж байгаа, та 30.0 сая төгрөг олоод өгөөч” гэхээр нь миний бие нөгөө хүмүүстэй нь уулзаагүй, төрсөн дүүгээ хэлж байгаа болохоор нь өөрийн эзэмшлийн 3 өрөө байрыг Н гэх хүнд барьцаанд тавиад 30.0 сая төгрөгийг 2013.05.30-ны өдөр 2 сарын хугацаатай зээлж аваад мөнгөө дүү А-ийн данс руу шууд шилжүүлсэн. 2013 оны 9 сарын эхээр зээлийн маань хугацаа дуусаад А-аас ирэх мөнгө ирэхгүй болохоор нь дүүдээ хэлэхэд “би төлж байрыг чинь авч өгнө, мөнгө нь орж ирэхгүй байна” гэж хэлсээр байгаад сүүлд нь мөнгө бүтэхгүй болохоор нь би М-тэй нь утсаар ярихад “та санаа зоволтгүй, манай эгчийн мөнгө орж ирэхгүй дансанд нь тал мөнгө нь орж ирчихээд данснаас хөдөлгөж болохгүй байна” гэж над руу ярьсан. Тэгээд 2013.09.20-ны орчим А миний байрыг зээлээс чөлөөлж өгсөн. Сүүлд А-аас сонсоход М гэх хүн нь А-г залилсан гэдгийг мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-72-р тал/, гэрч Д.Ж-ы “...М нь миний нэрийг барьж хүнээс мөнгө авсан гэдгийг мэдсэн” /хх-71-р тал/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогджээ.

Түүнчлэн хохирогч М.А- нь 9.600.000 төгрөгийг 2012 оны 7 сард Б.М-т бэлнээр өгсөн гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байх ба тэрээр “2013.01.23-ны өдөр дүү Хүслэнгээс дансаар 5.0 сая төгрөг авсан боловч энэ мөнгө миний  данснаас гараагүй, Б.М-т өгснийг нотлох баримтгүй тул нэхэмжлэлээсээ энэ 5.0 сая төгрөгийг хасаж тооцмоор байна” гэж хэргийн 604-р талд мэдүүлсэн мэдүүлэг байгаа, энэ 14.600.000 төгрөгийг Б.М- авсан гэх байдал тогтоогдоогүй учир анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь зөв, энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Б.М- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.А-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Б.М-ийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Э /хх-ийн 69, 394, 681 хуудас/, гэрч Ц.Ө /хх-ийн 70 хуудас/, гэрч Д.Ж /хх-71 хуудас/, гэрч М.С /хх-ийн 72 хуудас/, гэрч Р.Э /хх-ийн 73 хуудас/, гэрч К.Э /хх-ийн 599, 680 хуудас/, гэрч Э.Б /хх-ийн 600 хуудас/, гэрч Л.Э /хх-ийн 603 хуудас/ нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх Б.М-т холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Л.Цуурай, хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Ялтан Б.М- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч М.А-д олгуулахаар шийдвэрлэсэн 7.205.000 төгрөгийг төлснийг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                                    Я.ТУУЛ

                                               ШҮҮГЧИД                                                        Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                                        Ц.АМАРЖАРГАЛ