Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00508

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00508

 

 

Б.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02903 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Л д холбогдох, худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 325,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б.Б нь С ХХК-ийг эзэмшдэг байсан бөгөөд тус компанийг иргэн Д.Л 2019 оны 12 сарын 16-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Компанийн худалдах хувьцаа авах гэрээ-г тус тус байгуулж нийт 690,000,000 төгрөгөөр худалдсан. Д.Л нь компани худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бараа материал бэлтгэн нийлүүлэх байдлаар төлөхөөр 2019 оны 12 сарын 23-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, 690,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр, бетон зуурмаг, цахилгаан, сантехникийн бараа материалыг 2020 оны 04 сарын 01-ний өдөр бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон боловч түүний гэрээтэй гэх бетон зуурмагийн үйлдвэр бетон нийлүүлэх боломжгүй болж арматур төмөр, бетон зуурмаг, цахилгаан, сантехникийн бараа материалаа тохиролцсон хугацаандаа өгөөгүй.

Улмаар төлбөрийг бэлэн 500,000,000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч, сар бүр төлөхөөр тохиролцсон боловч мөнгөө төлөөгүй. Ингээд 2020 оны 07 сарын 19-ний өдөр ажлын өрөөнд уулзалт хийж 690,000,000 төгрөгийн төлбөрийг бартер хэлбэрээр гүйцэтгэхээр болж арилжаанд нийт 6 ширхэг тээврийн хэрэгсэл, автомашинуудыг өгөхөөр тохиролцсон. 2020 оны 07 сард 2009 оны BMW X-6 /BMW X-6/ маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр, 2010 оны Ниссан Патрол /Nissan Patrol/ маркийн автомашиныг 70,000,000 төгрөгөөр, 2009 оны Тоёота Вангуард /Toyota Vanguard/ авто машиныг 20,000,000 төгрөгөөр, 2019 оны БМВ 520-Эл /BMW 520-I/ маркийн авто машиныг 215,000,000 төгрөгт тус тус тооцож шилжүүлэн өгсөн бөгөөд нийт 365,000,000 төгрөг болсон. Дээрх автомашины үнийн саналыг Д.Л тавьж түүнийг зөвшөөрсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөр болох 325,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Иймд гэрээний үлдэгдэл 325,000,000 төгрөгийг Д.Л гээс гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Б.Б нь 2019 оны 12 дугаар сард Д.Л д түүнтэй хамтран ажилладаг Э.Б иар дамжуулан өөрийн эзэмшилд байсан С ХХК, Т ХХК-ийн нэр дээрх 2 кабелийн телевизийг худалдах санал гаргасны дагуу Д.Л нь Э.Б ийн хамт Б.Б тэй уулзаж, үйл ажиллагаа явуулдаг гэх Эл ЭС /LS/ плазагийн 4 давхарт очиж үйл ажиллагаатай танилцсан.

Улмаар Д.Л нь Б.Б гийн санал болгосноор 576,000 000 төгрөгийн үндсэн хөрөнгө дээр цаг зав, оруулсан хөрөнгө зэргийг нь тооцож 600,000,000 төгрөг, мөн Б.Б гөөс Э.Б ийн худалдаж авсан гэх 90,000,000 төгрөгийн үнэтэй төгөлдөр хуурын үнийг нэмж, 690,000,000 төгрөгөөр худалдаж авах, үүний 600,000,000 төгрөгт Д.Л , Э.Б ь нарын хамтран ажилладаг арматурын үйлдвэрээс арматур нийлүүлэхээр тохиролцож бартерийн гэрээ байгуулсан. Уг гэрээ Д.Л , Э.Б  нарын хооронд байгуулагдсан бөгөөд энэ хэрэгт хариуцагчаар Э.Б ийг оролцуулах ёстой.

Б.Б гөөс С ХХК болон Т ХХК-уудыг худалдаж авсан бөгөөд 2019 оны 12 сарын 16-ны өдөр Т ХХК-ийг Д.Л гийн эхнэр Я.Э тай гэрээ байгуулж, худалдаж авсан боловч Т ХХК-ийн Эйч TВ-гийн зөвшөөрөл цуцлагдсан байсан. Ингээд Т ХХК-ийг 2019 оны 12 сарын 25-ны өдөр Б.Б нь гэрээ байгуулж, Э.Б ид шилжүүлсэн. Иймд уг гэрээний үнэд 690,000,000 төгрөг гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй, үүнд Э.Б ийн авсан төгөлдөр хуурын үнэ болох 90,00,000 төгрөг орсон бөгөөд гэрээний үнэ 600,000,000 төгрөг байна. Э.Б ийн 2 компанийн хувьцаа эзэмших эрх нь 110 хувь бөгөөд Д.Л гийн 90 хувь болно. Иймд дангаараа хариуцах үндэслэлгүй.

Бид олон эрдэмтэн судлаачдыг урьж, зураг авах хуваарь гаргасан байсан тул аргагүйн эрхэнд өндөр хүчин чадалтай нийт 40,000,000 гаруй төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг шинээр худалдаж авсан. Ковид-19 цар тахлаас шалтгаалан хилийн хорио тогтоож, хятад ажилчид орж ирээгүй тул арматурын үйлдвэр ажиллаагүй, давагдашгүй хүчин зүйл үүссэн ч Б.Б энэ нөхцөл байдлын өөрт ашигтайгаар эргүүлж Д.Л , Э.Б  нарыг барилгын ажил саатууллаа хэмээн янз бүрийн дарамт шахалт үзүүлж байсан тул тэдний зүгээс уг телевизүүдийг буцааж өгөх шаардлага удаа дараа тавьсан ч Б.Б хүлээж аваагүй.

Учир нь Б.Б гийн худалдсан Эйч ТВ телевизийн тусгай зөвшөөрөл байгаагүй, нэг албан бичиг сэргээнэ гэж ямарч боломжгүй алдаа дутагдал гаргаж 2019 оны 8 дугаар сард бүрэн хаагдсан байсан.

Нийт 575,981,974 төгрөг төгрөгийн үнэ бүхий 23 нэр төрлийн 406 ширхэг эд зүйлийг худалдахаар гэрээ хийсэн боловч 275,148,601 төгрөгийн үнэ бүхий 81 эд зүйлийг дараа өгнө гэж хуураад өгөөгүй. Хаана ч, ямар ч өргүй гэсэн боловч энэ нь мөн адил худал болж, Юнивишнд 39,772,224 төгрөг, Скаймедиад 5,419,350 төгрөг, Сансар, Ддишд 139,000,000 төгрөгийн өртэй байсан нь тодорхой болж нэхэгдсэн. Удахгүй шилжүүлж өгнө гэж худал хэлсэн 81 ширхэг 275,148,601 төгрөгийн эд зүйлээ одоо ч өгөөгүй байгаа.

Д.Л нь 2020 оны 04 сард Б.Б тэй уулзаж С сувгийг худалдан авах үнийг 500,000,000 төгрөг болгож, 2020 оны 4, 5, 6, 7, 8 дугаар саруудад сар бүр 100,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, Б.Б , Д.Л нар гарын үсэг зурсан. Улмаар Э.Б ийн нэр дээрх 2019 оны цоо шинэ БМВ-5 /BMW-5/ серь автомашиныг 215,000,000 төгрөгөөр, Д.Л гийн эхнэр болон дүүгийн БМВ Х6 /BMW X6/ автомашиныг 60,000,000 төгрөгөөр, Тоёота вангуард /Toyota Vanguard/ автомашиныг 25,000,000 төгрөгөөр, Ниссан патрол /Nissan Patrol/ автомашиныг 70,000,000 төгрөгөөр тус тус тооцож Б.Б д шилжүүлж өгч, тооцоог бүрэн дуусгасан.

Гэвч Б.Б 2020 оны 12 сарын 26-ны өдөр Э.Б тай холбогдож төгөлдөр хуурын төлбөрөө нэхсэн. Өмнө нь тохиролцоогоор тооцоо дууссанаа хэлэхэд ...би өмнө нь юу ч тохироогүй... гэж мэлзсэн. Д.Л нь 2021 оны 02 сарын 01-ний өдөр Э.Б ь руу С ХХК-ийн 90 хувь хувьцаагаа шилжүүлсэн. Э.Б ь уг телевизүүдийг бусдад худалдахаар ярьж эхэлснийг Б.Б олж мэдсэнээр түүнийг дахин дарамталж, БМВ /BMW/ машины 4 дугуй бас бус зүйл нэмж авсан төдийгүй Д.Л гээс 325,000,000 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Л гээс гэрээний үүрэгт 135,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 190,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,782,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л гээс улсын тэмдэгтийн хураамжинд 832 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Давж заалдах журмаар гаргасан хариуцагч талын гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг үндэслэлтэй хэмээн үзэж, сүүлд тохирсон 500,000,000 төгрөгийг С ХХК-ийн үнэ хэмээн тооцож, зөрүү болох 135,000,000 төгрөгийг Д.Л гээр төлүүлэх шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй.

Т ХХК-ийн Эйч ТВ телевизийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан байсан учир Д.Л гийн эхнэр Я.Э өөрийн нэр худалдан авахаар болж 2019 оны 12 сарын 16-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2019 оны 12 сарын 25-ны өдөр 2655 тоот гэрээгээр Т ХХК нь Э.Б ийн нэр дээр шилжсэн.

Сонгуулийн ажил, сурталчилгааны ажил дуусмагц телевизийн хэрэгцээ шаардлага байхгүй болсноос гадна Д.Л , Э.Б нар өөрсдийн зарцуулсан мөнгөө олж авах зорилгоор уг телевизүүдийг худалдах зар гаргаж эхлэх үед Б.Б нь Бэлтгэн нийлүүлэх гэрээ-г Д.Л дангаар байгуулсан байдлыг далимдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Э.Б ийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гаргасан гомдлыг Д.Л гээс 365,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлд нь Иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг өгч, "Иргэний хэрэг" болгон хаалгасан юм. Б.Б нь өөрийн эзэмшлийн С, Э ТВ 2 телевизийг Д.Л , Э.Б нарт худалдсан, энэ 2 хүн хамтарч төлбөрийг төлсөн боловч Э.Б ийг нэхэмжлэлдээ хариуцагчаар таталгүй орхиж, Д.Л гээс төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дээрх нөхцөл байдлыг үгүйсгэж чадаагүй. 2019 оны 12 сарын 25-ны өдөр Т ХХК-ийн Э ТВ гэх телевизийг оюуны өмч, барааны тэмдэгтийн гэрчилгээний хамтаар Э.Б д хувьцааны үнийн дүн болох 51,625,000 төгрөгөөр худалдсан боловч нэг ч төгрөг төлөөгүй.

Д.Л нь бидний хооронд байгуулсан гэрээний үнийн дүнг багасгах зорилгоор 90,000,000 төгрөгийг тооцуулахгүйгээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй хэмээн ямарч утгагүй, ойлгомжгүй тайлбар өгч байсан бөгөөд хариуцагч талаас Э.Б ийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гаргасан гомдлын дагуу шалгасан материал, хохирогч Э.Б, гэрч Д.Л , Б.Б гийн худалдсан 2 телевизийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн ажилтан н.Төрбилэг нарын мэдүүлгүүдийг бусад баримтын хамт нотлох баримтуудыг гарган өгч, шүүх хуралдаанд Э.Б ь нь Б.Б гөөс 2 телевизийг Д.Л тэй хамт худалдан авч, төлбөр тооцоог дуусгасан талаар мэдүүлсээр байхад шүүх энэ байдалд бодитой дүгнэлт хийгээгүй.

Э.Б ь С ХХК-ийн 10 хувь, Т ХХК-гийн 100 хувийн хувьцааг хэрхэн худалдан авч, юуны төлбөрт 215,000,000 төгрөг төлсөн болохыг анхаарч үзээгүй.

Эдгээр 2 телевизийн тоног төхөөрөмжөөс Б.Б нь 275,148,601 төгрөгийн эд зүйлээ өгөөгүй болох нь гэрч н.Т ийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлцсэн баримтаар тогтоогдож байхад хариуцагч талын тайлбар, баримтыг шууд үгүйсгэж, нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 135,000,000 төгрөгийг Д.Л гээр төлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Л д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 325,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагчид С ХХК-ийн хувьцааг худалдаж, компанийг шилжүүлэн өгсөн, гэрээний үнийн дүнг 690,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон, үүнээс 365,000,000 төгрөгийн төлбөрийг хүлээн авсан тул үлдэгдэл 325,000,000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлажээ. /хх 1-2/

 

3.   Дээрх шаардлагыг хариуцагч Д.Л бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...С телевизийн 90%-ийг Д.Л , 10%-ийг Э.Б ь худалдан авсан учир Э.Б ийг хариуцагчаар оролцуулах ёстой, гэрээний үнийг 690,000,000 гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, уг үнийн дүнд Э.Б ийн авсан төгөлдөр хуурын үнэ 90,000,000 төгрөг орсон, Б.Б нь 275,148,601 төгрөгийн үнэ бүхий дагалдах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгөөгүй... гэж тайлбарлан маргажээ. /хх 25-26/

 

4.   Хэрэгт авагдсан 2019 оны 12 сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нээс үзвэл Б.Б нь өөрийн өмчлөлийн С ХХК-ийн 100%-ийн хувьцаа болох 200 ширхэг хувьцааны 90% буюу 180 ширхэг хувьцааг Д.Л д, 10% буюу 20 ширхэг хувьцааг Э.Б ид шилжүүлэх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх 5, 6/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5.   Дээр дурдсан 2019 оны 12 сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах /Компанийн хувьцаа/ гэрээний 3.1-д Хувьцааг худалдагч тал худалдан авагч талд 20,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэж тусгасан байх боловч нэхэмжлэгч талын тайлбарт ...690,000,000 төгрөгөөр худалдсан болно гэж, хариуцагч талын тайлбарт ...С ХХК-ийг иргэн Д.Л д 690,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд... гэж тус тус дурдсанаас үзвэл гэрээний бодит үнийг талууд анх 690,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон гэж дүгнэхээр байна. /хх 1, 30/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

6.   Худалдагч Б.Б нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, С ХХК-ийн хувьцааг худалдан авагч Д.Л , Э.Б ь нарын өмчлөлд шилжүүлж, 2020 оны 01 сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэргийн 149-р талд авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-гаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Б нь гэрээгээр тохиролцсон үнийг хариуцагч Д.Л гээс шаардах эрхтэй. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч Б.Б гөөс хариуцагч Д.Л д С ХХК-ийн 200 ширхэг хувьцааны 90% буюу 180 ширхэг хувьцааг шилжүүлсэн учир түүнээс гэрээний үнийн дүнгийн 90%-ийг шаардах нь зүйд нийцнэ. Анхан шатны шүүх гэрээний үнийн дүнг 100% хариуцагч Д.Л д хариуцуулсан нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагчаар хэнийг тодорхойлох, хэнд холбогдуулан ямар шаардлага гаргах эрх нь нэхэмжлэгчийн эдлэх эрх учир хариуцагчаар Э.Б ийг тодорхойлох ёстой гэсэн хариуцагч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

7.   Зохигчид гэрээний үнийн дүнгийн талаар харилцан адилгүй тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт цугларсан баримтаар 2019 оны 12 сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний үнийн дүн, үлдэгдэл төлбөрийн үүргийг тодорхойлох боломжтой байна.

Шүүхээс үзлэг хийн бэхжүүлсэн зохигчдын харилцсан цахим шууданд ...Вангуард 20 сая, Патрол 70 сая, БиЭмДаблью Икс-6 60 сая, БиЭмДаблью-5 215 сая, нийт 365 сая болж байгаан байна, хоёулаа үлдэгдлээ хурдан дуусгачихая..., ...Би чамд одоо 90 саяын Хайландер өгнө. Тэгээд дахин юу ч өгөхгүй. Чиний ТВ-г 100-гаар хүн авахгүй. Ингээд дуусгавал дуусгая..., ...Нийт 365 сая болж байгаа юм. Та бэлнээр 135 саяыг өгвөл сүүлд танай оффис дээр бэлэн төлж дуусгах тохиролцооны хүрээнд 500 саядаа дуусгаж болж байна ахаа..., ...Би чамд 80-ийг бэлэн өгөөд дуусгах бодолтой байна... гэсэн агуулга дурдагджээ. /хх 80-84, 191-192/

Үүнээс үзвэл талууд анх тохиролцсон гэрээний үнэ болох 690,000,000 төгрөгийг 500,000,000 болгож бууруулсан, үүнээс хариуцагч 365,000,000 нийт төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг автомашиныг төлбөрт тооцон өгсөн үйл баримт тус тус тогтоогдож байна.

Т ХХК, ч ТВ ХХК болон төгөлдөр хуурын төлбөр тооцооны асуудлыг уг маргаанд шууд хамааруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд 85,000,000 төгрөгийг /500,000,000 х 90% = 450,000,000 365,000,000/ хариуцагч Д.Л гээс гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгох үндэслэлтэй.

 

8.   Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...234 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт... гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02903 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Л гээс 85,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 240,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...хариуцагч Д.Л гээс улсын тэмдэгтийн хураамжид 832,950 төгрөгийг гаргуулж... гэснийг ...хариуцагч Д.Л гээс 582,950 төгрөгийг гаргуулж... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 832,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР