Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00558

 

 

 

 

 

 

 

 

 

 

К С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/00340 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Д ад холбогдох,0 хаягт байрлах оффисын зориулалттай барилгын өмчлөгчөөр К С ХХК-ийг тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, 0 газрыг К С ХХК-д шилжүүлэхийг Ж.Д ад даалгах, Ж.Д ын эзэмшилд байгаа0 хаягт байрлах 144 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгын хэсгийг албадан чөлөөлүүлэх үндсэн шаардлагатай,

0 хаягт байрлах 1,000 м.кв газар, 144 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 117,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь Ж.Д тай 2014 оны 05 сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж,0 хаягт байрлах нэг давхар тоосгон хийцлэлтэй барилга, 1,000 м.кв эдэлбэр газрыг 250,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон. Урьдчилгаа 50% буюу 125,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх, барилгын өмчлөх эрх, газрын эзэмших эрхийн гэрчилгээ компанийн нэр дээр шилжмэгц банкны санхүүжилтээр үлдэх 50% болох 125,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Дээрх бүх үйл ажиллагааг 2014 оны 12 сард багтаан дуусгах буюу мөн хугацаанд багтаан бичгээр гэрээ байгуулан баталгаажуулж, төлбөр тооцоог дуусгахаар харилцан тохиролцсоны дагуу уг байшин болон газрыг өөрийн хөрөнгөөр засан сайжруулж, хууль ёсоор эзэмшиж ашиглаж байна.

Манай зүгээс Ж.Д тай байгуулсан амаар хийсэн гэрээний үүргийн хэрэгжилтийг хангах үүднээс 2014 оны 06 сард 65,000,000 төгрөгт тооцон Лексус-470 маркийн автомашин, 2014 оны 06 сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 07 сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 01 сард 800,000 төгрөгт тооцон АйФоне-5эс /iPhone-5s/ гар утас, 2016 оны 02 сарын 02-ны өдөр 2,998,480 төгрөгийн үнэ бүхий архи, ундаа, 2014 оны 11 сард 4,500,000 төгрөгтэй Ш ХХК-ийн шатахууны карт, 2014 оны 11 сараас 2015 оны 12 сар хүртэлх хугацааны Ж.Д ын нийгмийн даатгалын төлбөрт 1,945,000 төгрөг, 2016 оны 07 сард 5,000,000 төгрөгтэй Ш ХХК-ийн шатахууны карт, нийт 120,243,480 төгрөгийг Ж.Д ад төлж, үлдэгдэл төлбөр 129,756,520 төгрөг болсон.

Гэрээг бичгээр байгуулахаар тохиролцсон хугацаа дуусгавар болоход газар эзэмших эрхийн гэрчилгээ Ж.Д ын нэр дээр гараагүй хэвээр байсан. 2016 оны сүүл үеэс Ж.Д ын зүгээс ...үлдэгдэл төлбөрийг яг одоо төл, надад мөнгө хэрэгтэй байна, 2-3 жил өнгөрлөө, алданги торгуулийн хамт одоо нийт 200,000,000 төгрөг өг... гэх шаардлагыг тавьж, К С ХХК-ийг үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэх тайлбарыг хэлсээр ирсэн. Алданги, торгууль төлөх тохиролцоо байхгүй, үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй нь шаардлагатай бичиг баримтыг бэлэн болгохгүй 2 жил гаруй хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой.

К С ХХК нь өөрийн засан сайжруулсан обьектыг бүхэлд нь ашиглаж чадахгүй, 100 м.кв орчим талбайг өнөөг хүртэл Ж.Д ад ашиглуулж ирсэн. Анх 1,000 м.кв талбайтай газар шилжүүлнэ гэсний дагуу ажлаа төлөвлөн тооцсон боловч ийм хэмжээний газар шилжүүлэх нөхцөлгүй болсон зэрэг байдлаас болж хохирсон ч уг хохирлоо хариуцагчаас шаардаагүй.

Иймд К С ХХК болон Ж.Д нарын хооронд 1,000 м.кв /одоо бодитоор 441 м.кв/ талбайтай газар бүхий гараашийн зориулалттай 1 давхар байшинг 250,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг тогтоолгох, гэрээний дагуу К С ХХК нь Ж.Д ад 129,756,520 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох,0 хаягт байрлах оффисын зориулалттай барилгын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, 0 нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын 0 дугаартай 441 м.кв газрыг шилжүүлэхийг Ж.Д ад даалгах, Ж.Д ын эзэмшлээс 0 хаягт байрлах 144 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгын хэсгийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсанчлан худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлж тохирсон ба худалдан авагч тал газар, үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж эхэлсэн. Худалдан авагч 250,000,000 төгрөгийг удалгүй өгнө гэсэн болохоос хэсэгчилж төлнө гэж тохиролцоогүй. Ц.Ж би таньд гар утас өгье гээд АйФоне-5эс /iPhone-5s/ маркийн гар утас өгсөн боловч ингэхдээ төлөх ёстой мөнгөнд тооцно гэж хэлээгүй. Дараа нь 2,998,480 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч талаас авсан. Хамгийн сүүлд буюу 2016 оны 07 сард надад 5,000,000 төгрөгийн шатахууны карт өгсөн. Үүнээс хойг нэг ч төгрөг төлөөгүй. Мөн гэрээний үнийн 50%-ийг эхэлж өгөөд, үлдэх 50%-ийг гэрчилгээг нэр дээр шилжүүлсний дараа өгөхөөр тохиролцоогүй.

Анхнаасаа талуудын хооронд хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байсан бөгөөд 441 м.кв газар нь 2017 оны 03 сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ж.Д ын эзэмшилд ирсэн. Нэхэмжлэгч нь төлөх ёстой төлбөрөө төлөөгүй атлаа 8 жилийн өмнө ханшийг өнөөдрийн ханшаар тооцож хүний өмчийг авахаар шаардах эрхгүй. Үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр дараагийн өмчлөгчид өмчлөх эрх шилждэг. Хуульд заасан шаардлага хангаагүй тул уг хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж үзнэ.

Д.Ц той уулзахад тэрээр ...худалдах, худалдан авах гэрээгээ болиод хамтарч барилга барьяа, уг барилгын 2 давхрыг өгнө... гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл талуудын анх ярьсан хэлцэл дуусгавар болж барилга барихаар тохиролцсон. 2017 онд барилга барих хэлцэл хийх хүртэл мөнгөө өгөөд газраа ав гэсэн шаардлагыг удаа дараа тавьж, мөнгөө өгөхгүй бол больёо гээд 40,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн агуулга: К С ХХК нь Ж.Д ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэн мөнгөөр худалдаж авах гэж байгаа мэтээр ярьж, итгүүлэн түүний хөрөнгийг эзэмшин ашиг орлого олж, хохироосон буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 105,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Өөр этгээдэд түрээсэлж байсан бол нэг жилийн хугацаанд 12,000,000 төгрөг, 2015 оны 05 сараас 2019 оны 04 сар хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт нийт 105,000,000 төгрөг олох ёстой байсан. Мөн өөрсдийн ашигласан цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөөгүй. 2014 оны 05 сараас 2019 оны 04 сар хүртэлх цахилгааны төлбөр 23,995,432 төгрөгийг Ж.Д төлсөн.

Иймд 0 хаягт байрлах 1,000 м.кв газар, 144 м.кв талбайтай нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж, гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдэн учирсан хохирол олох ёстой орлого 105,000,000 төгрөг, тог цахилгаан ашигласны төлбөрийн 50% болох 12,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

4.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Д аас 250,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 122,499,880 төгрөгийг төлсөн. Өнгөрсөн хугацаанд Ж.Д нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг гэрээний дагуу К С ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээс зайлсхийсээр ирсэн. Маргаан бүхий хөрөнгийг худалдан авахад бие даасан цахилгааны эх үүсвэр огт байгаагүй. Тиймээс хөрш байгууллагаас цахилгааны утас татан авч ашигладаг байсан. Шинээр цахилгааны техник нөхцөл авч, өөрийн эх үүсвэрээр холболт хийхэд 70,000,000-80,000,000 төгрөгийн зардал гаргах тооцоо гарсан. Ж.Д нь цахилгааны тооцоогоо О м ХХК-аар дамжуулж Ц т с ХК-д төлдөг байсан. Тус компани нь Ж.Д ын хэлснээр 2014 оноос хойш тоолуурын заалтаар гарсан цахилгааны үнийг тасралтгүй төлсөөр ирсэн. Өнөөдрийг хүртэл 13,700,000 төгрөг төлсөн.

Иргэний хуульд түрээсийн орлогоор дүйцүүлж олж болох байсан орлого, алдагдсан боломжийн өртөг гэсэн ойлголт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн харилцаа бүхий шаардах эрхийн талаар тусгаагүй. Мөн хариуцагч нь өмнөх шүүх хуралдаанд цахилгааны төлбөрт 12,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.

Маргаж буй хөрөнгийг 2014 онд Ж.Д нь К С ХХК-д сайн дурын үндсэн дээр тэдний хооронд байгуулагдсан гэрээний дагуу 100% шилжүүлж өгсөн. Үүнээс үзэхэд К С ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч юм. Тухайн эд хөрөнгөд засан сайжруулалт хийж, багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Анхан шатны шүүхий шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар К С ХХК болон Ж.Д нарын хооронд 1,000 м.кв /одоо байгаа бодит хэмжээ нь 441 м.кв/ газар бүхий гараашийн зориулалттай 1 давхар байшинг 250,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг, гэрээний үүрэгт К С ХХК нь хариуцагч Ж.Д ад 129,756,520 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй болохыг, гэрээний үүрэгт К С ХХК нь хариуцагч Ж.Д ад 129,756,520 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй болохыг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн,0 хаягт байрлах 144 м.кв талбайтай барилгын өмчлөгч нь К С ХХК болохыг тус тус тогтоож, хариуцагч Ж.Д ад 0 талбай бүхий газар эзэмших эрхийг нэхэмжлэгч К С ХХК-д шилжүүлэхийг даалгаж, Ж.Д ын эзэмшлээс Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 0 хаягт байрлах 144 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч К С ХХК-д холбогдох 0 хаягт байрлах өөрийн эзэмшлийн 1,000 м.кв газар, тус хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 144 м.кв талбайтай нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гэрээний үүрэг зөрчсөнөөс учруулсан хохирол 105,000,000 төгрөг, цахилгаан эрчим хэрэглэсний төлбөрийн 50 хувь болох 12,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Д ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,886,100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,150,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д аас улсын тэмдэгтийн хураамжид 2,886,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К С ХХК-д, шинжээчийн зардалд 150,000 төгрөг гаргуулан И г ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн.

 

6.   Давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

а. Талууд хэлцлийг 2014 оны 05 сарын 20-ны өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр бэлнээр төлөхөөр тохиролцсон хэдий ч 2014 оны 06 сараас 2017 оны хооронд 3 жилийн хугацаанд цувуулан хуучин автомашин, шатахууны карт, нийгмийн даатгалын шимтгэл, архи, пиво, ус, ундаа, бэлэн мөнгө, бэлэг гэж өгсөн гар утсаа оруулан тооцож 122,499,880 төгрөг төлсөн гэж тайлбарлаж, нотолсон байтал шүүх нэхэмжлэгч 129,756,520 төгрөгийг төлсөн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Уг аман хэлцэл хийгдсэнээс хойш даруй 8 жил болох гэж байгаа болно. Хэлцлийн хувьд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасныг зөрчсөн. Талуудын хүсэл зориг нэгдсэнээр хэлцэл байгуулагдахгүй бөгөөд харин бүртгүүлсэн, эсхүл гэрчлүүлсэн тохиолдолд л хүчин төгөлдөр болно. Хамгийн сүүлд 2017 онд хариуцагч ер нь больёо гээд 40,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, хэлцлээсээ татгалзсан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээд хөрөнгийг үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөх үүрэгтэй.

б. Тухайн хэлцлийн зүйл нь зөвхөн газар байгаагүй, мөн уг газар дээрх үл хөдлөх хөрөнгө байсан. Газар болон үл хөдлөх хөрөнгө нь тус тусдаа эрхийн бүртгэлийн гэрчилгээтэй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Д ад 2017 оны 03 сарын 28-ны өдөр олгосон байдаг. Тухайн үед буюу 2014 оны 05 сарын 20-ны өдөр Ж.Д ад 441 м.кв газрыг худалдах эрх байгаагүй учир хэлцэл хүчин төгөлдөр бус. Уг газар нь иргэн Ч.О ын эзэмшилд байсан тул эрхийн зөрчилтэй эд зүйл худалдсан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгчийн тайлбарласнаар 1,000 м.кв гэж тохиролцсон газар нь шинжээчийн дүгнэлтээр 441 м.кв байсан тул биет байдлын доголдолтой гэж үзнэ.

в. Үнэ нь бүрэн төлөгдөөгүй байхад барилгын өмчлөгчөөр К С ХХК-ийг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайн иргэний хэргийн хувьд газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, дуусгавар болгох, Улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг Иргэний хууль, Газрын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль, бүртгэлтэй холбоотой журмаар зохицуулсан байдаг. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

г. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 23 дугаар зүйлийн 23.4.6-д тус тус зааснаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх зохих бичиг баримтын хамт бүртгэлийн газарт бүртгүүлж байж өмнөх өмчлөгч, эзэмшигчийн эрх дуусгавар болж шинэ өмчлөгч, эзэмшигчид шилжих учиртай. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ аль аль нь иргэн Ж.Д ын өмчлөл, эзэмшилд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй, бүртгэл хүчин төгөлдөр байхад өмчлөгч Ж.Д ын эзэмшлээс газар болон үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл мөн.

д. Нэхэмжлэлийн шаардлагад байхгүй шинжээчийн зардалд 105,000 төгрөг гаргуулж И г ХХК-д олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

е. Мөн хэлцэл болгон гэрээ болохгүй, харин гэрээ болгон хэлцэл болдог байтал шүүх хэлцлийг гэрээ гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.5, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт тус тус зааснаар нөхцөл байдлыг бүрэн дүүрэн үнэлж, үндэслэлтэй шийдвэр гаргасан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

 

2.   Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, ялгаж зааглахгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан болно.

 

3.   Нэхэмжлэгч нь 2018 оны 06 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 04 сарын 09-ний өдөр, 2019 оны 05 сарын 10-ны өдөр, 2021 оны 10 сарын 22-ны өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж /1хх 1-3, 239-241, 3хх 178, 4хх 133-135/

-     К С ХХК болон Ж.Д нарын хооронд 1,000 м.кв /одоо байгаа бодит хэмжээ 441 м.кв/ газар бүхий гараашийн зориулалттай 1 давхар байшинг 250,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг тогтоолгох;

-     Гэрээний дагуу К С ХХК нь Ж.Д ад 129,756,520 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох;

-    0 хаягт байрлах оффисын зориулалттай барилгын өмчлөгчөөр К С ХХК-ийг тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах;

-     0 газрыг К С ХХК-д шилжүүлэхийг Ж.Д ад даалгах;

-     Ж.Д ын эзэмшилд байгаа0 хаягт байрлах 144 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгын хэсгийг албадан чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

4.   Эдгээрээс талуудын хооронд 1,000 м.кв газар бүхий гараашийн зориулалттай 1 давхар байшинг 250,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг тогтоолгох, гэрээний дагуу К С ХХК нь Ж.Д ад 129,756,520 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох зэрэг нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байна.

Учир нь дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч хэрхэн нотолж, хариуцагч хэрхэн няцаахаас К С ХХК-ийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох эсэх, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг Ж.Д ад даалгах эсэх, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх эсэх буюу үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шийдэл хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний үнийн дүн хэд болох, талууд хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхийг шүүх тогтоохгүй бөгөөд харин дээрх үйл баримтыг зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж нотлох учиртай.

 

5.   Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж байгаагийнхаа хувьд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зохигчдын хооронд мэтгэлцээн зөв өрнөх, зохигчид шаардлагын үндэслэл, түүний татгалзлаас бусад асуудлаар мэтгэлцэхгүй байх үр дагавартайгаас гадна цаашлаад шүүхээс маргааныг зөв зүйтэй шийдвэрлэхэд ач холбогдолтой. Мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлохоос улсын тэмдэгтийн хураамжид төлөгдөх үнийн дүн, түүний хуваарилалт шалтгаална.

 

6.   Түүнчлэн, нэхэмжлэгч тал гэрээний үнийг бүрэн төлөөгүй байхад шүүх ямар үндэслэлээр түүнийг өмчлөгчөөр тогтоосон нь шийдвэрт тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Үүнтэй холбоотойгоор хэрэгт цугларсан нотлох баримт, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/00340 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 2,886,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Д.НЯМБАЗАР