Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/00340

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        01          13                                     101/ШШ2022/00340         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Д-д холбогдох,

 

Талуудын хооронд 1,000 м.кв (одоо байгаа бодит хэмжээ нь 441 м.кв  газартай) газар бүхий гражийн зориулалттай 1 давхар байшинг 250,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсаныг тогтоолгож, гэрээний дагуу “К” ХХК Ж.Д-д 129,756,520 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоотод байрлах оффисийн зориулалттай барилгын өмчлөгчөөр “К” ХХК-ийг тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, нэгж талбарын 0 дугаартай 441 м.кв газрыг “К” ХХК-д шилжүүлэхийг Ж.Д-д даалгах, Ж.Д-ын эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоотод байрлах 144 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгын хэсгийг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот дахь өөрийн эзэмшлийн 1000 м.кв газар, тус хаягт байршилтай 144 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 117,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, М.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “К” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Б.Б, М.Б нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“К” ХХК нь иргэн Ж.Д-тай худалдах, худалдан авах гэрээг 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж 0 тоотод байрлах, 14х12 хэмжээтэй, 10-12 суудлын автомашины багтаамжтай, автомашины хүйтэн гаражийн зориулалттай, нэг давхар тоосгон хийцлэлтэй барилга, мөн барилгын доорхи болон түүний эргэн тойрны нийт 1000 м.кв эдэлбэр газрыг худалдан авахаар амаар тохирсон.

“К” ХХК нь Ж.Д-тай гэрээ байгуулахын өмнө 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр компанийн нийт хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж, дээрх эд хөрөнгийг худалдан авах эсэх талаар хэлэлцэж, Ж.Д-ын санал болгосон 250,000,000 төгрөгөөр худалдан авалт хийхээр шийдвэр гаргасан.

Ингээд компанийн нийт гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу барилга болон газрыг худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар 2014 оны 05 дугаар сард компанийн удирдлагууд болох Д.Ц, Ц.Ж нар Ж.Д-тай хэд хэдэн удаагийн уулзалт хэлэлцээрийг хийж, худалдах, худалдан авах гэрээний гол нөхцлөө харилцан тохиролцож, урьдчилгаа 50 хувь буюу 125,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр, барилгын өмчлөх эрх болон газрын эзэмших эрхийн гэрчилгээ компанийн нэр дээр шилжмэгц банкны санхүүжилтээр үлдэгдэл 50 хувь болох 125,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Худалдан авсан барилга нь тухайн үед төвийн болон бие даасан халаалт, цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй, цэвэр болон бохир усны мөн төвийн болон бие даасан холболтгүй, бүхий л инженерингийн дэд бүтцээр хангагдаагүй байсан. Бидний зүгээс уг нэг давхар тоосгон гражийн зориулалттай барилгад үнэлгээний ач холбогдол өгөөгүй бөгөөд ирээдүйд барилгыг нурааж газар дээр нь дахин шинээр барилга барих боломжтой нөхцлийг харгалзан үзэж худалдан авах шийдвэр гаргасан юм.

Гэрээ, хэлэлцээрийн явцад бидний зүгээс барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Д-аас шаардахад тэрээр тухайн үед гражийн зориулалттай барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг үзүүлж, харин газар барьцаанд байгаа тул 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор өөрийн нэр дээр шилжүүлэн авмагцаа танай компанид шилжүүлээд өгье, тэгээд гэрээгээ цаасаар хийж баталгаажуулцгаая гэхэд нь бид зөвшөөрсөн.

Мөн Ж.Д бидэнд хандаж итгэхгүй байгаа бол газрыг одоогоор авчихсан байгаа хүнтэй уулзуулъя гэсний дагуу компанийн гүйцэтгэх захирал Д.Ц, Ж.Д-ын хамт 40,000-тад амьдардаг Ч.О гэдэг хүнтэй очиж уулзан “энэ газар Ж.Д-ынх мөн үү” гэж асуухад тэрээр мөн гэж хэлсэн. Бидний зүгээс албан бус шугамаар энэ газрын эзэмшлийг судлахад Ч.О гэдэг хүний нэр дээр байгаа гэдэг мэдээлэл авсан байсан тул эдгээр нөхцөл байдлаар бүрэн итгэлтэй болсон. Ж.Д-д ч итгэлтэй байсан. Ийнхүү тухайн үед газрын гэрчилгээ зэрэг бичиг баримтын иж бүрдэл хангагдаагүй байснаас шалтгаалан хуулийн шаардлагад нийцүүлэн бичгээр гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан тул дээрхи нөхцлийг харилцан тохиролцож аман хэлцэл байгуулж гэрээний үүргийг харилцан хэрэгжүүлж эхэлсэн юм.

Ж.Д-ын зүгээс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гражийн зориулалттай барилгаа манайд суллаж өгөх, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ тохирсоны дагуу өөрийн нэр дээрээ шилжүүлэн авмагц үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хамт иж бүрдэл болгон манай компанийн нэр дээр шилжүүлж өгөхөөр үүрэг хүлээсэн ба манай зүгээс ч түүнд хүссэн шаардлагатай 50 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрийг хүсэлтийн дагуу нь олгохоор харилцан тохиролцсон ба энэ бүх үйл ажиллагааг 2014 оны 12 дугаар сард багтаан дуусгах буюу мөн хугацаанд багтаан бичгээр гэрээ байгуулан баталгаажуулж төлбөр тооцоог дуусгахаар харилцан тохиролцсон.

Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хүйтэн авто гражийн зориулалт бүхий 1 давхар тоосгон байшинг 1,000 м.кв эзэмшил газрын хамт 250,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон ба одоогоор уг байшин болон газрыг өөрийн хөрөнгөөр засан сайжруулж хууль ёсоор эзэмшиж ашиглаж байна.

Ийнхүү амаар хийсэн хэлцлийг хэрэгжүүлэх ажиллагааг харилцан эхлүүлсэн ба манай компани Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д заасны дагуу 2014 оны 09 дүгээр сард барилгыг Ж.Д-аас хүлээн авч улмаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, оффисын зориулалттай болгон өөрчлөн засварлаж 2014 оны 12 дугаар сар гэхэд иж бүрэн шинэ дүр төрх бүхий сэргээн засварласан барилгыг ашиглалтад оруулж компанийнхаа үндсэн үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажиллах болсон.

Манай зүгээс Ж.Д-тай байгуулсан амаар хийсэн гэрээний үүргийн хэрэгжилтийг хангах үүднээс урьдчилгаа төлбөрт тооцуулан түүний хүсэлтийн дагуу дараах эд хөрөнгө болон бэлэн мөнгийг олгосон. Үүнд:

2014 оны 06 дугаар сард 65,000,000 төгрөгт тооцон Лексус 470 маркийн  автомашин,

2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг дансаар,

  1. 07 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг дансаар,
  2. оны 01 дүгээр сард 800,000 төгрөгийн үнэ бүхий шинэ iphone 5s гар утас,

2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,998,480 төгрөгийн үнэ бүхий архи, ундаа бүтээгдэхүүн,

2014 оны 11 сар 4,500,000 төгрөгтэй “Ш” ХХК-ийн бензины карт №415017598,

2014 оны 11 сараас 2015 оны 12 сар хүртэл Ж.Д-ын нийгмийн даатгалын төлбөрт 1,945,000 төгрөг,

2016 оны 07 дугаар сард 5,000,000 төгрөгийн үнэ бүхий “Ш” ХХК-ийн шатахууны карт буюу нийт эд хөрөнгө, мөнгөөр 120,243,480 төгрөгийг Ж.Д-д тус тус төлж, одоо төлөх үлдэгдэл нь 129,756,520 төгрөг байна.

Гэрээг бичгээр байгуулахаар тохиролцсон хугацаа дуусгавар болоход газар эзэмших эрхийн гэрчилгээ Ж.Д-ын нэр дээр гараагүй хэвээр байсан. Бид худалдан авсан эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг манайд шилжүүлж өгөх гэрээний үүргээ хэрэгжүүлэх шаардлага тавихад Ж.Д газрын гэрчилгээг нөгөө хүнээсээ шилжүүлж авахад амаргүй байна, энэ нь газрын алба шилжилт хөдөлгөөн хийх материалыг хүлээж авахгүй байгаатай холбоотой байна гэх зэрэг шалтгааныг удаа дараа хэлж бичгээр гэрээ байгуулах тохиролцсон хугацааг хойшлуулж байсан. Ж.Д-ын зүгээс нэгэнт гэрээний дагуу шилжүүлэх бичиг баримт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бэлэн болох боломжгүй байгаад байгаа тул бичиг баримт болох хүртэл хугацаанд хэн хэнийгээ дарамт, мөн санхүүгийн ачаалалд оруулаад яах вэ, нэгэнт итгэлцээд гэрээ хийсэн хойно хүлээж байцгаая гэдэг хүсэлт гаргасныг бид маргаан үүсгэхгүй асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн хүлээн авч гэрээний үүргээ биелүүлэх хугацааг нь хойшлуулсаар ирсэн.

Гэтэл 2016 оны сүүл үеэс эхлэн Ж.Д “та нар үлдэгдэл төлбөрийг яг одоо төл надад мөнгө хэрэгтэй байна, 2-3 жил ч өнгөрлөө, алданги торгуулийн хамт нийт одоо 200,000,000 төгрөг өг та нар” гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн.

Ингэхэд нь “К” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Ж.Д-д гэрээний нийт үнийн дүнгийн 50 орчим хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хуульд нийцүүлэн бичгээр байгуулж өмчлөх эзэмших эрхийг шилжүүлснээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон тохиролцоог хэлсэн.

Гэтэл хариуцагч нь бичиг баримтаа тохирсон хугацаандаа /анх тохирсон хугацаа 2014 оны 12 дугаар сар/ бэлэн болгож өгөөгүй, энэ талаар асуухаар “удахгүй болгочихноо ах нь” гэдэг байсан. Тэрээр өөрийнхөө энэ үүргээ умартаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн нэхэмжлэгч талыг  буруутгах байр суурьтай байгаа ба энэ талаараа ярьж хэлдэггүй, “К” ХХК-ийг үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэж тайлбарласаар ирсэн.

Тодруулбал, тухайн үед газрын гэрчилгээ Ж.Д-ын нэр дээр байгаагүй, үүнээс шалтгаалан хуульд нийцүүлэн гэрээг бичгээр байгуулах боломжгүй байсан тул гэрээг ам байдлаар харилцан тохиролцож байгуулсан. Өмнө нь олон жил найзалж нөхөрлөж явсан тул Ж.Д-д итгэж, гэрээний урьдчилгаа төлбөрийг төлж, улмаар худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгөө засан сайжруулж авсан.

Харамсалтай нь тэрээр тохирсон хугацаандаа газрын гэрчилгээг бэлэн болгон гаргаж өгөхгүй байсаар 2017 он хүргэсэн бөгөөд түүнээс шилжүүлж өгөхийг шаардахад эхлээд удахгүй болно гэдэг байснаа “сүүлдээ өгөхгүй, байшинг суллаж өг, чаддаг юм бол шүүхээр яваарай, та нарын энэ байшин, газрыг засварласан гэж зүйл байхгүй, хийсэн юм байдаг бол бүгдийг нь хуулаад салгаад аваад яваарай гэх зэргээр муухай ааш гаргаж эхэлсэн”, энэ сүүлдээ даамжирч, биднийг хөөх, дарамтлах байдалд орж эхэлсэн тул аргагүй шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд оруулсан.

Түүнээс гадна Ж.Д нь байшингийн урд хэсгийн бистульд машинаа түр оруулчихъя гэж түлхүүр авч ороод доторх эд зүйлсийг гаргаж, хийц эдлэлийг эвдэж хууль бусаар хүч түрэн байшингийн тодорхой хэсгийг эзэмшиж эхэлсэн. Энэ талаар харилцан хэрүүл маргаан үүсч улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэд хэдэн удаа дуудлага өгч хандаж байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс Ж.Д-тай өмнө нөхөрлөж байсан харилцаагаа цаг ямагт хүндэтгэж ирсэн ба шүүхийн өмнө болон шүүхийн аль ч шатанд түүнтэй маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж ирсэн гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Анх 1,000 м.кв газар өгнө гэж хэлж байсан бол одоо түүний нэр дээр (гэрчилгээгээр нэгж талбарын 0 дугаартай) 441 м.кв хэмжээтэй газар байгаа болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул энэ хэмжээнээс илүү газрыг манайд шилжүүлэх боломж түүнд байхгүй болж байна.

Бидний хооронд байгуулсан гэрээнд алданги, торгууль төлөх тохиролцоо байхгүй, үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй нь Ж.Д шаардлагатай баримт бичгийг бэлэн болгохгүй, даруй 2 жил гаруй хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой. Хэрэв тохирсон хугацаанд баримт бичгийг бэлэн болгоод тохиролцсоны дагуу шилжүүлсэн бол өнөөдөр маргалдаж явахгүй байсан.

Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын Дээд шүүхийн хуралдааныг хойшлуулан, Ж.Д-ын нэхэж буй 250,000,000 төгрөгийг 13 дугаар хороололд байршилтай орон сууцны барилгын нэг давхрын 149.5 м.кв талбай бүхий байрыг өгч эвлэрэх санал гаргасныг тэрээр зөвшөөрч, гэрээ байгуулан гарын үсэг зурагдах үе хүртэл явцгаасан. Гэвч харамсалтай нь тэрээр зөвхөн бэлэн мөнгө 250,000,000 төгрөг өг гэдэг хатуу бөгөөд цар тахлын энэ үед биелүүлэх боломжгүй шаардлага тавьж биднийг хүнд байдалд оруулсан. Энэ нь хүнлэг бус, хууль бус санал байсан тул бид эвлэрч чадаагүй юм.

“К” ХХК нь өөрийн засан сайжруулсан обьектоо бүхэлд нь ашиглаж чадахгүй, 100 м.кв орчим талбайг өнөөг хүртэл Ж.Д-д ашиглуулж ирсэн, анх 1,000 м.кв газар шилжүүлнэ гэсний дагуу ажлаа төлөвлөн тооцсон боловч ийм хэмжээний газар шилжүүлэх нөхцөлгүй болсон зэрэг байдлаас хохирч байгаа боловч эдгээр хохирлоо түүнээс шаардаагүй гэдгийг тэр өөрөө мэдэж байгаа болно.

Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан талаар нэхэмжлэлдээ бичсэн, хариуцагч нь хариу тайлбар дээрээ үүнийг зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэл гаргаснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар өөрчлөгдөөгүй байтал түүний  төлөөлөгч шүүх хуралдаан дээр өөрөөр буюу уг тайлбараас давсан тайлбар өгч байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. 

2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ амаар байгуулагдсан хэлцэл байх боловч худалдан авсан эд хөрөнгийн эзэмшлийг худалдагч тал өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр худалдан авагч талд 100 хувь шилжүүлсэн байгаагаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж байгуулагдсан. Худалдагч тал гэрээ байгуулах хүсэл зоригоо Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу бүрэн дүүрэн илэрхийлсэн. Тухайн үед газрын хэмжээ 1000 м.кв болон 441 м.кв гэдгээс үл хамаарч талууд худалдаж авахаар эд зүйлийн шинж байдлын талаар тохиролцож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар тухайн эд хөрөнгийг хүлээж авснаар хэлцэл хийж гэрээ байгуулсан гэдгээ бодит үйлдлээр илэрхийлсэн.

Худалдагч тал гэрээ байгуулах үед тухайн худалдаж байгаа зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Тухайлбал газар эзэмших эрхийг 2014 оны 12 дугаар сард багтааж өөрийн нэр дээр шилжүүлж авах үүрэг хүлээсэн. Энэ үүргээ өнөөдрийг болтол биелүүлэлгүй өмчлөх эрхээ худалдан авагч талд шилжүүлэхээс зайлсхийж ирсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар тухайн эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэхээс гадна түүнд холбогдох эд хөрөнгийн баримтыг шилжүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Үүргийн эрх зүйн хувьд үүрэг үүссэн гэрээний тал үүрэг биелүүлэхээс зайлсхийж байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар талууд гэрээ байгуулах саналаа хангалттай илэрхийлсэн учраас уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болно. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний дагуу тодорхой үүрэг үүссэн байтал Ж.Д үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн, нэхэмжлэгч нь тодорхой төлбөрийг төлж үүргээ бодитой биелүүлсэн.

2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ж.Д-ын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ бүртгэлтэй байсан бол Иргэний хуулийн 109, 110-т зааснаар хэлцлийн дагуу гэрээ байгуулагдаж, өмчлөх эрх шилжих байсан, гэтэл маргаж байгаа үйл баримт нь ийм боломжийг бидэнд олгосонгүй. 

Иймд үүргийн эрх зүйн харилцаанаас үүссэн шаардах эрхийнхээ хүрээнд “К” ХХК болон Ж.Д нарын хооронд 1,000 м.кв (одоо байгаа бодит хэмжээ нь 441 м.кв газартай) газар бүхий гражийн зориулалттай 1 давхар байшинг 250,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсаныг тогтоолгож, гэрээний дагуу “К” ХХК нь Ж.Д-д 129,756,520 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох,

Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоотод байрлах оффисийн зориулалттай барилгын өмчлөгчөөр “К” ХХК-ийг тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах,

Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, нэгж талбарын 0 дугаартай 441 м.кв газрыг “К” ХХК-д шилжүүлэхийг Ж.Д-д даалгах,

Ж.Д-ын эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоотод байрлах 144 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгын хэсгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“К” ХХК-иас Ж.Д надад холбогдуулан 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үл эд хөрөнгийн гэрчилгээ, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг компанийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг Ж.Д миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа үндэслэл нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсанчлан “Худалдах, худалдан авах гэрээг” амаар байгуулж, үл хөдлөх хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлж тохирсон. Ийн тохиролцоод худалдан авагч тал миний эзэмшлийн газар, миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Худалдан авагч гэрээгээр тохирсон 250,000,000 төгрөгийг надад удалгүй өгнө гэж тохирч надаас авсан болохоос түүний нэхэмжлэлд бичсэн шиг хувааж, хэсэгчлэн төлөхөөр тохиролцоогүй.

Гэтэл худалдан авагч тал тохирсон шигээ надад миний мөнгийг өгөхгүй болохоор би Ц-оос мөнгөө нэхэхэд 2014 оны 06 дугаар сард надад компанийн нэр дээрх Лексус 470 маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр бодож өгөөд, үлдсэн мөнгийг нь удахгүй өгнө гэсэн. Тэгээд удалгүй 06 дугаар сарын 27-ны өдөр миний данс руу 20,000,000 төгрөг хийсэн. Тухайн үед би Ц-д ингэж цувуулж авмааргүй байна аа, хэлсэн ярьснаараа бөөнд нь мөнгөө авмаар байна. Нэгэнт би өөрийн үл хөдлөх хөрөнгөө зарж, дараагийн бизнестээ хөрөнгө оруулалт хийх зорилготой байсан учраас мөнгөө бөөнд нь авахыг шаардсан. Ингэж олон удаа шаардуулж байж, 2014 оны 07 дугаар сарын арван хэднээр Ц орой 10 цагийн үед гэрийнхээ гадаа уулзъя гээд уулзаад, надад 20,000,000 төгрөг өгсөн. Энэ үед нь би Ц-д ийм байдлаар мөнгөө цувуулж өгвөл болъё оо, ингэж мөнгөө цувуулж авах юм бол надад зарах шаардлага байхгүй гэдгийг өмнө нь ч хэлж байсан, тэр үед ч мөн хэлсэн. Үүнээс хойш мөнгөө өгөхгүй болохоор нь би Ц-оос байнга л мөнгөө нэхэж, болохгүй бол болъё оо гэдэг шаардлагаа удаа дараа тавьсаар байсан.

Гэтэл Ц надад байшин барих санал тавиад, манайх 5-6 давхар барилга бариад 2 давхрыг нь та ав гэхээр нь, би бас за яахав болох юм гэж бодоод харзнасан. Ингээд 2015 оны 01 дүгээр сард би гар утас авах гэж байтал, Ж надад та утас аваад яах вэ, би таньд утас өгье гээд надад Iphone 5s загварын rap утас өгсөн. Надад тэр утсаа өгөхдөө мөнгөнд тооцлоо гэж юм хэлээгүй. Дараа нь 02 дугаар сарын 02-ны өдөр би хөдөө явах болоод архи, ундаа зэрэг 2,998,480 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн тэднээс авсан.

Ц, Ж нар намайг мөнгөө нэхээд ирэхээр л тухайн үедээ надад ингэж юм өгөөд аргалаад яваад байсан. Ц миний найз байсан учраас би шууд уурлаад байж чаддаггүй, хөрөнгөө худалдахаа болилоо гэж хэлэхэд тоймтой зүйл хэлэхгүй, надад миний нийгмийн даатгалыг өөрийн компанийн нэр дээр төлүүлж өгье гээд нийгмийн даатгалын төлөлтийг хэсэг хугацаанд төлж өгөөд, зарим үед бензиний карт өгөх зэргээр хугацаа хожоод явсан.

Хамгийн сүүлд буюу 2016 оны 07 дугаар сард надад 5,000,000 төгрөгийн бензиний карт өгсөн. Тэрнээс хойш мөн л мөнгө өгөхгүй болохоор би удаа дараа мөнгөө өгөхийг шаардаж, ерөөсөө болъё, би мөнгийг чинь буцааж өгье, ингэж цувуулж авсан мөнгө надад юм болохгүй байна, та нарын хувьд овоо хэдэн жил миний объект дээр үйл ажиллагаа явуулж ашиг олсон, одоо өгсөн авснаа буцаая гэсэн саналыг олон удаа хэлж, болохгүй бол шүүхээр явъя гэж хэлсэн.

Түүнээс хойш чимээгүй байж байгаад ингэж шүүхэд хандаж байгаа нь өөрсдийн бурууг хаацайлах гэсэн арга гэж бодож байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин тэдний өгсөн мөнгийг би буцааж өгөхөд бэлэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

/4 хх-ийн 153-154 тал/

 

Хариуцагч Ж.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, өмгөөлөгч Д.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“К” ХХК-ийг төлөөлж буй Д.Ц нь анх Ж.Д-ыг өөрийнхөө үндсэн өмчлөлийн газартаа үйл ажиллагаа явуулж байхад нь ах дүүгийн болон зарим нэг бизнесийн холбоог ашиглан 2014 оноос “Энэ газраа надад зарчих” гэж гуйдаг байсан. Тэгэхэд нь зарах сонирхолгүй гэхэд зарчихаач гээд шалаад байхаар нь Ж.Д хэрэв зарвал 250,000,000 төгрөгт зарна, гэхдээ газрын үнэ тусдаа, тухайн үед нь үнэ өөрчлөгдвөл үнэ өөрчлөгдөнө гэдгийг хэлсэн байдаг.

Д.Ц нь өөр хүний нэр дээр газар байдаг гэхээр тэр хүнтэй чинь уулзъя гээд 2014 оны 3 дугаар сард Ч.О-ын гэрт, өдрийн цагаар очиж уулзаад газрын бичиг баримтыг үзээд явсан. 1000 м.кв газар гэж Ж.Д ерөөсөө яриагүй байтал нэхэмжлэгч Д.Ц 1000 м.кв болгож яриад байгааг ойлгохгүй байна.

2014 оны 3 дугаар сард Ч.О-ын гэрт Ч.О, түүний эхнэр н.Т, Ж.Д, Д.Ц гэдэг 4 хүн тэр газрын гэрчилгээг Ч.О-ын нэр дээр байгааг хараад Ч.О-аас Ж.Д руу газар эзэмших эрхийг шилжинэ гэдгийг сонсож мэдсэн.

Худалдах, худалдан авах хэлцэл дээр төлбөрийн 50 хувийг эхэлж өгөөд, үлдэх 50 хувийг нэр дээр шилжүүлсний дараа өгөх талаар яригдаагүй. Мөнгөө бүтэн өгч, 100 хувь төлчихвөл ав гэж яригдсан болохоос энэ талаар цаасан дээр юу ч буугаагүй, амаараа хэлчихвэл энэ бүхэн шийдэгдэх юм шиг зүйл ярьж байгааг нь ойлгохгүй байна. Д.Ц худалдаж авна гэж яриад байранд орж суучихсан мөртлөө одоо болохоор өөрийгөө өмчлөгч гээд байгаа юм.

Анх 1000 м.кв газар гэж хэлээд байсан газар 441 м.кв газар байсан байна гээд хуурч мэхэлсэн юм шиг зүйл яриад байгаагаас үзэхэд худалдан авагч нь Иргэний хуульд зааснаар эрхийн болон биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдаж авсан болж таараад байна. Газрыг Ж.Д-ын нэр дээр гэж бодсон боловч Ч.О-ын нэр дээр байсан гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д: хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хүчин төгөлдөр болно гэж заасан. Талууд хэлцлээ бүртгүүлэх, гэрчлүүлэхийг ёстой болохыг хэзээ мэдсэн байхыг шаардахгүй, гагцхүү хуульд ийм байхыг заачихсан байна. Талуудын яриад байгаа хэлцэл бол гэрээ биш. Хэлцэл болгон гэрээ биш, гэрээ болгон хэлцэл байдаг. Анхнаасаа талуудын хооронд хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байсан байх бөгөөд 441 м.кв газар нь 2017 оны 3 дугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ж.Д-ын эзэмшилд ирсэн байна.

Ж.Д нь өөрийн объектоосоо гарсан зүйл байхгүй, газрын гэрчилгээг гарахаар шилжүүлнэ гэж тохирсон. Энэ 8 жил мөнгөө өгөөгүй байж 8 жилийн өмнөх ханшаар өнөөдөр ийм ханштай байх ёстой гэж хүний өмчийг авахаар шаардах эрхгүй гэж бодож байна.

2017 оны эхээр Ж.Д өөрийнхөө нэр дээр газар эзэмших эрхээ Ч.О-аас шилжүүлж авчихаад Д.Ц-д хэлэлгүй нуусан зүйл огт байхгүй. Газрын гэрчилгээгээ бариад Д.Ц-той уулзахад тэрээр худалдах, худалдан авах гэрээгээ бүүр болиод, хамтарч барилга баръя, уг барилгын 2 давхрыг өгнө, барилгын зураг нь бэлэн гэж хэлсэн. Барилгын зураг нь хэрэгт авагдсан байдаг. Үүнээс үзэхэд талуудын анх ярьсан хэлцэл дуусгавар болоод барилга барих болж өөрчлөгдсөн байдаг. Ингэж ярьсан зүйл нь өөрчлөгдөөд янз бүр болчихсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар талд байгаа барилгын зураг төсөл нь “К” ХХК-ийнх, 2017 онд барилга барих хэлцэл хийх хүртэл Д.Ц-д мөнгөө өгөөд газраа ав гэсэн шаардлагыг Ж.Д удаа дараа тавьж, мөнгөө өгөхгүй бол болъё гээд 40,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл өгсөн, авснаа буцаая гэж ярилцаж тохиролцсон.

Үүнээс хойш Д.Ц нь өдөр болгон чи шүүхээр явах юм бол юу ч олж долоохгүй шүү гэж Ж.Д-ыг байнга дарамталж ирсэн бөгөөд өмнөх шүүх хуралдааны дараа “чи шүүхээр явах юм бол удна шүү, миний хэлсэн саналыг ав” гэж хэлсэн байсан. “К” ХХК-ийн н.Жавхланбаатар болон Д.Ц хоёр газраа шилжүүлж өгсөнгүй гэж хоолойг нь боож байхад Ж.Д-ын ажилтан орж ирж, салгаж байсан үйлдэл байдаг. Гэтэл эдгээр үйлдлийг Ж.Д хийсэн мэтээр ярьж байгааг ойлгохгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь Ж.Д-ын нэр дээр байгаа бөгөөд тэрээр өөрийнхөө өмчийг захиран зарцуулах эрхийнхээ дагуу жижиг ханыг нураасан. Гэтэл Д.Ц чи миний хөрөнгийг нураалаа гээд цагдаад хандахад гэрчилгээ хэний нэр дээр байгааг үзээд чи чинь учраа мэдэхгүй байгаа юм уу, гэрчилгээ Ж.Д-ын нэр дээр байна гээд явсан байдаг. Гэтэл шүүх дээр өөрийн өмч гээд зогсож байгааг ерөөсөө ойлгохгүй байна.

Д.Ц нь 2017 оноос хойш янз бүрийн юм ярьдгаараа буцаад ярих юм болов уу гэхээр одоо байшингаа баръя гэж хэлдэг. 13 дугаар хорооллын байр нь эд хөрөнгийн хувьд маргаантай байр байдаг. Хүн өөрийнхөө өмчийг хэрхэн, яаж захиран зарцуулах нь өмчлөгчийн өөрийнх нь эрх бөгөөд бэлэн мөнгөөр худалдана гэсэн бол үүгээрээ л худалдана.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэдэг тогтоогдохгүй байх ба энэ шаардлага нь үндэслэлгүй юм. Үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр дараагийн өмчлөгчид өмчлөх эрх шилждэг. Хуульд заасан шаардлага хангаагүй тул уг хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.  Улсын бүртгэлд бүртгүүлээгүй мөртлөө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоолгох, гэрээний дагуу 129,756,525 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, байрыг чөлөөлүүлэх гэж шаардсан нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх санал тавьсан гэдэг боловч эвлэрэх талаар өнөөдрийг болтол нэг ч удаа яриагүй.

Иймд нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, өмгөөлөгч Д.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Д миний бие Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж-0 тоот дахь өөрийн эзэмшлийн 1000 м.кв газар, 144 м.кв талбайтай, нэг давхар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хуурай дүү болох Д.Ц-д 250,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Би түүнд итгээд үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлж үйл ажиллагаагаа явуулъя, мөнгийг нь удахгүй өгнө гэхэд нь нөхцөл боломжоор хангаж өгсөн. Д.Ц өөрийн компаниа оруулж, үйл ажиллагаагаа эхэлсэн боловч ярьсан хэлснээрээ миний мөнгийг өгөхгүй болохоор би Д.Ц-оос мөнгөө нэхэхэд надад компанийн эзэмшлийн Лексус маркийн машиныг 60,000,000 төгрөгөөр бодож өгсөн. 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дансаар 20,000,000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би мөнгөө ингэж цувуулж өгвөл надад юм болохгүй байна, нэг бол мөнгөө бөөнд нь авъя, үгүй бол энэ наймааг хиймээргүй байна гэдгээ хэлсэн. Түүнээс хойш би Д.Ц руу удаа дараа холбогдохоор залгахад утсаа авахгүй байж байгаад 07 дугаар сарын сүүлээр нэг орой утсаа аваад намайг та хүрээд ирээч, уулзах хэрэг байна гэж хэлсэн.

Би Д.Ц-той уулзаад нэг бол миний объектийг суллаж өг, үгүй бол миний мөнгийг гаргаж өг гэх шаардлагыг тавихад таны мөнгийг одоо удаахгүй ээ, удахгүй мөнгө орж ирнэ, дүү нь зээл хөөцөлдөж байгаа гээд 20,000,000 төгрөг өгөхөд нь би дахин дахин ингэж цувуулж авмааргүй байна, хэлсэн ярьсандаа мөнгөө бөөнд нь авмаар байна, үгүй бол энэ үл хөдлөх хөрөнгөө зарах шаардлагагүй, ах нь өөрөө үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулаад бусдыг нь түрээслээд явж байсан нь амар байгаа тухайгаа хэлсэн.

Ингэж ярилцсанаас хойш Д.Ц зээл авах болж байгаа тухай ярьж байснаа ер нь дүү нь танай газар дээр 5-6 давхар барилга бариад та 2 давхрыг бүхэлд нь ав, бусад давхарт нь бид үйл ажиллагаагаа явуулъя гэхээр нь би болох л юм гэж бодоод барилгаа барихыг нь харзнасан. Гэтэл 2016 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Д.Ц болон н.Ж нар надад бензин авах талон, гар утас зэргийг өгөөд удахгүй, ажлаа эхэлнэ гэж ярьсаар 2016 оны 07 дугаар сараас хойш надад мөнгө өгөх талаар болон барилга барих асуудлаар аль аль талаар ярихгүй, миний үл хөдлөх хөрөнгө дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байсан.

Би 2016 оноос эхлэн арга буюу Д.Ц-д 2014 оноос хойш бүтэн 2, 3 жилийн хугацаанд танайх миний объектод үйл ажиллагаа явуулж чамгүй ашиг оллоо, одоо ер нь болсон байх аа, би ер нь танайд энэ үл хөдлөх хөрөнгөө худалдахаа болъё, та нарын өгсөн мөнгийг би буцааж өгье, танайх миний үл хөдлөх хөрөнгийг суллаж өг гэх шаардлагыг удаа дараа тавьж, хэрэв үгүй бол би шүүхэд хандах болно шүү гэж гэж хэлж ярьж байсан.

Миний энэхүү шаардлагыг үл тоон, өдий хүртэл миний үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулах талаар тохирсон үнэ хөлсийг төлөөгүй байж, миний объектод үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж ашиг олсоор байна.

“К” ХХК нь миний үл хөдлөх хөрөнгийг бэлэн мөнгөөр худалдаж авах гэж байгаа мэт ярьж, намайг итгүүлэн миний хөрөнгийг эзэмшин ашиг орлого олж, хохироогоод байгаа буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад учруулсан хохирол болох 105,000,000 төгрөг болж байна. Миний хохирол гээд байгаа нь “К” ХХК-д би өөрийн объектоо суллаж өгөлгүй, түрээслээд явж байсан бол түрээсийн төлбөр жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ашигтай байрлалын хувьд доорх орлогыг олох ёстой байсан.

Энэ 105,000,000 төгрөгийг задалбал 2014 оны 05 дугаар сараас эхлэн “К” ХХК миний объектод үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2015 оны 05 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд буюу сарын 1,000,000 төгрөг, жилийн 12,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд 12,000,000 төгрөг, 2016 оны 05 сараас 2017 оны 05 сар хүртэл 24,000,000 төгрөг, 2017 оны 05 сараас 2018 оны 05 сар хүртэл 24,000,000 төгрөг, 2018 оны 05 сараас 2019 оны 04 сар хүртэл 11 сарын хугацаанд 33,000,000 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 105,000,000 төгрөг олох ёстой байсан.

Мөн гэрээний үүргээ биелүүлэлгүй надад хохирол учруулж байгаагаас гадна өөрсдийн ашигласан цахилгаан эрчим хүчний төлбөрийг өгдөггүй, өдий хүртэл би тус компанийн хэрэглэсэн тог цахилгааны мөнгийг төлж байсан.

2014 оны 05 дугаар сараас эхлэн өдий хүртэл буюу 2019 оны 04 дүгээр сар хүртэлх цахилгааны төлбөр 23,995,432 төгрөгийг би төлсөн.

Иймд миний эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот дахь өөрийн эзэмшлийн 1000 м.кв газар, тус хаягт байршилтай 144 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийг “К” ХХК-иас албадан чөлөөлж өгнө үү, гэрээний үүрэг зөрчсөнөөс надад учруулсан хохирол болох 105,000,000 төгрөг, тог цахилгаан ашиглаж надад учруулсан хохирол болох тогны төлбөрийн 50 хувь 12,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөгийг “К” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

/1хх-ийн 59-60, 3 хх-ийн 100-102/

 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Б.Б, М.Б нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Д-аас өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж 0 тоотод байрлах нэг давхар, 144 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 250.000.000 төгрөгөөр “К” ХХК-д худалдахаар тохиролцож, тус компаниас 122,499,880 төгрөгийн мөнгө, хөрөнгийг авсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд Ж.Д нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг гэрээний дагуу “К” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээс зайлсхийсээр ирсэн бөгөөд шүүхэд хандан хөрөнгө албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл манай компани Ж.Д-аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсаар ирсэн, тэрээр гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан нь өнөөдрийн энэхүү маргааныг үүсгэх үндэс болсон. Харин Ж.Д энэ хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар өөрөө ямар арга хэмжээ авч ажиллаж ирсэн талаар огт тайлбарладаггүй. Маргаж байгаа хөрөнгийг худалдан авахад цахилгааны бие даасан эх үүсвэр огт байгаагүй. Тиймээс хажуу хөрш байгууллагаас түр журмаар цахилгааныг агаарын цахилгааны утсаар татаж авч ашигладаг байсан. Тухайн үед гаражийг худалдан авч байхад шинээр цахилгааны техникийн нөхцөл авч өөрийн найдвартай эх үүсвэрээр холболт хийхэд 70-80 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал гарах тооцоо гарч байсан юм. Тиймээс бид ямар ч байсан гаражийн худалдан авалтаа эхлээд амжилттай хийж дуусгасны дараа уг газар дээр хэрэгжүүлэх төслийнхөө цар хүрээнээс хамааруулж цахилгааны хүчин чадлаа тооцож холболт хийх нь зүйтэй юм гэж дүгнээд хажуу хөрш, ойр тойрноос цахилгааны түр эх үүсвэрийг түр байдлаар авч өнөөдрийг хүртэл цахилгааны хэрэглээгээ хангаж ирсэн.

Манай урд талын н.О-ын объект нэр бүхий хөрш байгууллагаас түр эх үүсвэрээр татсан цахилгаанаар хангагдаж байсан ба өөрөө ашиглахын зэрэгцээ манайд тусгаарласан цахилгаан тоолуурын дагуу тооцож цахилгаан өгч ирсэн.

Ж.Д цахилгааны тооцоогоо өөрийнхөө хувийн компани болох “О” ХХК-аараа дамжуулж “Цахилгаан түгээх сүлжээ” ХК-тай хийдэг байсан. Манай компани Ж.Д-ын хэлсэн тоолуурын заалтаар гарсан цахилгааны үнийг 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй төлсөөр ирсэн. Өнөөдрийг хүртэл худалдаж авсан гаражийнхаа цахилгаан хэрэглээний төлбөрт бид 13.700.000 төгрөг төлсөн. Тиймээс Ж.Д-ын сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа тусгасан цахилгааны төлбөр ямар ч үндэслэлгүй юм.

Мөн тэрээр түрээсийн орлогоор дүйцүүлж олж болох байсан орлого буюу алдагдсан боломжийн өртөг гэдгийг манай компаниас гаргуулахаар шаарджээ. Иргэний хуульд түрээсийн орлогоор дүйцүүлж олж болох байсан орлого, алдагдсан боломжийн өртөг гэсэн ойлголт байдаггүй, бусдаас ямар нэгэн зүйлийг эрх зүйн хүрээнд шаардаж байгаа бол түүнд эрх зүйн харилцаанаас үүдсэн шаардах эрх үүсдэг. Энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гэж байгаа зүйлд ийм үндэслэл бүхий шаардах эрхийн талаар тусгаагүй байна.

Түүнээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үнэн зөв тайлбар гаргахгүй байна, Ж.Д-ын компанийн нэр дээр цахилгааны код байсан. Тэр кодоор цахилгааны төлбөр мөнгө гардаг болохоор 12,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас өмнөх шүүх хуралдаан дээр Ж.Д-ын төлөөлөгч нь  өмгөөлөгчийн хамт оролцоод татгалзаж байсан. 

Ж.Д нь сөрөг нэхэмжлэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т: “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэж тайлбарлаж байгаа болов уу гэж таамаглаж байна.

Гэтэл хуульд өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байх ба бидний маргаж байгаа объектын асуудал өөр байдаг. Энэ хөрөнгийг 2014 онд Ж.Д нь өөрөө “К” ХХК-д сайн дурын үндсэн дээр тэдний хооронд байгуулагдсан гэрээний дагуу 100 хувь шилжүүлж өгсөн. Үүнээс үзэхэд “К” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу шударгаар олж авсан шударга эзэмшигч юм. Тухайн эд хөрөнгөнд засан сайжруулалт хийж, нилээдгүй хөрөнгө оруулалт хийсэн. Ж.Д-ын шилжүүлж өгсөн эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар өнгө төрхөө 100 хувь өөрчилсөн.

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т: “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж заасны дагуу “К” ХХК-д гэрээний дагуу шилжүүлж өгсөн эд хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардаж авах боломжгүй гэж үзэж байна. Ж.Д өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож, гэрээ байгуулсан, гэрээний үндсэн дээр хөрөнгөө шилжүүлсэн, тухайн хөрөнгөөс тодорхой хэсгийг өөрөө хүсэлт гаргаад хүлээгээд авчихсан байдаг.

“К” ХХК нь өөрийн хэрэглэж байсан цахилгааны төлбөр төлсөн баримтыг хэрэгт өгчихсөн, өнөөдрийн байдлаар цахилгааны өр төлбөр байхгүй.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, үүний дагуу нэхэмжлэгч шаардлага гаргасан болохоос өөрөөр байрыг түрээсэлж, ямар нэгэн хууль бус аргаар эзэмшиж байгаа зүйл байхгүй юм.

Иймд хариуцагч Ж.Д-ын Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот дахь өөрийн эзэмшлийн 1000 м.кв газар, тус хаягт байршилтай 144 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийг “К” ХХК-иас албадан чөлөөлүүлэх, гэрээний үүрэг зөрчсөнөөс учруулсан хохирол 105,000,000 төгрөг, тог цахилгааны төлбөрийн 50 хувь 12,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөгийг “К” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт, Хаан банкны орлогын мэдүүлэг, кассын зарлагын ордер, төлбөрийн баримт, Ж.Д-ын цалингийн жагсаалт, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, итгэмжлэл, Авто тээврийн газарт гаргасан хүсэлт, тээврийн хэрэгслийг бүртгэх маягт, тээврийн хэрэгслийг шилжүүлсэн баримт, “К” ХХК-ийн барилгын гадна тохижилтын ажлын төсөв, зардлын тооцоо, баримтууд, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 тоот байрны цахилгааны төлбөр төлсөн баримтууд, 0000 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2019 оны газрын төлбөр төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018.07.26-ны өдрийн 254 дугаартай төлбөрийн даалгавар зэрэг баримтуудыг /1хх-ийн 3-19, 2 хх-ийн 1-70, 87-250, 3 хх-ийн 1-98, 136-172, 175-179, 249, 4 хх-ийн 182/,

Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот 144 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөр төлсөнтэй холбоотой баримтууд, Ж.Д-ын Хаан банк дах тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 144 м.кв талбай бүхий, 12 машины авто гражийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2008.09.24-нйи өдрийн “А” “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, “М” ХХК, “О” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, Ж.Д-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, “К ХХК-ийн барихаар төлөвлөсөн 5 давхар барилгын зураг төсөл, ихэсгэсэн шаардлагын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Ж.Д-ын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтуудыг /1хх-ийн 61-67, 96-123, 216-220, 3 хх-ийн 104-112, 206-210/ тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчийн хүсэлтээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот авто үйлчилгээний барилгын нэгдүгээр давхрын барилгын өмчлөл бүртгэгдсэн холбоотой баримтууд, уг хаягт байршилтай 441 м.кв газар эзэмших эрх, газрын гэрчилгээ олгогдсонтой холбоотой баримтууд, Инженер геодези газар зүй ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, кадастрын зураг, гэрч Ч.О-ын мэдүүлэг, Ч.О-ын Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот 1104 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, “А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ч.О-ын Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 3206 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, О.Э-ний 2540 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, С.Ц, Л.Ү, С.М нарын мэдүүлэг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019.06.05-ны өдрийн 2/1163 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн ажил гүйцэтгэх гэрээ, шинжээч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар, Инженер геодези ХХК-ийн захирлын 2018.11.06-ны өдрийн 19/017 дугаартай тушаал, Инженер геодези ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг /1 хх-ийн 42-51, 84-88, 170-177, 180-202, 3 хх-ийн 122-132, 203-205, 219-221,  231-234, 236-241, 4хх-ийн 7-8/ шүүх бүрдүүлсэн байна.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан

талуудын хооронд 1,000 м.кв (одоо байгаа бодит хэмжээ нь 441 м.кв  газартай) газар бүхий гражийн зориулалттай 1 давхар байшинг 250,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсаныг тогтоолгож, гэрээний дагуу “К” ХХК Ж.Д-д 129,756,520 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоотод байрлах оффисийн зориулалттай барилгын өмчлөгчөөр “К” ХХК-ийг тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, нэгж талбарын 0 дугаартай 441 м.кв газрыг “К” ХХК-д шилжүүлэхийг Ж.Д-д даалгах, Ж.Д-ын эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоотод байрлах 144 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгын хэсгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан,

хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө, газрыг чөлөөлүүлэх, түрээслүүлж олох байсан орлого 105,000,000 төгрөг, цахилгааны төлбөр 12,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, 14х12 хэмжээтэй, 10-12 суудлын автомашины багтаамжтай, автомашины хүйтэн гаражийн зориулалттай, нэг давхар тоосгон хийцлэлтэй барилгыг,  уг барилгын доорхи болон түүний эргэн тойрны 1000 м.кв эдэлбэр газрын хамт 250,000,000 төгрөгөөр худалдан авах,   төлбөрийн 50 хувийг урьдчилан төлөх, өмчлөх болон эзэмших эрхийг Ж.Д-ыг шилжүүлэн өгсний эцэст үлдэгдэл төлбөрийн 50 хувийг банкны санхүүжилтээр төлөхөөр тохиролцсон худалдах, худалдах авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан тул үүргийн гүйцэтгэл шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 

Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, авто үйлчилгээний зориулалттай, 144 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгч нь Ч.О байсан байх ба тэрээр өмчлөх эрхээ 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ж.Д-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, үүний үндсэн дээр Ж.Д-д 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, №0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

/1хх-ийн 62-63, 84-88/

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 захирамжаар ...Засаг даргын 2007.08.25-ны өдрийн 378 захирамжийн иргэн Ч.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэгж талбарын 0, 1 дугаар бүхий, 441 м.кв газрыг, 15 жилийн хугацаатай, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, үйлдвэрлэл зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийг Ж.Д-д олгож, түүнд №0 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр олгосон байна.

 

/1 хх-ийн 43-51/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/168 дугаартай дүгнэлтээр:

“Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоотод байрлах газар нь иргэн Ж.Д-ын нэр дээр эзэмших эрхтэйгээр, нэгж талбарын 0 дугаар бүхий 441 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байна.

К ХХК-ийн эзэмшлийн гэх 214 м.кв талбайтай автомашины гаражийн зориулалттай барилга, 31 м.кв талбайтай блокон барилга, 6 м.кв талбайтай харуулын байр тус тус байрлах ба бодит байдал дээрх нийт талбай нь 948 м.кв байна...” гэжээ.

 

/1 хх-ийн 193-199/  

 

Дээр дурдсан баримт, зохигчийн тайлбар, гэрч Ч.О, С.Ц, С.М нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч Ж.Д нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, авто үйлчилгээний зориулалттай, 144 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийг, 1000 м.кв газрын хамт 250,000,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч “К” ХХК нь үнийг төлөхөөр тохиролцож, гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс зохих хэсгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

          Талууд ийнхүү тохиролцох үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ж.Д байх боловч түүнд 1000 м.кв газар эзэмших эрх олгогдоогүй, Ч.О-ын нэр дээр газар эзэмших эрх бүртгэгдсэн байсан байх ба тэрээр уг газраас тодорхой хэсгийг Ж.Д-ын эзэмшилд шилжүүлэх талаар нэхэмжлэгчид тайлбарлаж байсан нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх ба хариуцагчид 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 441 м.кв газар эзэмших эрх олгогдсон талаар  зохигч маргаагүй.

 

/3хх-ийн 123-126,131-132 /

 

          Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т: “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-т: “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь дээрх үл хөдлөх хөрөнгийг, газрын хамт худалдах, нэхэмжлэгч нь үнэ төлөхөөр тохиролцож, талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл байгуулсан, үүний үндсэн дээр хариуцагч нь хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч нь төлбөрөөс зохих хэсгийг төлсөн, уг төлбөрийг хариуцагч хүлээн авсан нь талуудын хооронд өөрсдийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан, хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т: “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасны дагуу талууд хүсэл зоригийн илэрхийллээ тодорхой үйлдлээр хийсэн байх тул тэдний хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь 1000 м.кв газар, 144 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцохдоо төлбөрийг хувааж, хэсэгчлэн төлөхөөр тохиролцоогүй, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

 

          Худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 22 дугаар бүлэгт гэрээний хэлбэр бичгээр байх шаардлага тогтоогоогүй байх ба Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-т: “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэж зааснаас үзэхэд хэлцлийн хүчин төгөлдөр байдал, талуудын эрх, үүргийг нотолгооны бусад хэрэгслээр нотлох боломжийг үгүйсгээгүй байна.

 

Талуудыг хэлцэл хийх үед хариуцагч нь газар эзэмших эрхгүй байснаас тэрээр энэхүү эрхийг шилжүүлэн өгөх боломжгүй байсан байх ба тэрээр уг эрхийг өөрт шилжүүлэн авсны эцэст нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөөр тохиролцсон нь тэдний хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нь гэрээнд оролцогч талуудын харилцан чөлөөт байдал, тэдний харилцан бие биедээ хүлээлгэсэн итгэл хүлээлцсэн зарчимтай нийцэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг, газрын эрхийг баталгаажуулсны эцэст эдгээр эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөөр тохиролцсон үүргийн харилцааг үүсгэсэн хэлцэл талуудын хооронд хийгдсэн, энэхүү үүргийн харилцааг үндэслэн өмчийн хэлцэл хийгдэх үр дагаврыг бий болгосон гэж үзнэ. 

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-т: “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно” гэж заасан.

 

          Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 2014 оны 06 дугаар сард 65,000,000 төгрөгт тооцон Лексус 470 маркийн автомашин, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг дансаар, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг дансаар, 2014 оны 01 дүгээр сард 800,000 төгрөгийн үнэ бүхий шинэ iphone 5s гар утас, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,998,480 төгрөгийн үнэ бүхий архи, ундаа бүтээгдэхүүн, 2014 оны 11 сар 4,500,000 төгрөгтэй “Ш” ХХК-ийн бензины карт №415017598, 2014 оны 11 сараас 2015 оны 12 сар хүртэл Ж.Д-ын нийгмийн даатгалын төлбөрт 1,945,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сард 5,000,000 төгрөгийн үнэ бүхий “Ш” ХХК-ийн шатахууны карт зэрэг нийт 120,243,480 төгрөгийн эд зүйл, мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөнтэй  холбоотой бэлэн мөнгөний зарлагын баримт, ХААН банкны орлогын мэдүүлэг, кассын зарлагын ордер, төлбөрийн баримт, цалингийн жагсаалт, 2014.05.30-ны өдөр Авто тээврийн Үндэсний төвд 0000 УНЧ улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг Ж.Д-ын нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлт, уг хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотой баримт, 0000 УНП улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтыг ирүүлжээ. 

 

/1хх-ийн 4-12, 18-19, 3хх-ийн 175/

 

Хэрэгт хариуцагчаас 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид “үл хөдлөхийн буцаан төлөлт” утгаар шилжүүлсэн, нэхэмжлэгчээс мөн өдөр “Д-ын гүйлгээг буцаав /андуурагдсан/” утгаар хариуцагчид 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг тус тус ирүүлсэн байна.

 

/1хх-ийн 67, 3хх-ийн 249/

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т: “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

 

Дээрх 40,000,000 төгрөгийг гэрээнээс татгалзсаныг илэрхийлэн нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн гэж хариуцагч тайлбарласан боловч гэрээний оролцогч гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээгээр өгсөн, авсан зүйлийг биет байдлаар нь, боломжгүй бол үнийг бүхэлд нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөхийг шаардах ба дээрхээс үзэхэд тэрээр гэрээгээр хүлээн авсан зүйлээ бүхэлд нь буцаасан болохоо баримтаар нотлоогүй нь түүнийг гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Хариуцагч нь гэрээний төлбөрт 120,243,480 төгрөгийн эд зүйл, мөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авсантай маргаагүй, өөрөөр хэлбэл дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар няцаасангүй.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, уг  хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх, бүртгүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулжээ.

 

          Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг, газрын хамт 250,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь 120,243,480 төгрөгийг хариуцагчид төлсөн, хариуцагч нь дээрх хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, уг хэлцлийг бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх, бүртгүүлэхтэй холбоотой үр дагаврыг бий болгох боломжгүйд хүрсэн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.  

 

Үүнээс үзэхэд талууд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 43 дугаар зүйлийн 43.3-т заасантай нийцэж байх тул тэдний хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ.

 

Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх тул хариуцагч Ж.Д-д холбогдох, талуудын хооронд 1,000 м.кв (одоо байгаа бодит хэмжээ нь 441 м.кв) газар бүхий, гражийн зориулалттай 1 давхар байшинг 250,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг, гэрээний үүрэгт “К” ХХК нь хариуцагч Ж.Д-д 129,756,520 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй болохыг, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоотод байрлах 144 м.кв талбай бүхий барилгын өмчлөгч “К” ХХК болохыг тус тус тогтоож, хариуцагч Ж.Д-д Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, нэгж талбарын 0 дугаартай 441 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг нэхэмжлэгч “К” ХХК-д шилжүүлэхийг даалгаж, Ж.Д-ын эзэмшлээс Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоотод байрлах 144 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.          

Ж.Д нь Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж-0 тоот дах 1000 м.кв газар, 144 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх хөрөнгийг “К” ХХК-д худалдахаар тохиролцсон, үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцоогүй, нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ төлөх биелүүлээгүй тул уг хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2014 оны 05 дугаар сараас 2019 оны 04 сар хүртэлх хугацааны олох ёстой орлого 105,000,000 төгрөг, мөн хугацааны цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийн 50 хувь болох 12,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ж.Д нь Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, авто үйлчилгээний зориулалттай, 144 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг, уг хаягт байршилтай газрыг 1000 м.кв хэмээн тооцож, хамтад нь 250,000,000 төгрөгөөр “К” ХХК-д худалдах, “К” ХХК нь үнийг төлөхөөр тохиролцсон, үүний үндсэн дээр хөрөнгийг “К” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

“К“ ХХК нь 2014 оны 05 сард худалдах, худалдан авах гэрээний дагуу хөрөнгийг Ж.Д нь шилжүүлэн өгсөн, үүний үндсэн дээр зохих засан сайжруулалтыг хийсэн, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа тул түүний хөрөнгө чөлөөлүүлэх, хохирол, төлбөр шаардсан нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Дээр дурдсан байдлаар талууд тохиролцох үед Ж.Д-д 1,000 м.кв газар эзэмших эрх олгогдоогүй байсан байх ба түүнд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэгж талбарын 0, 1 дугаар бүхий, 441 м.кв газрыг газар эзэмших эрх бий болсонтой зохигч маргаагүй.

 

          “К” ХХК-д үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 05 сард Ж.Д шилжүүлэн өгсөн, “К” ХХК хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 2014 оны 12 сар хүртэлх хугацаанд уг хөрөнгөнд засан сайжруулалт хийсэн болох нь зардлын баримтуудаар тогтоогдож байх ба энэхүү байдлыг Ж.Д баримтаар няцаагаагүй болно.

 

/2 хх-ийн 1-250, 3 хх-ийн 1-98/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т: “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаас үзэхэд аливаа эзэмшил хууль бус байхыг шаардаж байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний үндсэн дээр Ж.Д нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг, хэлцэл хийх үед бусдын эзэмшилд байсан газрын хамт нэхэмжлэгчид шилжүүлэн өгч, гэрээний төлбөрөөс зохих хэсгийг “К” ХХК-иас хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл талуудын хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар “К” ХХК-д эзэмшил үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т: “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

Ж.Д нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдад түрээслүүлснээс олох ёстой орлогод тооцож 2014 оны 05 дугаар сараас “К” ХХК нь түүний байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул 2015 оны 05 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд буюу сарын 1,000,000 төгрөг, жилийн 12,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд 12,000,000 төгрөг, 2016 оны 05 сараас 2017 оны 05 сар хүртэл 24,000,000 төгрөг, 2017 оны 05 сараас 2018 оны 05 сар хүртэл 24,000,000 төгрөг, 2018 оны 05 сараас 2019 оны 04 сар хүртэл 11 сарын хугацаанд 33,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөг нэхэмжилжээ.

 

Тэрээр хохиролд 105,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл болгож “А” ХХК-ийн захирал Ж.Д, “Т” ХХК-ийн захирал Ю нарын хооронд 2008.09.24-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан түрээсийн гэрээг, “М” ХХК болон “О” ХХК-ийн хооронд 2010.06.30, 2010.11.05, 2011.03.04, 2011.06.27, 2013.03.01, 2015.05.19, 2015.04.27, 2011.03.31-ний өдөр тус тус байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2011.03.31-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

/1хх-ийн 99-119/

 

Дээрх гэрээ нь түүний эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн дагуу өөрийн орлогыг татварын байгууллагад тодорхойлсон баримт гэж үзэх боломжгүйгээс гадна уг гэрээгээр тэрээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж, түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг, ийнхүү түрээсийн үйл ажиллагаа эрхэлсний үндсэн дээр өөрийн орлогыг татварын байгууллагад мэдүүлсэн, ийнхүү мэдүүлсний үндсэн дээр уг орлогод  ногдох татварыг төлснийг тодорхойлсон баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнээс гадна худалдах, худалдан авах гэрээний төлбөр 250,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр тохиролцсон, хэсэгчлэн төлөхөөр тохиролцоогүй гэдэг Ж.Д-ын тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна “К” ХХК-ийг гэрээний үүргээ зөрчсөний улмаас Ж.Д гэрээнээс татгалзсан, ийнхүү татгалзсаны улмаас тэрээр учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Ж.Д нь 2014 оны 05 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх цахилгааны төлбөрт төлсөн 23,995,432 төгрөгийн 50 хувь буюу 12,000,000 төгрөгийг нэхэмжилж хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулгыг, 

“К” ХХК нь 2014 оны 10 сараас 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хүртэлх хугацаанд цахилгааны төлбөрт 13,798,391 төгрөг төлсөн талаарх баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

/3 хх-ийн 104-112, 136-172/

 

Эдгээр баримтаар “К” ХХК нь дээрх хугацаанд өөрийн ашигласан цахилгаан эрчим хүчний төлбөрийг зохих байгууллагад төлсөн байх ба харин уг төлбөрийг Ж.Д-д төлөх үүрэгтэй  гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр “К” ХХК-д холбогдох, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот дахь өөрийн эзэмшлийн 1,000 м.кв газар, тус хаягт байршилтай 144 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гэрээний үүрэг зөрчсөнөөс учруулсан хохирол 105,000,000 төгрөг, тог цахилгааны төлбөрийн 50 хувь 12,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөг гаргуулах тухай Ж.Д-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Инженер геодези” ХХК-ийг шинжээчээр томилсон, тэрээр ажлын хөлс 150,000 төгрөгийн нэхэмжлэхийг шүүхэд ирүүлсэн, талуудаас хөлс төлсөнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул уг хөлсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардалд тооцон хариуцагч Ж.Д-аас гаргуулан шинжээчид олгож шийдвэрлэв.

 

/1 хх-ийн 176-177/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116,118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “К” ХХК болон Ж.Д нарын хооронд 1,000 м.кв (одоо байгаа бодит хэмжээ нь 441 м.кв газар бүхий, гражийн зориулалттай 1 давхар байшинг 250,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг, 

гэрээний үүрэгт “К” ХХК нь хариуцагч Ж.Д-д 129,756,520 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй болохыг, 

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоотод байрлах 144 м.кв талбай бүхий барилгын өмчлөгч “К” ХХК болохыг тус тус тогтоож,

Хариуцагч Ж.Д-д Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, нэгж талбарын 0 дугаартай 441 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг нэхэмжлэгч “К” ХХК-д шилжүүлэхийг даалгаж, Ж.Д-ын эзэмшлээс Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Ажилчны гудамж, 0 тоотод байрлах 144 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “К” ХХК-д холбогдох, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот дахь өөрийн эзэмшлийн 1000 м.кв газар, тус хаягт байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн,  144 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гэрээний үүрэг зөрчсөнөөс учруулсан хохирол 105,000,000 төгрөг,  цахилгаан эрчим хэрэглэсний төлбөрийн 50 хувь 12,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Д-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2018/13440 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийн 1 дэх заалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,886,100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,150,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,886,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д, шинжээчийн зардалд 150,000 төгрөг гаргуулан ”Инженер геодези” ХХК-д тус тус олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ