Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 657

 

Д.Бд холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 629 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 962 дугаар магадлалтай, Д.Бд холбогдох 1905001820611 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Өшгөг овогт Дын Баасансүрэн нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бгээс 490.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Бд олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Huawei Р20 Рго загварын гар утсыг хохирогч Д.Бд буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуүлийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эвдэрсэн гэх гар утасны хохирлыг барагдуулж, торгууль төлөх шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай: Би Д.Бы бичлэг хийсэн гар утсыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4, 1.7 заалттай холбоотойгоор 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу аргагүй хамгаалалт хийж шидсэн гэдгээ шүүхэд мэдүүлсэн. Гэхдээ түүний гар утсыг өрөөндөө ороод дахин шидэж гэмтээсэн гэсэн үг биш юм. Би Д.Бы утсыг эвдээгүй болох нь хохирогчийн "...тушаал танилцуулснаа баталгаажуулахаар бичлэг хийх гэтэл Д.Б миний гар утсыг аваад над руу шидсэн. Тэр үед миний утас хэвийн ажиллаж байсан..." гэх мэдүүлэг /хх 21-23/, яллагдагчийн " ...би Д.Бы хууль бус үйлдлийг эсэргүүцэж гар утсыг шидсэн. Тэр үед Д.Бы гар утас эвдрээгүй. Дараа нь Д.Б манай өрөөнд хүчээр дайрж орж ирээд гар утсаараа дахиад бичлэг хийж байсан..." гэх мэдүүлэг /хх 21-23/, СД бичлэгт би 08:54 минутанд гар утсыг шидсэн хэдий ч 09:32 дахь минутыг зогсоож харвал Д.Бы гар утас хэвийн ажиллаж байсан учраас тэрээр дахин бичлэг хийж байгаа баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог” гэжээ. Д.Бы надад танилцуулах гэж улайрсан а/76 тушаал нь захирал Түмэнжаргалын агаарын бохирдлыг бууруулах судалгааны 70 сая төгрөгийг шамшигдуулсан гэмт үйлдлийг далдлах, улмаар намайг ажлаас халах зорилготой байсныг би мэдүүлж байсан. а/76 тушаалыг үндэслэн намайг 2019 оны 2 дугаар сарын 20-нд 6/09 тушаалаар ажлаас хууль бусаар халсан нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэр, 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 6/26 тоот тушаал, намайг ажилгүй байлгасан хугацааны нөхөн төлбөрт 6.690.000 төгрөгийг байгууллагын данснаас төлж, төрийн байгууллагыг хохироосон зэрэг баримтуудаар нотлогддог. Үнэндээ хэргийн жинхэнэ хохирогч нь жирийн ажилтан би, төр, нийгмийн даатгалын сан байтал надад эрүүгийн хэрэг ногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх заалттай нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухай: Шүүх хохирогч гэх Д.Бы гар утсыг хэн гэмтээсэн гэдгийг нотлоогүй нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн 16.2, нотолбол зохих зүйлийн 1.2 заалт, 1.3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус зөрчсөн. Хохирогч Д.Бы тал Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж мөрдөгч, өмгөөлөгчид нөлөөлсөн. Үүний уршгаар мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, хэргийн бодит байдлыг тогтоох зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Мөрдөгч нь Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3-д заасан мөрдөгчид ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгаагүй. Д.Б а/76 тушаалыг гар утсаар бичлэг хийж танилцуулсан нь байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн, Эрүүгийн хэргийг хянаж шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь заалтыг зөрчсөн. Хэрэгт хохирогч болон гэрчийн мэдүүлэг авахдаа 2016 оны сонгуулийн дараа хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдээс мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 3 дахь заалт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6 дахь заалт гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлыг судлахад саад учруулсан. Хэрэг болсон өдөр хохирогч гэх Д.Б удирдлагуудын шийдвэрээр гар утсаараа бичлэг хийж надад танилцуулсан а/76 тоот тушаал нь нэг талаас агаарын бохирдлын 70 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй хэргийг далдалж намайг гүтгэсэн, нөгөө талаас миний ажлын байрыг хууль бусаар булаах зорилгоор зориудаар зохион байгуулсан бүлэг гэмт хэргийн нотлох баримт байсан. а/76 тушаалыг тухайн үед мөрдөгч нотлох баримтаар авч судлаагүй нь олон сөрөг үр дагаврыг ар араасаа дагуулсан. Үүний нэг нь агаарын бохирдлын 70 сая төгрөгийн хэргийг АТГ-т шалгаж байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 962 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Д.Б нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаагаар нотолвол зохих асуудлыг бүрэн шалгасан байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ялыг оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Бгийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” төрийн өмчит үйлдвэрийн газрын албан байранд иргэн Д.Бы эд хөрөнгийг буюу Huawei Р20 Рго загварын гар утсыг шидэж тухайн гар утасны дэлгэцийг хагалж, гэмтээн 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Бг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэхэд шүүгдэгч Д.Бг хилс хэрэгт ял шийтгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс гэм хорын хохиролд 490.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуульчлагдаагүй тул шүүхийн тогтоосон үйл баримтыг эс зөвшөөрч “...магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 629 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 962 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН