| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 125/2017/0031/з |
| Дугаар | 221/МА2018/0172 |
| Огноо | 2018-03-14 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2018/0172
| 2018 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2018/0172 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Д.Э нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийдвэртэй, Д.Э нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналтын улсын байцаагч Ц.Н-д холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай” 35/03/45 дугаар актыг хүчингүй болгожээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Монгол улсын Сангийн сайдын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн баталсан удирдамжийн хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, улсын ахлах байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай” 35/03/45 дугаар актаар 24 ажилтнаар 8 069 534 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, уг актыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга, нягтлан бодогч нар зөвшөөрөөгүй, үүний дагуу Монгол улсын Сангийн сайдад хандаж хариуг авсан юм.
Уг актаар ажилтнуудын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж С үнэлгээ авсан хэлтсийн даргын 2016 оны А/11, А/12, А/14, Б/05, Б/26 тушаалуудаар сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд үр дүнгийн урамшил олгосон байна.
Дээрх байдлаас үзэхэд: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж С, D үнэлгээ авсан, хэлтсийн даргын 2016 оны А/11, А/12, А/14, Б/05, Б/26 тушаалуудаар сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд урамшуулал олгосныг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар баталсан Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг хамт олны хурлаар хэлэлцэн албан ёсоор баталж мөрдөөгүй байгууллагын дотоод журам гэж үзсэн байна.
Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэсэн заалтыг зөрчин сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад урамшуулал олгосон. Монгол улсын Засгийн газрын 2015 оны Дотоод аудитын дүрэм батлах тухай 483 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.1.3-д “Бичмэл болон цахим баримт, мэдээлэл, материалыг гаргуулан авах, хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэх” гэсэн заалтыг зөрчин хурлаар батлаагуй дотоод журам хяналт шалгалтад хамруулсан.
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 7.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэглүүлэх талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно” гэж заасан байхад “С”, “D” үнэлгээ авсан төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгосон.
Шүүх нотлох баримтыг хууль эрх зүйн ач холбогдолтой талаас нь үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Ховд аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагч Ц.Н 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаар актаар Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хяналт, шалгалт хийж нэр бүхий 24 албан хаагчдыг 2016 оны 2 болон 4 дүгээр улирлаар “C”, “D” үнэлгээ авсан, мөн сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдсан ажилчдад үр дүнгийн урамшуулал олгосон нь холбогдох хууль, тогтоомж болон Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзээд үр дүнгийн урамшууллын 8 069 534 төгрөгийг хавсралтад дурдсан 24 хүнээр төлүүлж, нягтлан бодох бүртгэлд авлага, өглөгөөр данс бүртгэлд тусгахыг ахлах нягтлан бодогч болон нягтлан бодогчид даалгажээ.
Анхан шатны шүүх уг маргаан бүхий актыг хүчингүй болгохдоо зөвхөн “... 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг батлаагүй, … 2014 онд “Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс” гэсэн нэртэй байгаагүй, ... маргаан бүхий акт бодит нөхцөл байдалд үндэслээгүй, хамт олны хурлаар хэлэлцэж батлагдаж мөрдөөгүй байгууллагын дотоод журмыг үндэслэсэн” гэж дүгнэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болжээ.
1. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар орон нутгийн салбар нэгжүүдийг шинэчлэн зохион байгуулсан хэдий ч уг хэлтсийн чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулсан байх тул урьд нь мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн дотоод журмыг “анхнаасаа батлагдаагүй” гэж үзэх, мөн байгууллагын нэр өөрчлөгдсөн тул мөрдөх боломжгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж заасны дагуу аливаа байгууллага нь хөдөлмөрийн олон харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн дотоод журам баталж, мөрдүүлдэг бөгөөд 2014 оноос хойш тухайн байгууллагад мөрдөж байсан журмыг анхнаасаа батлагдаагүй гэж үзэх үндэслэлгүйгээс гадна байгууллагын нэр, бүтэц өөрчлөгдсөн ч чиг үүрэг хэвээр байгаа нь 2014 онд батлагдсан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй.
2. Улсын байцаагчийн акт нь дээр журмаас гадна Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 7.1, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4,6 дугаар хавсралтаар баталсан журмуудыг зөрчсөн гэж үзжээ.
Гэтэл анхан шатны шүүх уг актын хууль зүйн үндэслэлийг шалгахдаа дан ганц хөдөлмөрийн дотоод журмын заалтыг хэрэглэхээс гадна төрийн албан хаагчийн ажлын үр дүнг үнэлэх, үр дүнд нь тохирсон урамшуулал олгохтой холбоотой улсын байцаагчийн актад дурдсан Төрийн албаны тухай хууль болон Засгийн газар, Төрийн албаны зөвлөл болон холбогдох бусад байгууллагаас журмуудыг хэрэглэхээр байхад уг хууль, тогтоомжуудыг анхан шатны шүүх хэрэглээгүй байна.
Түүнчлэн хариуцагч улсын байцаагч Ц.Н-ын гаргасан актад 2, 4 дүгээр улирлын үнэлгээгээр “C”, “D” авсан, сахилгын арга хэмжээ авагдсан нэр бүхий 24 албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгосон нь хууль, журмыг зөрчсөн гэж үзсэн байхад хэрэгт зарим ажилчдын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудас дутуу авагдсан тул маргаан бүхий актыг үндэслэлтэй эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.
Учир нь маргаан бүхий актаар 24 албан хаагч бүрийн хувьд “сахилгын арга хэмжээ авагдсан”, “С”, “D” үнэлгээ авсан гэх нөхцөл байдал ялгаатай байхад хэрэгт авагдсан илтгэх хуудсаар “С” үнэлгээ авсан 6 ажилтнаас бусад ажилтны тухайд 2, 4 дүгээр улиралд үр дүнгийн гэрээний биелэлтийг хэрхэн үнэлүүлсэн, уг үнэлгээ нь сахилгын арга хэмжээ авагдсан үндэслэлтэй хамааралтай эсэхийг тодруулж маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч тус бүрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай юм.
Мөн “С” үнэлгээ авсан гэх М.Б-гийн хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээний илтгэх хуудсанд “B” гэж үнэлсэн нь зөрүүтэй байгааг эргэлзээгүй болгох нь зүйтэй.
Иймд эдгээр баримтыг цуглуулж, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь ажилчдын үр дүнгийн гэрээний биелэлтийг 2016 онд хагас болон бүтэн жилээр нэхэмжлэгч тус бүр ямар үнэлгээ авсан, сахилгын арга хэмжээ авагдсан үндэслэл зэргийг харьцуулан үнэлж, төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид олгох урамшуулалтай холбоотой харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 26 дугаар зүйл, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Үр дүнгийн гэрээ дүгнэх журам” зэрэг шаардлагатай хууль тогтоомжийг хэрэглэж маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоож хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ