Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 214/МА2022/00006

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Булган аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох,

 

Нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,188,716 /таван сая нэг зуун наян найман мянга долоон зуун арван зургаан/ төгрөг гаргуулах  тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Р.******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Р.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Булган аймаг дахь Цагдаагийн газарт Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч, байцаагч, зохицуулагч, ахлах зохицуулагч, ахлах байцаагч албан тушаалыг хашиж, Цагдаагийн байгууллагад 22 жил ажиллаад, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/719 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон юм.

Миний бие төрийн байгууллагад төрийн албан тушаалыг хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин авч ажиллаж байсан. Төрөөс олгож буй цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр хуульчлан тогтоосон байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай”-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаасан 5-10 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10, 11-17 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 15, алба хаасан “18 ба түүнээс дээш жилд албан тушаалын сарын үндсэн цалинг 20 хувиар бодож олгоно” гэж, мөн журмын 3 дахь хэсэгт “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно” гэж тус тус заасан байна.

Мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батдагдсан “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам” / код 924/-ын 924.5.4 дэх хэсэгт “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.

Тухайлбал: “18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох” гэж заасан байна.

Миний бие 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цагдаагийн байгууллагад тасралтгүй ажилласнаар 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 18 жил ажилласан нь ажилласан жилийн нэмэгдлийг 25 хувиар нэмэгдүүлэн тооцуулах эрх үүссэн гэж үзэж байна.

Засгийн газрын тогтоол гарч хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш миний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тогтоолд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй явснаас миний тэтгэврийн хэмжээ болон 36 сарын тэтгэмж бага олгогдож, дутуу бодогдсон байна.

Монгол Улсын Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторхи дараалсан 5 жилийн цалингийн хөлсний нийлбэрийг 60-д хувааж тодорхойлно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахдаа түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасан. Миний тэтгэмж бодогдсон 5 жилийн 1 сарын дундаж цалин 1.210.822x36=43.589.592 төг /авсан/, 5 жилийн дундаж цалингийн зөрүү 8.647.854 төгрөгийг нэмж тооцохоор нийт 81.297.195 төгрөг ба үүнийг 60 сард хуваахаар 1 сард 1.354.953 төгрөг байна, 1.354.953x36=48.778.308 төгрөгийн тэтгэмж авах байсан байна. Иймээс зөрүү 48.778.308-43,589.592 = 5.188.716 төгрөг болж байна.

Би төрийн тусгай албанд 22 жил 9 сар 15 өдөр, нэмэгдэл хоногоор 28 жил 0 сар 15 өдөр ажилласан тул Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 924.5.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар бодож авах эрх надад үүссэн байсан бөгөөд би энэ шийдвэрийн талаар 2021 оны 4 дүгээр сард тухайн салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарч, нөхөж шийдвэрлүүлсэн ахмад ажилтнаасаа мэдсэн юм.

Тус Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч Б.*******гаас 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2014-2018 онд ажилласан цалингийн картын хуулбарыг авч, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заагдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар бодоогүй, 20 хувиар бодож олгож байсан байна. МУ-ын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол гарсан өдрөөс 2018 оны 10 сарын 15- ны өдрийг хүртэл 25 хувийг нэмж бодож үзэхэд 8.647.854 төгрөг болж байгаа ба Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх эрхзүйн үндэс үүсэж байна гэж үзэж байна.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хандсан боловч  2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 132/ШЗ2021/00786 тоот захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр материалыг хүлээн авахаас татгалзсан. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг хэлэлцээд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урдьчилан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж хэргийг 132/ШЗ2021/01322 захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Булган аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах комисс дээрх маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан боловч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот албан бичгээр энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй Шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн бичиг ирсэн тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Албан тушаалын үндсэн цалин, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл тооцсон зардал зэргийг нэмж, Цагдаагийн газрын цалингийн сан, төсөвт суулгадагүйг олон жил энэ байгууллагад ажиллаж, амьдарч байсны хувьд сайн ойлгож байгаа болохоор цалингийн зөрүү 8.467.854 төгрөгийг нэхэмжлэхгүй болно.

Харин 2014 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэлх дутуу төлөгдсөн Нийгмийн даатгалын шимтгэлийн 4 хувьд ноогдох 345.914 төгрөгийг Цагдаагийн газраар нөхөн төлүүлж, 1 удаагийн тэтгэмжид олгогдсон 36 сарын тэтгэмжийн зөрүү 5.188.716 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 16.5.3 дахь заалтад “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт, багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж тус тус зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм.

Засгийн газрын 2014 оны “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно” гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай.

Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай шийдвэр гарч, үүнд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах, цалингийн зардлыг хэмнэх гэж тусгагдсан.

Сангийн яам, Хууль зүйн яамнаас 2015, 2016, 2017 онд батлагдсан төсвийн хуваарийг хүргүүлэхдээ өр авлага үүсгэлгүй батлагдсан төсөвтөө багтаан ажиллахыг үүрэг чиглэл болгож албан тоот ирүүлдэг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн үр ашигтай, хариуцлагатай байдлыг хангаж өр авлага үүсгэлгүй, хэмнэлтийн горимд ажиллахыг бүх салбарт чиглэл болгож тогтоол, шийдвэр, албан бичгүүд гарч байсан.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-д “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх” гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01-ний өдрөс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлээд байна.

Жил бүр байгууллагын төсвийн төслийг хүргүүлдэг бөгөөд төсвийн төсөл, батлагдаж ирсэн төсөв, гүйцэтгэлийн харьцуулалтыг хүснэгтээр хавсаргалаа.

Огноо

Төсвийн төсөл

Батлагдсан төсөв

Гүйцтэтгэл

Зөрүү

2015

1,371,921,500.00

1,308,007,000.00

1,392,921,500.00

-63,914,500

2016

1,454,472,659.00

1,435,000,000.00

1,468,966,551.00

-19,472,659

2017

1,508,650,055.00

1,497,170,600.00

1,508,358,044.00

-11,479,455

2018

1,597,062,209.00

1,478,171,200.00

1,492,155,200.00

-118,891,009

2019

1,935,945,859.20

1,742,539,500.00

1,682,539,500.00

-193,406,359

Иймд нэхэмжпэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж болгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ” гээд “төрийн тусгай алба хаасан хугацааны”, “албан ажлыг онцгой нөхцөлийн”, “цагдаагийн мэргэжлийн зэргийн”, “эрдмийн зэрэг цолны”, “хуульд заасан бусад” гэж тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг” Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар иргэн Г.*******аас тус цагдаагийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл /гомдол/-ийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Булган аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан олгогддоогүй цалингийн зөрүүгээс тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 345,914 /гурван зуун дөчин таван мянга есөн зуун арван дөрөв/ төгрөг нөхөн төлүүлэх, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5.188.716 /таван сая нэг зуун наян найман мянга долоон зуун арван зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.969 /ерэн долоон мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдажшийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Г.******* би Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/719 тоот тушаалаар албанаас чөлөөлөгдөн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон. Тухайн үед намайг тэтгэвэрт гаргахад байгууллага буюу төрийн зүгээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасан 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг хууль тогтоомжийн дагуу зөв олгосон гэж итгэсэн. Гэтэл сүүлийн үед Цагдаагийн байгууллагаас цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүст нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосон асуудал бусад аймгуудад гарч байгааг сонсоод Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг олж авч бодолт хийлгэж үзэхэд дээрх тогтоолын хавсралтаар тогтоосон нэмэгдлийг надад дутуу тооцож олгосныг 2021 оны 4 дүгээр сард олж мэдсэн. Ингээд Цагдаагийн газартаа энэ тухай өргөдөл гаргахад "Одоо нөхөж олгох санхүүгийн боломжгүй" гэсэн хариуг амаар мэдэгдсэн. Ингээд би шүүхэд хандсан ба шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэж буцааж, бүрдүүлбэр хангаж дахин хандсанаар 2021 оны 08 сарын 12-нд шүүх хуралдаанаар хэлэлцэж 1322 тоот захирамжаар урьдчилан шийдвэрлэх журам хангуулахаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.      

Шүүгчийн 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 1322 тоот захирамжид талууд тухайн шүүхэд 10 хоногт гомдол гаргаагүй тул хүчинтэй болсон. Энэ бол хэргийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр. Энэ шийдвэрийн 6 дахь талд /Энэ хэргийн 42 дах тал/ Засгийн газоын 2014 оны 99 дүгээр тогтоолыг албан хаагч нарт /Г.******* надад/ танилцуулж байснаа хариуцагч баримтаар нотолж чадахгүй байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол /шаардлага/ гаргах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлохыг шаардах болон энэ талаар маргах боломжгүй хууль зүйн үндэслэлийг бий болгож байгаа тул одоо хөөн хэлэлцэх хугацааны асуудал байхгүй.

Булган аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай шийдвэрлэх салбар хороо гэдэг үүсгэл санаачлагын шинжтэй, зөвлөх чиглэлийн нөлөөллийн бүтэц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэх байгууллага биш байна.

Салбар хорооны дүрэм гэх бичиг баримтыг Нийгмийн түншлэлийн талууд зөвшилцөх хэлбэрээр баталсан байх бөгөөд Хууль зүйн мэдээллийн сан болон захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдээгүй байна. Зурган хэлбэрээр харуулсан доорх бичиг баримтаас үзвэл салбар хорооны дүрмийг "батлах" гэж зөвшилцөн, ийм хороо байгуулж ажиллуулж болохыг нийгмийн түншүүдэд "болно" гэж зөвлөсөн шинжтэй байна.

 Булган аймгийн салбар хороо 2021.09.06-нд 02 тоотоор Г.******* миний өргөдөлд хариу өгснөөс биш хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан шийдвэрлэсэн ямар ч шийдвэр гаргаагүй байна. Тийм учраас өргөдлийн хариу энэ бичгийг Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 126.2-т заасны дагуу Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолоор батлан мөрдүүлсэн "Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм"-ийн  4, 19 дүгээр заалтын дагуу гарсан маргаан шийдвэрлэсэн шийдвэр, уг шийдвэрийг шүүхэд давж заалдах дүрмийн 21 дүгээр зүйлд хамаарна гэж үзэх боломжгүй байна. 

Зүй нь шүүх энэ 02 тоот гэх бичгийн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт өгөх ёстой байжээ.  

Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 138 дугаар зүйлийн 138.3-т зааснаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хорооны дүрмийг Засгийн газрын 1999 оны 123 дугаар тогтоолоор баталсан байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хорооноос Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны дүрэм баталсан гэх 2008 оны 04 сарын 10-ны өдөр болон Булган аймгийн салбар хорооны шийдвэр гарсан гэх 2021 оны 09 сарын 06-ны үед дээрх засгийн газрын 123 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хорооны дүрэмд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага бий болгох, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан шийдвэрлэх эрх хэмжээ гурван талт Үндэсний хороонд огт олгогдоогүй байна. Гурван талт Үндэсний хороонд Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.5.2-т зааснаар хөдөлмөрийн хамтын маргаан /хөдөлмөрийн тухай хуулийн арав дугаар бүлэг/ зохицуулах эрх л олгогдсон байна. Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д заасны дагуу давж заалдаж мөн хуулийн 128.1.1-д заааснаар маргаанаа шүүхийн журмаар шийдвэрүүлэх ёстой гэсэн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагы хангаагүй байна.

Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах дараах ундэслэл бүрэн байхад шүүх түүнийг шийдвэрлээгүй, зохих дүгнэлт хийгээгүй байна. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсөнд төрийн албаны хуулийн дагуу олгож байгаа цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал бүгд хамаарахаар хуульчилсан байх тул Засгийн газрын 2014 оны 03 сарын 14-ний 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон нэмэгдэл бүрэн хамрахаар байна. Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоол, түүний 1 дүгээр хавсралт нь Монгол улсын Үндсэн хуулийн дөчин тав дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 5, 7, 8 дахь хэсэгт зааснаар Монгол улсын хэмжээнд заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал "Үндэслэлгүй" гэж маргаагүй байх бөгөөд харин "...Цагдаагийн байгууллага улсын төсвөөс санхүүждэг, төсвийн захирагч батлагдсан төсөвт багтаан цалин хөлсийг тогтоодог, улс орны эдийн засгийн байдал, төсвийн хэмнэлтийн горим, энэ талаар УИХ-ын болон Засгийн газрын шийдвэрүүд гарсан, дээрх 99 дүгээр тогтоолын нэмэгдлийг 2020 оны 4, 8 дугаар сараас үе шаттай олгож эхэлсэн. Төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг цагдаагийн байгууллагын зүгээс санаатай бууруулсан зүйл байхгүй, улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс тухайн үед нь олгох боломжгүй байснаас шалтгаалсан..." гэж тайлбарлажээ.

Иргэн Г.******* миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д заасан эрхийн хүрээнд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар баталгаажсан эрхийг төсөв, санхүүгийн боломжгүй гэж хязгаарлах, хаах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Мөн миний бие нь дээрх 99 дүгээр тогтоолын үйлчлэлийн үед ажиллаж байх хугацаандаа цалин хөлснөөсөө хуулиар Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд цалин хөлс /нэмэгдэл/ дутуу олгогдсон хэмжээнд дүйцэх нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, түүндээ дүйцүүлэн тэтгэвэртээ өөрчлөлт оруулах ашиг сонирхол мөн хязгаарлагдахгүй.

Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 560 тоот шийдвэрийг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зкүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүрэн хангасан өөрчлөлт оруулж хууль, шударга ёсны зарчмыг хангана уу гэжээ.

 

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь маргаж байгаа зүйлд дүгнэлт хийлгүй, процессын журмаар хэргийг шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаас гаргасан шийдвэрт хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг эс зөвшөөрч гурван үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Хариуцагч талаас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэл учир шүүгч авч хэлэлцэн шийдвэрлэх шаардлагагүй гэдэгт хууль зүйн дүгнэлт өгч байгаа. 2014 оны Засгийн газрын 99 дугаартай тогтоолоор тогтоосон нэмэгдлийг дутуу тооцож олгоогүйн улмаас цагдаагийн байгууллагаас цагдаагийн тухай хуульд зааснаар нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг дутуу олгосон гэж үзээд нэхэмжлэл гаргасан. 2011 оны 99 дугаартай тогтоолыг албан хаагчдад танилцуулж байсан гэж цагдаагийн албан хаагч тайлбарлаж байгаа боловч баримтаар нотолж чадаагүй учир нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна гээд шүүх дүгнэсэн. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байдлыг дахин нотолдоггүй учир нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргах боломжгүй болсон. Яагаад гэхээр шүүх эрхтэй гэдгийг нь тогтоочихсон.

Хоёрдугаарт: Булган аймгийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй гэдэг үндэслэл байгаа. Салбар хороо нь ямар эрх зүйн үндэстэй, ямар хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан байгууллага вэ, шүүх хөдөлмөрийн маргаан таслах байгууллага гэж шүүх үзээд байгаа. Тэгэхээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хэрэгжиж байсан хөдөлмөрийн хуульд хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг урьдчилан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс гэж байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөлөгчөөс бүрдсэн комисс байхаар Засгийн газар дүрэм баталсан. Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо гэдэг байгууллага 2008 онд нийгмийн зөвшилцлийн гурван талт хорооны зөвшилцлийн үндсэн дээр зөвлөмжийн хэлбэрээр байгууллагууд ийм маргаан таслах комисстой байж болно шүү гэсэн зөвшөөрлийн үндсэн дээр бүтэц бий болсон. Энэ нь ямар учиртай вэ гэхээр жижиг байгууллагуудад эрх зүйн хамгаалалт болох нөлөөлөх хэлбэрийн бүтцийг бий болгосон. Салбар хорооны дүрэм захиргааны хэм хэмжээний актын эрх зүйн бүртгэлд байдаггүй. Тэгэхээр нөлөөллийн байгууллага гэсэн үг. Үүнийг хөдөлмөрийн маргаан таслах байгууллага гэж үзэж болох уу гэхээр нийгмийн түншүүдэд зөвлөсөн шинжтэй байгуулагдсан байгууллага байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага гэж үзэх боломжгүй. Хөдөлмөрийн маргаан таслах Булган аймгийн салбар хорооны 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай бичвэрт шүүх дүгнэлт хийх ёстой. Үүнийг хөдөлмөрийн маргаан таслах байгууллагын шийдвэр гэж үзнэ. Маргаан таслах комиссын дүрэмд асуудлыг хурлаар хэлэлцээд зөвлөмж гаргаарай. Давхар зөвлөмж нь хурлаар хэлэлцсэн тэмдэглэлтэй байх ёстой гэсэн зохицуулалт байна. Тэгтэл үүнд ямар ч зөвлөмж байхгүй, протокол байхгүй, 02 дугаартай бичвэр нь албан бичгийн шинжтэй, шийдвэрлэсэн зүйл байхгүй байгаа учир үүгээр хэргийг шийдвэрлэх нь үндэслэлгүй юм. Харин 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.5.2 дахь хэсэгт нийгмийн түншлэлийг салбар хорооны эрх хэмжээг зааж байгаа. Үүнд хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах эрхийг энэ салбар хороонд олгосон  байгаа. Өөрөөр хэлбэл ажил хаялт, хамтын гэрээтэй холбоотой. Ганцаарчилсан байдлаар ямар ч эрх олгогдоогүй. Хуулиар эрх олгогдоогүй. Энэ дүрэмд захиргааны хэм хэмжээний акт улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхад хууль ёсны хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй байгаа учир энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.   

Гуравдугаарт шүүх удаа дараа хэргийг хэлэлцээд маргааны гол үндэслэл болж байгаа Засгийн газрын тогтоолоор олгох ёстой нэг удаагийн нэмэгдлийг дутуу олгосноос 5.188.176 төгрөгийн зөрүү 345.914 төгрөгнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг олгох ёстой юу гэдэг асуудал, маргааны явцад тодорхой зүйл бий болсон. Хариуцагч Засгийн газрын 2011 оны 99 дугаартай тогтоолоор олгох нэмэгдлийг бүрэн олгосон гэдэг юм уу, олгох ёсгүй гэж огт маргаагүй. Олгогдох ёстой боловч олгох төсвийн зохицуулалт орон нутагт байдаггүй. Цар тахалтай холбоотой хэмнэлтийн горим тогтоож дагаж мөрдүүлсэн учир олгох боломжгүй байсан гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн маргаан шууд зохицуулах хорооны бичигт дутуу олгосон нь санхүүгийн байдалтай холбоотой асуудал болохоос шууд санаатай биш байна гэж дүгнэсэн. Тэгэхээр энэ нь юуг хэлж байна вэ гэхээр нэгэнт олгох ёстой мөнгийг дутуу олгосон гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа тооцоонд маргаан байдаггүй. Энэ нөхцөл байдалд шүүх зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль шударга ёсны зарчмыг хангах үндсэн үүрэгтэй субъектийн хувьд маргалдаж байгаа асуудалд шүүх дүгнэлт хийх ёстой.

Төрийн байгууллагын үйл ажиллагаанд чиглэл өгөөд байгаа болохоос хүний үндсэн эрхийг, цалин хөлсийг, тэтгэвэр тэтгэмжийг, урамшуулал нэмэгдлийг хассан зохицуулалт байхгүй. Эдгээр асуудалд шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой учраас энэ хэргийн нөхцөл байдал нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах боломжтой гэдэг нь харагдаж байгаа учраас иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байна гэв.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна. Нэмэлт тайлбар байхгүй гэв.

                                                              

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.******* Булган аймгийн цагдаагийн газарт холбогдуулан  нийгмийн даатгалын шимтгэлд 345.914 төгрөг нөхөн төлүүлэх, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5.188.716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Булган аймаг дахь цагдаагийн газар хариу тайлбартаа: “... төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурьдсан цалин хөлстэй холбоотой гомдол гаргах хугацаа нь дууссан байна гэжээ.

Хэрэгт  цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.******* нь 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Булган аймаг дахь цагдаагийн газарт замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч, байцаагч, зохицуулагч, ахлах зохицуулагч, ахлах байцаагч зэрэг албан тушаалыг хашиж байгаад Цагдаагийн Ерөнхий газрын даргын  2018 оны 10 дугаар сарын 15-ны Б/719 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг сарын дундаж цалин  1.210.822 х 36 =43.589.592 төгрөг авсан нь зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам” код /924/-ын 924.5.4. дэх хэсэгт “төрийн тусгай алба хаасны хугацааны нэмэгдлийн хэмжээг болохдоо албан хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийн тооцно” гэжээ.

Тухайлбал: 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувиар бодож олгохоор тогтоосон байна.

2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаар тогтоол гарсан өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 25 хувиар тооцож үзэхэд 8.647.845 төгрөгний цалин дутуу олгогдсон байгаа боловч нэхэмжлэгч цалингийн зөрүүг нэхэмжлээгүй бөгөөд харин 1.354.956х36=48.778.306 төгрөгний тэтгэмж авах байсныг 43.589.592 төгрөгийг олгож,  5.188.716 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 345.914 төгрөг дутуу төлжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* засгийн газар болон Цагдаагийн Ерөнхий газраас ирсэн тогтоол, тушаал, албан бичгийг тухай бүр нь албан хаагчидад танилцуулдаг учир цалингийн нэмэгдлийн талаар мэдсэн байх ёстой тул хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учраас нэхэмжлэл гаргах боломжгүй талаар мэтгэлцэж байгаа боловч 2014 оны 99 дугаар тогтоолыг албан хаагч нартаа танилцуулсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч Г.******* тухайн тогтоолыг 2021 оны 4 дүгээр сард мэдсэн нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Харин нэхэмжлэгч Г.******* нь Булган аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасныг тухайн салбар хороо нь 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “...дараагийн шатны байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг өгсөн нь тухайн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй төдийгүй  нэхэмжлэгч тухайн гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй эсэх талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм. /х.х-ийн36/

Анхан шатны шүүх дээр дурьдсан хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Нэхэмжлэгч Г.*******, өмгөөлөгч Р.******* нарын давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1., Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.,16 дугаар зүйлийн 16.1.,17 дугаар зүйлийн 17.1.1., төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан Булган аймгийн цагдаагийн газарт холбогдуулан олгогдоогүй цалингийн зөрүүгээс тооцсон 345.914 төгрөг нөхөн төлүүлөх, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг зөрүү 5.188.716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

“ Хариуцагч Булган аймгийн цагдаагийн газраас Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5.188.716 /таван сая нэг зуун наян найм долоон зуун арван зургаа/ төгрөгийг гаруулж нэхэжлэгч Г.*******т олгож, нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-т зааснаар нийгмийн датгаалын шимтгэлд 345.914 /гурван зуун дөчин тав ёсөн зуун арван дөрөв/ төгрөгийг нийгмийн даатгалын санд олгосугай” гэж,

2 дахь заалтын: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.969 /ерэн долоон мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй” гэснийг,

 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.969 /ерэн долоон мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймаг дахь Цагдаагийн газраас 97.969 /ерэн долоон мянга есөн зуун жаран ес/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч, өмгөөлөгч гарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 97.969 /ерэн долоон мянга ёсөн зуун жаран ёс/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

                                                                                    

                                           ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР