Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 214/МА2022/00009

 

“Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.*******т холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.*******т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 13.645.652.10 /арван гурван сая зургаан зуун дөчин таван мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах  тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.******* нар нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны Булган салбарын Рашаант тооцооны төвөөс ЗГ/201742945300 тоот зээлийн гэрээ байгуулан 10,100,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цалингийн нэмэлт зээл, 3,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр цалингийн нэмэлт зээл 1,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗГ201844193479 тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн зээлийн үлдэгдэл 10,658,673.34 төгрөг дээр нэмж, 9,000,000 төгрөг, нийт 19,658,673.34 төгрөгийн жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээл авсан.

Зээлдэгч Б.*******, Д.******* нар нь зээлийн гэрээний 2.4.1 дахь заалтыг зөрчиж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээл 200 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс банк зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тул доорх нэхэмжлэлийг гаргаж байна.

... Иймд хариуцагчаас 13,209,816.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Анх хүүхдэдээ байшин авч өгөхөөр нөхөр бид хоёр зээл авч байсан. 2019 оны 8 дугаар сард манай нөхөр элэгний хорт хавдар өвчнөөр өөд болсон. Энэ хугацаанаас хойш би хүүхдүүдтэйгээ нийлээд зээлийг тодорхой хэмжээгээр төлөөд явж байсан боловч хүүхдүүдийн маань эрхэлж байсан бизнес ковид-19 цар тахал гарсны улмаас хаагдаж дампуурсан. Дараа нь хүүхэд маань уул, уурхайд ажилд ороод ажиллаж байтал тэр нь бас хаагдчихсан чинь надтай зээлийг хамтарч төлөх хүн байхгүй. Би өөрөө 90 настай аавтайгаа амьдардаг. Одоо энэ зээлийг төлөх ямар ч боломжгүй байна. Нөхрийнхөө ажил явдлыг нь дуусгаад үлдсэн мөнгийг нь өгч байсан. Хүүг нь хасаад явчихдаг гэж бодож байтал хасдаггүй байсан. Миний биеийн байдлын хувьд нурууны суулттай гэж оношлогдоод хагалгаанд ор гэж хэлсэн. Хэрвээ хагалгаанд  орчих юм бол юу ч болох юм билээ гэж бодоод хагалгаанд ороогүй, эмчилгээ хийлгээд л явж байна. Би боломжоороо зээлийг төлөөд л явж байсан. Одоо зээлийг үнэхээр төлөх боломжгүй гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дугаар шийдвэрээр:

         “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******аас 13,209,816,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдажшийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* давж заалдах гомдолдоо:

...Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч Д.*******аас зээлийн үүргийг шаардах нь Иргэний хуулийн 451.1-д заасантай нийцэхгүй гэж үзсэн нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, мөн хуулийн 242 дугаар зүйлд заасан Хамтран үүрэг гүйцэтгэгчид хэсгийг хэрэглэлгүй зээлдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал зээлдэгч Б.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.******* нар нь банктай 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/201742945300 тоот зээлийн гэрээ байгуулан 10,100,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗГ201844193479 тоот зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл, нийт 19,658,673.34 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн нь Иргэний хуулийн 451.1-т заасантай нийцсэн буюу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Уг гэрээнд Д.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан, мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр орох өргөдөл гараар бөглөн өгсөн байдаг.

Иргэний хуулийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаас үзэхэд Д.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч мөн юм.

Банк хамтран үүрэг гүйцэтгэгч Д.*******аас үүргийн гүйцэтгэлийг дараах үндэслэлээр шаардах эрхтэй болно.

-Иргэний хуулийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан.

-Зээлийн гэрээний 5.1.7-д “Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах” гэж заасан үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 240.1.2-т заасан “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан” үндэслэлээр зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Дээрх шүүхийн дүгнэлт нь Үүрэг гүйцэтгэгч нас барсан, түүний оролцоогүйгээр үүргийг биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон буюу хамтран үүрэг гүйцэтгэгчгүй тохиолдолд хамаарч болох юм. Харин талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй, Д.******* нь гэрээний нэг талд хамтран үүрэг гүйцэтгэгч болж үүрэг хүлээсэн байх тул хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заасны дагуу үндсэн зээлдэгч нас барснаар зээлдэгчийн эрх, үүрэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч Д.*******д шилжсэн болно.

Иймд хариуцагч Д.*******аас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцэж байх тул дээрх Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2022/00044 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаас үзэхэд Д.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч мөн юм. Зохих хуулийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан байдаг. Банк эрх бүхий этгээдээс мөнгөн хөрөнгийг шилжүүлэхээр үүрэгжүүлсэн байдаг. Зээлийн гэрээний 5.1.7-д “Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах” гэж заасан үндэслэлтэй байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч хэсэгчлэн болон бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасан байдаг. Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан; гэх агууллга бүхий дүгнэлтийг гаргасан байдаг. Нэхэмжлэгч талын хувьд энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй хамтран үүрэг гүйцэтгэгч байхгүй тохиолдолд хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 361.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй гэж заасан нөхцөлд хамаарч болох юм. Манай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан учраас зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иргэний хуулийн 451.1-д заасантай нийцэхгүй гэж үзсэн нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, мөн хуулийн 242 дугаар зүйлд заасан Хамтран үүрэг гүйцэтгэгчид хэсгийг хэрэглэлгүй зээлдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн тайлбар болон холбогдох хууль тогтоомжийг хэрэглэсэн байна гэв.

 

    Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манай нөхөр 2019 оны 08 дугаар сард нас барсан. Манай нөхөр элэгний хорт хавдар өвчнөөр өөд болсон. Энэ хугацаанаас хойш би хүүхдүүдтэйгээ нийлээд зээлийг тодорхой хэмжээгээр төлөөд явж байсан. 2021 оноос хойш төлж чадахгүй байна. Одоо төлөх ямар ч боломж байхгүй байна. Миний бие ахмад настай ээжийгээ асардаг. Өөрөө эрүүл мэндийн хувьд муу байгаа. Одоо зээлийг үнэхээр төлөх боломжгүй. Одоо би өөрөө Төрийн банкнаас зээлтэй байгаа гэв.

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Булган аймаг дахь ХААН банкны салбар нь зээлийн гэрээний нэг тал буюу хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.209.816.22 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.*******  манай гэр бүлийн хүн ХААН банкнаас цалингийн зээл авч байсан 2019 оны 8 дугаар сард өвчний улмаас нас барсан зээл төлөх боломжгүй болсон би өөрөө Төрийн банкинд цалингийн зээлтэй байгаа учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Б.******* нь ХААН банкны Булган дахь салбараас 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 19.658.673.34 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар өөрийн цалингаа барьцаалж зээл авсан байх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.******* гарын үсэг зуржээ.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрт 13.645.652.10 төгрөг төлж зээл, зээлийн  хүүгийн төлбөрт 13.209.816.22 төгрөгний үлдэгдэлтэй болох нь нотлогдон тогтоогдсон зээлдэгч Б.******* 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нас барсан байна. 

Дээр дурьдсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч Д.******* нь өөрийн цалин орлогоо барьцаалсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах боломжгүй юм. 

Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Д.******* гарын үсэг зурсан хэдий ч Банк түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 240.1.2., 242.1.-т заасантай нийцэхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Ажил хөдөлмөр эрхлэж  цалин авах нь тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж зээл авсан нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т “...үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан”-аар   үүрэг дуусгавар болдог тул зээлдэгч Б.******* нас барснаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлдэгч Б.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.******* нарын үүргийн харилцаа дуусгавар болсон байна.

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 223.999 /хоёр зуун хорин гурав ёсөн зуун ерэн ес/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

     

 

 

 

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

                                                                                    

                                           ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР