Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00544

 

 

Хаан банк ХХК-ийн Булган салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2022/00044 дүгээр шийдвэр,

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 214/МА2022/00009 дүгээр магадлалтай,

 

Хаан банк ХХК-ийн Булган салбарын нэхэмжлэлтэй

Д.Шинэбаярт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,645,652.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр, хариуцагч Д.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Булган салбараас хариуцагч Д.Шинэбаярт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 13,645,652.10 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан,

 

Хариуцагч нь ...манай нөхөр Хаан банкнаас цалингийн зээл авч байсан бөгөөд 2019 оны 8 сард өвчний улмаас нас барсан тул зээл төлөх боломжгүй болсон, би өөрөө Төрийн банкинд цалингийн зээлтэй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2022/00044 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Шинэбаяраас 13,209,816,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 214/МА2022/00009 дүгээр магадлалаар: Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2022/00044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхөөгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тухайн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй болно.

Шүүхээс банк нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийг шаардах эрхгүй, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг тус тус буруу хэрэглэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

4.1. Хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийг шаардах эрхтэй талаар.

Шүүх нь хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Шинэбаяраас зээлийн үүргийг шаардах нь Иргэний хуулийн 451.1-д заасантай нийцэхгүй гэж үзсэн нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, мөн хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид хэсгийг хэрэглэлгүй зээлдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал зээлдэгч Б.Гончиг, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Шинэбаяр нар нь банктай 2017.02.14-ний өдөр ЗГ/201742945300 тоот зээлийн гэрээ байгуулан 10,100,000 төгрөг, 2017.10.24-ний өдөр 3,000,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл, 2018.04.05-ны өдөр 1,000,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл, 2018.12.20-ны өдөр ЗГ201844193479 тоот зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл, нийт 19,658,673.34 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн нь Иргэний хуулийн 451.1-т заасантай нийцсэн буюу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Уг гэрээнд Д.Шинэбаяр нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан, мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр орох өргөдөл гараар бөглөн өгсөн байдаг.

Иргэний хуулийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж зааснаас үзэхэд Д.Шинэбаяр нь хамтран үүрэг гүйцэтгэгч мөн юм.

Мөн Иргэний хуулийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 5.1.7-д Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах гэж зааснаас үзвэл банк хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Шинэбаяраас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.

4.2. Гэрээний үүрэг дуусгавар болоогүй талаар.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.4.1-т заасан Зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд Хавсралт 1-ээр тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлнө гэж заасан эргэн төлөлтийн гол нөхцөлийг хэрэглэлгүй 2.4.2-т заасан Цалингийн зээлийн хувьд банк гэрээний 2.4.1-т заасан хуваарийг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгана гэж хугацаандаа төлөөгүй тохиолдолд л цалингаас суутгах талаарх зохицуулалт бүхий заалтыг зөвхөн цалингаас суутгана гэж хэрэгт нотлох баримтаар авагдсан Зээлийн гэрээний заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн ...зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалин барьцаалсан зээлийн үүрэг гүйцэтгэгч, зээлдэгч Б.Гончиг нас барснаар дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна, 242 дугаар зүйл Хамтран үүрэг гүйцэтгэгчид, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.8 дугаар зүйл заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн банкны системд өргөн хэрэглэгддэг, нийтэд илэрхий болсон ойлголтыг хуульчилсан хуулийн заалтыг хэрэглэлгүй хууль ноцтой зөрчсөн.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа Дээр дурдсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Шинэбаяр нь өөрийн цалин орлогоо барьцаалсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах боломжгүй юм гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт нь барьцаалуулагч нь заавал зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч байх, нөгөө талаас зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь заавал барьцаалуулагч байна гэх маш буруу, гэрээний чөлөөт байдлын зарчимд харшилсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө орлогоо барьцаалуулсан хүн л зээлийн гэрээний тал болно, барьцаалуулагч биш бол зээлийн гэрээний тал болох боломжгүй байдлаар тайлбарласныг хуульд нийцэхгүй. Мөн Иргэний хуулийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан үндэслэлээр зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Дээрх шүүхийн дүгнэлт нь Үүрэг гүйцэтгэгч нас барсан, түүний оролцоогүйгээр үүргийг биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон буюу хамтран үүрэг гүйцэтгэгчгүй тохиолдолд хамаарч болох юм. Харин талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй, Д.Шинэбаяр нь гэрээний нэг талд хамтран үүрэг гүйцэтгэгч болж үүрэг хүлээсэн байх тул хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасны дагуу үндсэн зээлдэгч нас барснаар зээлдэгчийн эрх, үүрэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Шинэбаярд шилжсэн болно.

Иймд хариуцагч Д.Шинэбаяраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцэж байх тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.04.08-ны өдрийн 001/ШХТ2022/00354 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байгаа талаар 4, түүнээс дээш шүүгч санал гаргасан тул уг гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбарын захирал Б.Баярбат нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...зээлдэгч Б.Гончиг, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Шинэбаяр нар нь 2017.02.14-ний өдөр Хаан банкны Булган салбарын Рашаант тооцооны төвөөс ЗГ/20174295300 тоот зээлийн гэрээ байгуулан 10,100,000 төгрөг, 2017.10.24-ний өдөр цалингийн нэмэлт зээл 3,000,000 төгрөг, 2018.04.05-ны өдөр цалингийн нэмэлт зээл 1,000,000 төгрөг, 2018.12.20-ны өдөр зээлийн гэрээний үлдэгдэл 10,658,673.34 төгрөг дээр нэмж 9,000,000 төгрөг, нийт 19,658,763.34 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. 2021.11.19-ний өдрийн байдлаар зээл 200 хоног хугацаа хэтэрч байна.

Энэ хугацаанд үндсэн зээлээс 7,422,519.45 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 6,223,132.65 төгрөг, нийт 13,645,652 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээлийн 12,236,153.89 төгрөг, зээлийн хүү 935,162.33 төгрөгийн үлдэгдэлтэй байна, үүн дээр нотариатын зардал 38,500,000 төгрөг, нийт 13,209,816.22 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,

 

Хариуцагч Д.Шинэбаяр: ...нийт 19,658,673.34 төгрөгийн зээлийг цаг алдалгүй хугацаанд нь төлж явсан бөгөөд 2017 онд нөхөр Гончигийг бие нь өвдөж, улмаар эмчлүүлж явсаар, 2018 онд элэгний хорт хавдар болж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан боловч зээлээ хугацаа алдалгүй төлсөөр байсан. 2019 онд биеийн байдал эрс муудаж, өндөр үнэтэй эм тариа хэрэглэж байсан учир санхүүгийн хүнд байдалд орсон, 2019.08.18-нд нөхөр нас барж, хүнд байсан боловч 2020 оны 06 сар хүртэл зээлийг цаг хугацаанд нь тасралтгүй төлж байсан. Би өөрөө цалингийн зээлтэй, мөн миний өөрийн биеийн байдал муудаж,92 настай, хараагүй, хүний асаргаанд байдаг эцгээ асарч, хүүхдийнхээ хүүхдийг өөртөө хань болгож өсгөж, хүмүүжүүлэн бид 3 дөрвөн ханатай гэрт амьдарч байгаа, боломжоороо зээлийг төлж байсан, одоо үнэхээр зээлийг төлөх боломжгүй хүнд, хэцүү байдлыг харгалзан үзэж энэхүү асуудлыг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

7. 2018.12.20-ны өдөр Хаан банкны Булган салбарын Рашаант тооцооны төв иргэн Б.Гончигтой Зээлийн гэрээ байгуулж, 19,658,673.34 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар, жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн, тус гэрээнд Д.Шинэбаяр хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байна.

 

Зээлдүүлэгч зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд зээл болон хүүний төлбөрт 13,645,652.10 төгрөгийг төлсөн, 13,209,816.22 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаар материал бүрдүүлж нотариатын зардалд 38,500 төгрөгийг төлсөн, зээлдэгч Б.Гончиг 2019.03.21-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон, зээлдүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Шинэбаяраас гэрээний үүрэг, өөрт учирсан хохирлыг шаарджээ.

 

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлд нийцсэн байна.

 

Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлийн гэрээг бичгээр хийнэ, зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

 

8. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.3-т гэрээний үүргийг зөрсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно, 225.1, 225.2-т талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрөө шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, хариуцагч авсан зээлийг гэрээгээр тохирсон бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

9. Анхан шатны шүүх ...зээлдэгч Б.Гончиг цалингаа барьцаалж зээл авсан нь зөвхөн түүний хувийн байдалтай салшгүй холбоотой, Д.Шинэбаярыг хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд тодорхойлсон боловч түүний цалин орлогыг барьцаалаагүй тул Д.Шинэбаярт зээлийн гэрээний үүргийг хамааруулах үндэслэлгүй, ...Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болно... гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

10. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, ... банк зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй, гэрээний үүрэг дуусгавар болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, /тодорхойлох хэсгийг 4.1, 4.2/ ...тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.

 

Хоёр шатны шүүх хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

10.1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэж өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж тодорхойлсон.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан, хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийг тодорхойлсон байх бөгөөд 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 5 дугаар зүйлийн 5.1.7-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж харилцан тохиролцсон байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Д.Шинэбаярыг гэрээний үүргийг зээлдэгчийн нэг адил хариуцах үүрэг бүхий этгээд гэж үзнэ.

 

10.2. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ...нас барсан бол үүрэг дуусгавар болно гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Шинэбаяр нь нөхөр Б.Гончигийн Хаан банкнаас 2017 оноос хойш авсан 4 удаагийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, зээлийн хөрөнгийг гэр бүлийн хэрэглээнд зарцуулж, эргэн төлөлтийг зээлдэгч Б.Гончиг нас барснаас хойш хариуцан төлж байсан нь тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй байхад шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч Б.Гончигийн цалинг барьцаалсантай холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг түүний хувийн байдалтай салшгүй холбоотой гэж дүгнэсэн нь хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.

 

Барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд зээлдэгч Б.Гончиг нас барснаар банк түүний цалингаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх бөгөөд хариуцагч Д.Шинэбаярын цалин, орлогыг барьцаалаагүй гэх үндэслэлээр түүнийг зээлийн гэрээний үүргийг хариуцах этгээд биш гэж тодорхойлсон нь хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан гэж үзнэ.

 

Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Шинэбаярын цалин орлогыг барьцаалаагүй нь түүнийг зээлийг эргэн төлөх гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

10.3. Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Иймд зээлдэгч банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг болон зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохирлыг хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй, хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагч Д.Шинэбаяраас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 12,236,153.89 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 935,162.33 төгрөг, нийт 13,171,316.22 төгрөг, нотариатын зардал 38,500 төгрөг, бүгд 13,209,816.22 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 214/МА2022/00009 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2022/00044 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Д.Шинэбаяраас 13,209,816.22 төгрөгийг гаргуулан Хаан банкны Булган салбарт олгосугай гэж, 2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Д.Шинэбаяраас 223,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярбатын гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Булган салбараас 2022.03.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД