Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00469

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00469

 

 

 

Ц.Аын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/03527 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч ММ- ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, олгогдоогүй цалин, амралтын олговор, алдангид нийт 1,517,811 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг баталгаажуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Сансарчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ц.А нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ММ- ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа тус компанийн 2020 болон 2021 оны 2021 оны 01 дүгээр сарын баримтыг цэгцэлсэн. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангуудыг тайлагнаж баталгаажуулсан. Хууль бус гүйлгээний талаар захирал Г.Буяндэлгэр, түүний эхнэр Г.Сансарчимэгт мэдэгдсэн. 2019 санхүүгийн тайланг алдаатай тайлагнасан, 2020 оны Санхүүгийн болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Хувь хүний орлогын албан татвар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тайлагнаагүй, 2021 оны хагас жилийн санхүүгийн байдлын тайланг тайлагнах боломжгүй болохыг Г.Буяндэлгэрт хэлсэн. Ажил олгогч Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн боловч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс орлогоо шивээгүй тул бүртгэх боломжгүй гэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээ цуцлахдаа 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байхад мэдэгдэлгүйгээр цуцалсан. Г.Сансарчимэг ... чи наанаа битгий суугаад бай, бос зайл... зөв тайлан гаргасныг чинь яаж мэдэх юм, энэ авгайг зайлуул... гэж хэл амаар доромжилсон. Би хийсэн ажлаа байгууллагын албан ёсны [email protected] хаяг болон шинэ нягтлан бодогч М.Мандах руу явуулсан. Хуульч Г.Минжмаа, нярвын тайлангаа гаргаж мэддэггүй. Т.Ганболд нягтлан учраас тайлан зөв эсэхийг шалгах боломжтой. 2021 оны 08 дугаар сард 82 настай эцэг маань шулуун гэдсээрээ цус гэнэт алдсаны улмаас сахиултай хэвт гэсний дагуу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр сахисан. Жижүүр н.Отгоо цагийн бүртгэл дээр тэмдэглээгүй байсан. Өмнөх шөнө нь Г.Сансарчимэгт энэ талаар хэлсэн. Эм тариа авах байсан тул дутуу цалингаа авъя гэхэд өгөөгүй. Иймд энэ компанид ажилласан хугацааны цалин, амралтын цалин, цалингаа хугацаандаа аваагүй тул алданги 1,517,811 төгрөгөөс гадна ажилгүй байсан хугацааны цалин 3,600,000 төгрөгийг гаргуулж, үндэслэлгүйгээр ажлаас хаагдсаныг тогтоож, эрүүл болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай байгууллагын ажилтан н.Минжмаа олон газар ажилладаг тул тэр хүний цахим орчинд тавьсан зарыг хараад асуудал үүсгэсэн. Үүнийг миний бие маргааш нь мэдсэн. Ц.А ажилдаа ирээгүй байсан тул тодруулахад 7 хоног ирээгүй. Ц.Аыг ажилдаа ирэхэд нь ажилдаа ирээгүй талаар лавлахад ... миний хувийн амьдрал болон миний гэр бүлийн амьдралын талаар ярьсан учраас та гар, энд байх шаардлагагүй... гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь нярав болон хуулийн зөвлөхтэй хувийн таарамжгүй харилцаа нь манай компанид хамааралгүй. Байгууллагын зүгээс Ц.Аыг ажлаа буруу хийсэн гэж гомдол гаргаж байгаагүй. Цалин дутуу олгосон гэж ярьдаг боловч байгууллагын дотоод журамд ажлаа үндэслэлгүй хаяж явсан бол цалингийн 20 хувийг суутгана гэж заасан. Үндсэн цалингаас суутгасан 400,000 орчим төгрөгийг 7 хоногийн дараа шилжүүлсэн. Нэхэмжлэгчийг цагийн бүртгэл урсан, компанийн мэдээллийг бусдад дур мэдэн дамжуулсан, ажлаа 5 хоног тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ММ- ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/21/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Аыг тус компанийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд хариуцагчаас 2,725,608 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,205,196 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Аын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ММ- ХХК-д үүрэг болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ММ- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 128,760 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагчаас 2,725,608 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгох, олгогдоогүй цалин хөлс гаргуулах, хувь тэнцүүлсэн амралтын цалин, алданги 1,517,811 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан нь хуулиар олгосон мэтгэлцэх эрхээр хангаагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/21/06 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хоцорч ирсэн. Хариуцагч шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байсан. Нэхэмжлэгч ажилдаа орох сонирхолүй байгаа. Нийгмийн даатгалын дэвтэрт хийж, ажилгүй байсан хугацааны цалинг өгвөл гомдол саналгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

 

1а. Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч ММ- ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, олгогдоогүй цалин, амралтын олговор, алдангид нийт 1,517,811 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлээ өөрчлөөгүй, тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хариуцагч ММ- ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/21/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Аыг тус компанийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

1.б. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, мөн хуулийн 86.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасан.

 

Гэвч хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Саранчимэгийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлаар бүртгэсэн талаар тусгагдсан байх боловч хэрэгт компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр тус тус авагдаагүй байх тул эрх бүхий этгээд тушаалыг гаргасан эсэх талаар дүгнэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх байдлыг тодруулалгүйгээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосон нь буруу байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

1.г. Харин хариуцагчийн өмгөөлөгч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд ... хариуцагчийн төлөөлөгч Г.Сансарчимэгийг оролцуулна... гэх хүсэлт гаргасныг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2021/15078 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулсан, мөн үүнээс хойш шүүх хуралдаан удаа дараа хойшилж 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хурлын товыг шүүхээс зохигчдод мэдэгдсэн байна. Гэвч хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/03527 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,993 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ