| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0851/З |
| Дугаар | 221/МА2018/0135 |
| Огноо | 2018-02-22 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2018/0135
|
|
|
| ||||||
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0946 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э гаргасан давж заалдах гомдлоор “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Н.Н 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 6-1/5738 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ. Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0946 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1.11, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 6-1/5738 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...1.Шүүх маргааныг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж, Сангийн яам тендер шалгаруулалттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн дагуу явагдахгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар Сангийн яаманд тендер шалгаруулалттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх хугацаа, харьяаллыг тогтоож өгсөн бөгөөд харин маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, журмыг заагаагүй тул Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх үүрэгтэй. 2 Шүүхээс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын захиргааны акт нь хуульд нийцээгүй тухай маргааныг шийдвэрлэж байгаа атлаа захиалагчийг “Баяжуулах үйлдвэрийн нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 тээрмүүдийн зөөлөн залгах цахилгаан тоног төхөөрөмж солих ажил”-ын тендер зохион байгуулсан нь дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасныг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга маргаан бүхий захиргааны актдаа захиалагчийг “тендер буруу зохион байгуулсан” гэж бичээгүй, тийм үндэслэл гаргаагүй байхад шүүх нэмж өөрийн үзэмжээр залруулга хийж байгаа нь хараат бус бие даасан хөндлөнгийн байр сууринаас биш хандсан, хариуцагчийг төлөөлж дүгнэлт хийсэн буруу үндэслэл болсон.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7-д зааснаар Сангийн сайд худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэж жилийн эхний улиралд Засгийн газарт тайлагнах үүрэгтэй. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Э Ү” ХХК-ийн худалдан авах ажиллагааны 2017 оны төлөвлөлтөд “ажил” гэж тусган tender.gov.mn сайтад байршуулж Сангийн яаманд хүргүүлсэн байхад тендер шалгаруулалт явагдаж дууссаны дараа Сангийн яам энэхүү хяналтыг хэрэгжүүлж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байхад шүүх буруу дүгнэж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Ер нь бол захиалагч тендерийн баримт бичиг боловсруулахдаа “ажил” гэснийг Сангийн яам зөвшөөрсөн. Харин “Т” ХХК өөрийн ажлын үнийн дүнгийн хуваарилалтыг яаж ч хийж болно. Энэ бол бизнес юм. 4. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын маргаан бүхий захиргааны акт нь утга агуулгын хувьд алдаатай байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар илт хууль бус байна. Тухайлбал “...тухайн тендер шалгаруулалт нь хуулийн 5.1.11-т заасны дагуу барааны тендер шалгаруулалт байхад” гэжээ. “Э Ү” ХХК энэ тендер баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тоног төхөөрөмжийн тухай 5 дугаар зүйлийн 5.1.13-т заасны дагуу зохион байгуулсан байхад Сангийн яам энэ хуулийн барилгын ажлын тухай 5 дугаар зүйлийн 5.1.11-т заасны дагуу барааны гэрээ гэсэн ойлголтоор, тендерт шалгаруулалтын гэрээ байгуулах эрх олгогдсоны дараа оролцогчийн үнийн харьцааг харж захиргааны актаа буруу гаргасан. Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг дүгнэхгүй, хянахгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. 5. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга захиргааны акт гаргахдаа талуудын оролцоог хангаагүй байдлаараа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3, 26, 27 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хэлбэрийн хувьд Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д зааснаар тушаал гаргах үүрэгтэй атал шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргасан нь илт хууль бус акт байхад анхан шатны шүүх энэ байдлыг хянахгүй байгаа нь шүүхээс буруу шийдвэр гарахад илт нөлөөлсөн. 6. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нээлттэй тендерт ялж гэрээ байгуулах эрх авсан байсан “Т” ХХК-ийг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хуульд гомдлыг авч хэлэлцээд гэж заасан байгаа нь талуудыг оролцуулан хэлэлцэх үүрэг хүлээлгэсэн байхад баримт материалд үндэслэн хянан үзсэн байгаа нь хуулийг мөрдөөгүй, зөрчсөн байхад шүүх буруу дүгнэсэнд нэхэмжлэгч гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдийн дагуу хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. ХЯНАВАЛ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. “Э ү” ХХК-иас 2017 оны 8 дугаар сарын 9-ний зарласан “Баяжуулах үйлдвэрийн нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ1а, 1-8 тээрмийн зөөлөн салгах цахилгаан тоног төхөөрөмжийг солих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендерт нэхэмжлэгч “Т” ХХК шалгарч гэрээ байгуулах эрх авсанд тус компанийг буруутгах боломжгүй боловч энэхүү тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй, уг шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөх үүрэггүй. Тэр тусмаа шалгарсан нэхэмжлэгчээс бус харин захиалагчаас шалтгаалан тухайн тендерийг хүчингүй болгож байгаа энэ тохиолдолд уг хуульд заасны дагуу гомдлыг хянасан эсэхээс үл хамааран Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс ч “…“Т” ХХК-ийн тендерийн баримт бичигт ШШГГ-ын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолтыг эх хувиар нь бус хуулбарласан байгааг нотлох баримтын шаардлага хангахгүй буюу Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.2-т заасныг хангаагүй гэж үзсэнийг тендерийг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчил гэж үзэхэд учир дутагдалтай…” гэж дүгнэжээ. Гэвч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-т “ажил” гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг “барааны гэрээ” гэж тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-ийн санал болгосон барааны болон ажлын үнийг харьцуулан үзэхэд энэхүү тендер нь ажил гүйцэтгэх бус харин барааны тендерт хамаарахаар байна. Хуульд тухайн тендер шалгаруулалтыг барааны, эсхүл ажлын гэрээний аль нь болохыг тодорхойлох үндсэн шалгуур үзүүлэлт нь тэдгээрийн үнийн харьцаа байх талаар зохицуулсан, ийнхүү тодорхойлохын учир шалтгаан нь тендерт оролцогчдод тавигдах шаардлага болон шалгаруулалтын хувьд харилцан адилгүй байхаас гадна гарах үр дагаврыг ч харгалзан үзсэнээс хамааралтай. Нэхэмжлэгчийн санал болгосон тендерийн үнээс үзэхэд бараа нийлүүлэлтийн үнэ нь давамгайлсан, иймд энэ тохиолдолд тухайн барааны чанар, үйлдвэрлэгч, баталгаа зэрэг бараанд тавигдах шаардлага зайлшгүй үүсэх бөгөөд энэ нь Сангийн сайдын баталсан тендерийн жишиг баримт бичгээр тодорхойлогдоно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т зааснаар хариуцагчаас худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах эрхтэй ч, “Э ү” ХХК-ийн тухайд тендертэй холбоотой ямар ч зөвлөгөө аваагүй болохоо хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн уг зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Сангийн яам “О” ХХК-ийн гомдлоор тендер шалгаруулалтыг гэрээ байгуулахаас өмнө нь хянасныг буруутгах үндэслэлгүй. “Т” ХХК-ийн тендерийн үнээс хамааран тухайн тендерийг барааны, эсхүл ажлын гэрээ гэдгийг тодорхойлсон гэж гэх хариуцагчийн буруутгах боломжгүй бөгөөд тендерт оролцогчдын тухайд өөрийн ажлын үр дүнгийн хуваарилалт буюу тендерийн үнийг яаж ч зохиож болон гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл ойлгомжгүй байна. Учир нь “Тендерийн үнэ” гэдэг нь тухайн тохиолдолд хамгийн бодитой, ашигтай байхаас гадна шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ болох талаар дээрх хуулийн 28.3 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Гомдлыг хянасан тухай” 6-1/5738 дугаар захиргааны актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэхгүй, мөн тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянасан шийдвэрийг заавал тушаал хэлбэрээр гаргана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Түүнээс гадна гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн баримтад үндэслэж хийгддэг бөгөөд хариуцагчаас тухайн оролцогчдыг уг ажиллагаанд татан оролцуулах үүрэггүй. Харин захиалагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх нэхэмжлэгчийн эрхийг энэхүү магадлал болон шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР ШҮҮГЧ О.НОМУУЛИН ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
|
|
|