Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00336

 

Ж.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02117 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Т К- ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 66,274,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Т К- ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг байгуулж Hyundai 500 маркийн эксковаторыг нэг сарын 35,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Гэрээний 5.4-д зааснаар сар бүрийн 15-ны өдөр түрээсийн төлбөрийг шилжүүлэхээр заасан. Эксковаторыг 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 31 хоног, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 23 хоног тус тус ашигласан талаар 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэж 60,000,000 төгрөгийг төлөхөөр баталгаажуулсан. Тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш Т К- ХХК түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг төлсөн. Түрээсийн гэрээний 3.4-д түрээслэгч техникийн түргэн элэгдэх эд ангийг хариуцахаар заасан тул эксковаторын шанаганы шүдний үнэ 960,000 төгрөгийг гаргуулна. Гэрээний 6.3-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд төлнө гэж заасан. 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөр төлөөгүй тул алданги 10,314,500 төгрөгийг төлүүлнэ. Иймд түрээсийн гэрээний төлбөр 55,000,000 төгрөг, шанаганы шүдний үнэ 960,000 төгрөг, алданги 10,314,500 төгрөг, нийт 66,274,500 төгрөгийг Т К- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани Ж.Б-тай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг байгуулсан. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тооцоо нийлэхдээ инженер Ц.Ууганбаяр, М.Тэгшжаргал, оператор Д.Ганбаяртай ажилласан өдрийг шалгасны дараа тооцоог баталгаажуулахаар тохирсон. 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 54 хоног ажилласан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Тооцоо нийлсэн баримтад 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан талаар тооцооны жагсаалт нь буруу гарсан. Учир нь уг баримтыг үйлдэхдээ оператор Д.Ганбаяр нь гарын үсэг зураагүй байх ба инженер Ц.Ууганбаатараас энэ талаар тодруулахад ... албан ёсны баримтаар тооцоо нийлээгүй Ж.Б- ах тантай ярьчихсан чамайг зураарай гэж шахсаар байгаад зуруулсан... гэж тайлбарласан. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг тайлбарласан баримтад оператор нь 5-6 саруудад ойролцоогоор 2 долоо хоног орчим ажиллаагүй нь нотлогдох боломжтой юм. Эксковаторыг талбайд бодитоор 41 хоног ажилласны хөлс 47,830,600 төгрөгийг төлөх ёстой бөгөөд үүнээс 5,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 42,830,600 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагаас 23,443,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Т К- ХХК-аас 44,695,833 төгрөгийг гаргуулж Ж.Б-д олгож, нэхэмжлэлээс 21,578,667 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ж.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т К- ХХК-аас 381,429 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу хариуцагч эксковаторыг 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 54 хоног түрээслүүлсэн. Т К- ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан талаарх тооцооны жагсаалт буруу гарсан гэж маргасан нь үндэслэлгүй. Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний 2.2-д Түрээсийн хугацаанд мэргэжлийн ур чадвартай операторчин нь техникийн тосолгоо, засвар үйлчилгээг хариуцаж, Б талын үйлдвэрлэлийн дотоод журмын дагуу техникийн аюулгүй ажиллагааг хариуцан ажиллана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж оператороор хангасан. Өөрөөр хэлбэл, операторчин Д.Ганбаяр байна гэж тохиролцоогүй бөгөөд ажлын талбайд ажиллах өөр мэргэжлийн оператор байсан боловч хариуцагчийн ажлын талбайд хийх ажил байгаагүй.

Гэрээний 2.4-д техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан сул зогсолтыг нэхэмжлэгч бүрэн хариуцна гэж заасан бөгөөд компанийн сул зогсолт нь эксковаторын бүрэн бус байдал, операторчины буруутай үйлдлээс болоогүй. Гэтэл шүүх 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн операторчин Д.Ганбаяр ажиллаагүйгээс эксковатор дээрх хугацаанд сул зогссон тул нэхэмжлэгч сул зогсолтыг хариуцна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээний 2.2-т заасны дагуу эксковаторын операторчин нь Т К- ХХК-ийн үйлдвэрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажиллах үүргийг хүлээсэн. Гэрээний 3.7-д ажлын талбар дахь аливаа сул зогсолт, байгалийн аюул гамшгаас болсон сул зогсолт, ажил гүйцэтгэж байгаа компанийн дотоод болон гадаад харилцааны шалтгаанаас үүдэх сул зогсолтыг хариуцагч бүрэн хариуцна ажиллах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, дээрх хугацааны сул зогсолт нь операторчны буруугаас үүсээгүй тул эксковатор ашигласан төлбөрийг төлөх үүрэгтэй.

Мөн анхан шатны шүүх Т К- ХХК-ийн ажлын талбайд мэргэжлийн операторчин ажилласан хугацааг компанийн асуумж бөглөх хуудас, ХАБЭА-н сургалтад хамрагдсан бүртгэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийг үндэслэсэн. Гэвч эдгээр баримтууд нь тухайн ажлын талбайд зөвхөн ажилласан өдрийг бүртгэх бөгөөд ажлын талбайд компанийн сул зогсолтоос шалтгаалж ажил явагдаагүй тохиолдолд ажилчид дээрх баримтуудад гарын үсэг зурах боломжгүй. Тооцоо нийлсэн актаар ажилласан хоногт оруулан тооцсон бөгөөд тухайн өдрүүдэд Т К- ХХК-д тухайн техник байсан. Анхан шатны шүүх тухайн өдрүүдэд эксковатор ажлын талбайд ажил гүйцэтгэсэн гэдгийг нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээгээр зөвхөн техник хэрэгсэл биш, оператор Д.Ганбаяр ажиллуулахаар тохиролцсон. Өөр хүн ажиллуулж байсан талаар яригдаж байгаагүй. Оператор ажилласан эсэхээс үл хамааран төлбөрийг төлнө гэдэг нь гэрээ болон Иргэний хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дэвтэрт хэрхэн ажилласан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Шүүх тухайн тоног төхөөрөмжийг операторын хамт түрээслэхээр тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш тухайн операторчин ажиллаагүй тул н.Ууганбаяр, н.Тэгшжаргал нартай хамтарч, харилцан тооцоо нийлж акт үйлдсэн. н.Ууганбаяраас тодруулахад ...тантай тохиролцсон, урьд нь зурсан ... гэж , н.Тэгшжаргал ...надтай уулзаагүй, шаардлага тавихад намайг зуруулаагүй авч явсан... гэж тус тус тайлбарласан. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш операторчин Д.Ганбаяр явсан талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч Т К- ХХК-д холбогдуулан Hyundai 500 маркийн эксковаторыг 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ашигласны төлбөрт 55,000,000 төгрөг, түргэн элэгдэх эд анги болох шанаганы үнэ 960,000 төгрөг, алданги 10,314,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч ...эксковаторыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ашигласан тул 42,830,900 төгрөг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй ... гэж маргажээ.

 

1.а. Талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр түрээлүүлэгч /А тал/ Ж.Б- нь Hyundai 500 маркийн эксковаторыг түрээслэгч /Б тал/ Т К- ХХК-д түрээслэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт нэг сарын 35,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байхад анхан шатны шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь түрээслэгч аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор эксковаторыг эзэмшиж ашигласан гэж үзэх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

1.б. Түрээслүүлэгч Ж.Б- түрээсийн гэрээний дагуу эксковаторыг түрээслэгч Т К- ХХК-д шилжүүлэн өгсөн болон түрээслэгч нь уг эксковаторыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ашигласан үйл баримтын талаар маргаангүй, харин операторчин Д.Ганбаяр 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаагүйгээс тус эксковатор сул зогссон эсэх, энэ хугацааны түрээсийн төлбөрийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд операторчин Д.Ганбаярыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2021/12739 дугаар захирамжаар хангахаас татгалзсныг буруутгах боломжгүй юм. (хх-ийн 102, 111-112) Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж заасан бөгөөд шүүх хуралдаанаас өмнө Д.Ганбаярыг гэрчээр асуулгах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдоогүй байна.

 

1.в. Талууд гэрээний 2.8-д Түрээслүүлэгч нь гэрээнд заасан техникийн операторын цалин болон техникийн сэлбэг, дугуй, тос, тосолгооны материал, засвар, үйлчилгээний ажил, зардлыг хариуцна гэж зааснаас дүгнэвэл нэхэмжлэгч Ж.Б- нь эксковаторыг ажиллуулах операторчины цалин хөлсийг өгч ажиллуулахаар тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Мөн гэрээний 2.4-т техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан зогсолтыг А тал бүрэн хариуцна гэж, 3.7-д ажлын талбар дахь аливаа сул зогсолт, байгалийн аюул гамшгаас болсон сул зогсолт, ажил гүйцэтгэж байгаа компанийн дотоод болон гадаад харилцааны шалтгаанаас үүдэх сул зогсолтыг Б тал бүрэн хариуцан ажиллах үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Түрээслэгч Т К- ХХК нь түрээслүүлэгч Ж.Б-д операторчин Д.Ганбаяр 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаагүйгээс эксковаторын ашиглах боломжгүй байсан талаар мэдэгдсэн баримт байхгүй боловч операторчин Д.Ганбаяр энэ хугацаанд ажиллаагүй болох нь зохигчдын хэн алины тайлбар, Т К- ХХК-ийн Асуумж бөглөх хуудас, ХАБЭА-н сургалтад хамрагдсан бүртгэл, ХАБЭА-н зааварчилгааны дэвтэр зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул эксковаторын ашиглалт буурсан гэж үзэх үндэслэлтэй.

1.г. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан тул хариуцагч тал мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1, 290 дүгээр зүйлийн 290.5 дахь хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 01-15-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг бууруулахаар шаардах эрхтэй тул хариуцагч нь мөн хугацааны төлбөр 17,500,000 төгрөгийн 50 хувь 8,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэв.

 

1.е. Анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт 44,333,333 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон нь зөв байна. Харин 2021 оны 06 дугаар сарын 01-15-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон нь дээрх байдлаар буруу болсон тул энэ хугацааны түрээсийн төлбөр 8,750,000 төгрөгийн хамт нийт 53,083,333 төгрөгийг төлөхөөс нийт 8,000,000 төгрөгийг төлсөн тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 45,083,333 төгрөг байна.

 

1.ё. Гэрээний 6.3-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд төлнө гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцжээ. Анхан шатны шүүх Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 7,402,500 төгрөгийн алданги тооцсон нь хууль болон гэрээний заалтад нийцжээ.

 

Харин Т К- ХХК 2021 оны 06 дугаар сарын 01-15-ны өдрийг хүртэл хугацаанд 8,750,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзсэн тул энэ хугацаанд алданги 1,365,000 төгрөг тооцогдоно. Иймд хариуцагч төлөх нийт алданги 8,767,500 төгрөг байна. Хариуцагч шанаганы шүдний үнэ 960,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

1.ж. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т К- ХХК-аас түрээсийн төлбөрт 45,083,333 төгрөг, алданги 8,767,500 төгрөг, түргэн элэгдэх эд ангийн үнэ 960,000 төгрөг, нийт 54,810,833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02117 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т К- ХХК-аас 54,810,833 төгрөгийг гаргуулж Ж.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,463,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... 381,429... гэснийг ... 432,004... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,843 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Н.БАТЗОРИГ