Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2018/0091

 

2018 оны 02 сарын 01 өдөр    

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0091

 

 

 

 

Улаанбаатар хот

Д.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Б 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Б урьд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом Политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Д.Б ажилгүй байсан хугацааны цалин 9.955.890 (есөн сая есөн зуун тавин таван мянга найман зуун ер) төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн хүрээнд талууд нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг үнэлсэн хариуцагчийн үнэлгээтэй холбогдуулан маргасан.

Увс аймаг дахь Политехник коллежийн захирлын 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд 59 “F” буюу хангалтгүй үнэлгээ авсан тул нэхэмжлэгчийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд 59 оноогоор үнэлэгдэж хангалтгүй үнэлгээ авсан. Энэхүү үнэлгээг сайд тавихдаа холбогдох үндэслэлээ илтгэх хуудсанд тодорхой дурдсан байдаг.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж эрх зүйн акт байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно” “F” буюу “Хангалтгүй” бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан.

Нэхэмжлэгч үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон.

Нэг. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар:

Анхан шатны шүүхээс “...гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийх үүргээ хэрэгжүүлээгүй, үр дүнгийн гэрээ үнэлсэн үнэлгээтэйгээ нэхэмжлэгчийг бүрэн танилцуулж санал нийлээгүй асуудлаар тайлбар гаргах боломжоор хангаагүй нь журмын 6.1, 6.5-д заасныг тус тус зөрчсөн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/30 дугаар тушаалдаа журмын 7.1-д заасны дагуу үр дүнгийн гэрээний “F” үнэлгээг үндэслэсэн бөгөөд үр дүнгийн гэрээг үнэлсэн “илтгэх хуудас”-д төсвийн шууд захирагч, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал гарын үсэг зураагүй тул дээрх үнэлгээ нь журмын 6.7-д “Гэрээний биелэлтийг дүгнэх “илтгэх хуудас”-д талууд гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын гадагш чиглэсэн үйл ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасантай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхээр байна.

Гэтэл захиргааны актын нэг шинж болох гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн байх шинжийг агуулаагүй үр дүнгийн гэрээг дүгнэсэн “илтгэх хуудас”-ыг хүчин төгөлдөр бус үнэлгээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг илтгэх хуудас буюу үнэлгээ нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 11.6-т “ТТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хууль (цаашид “ТАТХ” гэж товчлох)-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно” гэж заасны дагуу төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ юм.

Уг асуудлаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг давж заалдах шатны шүүхээс “илтгэх хуудас” буюу үнэлгээг захиргааны акт биш гэдэг агуулгаар дүгнэлт гаргаж, шийдвэрлэсэн байтал анхан шатны шүүх процессын хуулийг зөв хэрэглээгүй.

Мөн уг үнэлгээг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж, тайлбарыг авсан бөгөөд нэхэмжлэгч үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг захиргааны байгууллагад мэдэгдсэн байтал нэхэмжлэгчээр зөвшөөрүүлж, гарын үсэг зуруулаагүй тул хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт билээ. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлтээр нэхэмжлэгч үр дүнгийн гэрээний үнэлгээгээр ямар үнэлэгдсэн, уг үнэлгээний дагуу төсвийн шууд захирагчид төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хариуцлага тооцсон нь зүйтэй эсэхэд дүгнэлт хийгдээгүй, үр дүнгийн гэрээг дахин үнэлэх үү, эсхүл нэхэмжлэгийн 2016 оны үр дүнгийн гэрээг огт дүгнэлгүй орхигдох уу гэдэг нь тодорхойгүй үлдсэн.

Гэтэл шүүх “...Зүй нь хариуцагч, ...илтгэх хуудсанд тайлбарыг хавсаргаснаар гэрээг дүгнэсэнд тооцох байжээ” гэж дүгнэжээ. Хариуцагч нэхэмжлэгчид үнэлгээний талаар мэдэгдэж, тайлбар авахад хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг тайлбар өгсөн нь хэрэгт авагдсан байгаа.

Харин шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчид үр дүнгийн гэрээний үнэлгээ болох 59 оноо тавьсан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн эдгээр үндэслэлгүй дүгнэлтүүдийг залруулаагүй.

Түүнчлэн анхан шатны шүүх цахим шууданд үзлэг хийгээгүй хэрнээ, цахим нотлох баримтыг хэрхэн, яаж үнэлж, дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч талд сонсох ажиллагааг цахимаар явуулсан бөгөөд үүнтэй холбоотой цахим нотлох баримтыг цуглуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримтыг үнэлсэн гэж үзэж байна.

Хоёр. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн.

Гэтэл дээрх хуулийн заалтууд нь нэхэмжлэгчийг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоохтой хамааралгүй заалтуудыг баримталсан нь үндэслэлгүй, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно” “F” буюу “Хангалтгүй” бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан.

Нэхэмжлэгч үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болгосон байна.

Гэтэл шүүх ажлаас чөлөөлөхдөө хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний үнэлгээгээр “Хангалтгүй” буюу “F” үнэлэгдсэн гэдэг тодорхой үндэслэлээр шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагч биш тул энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас чөлөөлөх зохицуулалтыг баримтлах боломжгүй бөгөөд хариуцагч энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3-т заасны дагуу эрх бүхий этгээдээс тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг баримталж, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх хариуцагчийг “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-д заасан шийдвэр гаргах процессын зохицуулалтууд болох 6.5, 6.7 дахь зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж буруутгасан. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагаа явуулах журмын дагуух хариуцагчийн үйл ажиллагаа дүгнээгүй, үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна.

Учир хариуцагч хэм хэмжээний эрэмбийн дагуу Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулж нэхэмжлэгчээс тайлбарыг нь авсан байдаг.

Харин захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд хуулбар баримтыг нягтлах цахим шууданд үзлэг хийх, тайлбар, мэдүүлэг авах байдлаар нотлох баримтыг хуульд заасан арга хэлбэрээр цуглуулаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар нэхэмжлэгч Увс аймаг дахь Улаангом Политехник коллежийн захирал Д.Б үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө уг тушаалын үндэслэл болгосон Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-аа зөрчсөн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Д.Б үүрэгт ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нь 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, “F” үнэлгээ авсантай холбоотой, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “үр дүнгийн гэрээний биелэлтийг харъяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэх”-ээр, 40.4.2-т “үр дүнгийн гэрээний биелэлтэд үндэслэн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь урамшуулах, хариуцлага тооцох”-оор зааснаас гадна дээрх журмын 7.1-д “F” буюу хангалтгүй үнэлгээ авсан авсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халахаар зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгчийн тухайд “F” үнэлгээ авсан нь хууль, журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Гэвч үр дүнгийн гэрээний үнэлгээтэй санал нийлэхгүй байх тохиолдолд тайлбар гаргах, гэрээний биелэлтийн үнэлгээг баталгаажуулах талаарх нэхэмжлэгчийн эрхийг хангалгүйгээр түүнийг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2017 оны Б/30 дугаар тушаал Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай ярилцлага хийхээр журмын 6.1-д заасан байхад энэ ажиллагаа огт хийгдээгүйгээс, мөн нэхэмжлэгчид үнэлгээний чухам аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар гаргах боломжийг олгоогүйгээс “F” үнэлгээ бодитой эсэх нь тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

Түүнчлэн Д.Б ажлаас чөлөөлөх талаар цахимаар мэдэгдсэнийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-д заасан “цахим хэлбэрээр санал авах” ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, түүнчлэн “...Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах журмын дагуух хариуцагчийн үйл ажиллагааг дүгнээгүй, ...цахим шууданд үзлэг хийгээгүй хэрнээ цахим нотлох баримтыг хэрхэн, яаж үнэлж дүгнэж байгаа нь ойлгомжгүй...” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.

Илтгэх хуудастай холбоотой нэхэмжлэлийн ямар нэг шаардлагыг байхгүй, анхан шатны шүүхээс ч илтгэх хуудсыг хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүй, гагцхүү дээрх байдлаар журамд заасны дагуу гараагүй “F” үнэлгээг үндэслэж гарсан тушаал хууль бус гэж дүгнэсэн байна.

Дээрх байдлаар хариуцагчийн зүгээс үнэлгээ өгөхдөө журмын заалтаа бодитоор хэрэгжүүлээгүй энэ тохиолдолд анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсанчилан нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээнд хийсэн үнэлгээ үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.

Хууль хэрэглээний тухайд нэхэмжлэгчийн эрхэлж байсан Увс аймаг дахь Улаангом Политехник коллежийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасны дагуу төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгаа боловч бодит байдалд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулагддаггүй, харин төрийн албаны сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдон, үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг тул энэхүү удирдах албан тушаалтны эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасанчлан Хөдөлмөрийн тухай хуулиар шууд тодорхойлох боломжгүй.

Тийм ч учраас Төрийн албаны тухай хуулийн энэхүү маргаанд хамаарал бүхий зүйл, заалтыг маргааныг шийдвэрлэхдээ баримталсан нь үндэслэлтэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН